| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2502003550492 |
| Дугаар | 2026/ДШМ/290 |
| Огноо | 2026-03-12 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | А.Арай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/290
Л.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Арай,
шүүгдэгч Л.Т-, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/214 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Л.Т-д холбогдох эрүүгийн 2502003550492 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж- орой овгийн Л-гийн Т-, ......., /регистрийн дугаар ЕЛ-/,
урьд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 210 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон;
Нийслэлийн Прокурорын газрын прокуророос Л.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Л.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, олж авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-ийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монголбанкинд шилжүүлж, шаргал өнгийн гялгар ууттай улаан өнгийн цахилгаантай цүнхэнд 1-5 гэж дугаарласан 10 мл хэмжээтэй хоосон тариур 5 ширхэг, 1-2 гэж дугаарласан 2 ширхэг тугалган цаас, 1000$ гэсэн бичиглэлтэй 2 ширхэг цаас, 1-2 гэж дугаарласан хуванцар тагтай 2 ширхэг зүү, зүүний хуванцар таг, “аdidas” гэсэн бичиглэлтэй жижиг шар өнгийн даавуун цүнх, Tebantin 300bg гэсэн шошготой 18 таблет тус бүрээс дээж авсан 162 ширхэг капсултай эм, хар өнгийн хуванцар савтай тосорхог шингэн 22.4 грамм, Натрийн хлорид 0.9% 500 мл гэсэн бичиглэлтэй өнгөгүй шингэн зүйл, зүүтэй тариур, тугалган цаас, энгийн эмийн жор гэсэн бичиглэлтэй цаас 22 ширхэг, “Мичид-Ундраа БГБХН өрхийн эрүүл мэндийн төв” гэсэн бичиглэлтэй тэмдэг, улаан өнгийн цүнх, натрийн хлорид 0.9 гэсэн бичиглэлтэй гялгар ууттай шингэн зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, тос мэт зүйлээр бохирлогдсон хуванцар сав 1 ширхэг, тариур 4 ширхэг, цагаан өнгийн асаагуур 2 ширхэг, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, №3 гэж дугаарласан цус мэт зүйлээр бохирлогдсон тариур 2 ширхэг, №4 гэж дугаарласан тариур 1 ширхэг, “мопеу” гэсэн бичиглэлтэй цаас 1 ширхэг, №5 гэж дугаарласан шаргал өнгийн эмийн хоосон капсул 3 ширхэг, энгийн эмийн жор гэсэн цаас 1 ширхэг зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Шүүгдэгч Л.Т- болон түүний өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэлтэй маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, бусдын гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурийг баримталж оролцсон. Энэ талаарх үндэслэл, тайлбар, хүсэлтээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад удаа дараа гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн тодорхой хууль зүйн дүгнэлт хийж, хариу өгөөгүйд гомдолтой байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” эрх хэмжээг шүүхэд олгожээ.
Шүүгдэгч Л.Т- өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа төдийгүй залуу хүний хувьд сурч боловсрох, ажил, мэргэжил эзэмших чин хүсэлтэй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, шинээр гэр бүл болж найз охин нь 3 сартай жирэмсэн, аав болох гэж байгаа, удахгүй гэр бүлээ албан ёсоор бүртгүүлж дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй хариуцлагатай ухамсартай хүн болж амьдрах зорилго, тэмүүлэлтэй энэхүү амлалтдаа эргэлзээгүй хүрнэ гэж амлаж байгаа талаараа мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн мэдүүлж, хүсэлт гаргаж ирсэн. Гэвч дээрх нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа анхан шатны шүүх огт харгалзан үзээгүй байна. Иймд өмгөөлөгч миний давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Л.Т-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллага буюу мөрдөн шалгах, прокурор, шүүхээс хийсэн хэргийн зүйлчлэлтэй огт маргахгүйг ойлгодог. Шүүгдэгч Л.Т- өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа, залуу хүний хувьд сурч боловсрох, мэргэжил эзэмших, чин хүсэл эрмэлзэлтэй, одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа, шинээр гэр бүл болж найз охин нь 3 сартай жирэмсэн, аав болох гэж байгаа, удахгүй гэр бүлээ албан ёсоор бүртгүүлж, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй хариуцлагатай, ухамсартай хүн болж амьдрах зорилго, тэмүүлэлтэй энэхүү амлалтдаа эргэлзээгүй хүрнэ гэж амлаж байгаа талаараа мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн мэдүүлж, шүүх бүрэлдэхүүнд уг хүсэлтээ гаргаж байсан боловч дээрх нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа анхан шатны шүүх огт харгалзан үзээгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...”, 4 дэх хэсэгт “... эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй...” гэж заасан боловч анхан шатны шүүх дан ганц дахин гэмт хэрэгт холбогдсон гэх нөхцөл байдлыг шүүгдэгчид ял оногдуулахдаа харгалзан үзсэн нь учир дутагдалтай байгааг анхаарч үзнэ үү. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 2026/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг нийгэмшүүлэх зорилтын хүрээнд шүүгдэгч Л.Т-д оногдуулсан 01 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Л.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, ухаарч байгаа. Залуу хүний хувьд тогтвортой ажил, амьдралтай болохыг зорьж байна. Манай эхнэр 4 сартай жирэмсэн бөгөөд хордлого ихтэй, биеийн байдал тогтворгүй байгаа. Надад энэ удаад боломж олговол цаашид ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд дахин холбогдохгүй гэдгээ амлаж байна. Мөн банк болон аппликэйшны зээлүүдээ төлөх, ажил хөдөлмөр эрхэлж, эхнэрээ эрүүл саруул амаржуулах чин хүсэлтэй байна. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулан хөнгөрүүлж өгөхийг хүсье.” гэв.
Прокурор А.Арай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь эрх олгосон хэм хэмжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээ болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх болон шүүгчид хуулиар олгогдсон эрх байгаа юм. Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш. Харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох хууль тогтоогчоос зохицуулж өгсөн зохицуулалт. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх учиртай. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн. Тухайн оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буй талаар, мөн бодитой, итгэл төрөхүйц байдлаар дүгнэсэн гэж прокуророос харж байгаа. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэм хэмжээг багасгаж өгнө үү гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Л.Т-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Л.Т-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.Т- нь 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Офицеруудын ордны автобусны буудал дээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “МDMB-4еn-PINACA” гэх нэршилтэй, 15.2 грамм жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Л.Т-ийн яллагдагчаар өгсөн: “МDMB-4еn-PINACA” илэрч буй 10 мл хэмжээтэй тариур дотор “дроп” гэх нэршилтэй мансууруулах бодис байгаа юм. Тухайн мансууруулах бодисыг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Халиунаа гэх охинтой фейсбүүкээр чаталж байгаад очиж авсан. Халиунаа надад 300.000 төгрөг бэлнээр бэлдээд, Баянбүрд дээр ир гэж хэлсэн. Халиунаагийн зааж өгсөн газарт очиход, Халиунаа надад орцонд оруулаад цахилгааны шийдэд хийгээд үлдээчих гэж хэлсэн, би дотогш ороод нэг давхрын цахилгааны шийдэд үлдээсэн. Удалгүй Халиунаа над руу холбоо бариад уг байрны ойролцоо байх тээврийн хэрэгслийн зогсоолын зураг явуулаад очиж аваарай гэж хэлсэн. Халиунаагийн өгсөн байршлын дагуу уг “дроп” мансууруулах бодисыг очиж авсан ба хэрэглээгүй өөртөө байлгаж байгаад цагдаад баригдаж сайн дураараа гаргаж өгсөн...” /хх 146/ гэсэн мэдүүлэг,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0325/3660 дугаар “...Л.Т- “ЕЛ- 2025.5.7” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж... тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно.” /хх 76-79/ гэсэн,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0325/3656 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн шингэн зүйл агуулсан 10 мл хэмжээтэй тариураас “МDMB-4еn-PINACA” илэрсэн. “МDMB-4еn-PINACA” нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтана. Шинжилгээнд ирүүлсэн “Тебантин” гэсэн шошготой нэг тал нь шар нэг тал нь улаан өнгийн капсултай эм мэт зүйлсээс “Gabapentin Lactam” илэрсэн...” /хх 83-88/ гэсэн,
-Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1333 дугаар “...Л.Т- нь 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр сэтгэцийн ямар нэг өвчтэй байсан гэх баримт мэдээлэл, шинж тэмдэг үгүй байна. Л.Т- нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна...” /хх 129-131/ гэсэн дүгнэлтүүд,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны12 дугаар сарын 18-ны өдрийн 03/522 дугаар “...Л.Т- /РД:ЕЛ-/-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн “Өвчний түүх”-ийн хуулбар, мэдээллийг хүргүүлж байна” гэсэн албан бичиг, хавсралт /хх 120-125/,
-2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн шөнө 00 цаг 12 минутад Л- УНУ улсын дугаартай “Infinity Fuga” маркийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж, нэгжлэгээр эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/,
-мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Л.Т-ийн биед үзлэг хийж, үзлэгээр хар өнгийн цүнхнээс 55 ширхэг тебантин, 10 мл тариурт хийсэн 6.2 мл орчим тунгалаг өнгийн шингэн, 9 ширхэг 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 1 ширхэг 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг хураан авсан тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 29-32/,
-мөрдөгчийн 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “Тестийн 2 дугаар баганад 1 зураас тодорч, тухайн бодисуудыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав.” гэсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 33-35/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Т-ийн “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, олж авсан” үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн “...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм.
Шүүх, Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Тодруулбал; шүүгдэгч Л.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт тул анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээдийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг хамааруулдаг.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгоно.
Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Т-ийн “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, олж авсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Л.Т-ийн хувьд урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж /хх 155-160/ байсан атлаа засарч хүмүүжихгүй дахин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, түүнийгээ хэрэглэж, биедээ хадгалсан үйлдэлд анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон гэж үзэв.
Иймд шүүхээс оногдуулсан ялыг хүндэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн “ял хөнгөрүүлэх тухай” гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/214 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т- нь 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ