Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 683

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Л.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нумт овогт Лхагвасүрэнгийн Даваасүрэнд холбогдох эрүүгийн “1811022630756” дугаартай, 186/2018/0652/э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүнхэлэлцэв.                      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, “Эм Эм Си Жи” ХХК-нд судлаач ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 8-р хороо, хүүхэд сургалт, хүмүүжлийн тусгай төв гудамжны 1 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 19-р хороо Алтан өлгийн 10а гудамжны 501а тоотод түр оршин суух бүртгэлтэй, Нумт овогтой Лхагвасүрэнгийн Даваасүрэн /РД:МР97012037/,

 

            Холбогдсон хэргийн талаар:

Л.Даваасүрэн нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Авирмэдийг зодож, түүний биед эрүү завжинд шарх, баруун гарын зөөлөн эдийн няцрал, баруун  өвдөг, тавхайнд  зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн  мэдүүлэг:

 

1.1. Шүүгдэгч Л.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..би шүүх  хуралдаанд мэдүүлэг  өгөхгүй, миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Авирмэдийн:...2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчимд би Хархорин захын орчмоос автомашинд суугаад ахынхаа гэр болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9-279 тоотын гадна очсон. Тэгээд төлбөр хэд гарсныг асуухад км нь 1000 төгрөгөөр явж байгаа 8.500 гарсан гэхээр нь би километрийн заалтыг нь харъя гээд гэрэл тусгаад харахад 7км гарсан байсан. Тэгээд би тэр залууг “чи мөнгө нэмлээ шударгаар амьдар” гээд тэр залуутай маргалдсан. Тэгээд тэр залуу машинаасаа буугаад та буугаад ир гэхээр нь би машинаас нь буусан чинь баруун гараараа миний эрүүний орчимд нэг удаа цохьсон. Тэгээд эрүүнээс цус гарсан бөгөөд тэр залууг бариад авах гэсэн чинь нөгөө залуу цамцнаас барьж байгаад доош нь татаад би газарт унасан. Тэгтэл нурууруу хэд хэдэн удаа цохьсон гэх мэдүүлэг. \хх 11-12/,

 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Сүхбаатарын:...2018 оны 08 сарын 04-ний 05-нд шилжих шөнө 02 цагийн орчимд манай эхнэр надад хүн аллаа гээд орилоод байна гэхээр нь би гэрээс гарсан юм. Өндөр залуу л Авирмэдийг зодож байсан. Тэгээд би больцгоо цагдаа дуудлаа гээд анхааруулга өгсөн. Тэгээд Авирмэдийг харахад эрүү орчмоос нь цус гарчихсан малгай нь газар уначихсан байсан гэх мэдүүлэг /хх-16/,

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9615 тоот актын:

1. П.Авирмэдийн биед эрүү завжинд шарх, баруун гарын зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор  гэсэн дүгнэлт  /хх-19/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 

3.1. Хавтаст хэргээс гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх 6-9/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9615 тоот дүгнэлт /хх-19/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/ хувийн  байдлыг  тогтоосон бусад нотлох баримтыг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Л.Даваасүрэн нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө 02 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Авирмэдийг зодож, түүний биед эрүү завжинд шарх, баруун гарын зөөлөн эдийн няцрал, баруун  өвдөг, тавхайнд  зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Авирмэдийн:...2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчимд...тэгээд тэр залуу машинаасаа буугаад та буугаад ир гэхээр нь би машинаас нь буусан чинь баруун гараараа миний эрүүний орчимд нэг удаа цохьсон. Тэгээд эрүүнээс цус гарсан бөгөөд тэр залууг бариад авах гэсэн чинь нөгөө залуу цамцнаас барьж байгаад доош нь татаад би газарт унасан. Тэгтэл нурууруу хэд хэдэн удаа цохьсон гэх мэдүүлэг. \хх 11-12/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Сүхбаатарын:...2018 оны 08 сарын 04-ний 05-нд шилжих шөнө 02 цагийн орчимд манай эхнэр надад хүн аллаа гээд орилоод байна гэхээр нь би гэрээс гарсан юм. Өндөр залуу л Авирмэдийг зодож байсан. Тэгээд би больцгоо цагдаа дуудлаа гээд анхааруулга өгсөн. Тэгээд Авирмэдийг харахад эрүү орчмоос нь цус гарчихсан малгай нь газар уначихсан байсан гэх мэдүүлэг /хх-16/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9615 тоот актын:  П.Авирмэдийн биед эрүү завжинд шарх, баруун гарын зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор  гэсэн дүгнэлт  /хх-19/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Даваасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч П.Авирмэд нь шүүгдэгч Л.Даваасүрэнгээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Л.Даваасүрэнг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурьдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                          

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Нумт овогт Лхагвасүрэнгийн Даваасүрэнг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Даваасүрэнг  300 /гурван зуун/  цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Л.Д  оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт  2 /хоёр/ цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар  Л.Даваасүрэн нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй  бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж  болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Л.Д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ