Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01146

 

 

 

....-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/01887 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ....-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ....-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2,070,200 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ....-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

....- нь ....-йн мөнгө зээлэх хүсэлтийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ХААН банк ХХК-ийн 5060003583 тоот данснаас 2,000,000 төгрөг шилжүүлсэн. ....-йг зээлсэн мөнгийг буцаан төлөхийг шаардсан боловч төлөөгүй. 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс ....-йн хаяг тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс ....-йг эрэн сурвалжилж хаягийг тогтоосон. ....- Өрнөх дэлгэрэх нар ХХК-тай ажилчдын автобус түрээслэх гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан. Уг гэрээг байгуулахад .....- зуучилж өгсний хөлсөнд 3,000,000 төгрөг өгөхөөр тохиролцоогүй. Өрнөх дэлгэрэх нар ХХК-тай 2 автобус тус бүрийг 3,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон ба ....-йн тайлбарт дурдсан хэмжээний их ашиг олоогүй. Автобус түрээслэх ажил байна гэдгийг тэнд ажилладаг дүү н.Билгүүн хэлсэн болохоос .....- ийм ажил санал болгоогүй. Иймд хариуцагч .....-оос зээл 2,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөг, нийт 2,072,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

.....- Тосон-Оргих ХХК-ийн үйл ажиллагааг хариуцаж ажилладаг байсан бөгөөд манай компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Энержи ресурс ХХК-ийн уурхайн талбайд 2018 онд барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан Өрнөх дэлгэрэх нар ХХК-тай Тоног төхөөрөмж түрээсийн гэрээг байгуулж, тус компанид ачааны автомашин түрээслэх үйлчилгээ, барилгын талбайд харуулын байр ажиллуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байсан болно. Улмаар тухайн үед Өрнөх дэлгэрэх нар ХХК-аас автобусаар ажилчдын зөөх санал тавьсан. Уг ажлын төсөв нь бага оврын 1 автобусыг 1 сард 7,000,000 төгрөгөөр түрээслэх байсан. Тухайн үед миний эзэмшлийн автобус техникийн эвдрэлтэй байсан тул ....- Өрнөх дэлгэрэх нар ХХК-тай гэрээ байгуулсан. Ийнхүү гэрээ байгуулснаар ....- нь сард 7,000,000-14,000,000 төгрөг буюу нийт 200,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Дээрх ажлыг авч гүйцэтгэсэнтэй холбоотойгоор 2,000,000 төгрөгийг надад урамшуулал гэж өгсөн тул зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэр агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч .....-оос зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ....-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч .....-оос улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ....-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ...Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн ХААН банк ХХК-ийн дансны хуулга, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Тосон-Оргих ХХК-ийг төлөөлж, захирал .....-, Өрнөх дэлгэрэх нар ХХК-ийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ....-, Өрнөх дэлгэрэх нар ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний огноо, гэрч А.Дэлгэржаргалын мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч X.Туваандорж нь автобус түрээслэх гэрээ байгуулахад холбож өгч хөлс авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй. .....- Тосон-Оргих ХХК-ийн үйл ажиллагааг хариуцаж ажилладаг бөгөөд манай компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Энержи ресурс ХХК-ийн Уурхайн талбайд 2018 онд барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан Өрнөх дэлгэрэх нар ХХК-тай тоног төхөөрөмж түрээсийн гэрээг байгуулж, тус компанид ачааны автомашин түрээслэх үйлчипгээ, барилгын талбайд харуулын байр ажиллуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байсан. Тухайн үед Өрнөх дэлгэрэх нар ХХК-аас ажилчдыг зөөх үйлчилгээг мөн хариуцах санал тавьсан ... энэ ажлыг Н.Жанлавт өгөхөөр төлөвлөж байснаа болиод ....-т шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, ....- нь ....-йн гүйцэтгэх ажлыг авч Өрнөх дэлгэрэх нар ХХК-тай гэрээ байгуулж урамшуулалд 2,000,000 төгрөгийг өгсөн. .....- нь ....-т орлого олох нөхцөлийг бүрдүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Тухайлбал, Гэрч ...Өрнөх дэлгэрэх нар ХХК-д манайх автомашинаа түрээслэхээр болсон, мөн өөрсдөө харуулын байр бариад түрээслүүлэхээр болсон. Өрнөх дэлгэрэх нар ХХК-аас автобус түрээслэх талаар санал тавьсан. ...н.Жанлав руу ярьсан боловч автобус нь засвартай байсан... тухайн үед нэхэмжлэгчийг таньдаггүй байсан. Манай нөхөр нэхэмжлэгчтэй яриад тэр ажилд оруулахаар утсаар ярихыг сонсож байсан. Анх 3,000,000 төгрөг өгнө гэж байсан боловч 2,000,000 төгрөг өгсөн ... гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Өөрөөр хэлбэл 2,000,000 төгрөг шилжүүлсэн талаар маргаангүй боловч зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Түүнчлэн, хариуцагчийн эрүүл мэндийн байдал муу байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1.Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч ....- нь хариуцагч ....-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг, хохирол 70,200 төгрөг, нийт 2,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... ажил олж өгсний урамшуулалд 2,000,000 төгрөг өгсөн тул буцаан төлөхгүй ... гэж маргасан байна.

 

1.б. ....- нь дээрх мөнгөн хөрөнгийг ХААН банкин дахь өөрийн 5060003583 тоот данснаас ....-д шилжүүлэхдээ ....-ээс Туваандоржид зээл гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

 

Нэхэмжлэгч ....- нь хариуцагч ....-д 2,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэн өгсөн болох нь ХААН банк ХХК дахь ....-ийн эзэмшлийн 5060003583 тоот дансны хуулгаар тогтоогджээ. (хх-ийн 5)

 

1.в. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан. Талууд зээлийн гэрээний зүйл болох 2,000,000 төгрөгийг төлөх хугацааг тогтоогоогүй тул хариуцагч .....- нь нэхэмжлэгч ....-ийн шаардсанаас хойш 1 нэг сарын дотор төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч .....-оос 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ....-т олгох нь Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

1.г. Өрнөх дэлгэрэх нар ХХК болон ....- нарын хооронд байгуулагдсан Ажилчдын автобус түрээслэх тухай гэрээг үндэслэн уг гэрээг байгуулахад хариуцагч .....- түрээслэгч компантай нэхэмжлэгч ....-ийг зуучилж өгч, урамшуулалд 2,000,000 төгрөг авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй. (хх-ийн 25-28)

 

Түүнчлэн, хариуцагч зуучлалын хөлсөнд 2,000,000 төгрөг авахаар тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Мөн гэрч А.Дэлгэржаргал ... Би нөхрийнхөө нэхэмжлэгчтэй утсаар ярихыг сонсож байсан. Анх 3,000,000 төгрөгийн шагнал өгнө гэж байсан боловч 2,000,000 төгрөг өгсөн... гэх мэдүүлсэн боловч тэрээр хариуцагч ....-йн эхнэр нь байх бөгөөд уг мэдүүлгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/01887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ....-йн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ