| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0650/э |
| Дугаар | 689 |
| Огноо | 2018-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 689
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Л.Дашпэлжээ, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дашпэлжээ, Боржигон овогт Хүрэлбаатарын Даваасүрэн нарт холбогдох эрүүгийн “1811020730693” дугаартай, 186/2018/0650/э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Шинэхэн Сити” ХХК-нд ажилдаг, ам бүл 4, эх, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх 6 дугаар гудамж, 1793 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дашпэлжээ /РД:НИ90070516/,
Монгол Улсын иргэн,1986 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Шинэхэн Сити” ХХК-нд ажилдаг, ам бүл 7, эх, эхнэр, 2 хүүхэд, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн, 16-р хороо, Согоот 2 дугаар гудамж, 26 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, 2.Боржигон овогт Хүрэлбаатарын Даваасүрэн, /РД:УШ86071411/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Дашпэлжээ, Х.Д нар бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон” дэлгүүрийн гадна Э.Өрнөхбатыг зодож түүний биед нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, дээд уруул, баруун зовхи, хүзүү, бүсэлхий, баруун өвдөгт шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Л.Дашпэлжээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Х.Дгийн гэрт очоод Х.Дгийн найз нь гэх Бямбажаргал нартай 0.75 граммын архи 2 шилийг хувааж уусан. Ууж дуусаад Х.Дгийн найз Бямбажаргал бид хоёр гэрээс нь гарч такси барих гээд замын хажууд зогсож байхад хохирогч Э.Өрнөхбат Бямбажаргалыг хоргоогоод зогсож байсан. Уг нь хоорондоо танил юм байна лээ. Би мэдээгүй. Тэгээд би хохирогч Э.Өрнөхбатыг 2-3 удаа цохисон гэв.
1.2. Шүүгдэгч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би хохирогч Э.Өрнөхбатын хөмсгийг цохьсон гэв.
Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Өрнөхбатын:...2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр барилга дээр ажиллах туслах ажилтан хайгаад Хайлаастаар явж байгаад оройн 18 цагийн үед Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Жаргалантын 5 дугаар гудамжинд явж байгаад багийн найз болох Ууганбаатар, Хатанаа, Болдоо нартай таарч уулзаагүй 10-аад жил болсон байсан ингээд дэлгүүрээс 0.75 литрийн Соёрхол нэртэй авч хувааж уугаад оройн 20 цагийн үед салцгаасан. Ингээд уруудаж явж байгаад дүү Хаш-Эрдэнэтэй таарч улмаар бид хоёр Чингэлтэй дүүрэг 15-р хороо Усан санруу явж байгаад танил ах Бямбажаргалтай таарсан, бид хоёр гар бариад зогсож мэндлээд юм ярьж байтал хажуу талаас намхан шар залуу /Дашпэлжээ/ нь шууд ирээд миний нүүр хэсэгрүү цохиж би газарт унасан. Тэгсэн хажуунаас нэг хүн нь боль гээд басан. Тэгээд би зугтаагаад гүйж байхдаа бүдэрч унахад араас туранхай өндөр, хар өтгөн хөмсөгтэй /Даваажаргал/ нь ирээд хөлөөрөө өшиглөөд байсан. Өшиглүүлж байхдаа миний баруун талын нүдний зовхи задарсан гэх мэдүүлэг /хх 6-12/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Хаш-Эрдэнийн:...2018 оны 07 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Өрнөхбат ах манай гэрт ирж намайг орой Налайх дүүрэгрүү авч явна гэж хэлээд ах нь жаахан архи уучихлаа, усан сангийн энд айлд хүргээд өгөөч гэхэд нь би хүргэж өгөх санаатай Өрнөхбат ахын хамт явж байгаад Бямбажаргал ахтай таарсан. Ингээд мэндлээд юм яриад зогсож байтал Өрнөхбат ахын хажуу талаас намхан шар залуу /Дашпэлжээ/ нь шууд ирээд нүүр хэсэгрүү цохьсон. Тэгсэн Өрнөхбат ах газарт унасан. Тэгээд би айгаад зугтаагаад явсан. Ингээд хэсэг хугацааны дараа эргэж ирэхэд нэг ах өөрийгөө цагдаа гээд анх Өрнөхбат ахыг цохьсон намхан шар залууг барьчихсан байсан гэх мэдүүлэг. /хх 16-17/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Бямбажаргалын:...2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр оройн 18 цагийн үед ажлаасаа тараад Чингэлтэй дүүрэг 15-р хороо 84-н буудлын орчимд байх Даваасүрэнгийн гэрийн хашаанд 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи дөрвүүлээ хувааж ууцгаасан. Ингээд оройн 22 цагийн орчим Дашпэлжээ, Пүрэвдорж нарыг гэрт нь хүргэж өгөх санаатай таксинд суулгах гээд зогсож байтал Өрнөхбаттай таарч би мэндлээд гар бариад зогсож байтал “намайг авч явлаа” гээд Дашпэлжээ, Өрнөхбат нар хоорондоо маргалдаж, бие биенээ заамдаад авсан. Дашпэлжээ Өрнөхбатын нүүр хэсэгрүү нь гараараа 3-4 удаа цохьсон. Тэгсэн чинь Өрнөхбат зугтааж гүйгээд “Олон” нэртэй дэлгүүрийн үүдэнд Даваасүрэнтэй хоорондоо маргалдаж цохиход нь би дундуур нь орж салгасан гэх мэдүүлэг. \хх 22-23\,
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 8910 тоот актын:
1. Э.Өрнөхбатын биед нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, дээд уруул, баруун зовхи, хүзүү, бүсэлхий, баруун өвдөгт шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, дээд уруул, баруун зовхины шарх, цус хуралт гэмтлүүд нь тус, тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт /хх-28/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс улсын яллагч: Хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас гомдол, 6-12 дугаар хуудас хохирогч Э.Өрнөхбатын мэдүүлэг, 16-17 дугаар хуудас гэрч Д.Хаш-Эрдэнийн мэдүүлэг, 22, 23 дугаар хуудас гэрч Ж.Бямбажаргалын мэдүүлэг, 28 дугаар хуудас шинжээч эмчийн дүгнэлт, 38-39 дүгээр хуудас шүүгдэгч Л.Дашпэлжээгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 42-43 дугаар хуудас Х.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргийг,
Шүүгдэгч Л.Дашпэлжээгийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ: Хавтаст хэргийн 12 дугаар хуудас хохирогч Э.Өрнөхбатын мэдүүлэг, 38-39 дүгээр хуудас шүүгдэгч Л.Дашпэлжээгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 47 дугаар хуудас ял шалгах хуудас, шинээр гаргасан 2 хуудас баримт зэргийг,
Шүүгдэгч Х.Дгийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан: Хавтаст хэргийн 12 дугаар хуудас хохирогч Э.Өрнөхбатын мэдүүлэг, 21 дүгээр хуудас гэрчийн мэдүүлэг, 42-43 дугаар хуудас Х.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 47 дугаар хуудас ял шалгах хуудас зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Л.Дашпэлжээ, Х.Д нар бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон” дэлгүүрийн гадна Э.Өрнөхбатыг зодож түүний биед нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, дээд уруул, баруун зовхи, хүзүү, бүсэлхий, баруун өвдөгт шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Өрнөхбатын:...2018 оны 07 сарын 18-ны өдөр барилга дээр ажиллах туслах ажилтан хайгаад Хайлаастаар явж байгаад оройн 18 цагийн үед Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Жаргалантын 5 дугаар гудамжинд явж байгаад багийн найз болох Ууганбаатар, Хатанаа, Болдоо нартай таарч уулзаагүй 10-аад жил болсон байсан ингээд дэлгүүрээс 0.75 литрийн Соёрхол нэртэй авч хувааж уугаад оройн 20 цагийн үед салцгаасан. Ингээд уруудаж явж байгаад дүү Хаш-Эрдэнэтэй таарч улмаар бид хоёр Чингэлтэй дүүрэг 15-р хороо Усан санруу явж байгаад танил ах Бямбажаргалтай таарсан, бид хоёр гар бариад зогсож мэндлээд юм ярьж байтал хажуу талаас намхан шар залуу /Дашпэлжээ/ нь шууд ирээд миний нүүр хэсэгрүү цохиж би газарт унасан. Тэгсэн хажуунаас нэг хүн нь боль гээд байсан. Тэгээд би зугтаагаад гүйж байхдаа бүдэрч унахад араас туранхай өндөр, хар өтгөн хөмсөгтэй /Даваасүрэн/ нь ирээд хөлөөрөө өшиглөөд байсан. Өшиглүүлж байхдаа миний баруун талын нүдний зовхи задарсан гэх мэдүүлэг /хх 6-12/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Хаш-Эрдэнэ:...ингээд мэндлээд юм яриад зогсож байтал Өрнөхбат ахын хажуу талаас намхан шар залуу /Дашпэлжээ/ нь шууд ирээд нүүр хэсэгрүү цохьсон. Тэгсэн Өрнөхбат ах газарт унасан. Тэгээд би айгаад зугтаагаад явьсан. Ингээд хэсэг хугацааны дараа эргэж ирэхэд нэг ах өөрийгөө цагдаа гээд анх Өрнөхбат ахыг цохьсон намхан шар залууг барьчихсан байсан гэх мэдүүлэг. /хх 16-17/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Бямбажаргалын:...2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр оройн 18 цагийн үед ажлаасаа тараад Чингэлтэй дүүрэг 15-р хороо 84-н буудлын орчимд байх Даваасүрэнгийн гэрийн хашаанд 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи 4-үүлээ хувааж ууцгаасан....гар бариад зогсож байтал “намайг авч явлаа” гээд Дашпэлжээ, Өрнөхбат нар хоорондоо маргалдаж, бие биенээ заамдаад авсан. Дашпэлжээ Өрнөхбатын нүүр хэсэгрүү нь гараараа 3-4 удаа цохьсон. Тэгсэн чинь Өрнөхбат зугтааж гүйгээд “Олон” нэртэй дэлгүүрийн үүдэнд Даваасүрэнтэй хоорондоо маргалдаж цохиход нь би дундуур нь орж салгасан гэх мэдүүлэг. \хх 22-23/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 8910 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Дашпэлжээ, Х.Д нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр тус бүр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дашпэлжээ, Боржигон овогт Хүрэлбаатарын Даваасүрэн нарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Л.Дашпэлжээ, Х.Д нарыг тус бүл 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Дашпэлжээ, Х.Д нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Дашпэлжээ, Х.Д нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Л.Дашпэлжээ, Х.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Э.Өрнөхбат нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Дашпэлжээ, Х.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.