Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2022/00063

 

“***” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2022/00273 дугаар  шийдвэртэй, нэхэмжлэгч Улаанбаатар хот, ** дүүрэг, ** дугаар хороо, “**” оффис, ** тоотод үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК /регистрийн дугаар: 000000, улсын бүртгэлийн дугаар 0000000000, гүйцэтгэх захирал Б.С/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын ** дугаар багт оршин суугч ** овогт Ж.Хт холбогдох,  

“Баян-Өлгий аймгийн Ц сумын ** дугаар багийн нутагт байрлах өвөлжөөг нүүлгэхийг хариуцагч Ж.Хт даалгах, мөн хариуцагч Ж.Хын хууль бусаар илүү эзэмшиж байгаа газарт барьсан гарааш, хашаа хороог тус тус албадан буулгаж газрыг чөлөөлөх” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр /цахим сүлжээгээр/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Тус компани нь өөрийн эзэмшлийн Ашигт малтмал ашиглалтын МV-000000 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулахын тулд тусгай зөвшөөрлийн талбай дотор газар эзэмшиж байгаа Баян-Өлгий аймгийн Ц сумын ** дугаар багийн иргэн Ж.Хтай харилцан тохиролцож, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хэлцэл хийж, манай компани 2019 оны 9 дүгээр сарын 20-нд Ц сумын Тува иргэдийн гуравдугаар багийн иргэдтэй хурал зохион байгуулж, урт хугацааны хамтран ажиллах гэрээ байгуулах, иргэн Ж.Х “***” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас өвөлжөөгөө нүүлгэхээр тохиролцсон.

1.2. Бидний зүгээс дээрх тохиролцооны дагуу үүргээ биелүүлж, “МТЭН” ТББ болон иргэн Ж.Хтай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан. Харин Ж.Х нь одоог хүртэл үүргээ биелүүлж манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайгаас өвөлжөөгөө нүүлгэхгүй байна.

1.3. Түүнчлэн иргэн Ж.Хын өвөлжөөний газар дээр нь хэмжилт хийж үзэхэд сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газраас өөр газарт хашаа, хороо барьж хууль бусаар эзэмшиж байгаа болох нь тодорхой болсон. Дээрх байдлаар иргэн Ж.Х нь манай компанитай 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хэлцлийн үүргээ одоог хүртэл биелүүлэхгүй, өвөлжөөгөө нүүлгэхгүй байна.

1.4. Үүний улмаас манай компани өөрийн Ашигт малтмалын ашиглалтын МV-000000 тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад саад учирч ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч байна.

1.5. Бид 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хэлцлийн дагуу өвөлжөөгөө нүүлгэхийг Ж.Хт удаа дараа шаардлага тавьсан боловч Ж.Х нь манай компанид элдэв хууль бус шаардлага тавьж, шалтаг хэлж, үүргээ биелүүлэхгүй өдий хүрлээ. Иймд Баян-Өлгий аймаг, Ц сум, ** дугаар багийн нутагт байрлах өвөлжөөг нүүлгэхийг хариуцагч Ж.Хт даалгаж шийдвэрлэх өгнө үү.

1.6. Мөн хариуцагч Ж.Хын хууль бусаар илүү эзэмшиж байгаа газарт барьсан гарааш, хашаа хороог тус тус албадан буулгаж лиценз бүхий газрыг албадан чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие Ц сумын ** дугаар багийн нутагт байршилтай “Цагаан чулуутын бууц”-ны 700 м.кв газрыг Ц сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр захирамжаар эзэмшдэг, албан ёсны газар эзэмших гэрчилгээтэй.

2.2. Нэхэмжлэгч “***” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2003.63 га талбайд ашигт малтмал ашиглах зөвшөөрөл авснаас хойш иргэн намайг янз бүрээр хавчиж тухайн өвөлжөөний газраас нүүлгэх гэж оролдож ирсэн.

2.3. Эхлээд намайг тухайн газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж буруутгаж 2019 оны хавраас цагдаа, прокурорт удаа дараа гомдол гаргаж шалгуулсан. Тэдний гомдлыг эрх бүхий байгууллагаас шалгаж Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/74 дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Энэ шийдвэрүүдийг гомдол гаргагч эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Ерөнхий прокурорт гомдол гаргасныг аймгийн ерөнхий прокурор Т.Б хүлээн авч хянаад 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 5/54 тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Гомдол гаргагч аймгийн Ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасныг тус газраас хянаад 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 1/288 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан.

2.4. Энэ гомдлоос нь ямар нэгэн үр дүн гарахгүй болохоор “***” ХХК нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад хандсан. Баян-Өлгий аймгийн Засаг дарга “***” ХХК-тай хуйвалдаж 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/822 дугаар захирамжаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын хэвлийг дур мэдэн ашиглаж ашигт малтмал олборлосон зэрэг хууль бус үндэслэл зааж миний газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2.5. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2021/0051 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/822 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 570 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон. Нэхэмжлэгч дээрх шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасан ба одоогоор хэлэлцэгдээгүй байна.

2.6. 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С, олон нийттэй харилцах албаны дарга Ё.Б, өвөлжөөний эзэн Ж.Х бид гурав хоорондоо харилцан тохиролцож тэмдэглэл /протокол/ үйлдэж байсан нь үнэн. Ингэхдээ албан ёсоор гэрээ байгуулаагүй. Дээрх тэмдэглэл /протокол/-ийн 2 дахь заалтад ... иргэн Ж.Хтай тодорхой үнэ тохирч “***” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дахь Ж.Хын эзэмшлийн өвөлжөөг нүүлгэн шилжүүлэх гэрээ байгуулахаар “***” ХХК-ийн уурхайн хотхонд тохиролцож протокол үйлдэв гэж тусгасан.

2.7. Гэхдээ “***” ХХК нь дээр дурдсанаар намайг хууль бусаар газрын хэвлий ашиглаж ашигт малтмал олборлосон гэж цагдаа, прокурорт хандаж намайг шалгуулсан. Дараа нь аймгийн Засаг даргатай хуйвалдаж миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Үүнээс болж бидний хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. Би тус компанитай өөрийн эзэмшлийн өвөлжөөг нүүлгэн шилжүүлэх талаар ямар нэгэн гэрээгээр тийм үүрэг хүлээгээгүй.

2.8. Миний бие Ц сумын 7 дугаар багийн нутагт байршилтай “Цагаан чулууны бууц”-ын 700м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа ба тэнд байгаа 33 м.кв талбайтай өвлийн сууц, 364 м.кв талбайтай малын чулуу хашаа, 75 м.кв талбайтай гарааш зэрэг эд хөрөнгөнүүд нь миний хувийн өмч юм. Иргэн, аж ахуйн нэгж ашигт малтмал олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл авч болно. Гэхдээ энэ нь тухайн газарт байгаа иргэн хүний өмч хөрөнгөд халдах, газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох үндэслэл болохгүй. Ашигт малтмалын тухай хуульд энэ талаарх ямар нэгэн зохицуулалт байхгүй. Би тухайн өвөлжөөний газрыг хуулийн дагуу эзэмшиж байгаа учир өөрийн үзэмжээр эзэмшиж, үр шимийг хүртэх эрхтэй. Энэ эрхийг хэн ч хязгаарлах ёсгүй.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2022/00273 дугаар шийдвэрээр Ашиг малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Ц сумын 7 дугаар багийн нутагт байрлах өвөлжөөг нүүлгэхийг хариуцагч Ж.Хт даалгах, мөн хариуцагч Ж.Хын хууль бусаар илүү эзэмшиж байгаа газарт барьсан гарааш, хашаа хороог тус тус албадан буулгаж газрыг чөлөөлөхийг хүссэн нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.      

4.2. ...”***” ХХК нь Баян-Өлгий аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт байрлах 2003.63 гектар талбай бүхий, Ашигт малтмалын ашиглалтын МV-000000 тоот тусгай зөвшөөрлийг хууль ёсоор эзэмшдэг бөгөөд тус тусгай зөвшөөрлийн талбайд иргэн Ж.Х нь 0000000 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр 700м.кв га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг.

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын үзлэг хийхэд иргэн Ж.Х нь өөрийн эзэмшлийн газраас давсан газрыг эзэмшиж, ашигладаг буюу өөрийн эзэмшлийн газрын гадна талд малын хашаа, хороо, өвөлжөө, саравч барьсан болох нь тогтоогдсон бөгөөд эдгээр объектууд байрлаж байгаа газрыг тойруулж хэмжихэд 1008м.кв талбайтай байсан. Эндээс харвал хариуцагч Ж.Х нь нэхэмжлэгч "***" ХХК-ийн эзэмшлийн талбайгаас 308м.кв талбайг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа нь харагдаж байна. 

4.4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна”, 106 дугаар зүйлийн 106.2-д "Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу манай компани нь иргэн Ж.Хт удаа дараа газар чөлөөлөх талаар мэдэгдэж ирсэн боловч өнөөдрийг хүртэл газраа чөлөөлж өгөхгүй байх тул албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.5. Гэтэл анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 57.3, 57.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь маргаан бүхий газар дээр иргэний үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа тул түүнийг Засаг дарга шийдвэрлэх боломжгүй, иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр замгүй. Нөгөө талаас нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглах бөгөөд эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгохоор шаардах эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд өөрийн эзэмшиж буй газраас иргэн Ж.Хын зөвшөөрөлгүй эзэмшиж буй 308 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх эрх нь нээлттэй. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү эрх нь гагцхүү Засаг даргад, олгогдсон гэж байгаа нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн өмчлөгчийн шаардах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

4.6. Түүнчлэн, манай компанийн хувьд ашигт малтмалын ашиглалтын МV-000000 тусгай зөвшөөрлийн талбайд гүнийн уурхайн ТЭЗҮ-ийг боловсруулж. Гүнийн уурхайн үйл ажиллагаа явуулах ТЭЗҮ-ийн уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар батлуулсан бөгөөд энэхүү батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу гүний уурхайн үйл ажиллагаанд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хэрэглэдэг. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлд 8.1.3-т "Аймгийн Засаг дарга нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахад тогтоосон аюулгүйн бүсийн хил хязгаарт иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохгүй байх"-аар заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 313 дугаар тогтоолоор баглагдсан "Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм"-д тэсэлгээ хийх газраас хамгаалах аюулгүй бүсийн радиусыг 1200 метр хүртэл зайтай байхаар тогтоосон байдаг. Түүнчлэн тус компани нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 19/30 дугаартай "Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр агуулахыг байнгын ашиглалтад хүлээн авах, аюулгүйн бус тогтоосон акт"-аар Баян-Өлгий аймгийн Ц сумын нутаг Цагаан овоот уул далд уурхайн бүсэд 10 тонны тэсрэх материалын агуулахыг ашиглалтад оруулсан. Гэтэл тус компанийн уурхайн 1 дүгээр ам буюу тэсэлгээний үйл ажиллагаа явуулах цэгийн аюулгүйн бүс дотор иргэн Ж.Хын эзэмшиж, ашиглаж буй газар багтаж байгаа тул тухайн бүс дотор тэсэлгээ хийх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуулийн хүрээнд үнэлж, зөв шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх   шаардлагыг хангасан шийдвэр тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй.

5.2. Хэлцэл хийгдсэн тул хариуцагч Ж.Хыг нүүлгэхийг даалгаж өгөх тухай асуудал яригдаж байгаа. 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хоорондоо баримт үйлдсэн байдаг. Тухайн баримтын хоёр дахь заалтаар өвөлжөө нүүлгэн шилжүүлэх асуудлыг дараа нь тохиролцож шийдвэрлэхээр тохиролцсон байна. Гэхдээ үүнээс хойш талуудын хооронд ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй. Тиймээс талуудын хооронд гэрээ байгуулагдсан тул өвөлжөөнгөө чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

5.3. Энэ асуудал нь захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж 3 шатны шийдвэр гарсан. Тухайн үед захиргааны хэргийн шүүхээс маргаан бүхий газар үзлэг хийхэд Ж.Хын өвөлжөө байгаа газар нь 1008м гэж гарсан. Гэхдээ Ж.Х гэх хүн тухайн газраас 2003 онд газар эзэмших  эрхийн гэрчилгээгээр 700 м.кв газрыг эзэмшихээр гэрчилгээ авсан. Гэхдээ энэ газар нь Ж.Хын өвөг дээдсээс нь үргэлжилж байгаа, 3 үе дамжиж ашиглагдаж байгаа газар.  Өөрөөр хэлбэл “***” ХХК   тухайн газарт ашигт малтмалын зөвшөөрөл авсны дараа ямар нэг хашаа, хороо бариагүй. Тиймээс албадан нүүлгэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.

5.4.Ашигт малтмалын тухай хуульд тодорхой зохицуулалт байгаа. Гэхдээ тухайн газарт аль нэг компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авлаа гэхэд эзэмшлийг шууд хүчингүй болгож, тэнд байгаа эд хөрөнгийг нүүлгэх зохицуулалт байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна” гэж заасан. Одоогийн байдлаар Ж.Хын өвөлжөөнд тулгаж уурхайн үйл ажиллагаа явагдаж эхэлсэн асуудал байхгүй. Хэрэв цаашид зайлшгүй нүүлгэх шаардлага гарвал нөхөн төлбөрийн асуудлыг Ж.Хтай тохиролцоод шийдвэрлэх ёстой.

5.5. “***” ХХК-ийн зүгээс тэсэрч дэлбэрэх бодисын агуулах барьсан. Тэр нь Ж.Хын өвөлжөөнөөс 800 метрийн зайд баригдсан бөгөөд стандартын шаардлага хангахгүй байна гэж байгаа. Ж.Х гэх хүн уг өвөлжөөг хэдэн жилийн өмнө барьсан гэдгийг тайлбарласан. Компани хууль дүрмээ баримтлах гээд байгаа бол өвөлжөөнөөс стандартын дагуу агуулахаа барих ёстой байсан. Ж.Х гэх хүн мал маллаж амьдардаг жирийн иргэн хүн. Гэр бүлийн хүн нь нас барсан, 3 өнчин хүүхэдтэй. Тухайн компани очсоноос хойш дарамт шахалт үзүүлж эхэлж байгаа. Анх тохиролцохгүй болохоор нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гээд цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Гэтэл шат шатны прокуророор шалгагдаад хэрэг нь нотлогдоогүй. Дараа нь аймгийн Засаг даргатай хуйвалдаад эзэмших эрхийг хүчингүй болгосон боловч захиргааны хэргийн шүүхэд хандаж Засаг даргын шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон.

5.6. Эцэст нь хэлцэл байгуулсан тул тэрний дагуу нүүлгэж өг гэж байгаа. Компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Ж.Хтай тохиролцон шийдвэрлэх ёстой. Түүнээс биш шүүхээс албадан нүүлгэх хууль зүйн үндэслэл байхгүй.  

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “***” ХХК-нд Баян-Өлгий аймгийн Ц сумын Ц нэртэй газарт орших 2003.63 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд зааснаар ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 0000000000 тоот гэрчилгээтэй тусгай зөвшөөрлийг 2048 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон нь “2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн” MV-000000 дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, MV-000000 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 болон 2 дугаар хавсралтаар;

Хариуцагч Ж.Хт Ц сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай Цагаан чулуутын бууц хэмээх газраас 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргаас “2006 оны 12 дугаар сарын 30-ны өдөр” олгосон №000000 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон тус сумын газрын даамал Т.Нийн үйлдсэн Ж.Хын эзэмшиж байгаа газрын кадастрын зураг болон өвөлжөөний кадастрын зургаар тус тус тогтоогдсон байна.

Түүнчлэн хариуцагч Ж.Хын хууль ёсоор эзэмшиж буй газар нь нэхэмжлэгч “***” ХХК-ийн лиценз бүхий талбайд байршдаг нь мөн хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдсон ба Ж.Хт 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрчилгээгээр газар эзэмшүүлсэн бол “***” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тусгай зөвшөөрлөөр ашигт малтмал ашиглах зөвшөөрөл бүхий лиценз авсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

9. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий Ц сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай Цагаан чулуутын бууц хэмээх газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан бөгөөд уг тэмдэглэл болон хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Ж.Х нь гэрчилгээний дагуу эзэмшиж байгаа газрын кадастрын зургаас илүү хэмжээгээр газар эзэмшиж, ашиглаж байгаа нь бодитой тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “***” ХХК-ийн хууль ёсоор эзэмших лиценз бүхий талбайд нь хариуцагч өөрийн хууль ёсоор эзэмших газрын хэмжээнээс илүү гаргаж байшин, хашаа, гарааш барьж халдсан буюу нэхэмжлэгчийн “газар эзэмших, ашиглах” эрхэд нь саад учруулсан гэх бодит нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих бөгөөд  мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль ёсоор эзэмшил газраас илүү газар эзэмшиж байгаа гэх үйл баримтыг өөрөө нотлох үүрэгтэй. Тухайлбал, талууд хүсэлт гаргах замаар маргаан бүхий газарт мэргэжилтнийг оролцуулан үзлэг хийлгэх, нотлох баримт цуглуулах зэргээр хариуцагчийн хууль ёсоор эзэмшиж байгаа газрын хэмжээг бодитой тогтоолгох, Ж.Х нь нэхэмжлэгчийн лиценз бүхий талбайгаас өөрийн эзэмшил газраас илүү газар ашиглаж, эзэмшиж байгааг нотлох ажиллагаанууд хийгдээгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

 

10. Нэхэмжлэгч нь зохих тусгай зөвшөөрлөөр тодорхой уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах эрхтэй, энэ нь баримтаар тогтоогдож байгаа хэдий ч уг талбайд нь хамаарах, уг зөвшөөрлийг авахаас өмнө хариуцагч Ж.Хын хууль ёсоор эзэмшсэн байсан, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрчилгээ бүхий эзэмшил газрыг эзэмшигчийнх нь мэдлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй ба хариуцагчид газар эзэмших эрхийн ****** дугаартай гэрчилгээгээр Ц сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай Цагаан чулуутын бууц хэмээх газраас 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар хууль ёсоор эзэмшүүлсэн нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн субьектив эрх хөндөгдөөгүй буюу Иргэний  хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

11. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж, 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд ... Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина” гэж, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараах үүрэгтэй” гэж, 59 дүгээр зүйлийн 59.1.1-д “хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах” гэж, 60 дугаар зүйлийн 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” гэж, 60.1.2-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан.

Хуулийн дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, Газрын тухай хуулийг зөрчсөн, тодруулбал иргэн, хуулийн этгээдээс газрыг хууль бусаар эзэмшсэн, ашигласан тохиолдолд сумын Засаг дарга дээрх хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн газартай холбоотой маргааныг өөрөө шийдвэрлэх, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа газрыг чөлөөлөх талаар мэдэгдэл өгөх, улмаар албадан нүүлгэх тухай шийдвэр гаргах, түүнийг цагдаагийн байгууллага биелүүлэх үүрэгтэй байна.

 

12. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “хариуцагч Ж.Х нь гэрчилгээ бүхий өөрийн хууль ёсны эзэмшил газраас илүү газар эзэмшиж, компанийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах газарт гарааш, хашаа хороо барих зэргээр хууль бусаар газар эзэмшиж байгааг албадан нүүлгэх” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн уг шаардлагын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Нөгөө талаар, нэхэмжлэлийн дээрх шаардлагад хамаарах үйл баримт тогтоогдсон тохиолдолд Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж, хариуцагчийн гэрчилгээнд заасан газраас илүү эзэмшсэн гэх газрын хэмжээг бодитой тогтоолгон, улмаар албадан чөлөөлөх асуудлыг Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2-т зааснаар шийдвэрлүүлэхээр хуульчилсан байдаг.

 

13. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хамааралгүй Ашиг малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дэх заалт зэргийг шүүхийн шийдвэрт баримталж, хуулийг буруу хэрэглэснийг залруулж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Ц сумын 7 дугаар багийн нутагт байрлах өвөлжөөг нүүлгэхийг хариуцагч Ж.Хт даалгах, мөн хариуцагч Ж.Хын хууль бусаар илүү эзэмшиж байгаа газарт барьсан гарааш, хашаа хороог тус тус албадан буулгаж газрыг чөлөөлөх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2022/00273 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ашиг малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т заасныг тус тус баримтлан” гэснийг “Иргэний  хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ