| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2410 02061 0130 |
| Дугаар | 2026/ДШМ/245 |
| Огноо | 2026-03-03 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2026/ДШМ/245
2026 03 03 2026/ДШМ/245
Ч.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Хурмандах,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ын өмгөөлөгч Б.Батбаяр,
яллагдагч Ч.Б-, түүний өмгөөлөгч Р.Булган,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/7315 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ын өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Б-т холбогдох 2410 02061 0130 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц- овгийн Ч-ын Б-, ........, ял шийтгэлгүй, /РД: УЧ-/;
Яллагдагч Ч.Б- нь 2023 оны 04 сараас 2024 оны 01 сар хүртэл хугацаанд “Ч-” ХХК-д эмийн жор баригчаар ажиллаж байхдаа амар хялбар аргаар, өөртөө эдийн засгийн ашиг бий болгох, шунахай сэдэлтээр, санаатай үйлдлээр ажил олгогчоос итгэмжлэн хариуцуулан, эм барааны захиалга хийх, бараа буцаах мөн кассын админы эрхийг ашиглаж 466 нэр төрлийн эм бараа материалын үнийг өөрчилж, 15.290.272 төгрөгийн хохирол учруулж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагч Ч.Б-т холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал/ бүрэн тогтоож чадаагүй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтооход нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн үйл явдлыг сэргээн тогтоох учиртай. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх боломжгүй. Хуулийн дээрх зохицуулалтад мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт хуульд заасан журмыг зөрчсөн, эсхүл хэргийн оролцогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийг хязгаарласан, түүнчлэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх бол гэж хуульчилсан ба шүүх мөрдөх ажиллагаа явуулахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “...Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.” гэж, түүнчлэн мөн зүйлийн 10 дахь хэсэгт “...Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн ..., баримт бичиг, ...баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана.” гэж тус тус зохицуулсан. Тодруулбал, Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч талаас шинээр гаргаж ирүүлсэн 22 хуудас бүхий баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж нотлох баримтаар тооцуулахаар гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд уг баримтыг шүүх нотлох баримтаар тооцож, үнэлэх нь дээр дурдсан хуульд заасантай нийцэхгүй.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад “мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол;”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана.”, 8 дахь хэсэгт “...оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно.” гэж тус тус хуульчилсан. Мөн дээрх хуулийн 27.7 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлтийг холбогдох оролцогчид танилцуулах, тэдгээрээс гаргасан хүсэлт, тайлбарыг тэмдэглэх, дахин шинжилгээ хийлгэхээр хүсэлтийг гаргах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын эрхийг хуульчилсан, нөгөө талаар мөрдөгчид хэргийн оролцогчийн эрхийг хангах, түүнд хяналт тавихыг прокурорт үүрэг болгосон байхад хавтас хэрэгт яллагдагч Ч.Б- болон түүний өмгөөлөгч Р.Булган нарт хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэлд яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас “...шинжээчийн 00023 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, нотлох баримт дутуу байгаа тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна...” гэх ба хавтаст хэргийн материал танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэлд “...дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах...хохирогчийг зөвөөр тогтоолгох...” зэрэг хүсэлтийг дахин дурдсан байх боловч энэ талаар мөрдөгчөөс тодорхой шийдвэрийг гаргаагүй байгаа нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хэрэв яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан дээрх хүсэлтийг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох зэргээр шийдвэрлэх ажиллагааг явуулсан тохиолдолд яллагдагч талаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нотлох баримтаар тооцуулахаар гаргаж өгөөд байгаа уг баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гарган өгч улмаар мөрдөгч шалгаж, бэхжүүлэн нотлох баримтаар тооцох эсэх асуудал хөндөгдөх учиртай.
2. Харин 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгч Ц.Мөнхбатын яллагдагч Ч.Б-т холбогдох эрүүгийн 2410 0206 10130 дугаартай хэрэгт хохирогчоор “Ч-” ХХК /хуулийн этгээд/-ийг тогтоож, түүний хууль ёсны төлөөлөгчөөр М.А-ыг тогтоосон тогтоол хавтаст хэрэгт авагдсан байх тул дахин хохирогч тогтоох шаардлагагүй байна.
3. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана.” гэсэн үүргийг шинжээчид хуулиар хүлээлгэсэн. Хавтаст хэргээс үзэхэд мөрдөгч нь яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар буюу “...компанийн хөрөнгөөс хувьдаа ашигласан үйлдэл байгаа эсэх, ...хэрэв хувьдаа ашигласан үйлдэл байгаа бол...” зэрэг байдлаар асуулт шинжээчид асуулт тавьсан нь зохимжгүй бөгөөд уг дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэхээр ба нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох үүргийг мөрдөгч, түүнд хяналт тавьж байгаа прокурор хүлээнэ гэснийг дурдах нь зүйтэй ба цаашид анхаарвал зохино.
4. Иймд улсын яллагчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “...Нотолбол зохих байдал нотлогдсон учир хэргийг шүүхэд шилжүүлж өгнө үү...” гэх саналыг хүлээн авах үндэсгүй тул яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан зарим хүсэлтийг шүүх хүлээн авч, бусад хэсгийг хангаагүй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөгч, прокурор нотлох үүрэг хүлээж, хуульд заасан бүх арга хэмжээг авч, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоогдог тул хуулийн дээрх зохицуулалтаар мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.
Дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Ч.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорт буцааж, яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ын өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 19-ний өдрийн 7315 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Гомдлын үндэслэл: Шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тухайд,
Шүүгчийн захирамжид “шинжээчид тавьсан асуулт ... зохимжгүй бөгөөд эргэлзээтэй гэж үзэхээр ...” хэмээн дүгнэсэн нь хэргийг прокурорт буцааж шийдэх нэг үндэслэл болсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт энэ зүйлийн 6.1-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм. Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгосон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлэн, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг үнэлэх эсэх асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтын талаар урьдчилсан дүгнэлт хийх нь хуульд нийцэхгүй.
Мөн шинжээч дүгнэлт гаргасан асуудлын хувьд хохирогч “Ч-” ХХК-иас анх цагдаагийн байгууллагад гомдол гаргах үедээ санхүүгийн дотоод хяналт шалгалт хийж, үр дүнг гомдлын хамт өгсөн бөгөөд үүнийг үндэслэлтэй эсэхийг шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлээрээ 23 жил ажилласан туршлагатай, шинжээч Т.О- хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлтээ гаргасан. Уг дүгнэлттэй танилцахдаа яллагдагч болон түүний өмгөөлөгч нэмэлт буюу дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргахад мөрдөгч уг хүсэлтийг шийдвэрлээгүй бол энэ талаар прокурорт хандан хүсэлт, гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Цаашлаад хяналт тавьсан прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол мөрдөн шалгах ажиллагааны талаарх гомдлыг Хан-Уул дүүргийн Ерөнхий прокурорт хандан гаргах хууль зүйн боломж бий.
Гэтэл энэ хугацаанд ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд хэрэв мөрдөгч хүсэлт хангаж шийдсэн бол урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр гаргаж өгсөн 22 хуудас баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгч болох байсан гэх яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй. Учир нь, дээрх байдлаар хүсэлт, гомдлыг прокурорт хандан гаргах боломж байсан ба энэ хугацаанд нотлох баримт бий бол түүнийг гаргаж өгөх хангалттай хугацаа байсан. Нөгөөтэйгүүр 22 хуудас баримт нь яллагдагчийн гэм бурууг үгүйсгэх шинжтэй цагаатгах талын нотлох баримт биш. Харин хохирогч компанийг хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх агуулга бүхий мэдээллийн шинжтэй байгаа юм. Үүнийг шүүх хэрэгт хавсаргахын тулд хэргийг прокурорт буцааж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн болно.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЗ/7315 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ч.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Ч.Б-ийн өмгөөлөгч Р.Булган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх урьд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар прокурорт хэргийг буцааж байсан. Энэ шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмийн худалдаа эрхэлдэг. Шүүгчийн захирамж нь хохирогч хэн болохыг тогтоох агуулгатай байсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй. Мөн Ч.Б-т юуг итгэмжлэн хариуцуулсан бэ, яаж итгэмжлэн хариуцуулсан бэ, итгэмжлэн хариуцуулсан ямар баримт байгаа вэ, үүнийг шалгаж, бодит хохирлын хэмжээг тогтоох шаардлагатай. Тухайн хуулийн этгээд эмийг бөөний үнээр худалдан авч, жижиглэнгийн үнээр худалдан борлуулдаг. Өөрөөр хэлбэл, үнийг нэмж, ашиг, орлого олдог. Хохирогч байгууллагын завшсан гээд байгаа эмийг хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаарх баримт байхгүй, зөвхөн программ дээрээсээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн яриад байгаа зүйлүүдээр хохирлыг тогтоосон. Хохирол төлбөр эргэлзээтэй, хүний авах байсан цалинг оролцуулж, хүч хэрэглэж, ажил олгогчийн дарамтаас болж бичсэн зүйлийг үндэслэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Бид мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хүсэлт гаргаж байсан. Хуульд заасны дагуу хэрэгт хяналт тавьж байгаа прокурор оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй болов уг үүргээ биелүүлэхгүйгээр нэг талд үйлчилж, зөвхөн хохирогчийн хэлсэн үгээр дүгнэлт гаргаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Оролцогчийн эрхийг зөрчсөн, өмнөх шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Хурмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчтэй санал нэг байна. Урьд хэргийг прокурорт буцааж байсан шүүгчийн захирамжийн дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийсэн. Энэ хэргийг нэлээдгүй удаан хугацаанд шалгасан. Шүүхийн хэлэлцүүлэгт “яагаад энэ баримтыг заавал одоо шүүхийн шатанд гаргаж өгч байгаа вэ” гэдэг асуудлыг ярьж байсан. Шинжээчид тухайн байгууллагын гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны бүхий л баримтыг гаргаж өгдөг. Тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр ийм зөрүүтэй байна гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Мөн хохирогчоор тогтоогоогүй асуудал яригддаг. Хууль ёсны төлөөлөгчийг хохирогчоор тогтоосон тогтоолыг хараагүй. ... 22 хуудас баримтад эмийн зөвшөөрөлтэй холбоотой зүйл яригддаг. Энэ гэмт хэргийн хувьд хөрөнгө завшсан, завшаагүй гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ талаар өмнөх шүүх хуралдаанд хангалттай яригдсан. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх Ч.Б-т холбогдох хэргийг “... яллагдагч талаас шинээр гаргаж ирүүлсэн 22 хуудас бүхий баримтыг нотлох баримтаар тооцуулахаар гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй, яллагдагч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг ... мөрдөн шалгах ажиллагааны явцад гарган өгч улмаар мөрдөгч шалгаж, бэхжүүлэн нотлох баримтаар тооцох эсэх асуудал хөндөгдөнө, мөн шинжээчид зохимжгүй байдлаар асуулт тавьсан ба уг дүгнэлт эргэлзээтэй ...” гэсэн үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь учир дутагдалтай болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ..., хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” -д оршдог.
Яллагдагч Ч.Б-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Ч.Б-ийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж тус тус заасан.
Яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэх 22 хуудас баримтыг нотлох баримтаар үнэлэх эсэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шалгаж шийдвэрлэх боломжтой байна.
Мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй эсэх асуудлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийг оролцуулж, асуулт тавих замаар гаргасан дүгнэлтийнх нь талаар тодруулах боломжтой тул дээрх үндэслэлүүдээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд зайлшгүй буцаах шаардлагагүй, мөн яллагдагч Ч.Б-т холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн бодит байдлыг шүүх хуралдаанаар тогтоох нь зүйтэй үзэв.
Харин “Ч-” ХХК-ийн үйл ажиллагаа нь хууль бус эсэх асуудлыг тусад нь гомдлоо гаргаад шалгуулах боломжтой.
Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/7315 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/7315 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ М.АЛДАР