| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2603 00000 0008 |
| Дугаар | 2026/ДШМ/292 |
| Огноо | 2026-03-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Марал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/292
2026 03 12 2026/ДШМ/292
Б.Б-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор А.Марал,
шүүгдэгч Б.Б-,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЦТ/311 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2603 00000 0008 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овгийн Б-ы Б-, ......., ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ОБ-/;
Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шөнө 3 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн Чөлөө, “Номин” супермаркетын хойд замд, Тоёота приус загварын Б- УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Б.Б-ийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Би 2020 онд АУШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, хөдөө орон нутагт хүний их эмчээр ажиллаж байгаад нарийн мэргэжлээр мэргэшиж ажиллах шаардлагаар одоо Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэгт резидент эмчээр ажиллаж байна. 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2027 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоёр жилийн хугацаанд мэс заслын эмчээр мэргэшиж ажиллах бөгөөд резидентийн цалин 700.000 төгрөг байдаг. Ам бүл 4, эхнэр, 2-4 насны хүүхдүүдийн хамт өөрийн гэсэн орон байргүй, түрээсийн байранд амьдардаг. Хуулийн мэдлэг, мэргэжилгүй учраас шүүхийн дээрх шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар гэм буруутайд тооцсоныг ойлгохгүй байна. Мөн өөрийн буруутай үйлдлийг ойлгон ухамсарлаж гэм буруугаа хүлээсэн, хэн нэгний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, цалин орлого бага учраас амьдралд хүрэлцдэггүй, хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд хүргэж өгөх шаардлага гардаг зэрэг амьдралын зайлшгүй нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгөх байх гэж бодсон боловч шүүгч тухайн зүйл заалтын хамгийн өндөр хэмжээгээр торгож, хамгийн олон жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассанд гомдолтой байна. Миний ажил, амьдралын аргагүй байдлыг харгалзан торгуулийн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тус тус ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн өмнө хасуулсан ба жолооны эрх сэргэх хугацаа дуусахаас 1 сарын өмнө уг үйл явдал болсон. Үүнээс өмнө би тээврийн хэрэгсэл жолоодож байгаагүй. Тухайн өдөр баярын хүлээн авалтад оролцсон. Уг арга хэмжээнээс гарч явах үед дээрх асуудал үүссэн. Би өөрийн гаргасан зөрчлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс надад 14.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан. Иймд уг торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү.” гэв.
Прокурор А.Марал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЦТ/311 дүгээр шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Учир нь, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил эрхэлдэг байсан зэрэгт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан торгох ялын боломжит хэмжээнд торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 / нэг/ жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шөнө 03 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн Чөлөө “Номин” супермаркетын хойд замд, Тоёота приус загварын Б- УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02/,
-жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 3-5/,
-эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 17/,
-Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ЗШ/68 дугаар: “...Холбогдогч Т- овогт Б-ы Б-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан "Жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох " зөрчил, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 10 дэх хэсгийн 10.2 дахь заалтад заасан "техникийн хяналт үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох" зөрчил тус тус үйлдсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар холбогдогч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 9 /ес/ хоног баривчлах шийтгэл оногдуулж, Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг нэн даруй биелүүлж, жолоочийн мэдээллийн санд бүртгэл хийхийг Увс аймгийн цагдаагийн газарт даалгасугай...” /хх 18-20/ гэсэн шийтгэврийн хуулбар,
-шүүгдэгч Б.Б-ийн “...2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 1 /нэг/ жилийн хугацаанд эрх хасагдсан...” /хх 23-29/ гэх хувийн мэдээлэл, жолоочийн лавлагаа мэдээлэл,
-шүүгдэгч Б.Б-ийн: “...Би 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр виски уугаад 23 цагийн орчимд гэртээ харихаар таксинд суугаад явсан. Тухайн орой манай хүүхэд айлд байсан юм. Тэгээд хадмын гэрийн гадна байсан Toyota Prius-20 загварын Б- УВС улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод хүүхдээ авахаар цааш явсан. Жуковын урд талын замаар ороод “Номин” супермаркет өнгөрөөд явж байхад цагдаагийн алба хаагч зогсоосон. Согтуурал шалгаж үлээлгэхэд 2.20 хувийн согтолттой гарсан. Би өмнө 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан байгаа...” /хх 9, 14/ гэсэн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ийн гаргасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Б-ээс “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн болон эрх хасах ялыг тус тус хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлын заримыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад, шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулж...” /хх 18-20/ байсан, мөн дахин эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, өмнө гаргасан үйлдэлдээ дүгнэлт өгөлгүй, нэг төрлийн зөрчлийг давтамжтайгаар үйлдсэн байна.
Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч Б.Б-эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.000.000 сая төгрөгөөр торгох ял оногдуулах санал...”-ыг гаргаж оролцсон байна.
Харин шүүхээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тус тус...” зааснаар шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсныг илтгэх шалгууруудын нэг болдог.
Шүүгдэгчид оногдуулах ялын талаар улсын яллагч санал гаргах эрхтэй боловч шүүх улсын яллагчийн гаргасан саналаас хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах үүрэг хүлээдэггүй.
Учир нь, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг.
Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-эд оногдуулсан торгох ялыг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЦТ/311 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Б-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын заримыг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ