Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2026/00652

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х*** аймгийн М*** сумын *** дугаар баг, *** дугаар гудамжны ** тоотод оршин суух, Д*** Ч***-ны Б***-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х*** аймгийн М*** сумын ** дүгээр баг, ***-р гудамжны *** тоотод оршин суух, Боржигон Б***-н С***-д холбогдох

13,900,000 (арван гурван сая есөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Б***-т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр

Хариуцагч Б.С***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б***-т нь хариуцагч Б.С***-д холбогдуулан 13,900,000 (арван гурван сая есөн зуун мянга) төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны шатанд зохигч талаараа тодруулав.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Б***-т нь гэр бүлийн найз болох Б.С***-д 2024 оны 9 дүгээр сард 30,000,000 төгрөг Голомт банк ХК-аас цалингийн зээл авч өгсөн. Мал, мах авч ашгийг нь 9,000,000 орчим төгрөг болгож 39,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд өгнө гэсэн. Сарын 1,500,000 төгрөг орчим хүүтэй мөнгө авсан. Миний хувьд бэлэн мөнгө байхгүй байсан учир банкнаас зээл авч өгөхөөс аргагүй байсан. 2025 оны 4 гээр сард хугацаа дууссан тэр үед зээлийн хүү, үндсэн зээлээс нэг ч төгрөг аваагүй. Би өөрөө банкны хүүг төлсөн. Зээлийн хүүд би 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 188,050 төгрөг 79 мөнгө, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 202,269 төгрөг 57 мөнгө, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 313,239 төгрөг 48 мөнгө, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 377,020 төгрөг 23 мөнгө, 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 366,289 төгрөг 70 мөнгө, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 321,021 төгрөг 79 мөнгө, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 381,542 төгрөг 78 мөнгө, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 351,616 төгрөг 58 мөнгө, 2025 оны 6 дугаар сарын 10 өдөр 350,675 төгрөг 29 мөнгө, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 326,359 төгрөг 21 мөнгө, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 250,637 төгрөг 61 мөнгө, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 195,355 төгрөг 60 мөнгө, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 106,584 төгрөг 60 мөнгө, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 91,245 төгрөг 20 мөнгө, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 72,828 төгрөг 35 мөнгө, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 58,419 төгрөг 80 мөнгө, 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 40,875 төгрөг 91 мөнгө, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 21,895 төгрөг 82 мөнгө нийт 4,016,238 төгрөгийн хүү төлсөн. Мөн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 150,000 төгрөгийн зээл, 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 400,000 төгрөгийн зээл, 2025 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 150,000 төгрөгийн зээл, 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 400,000 төгрөгийн зээл, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 100,000 төгрөг зээл нийт 1,200,000 төгрөгийн зээл авсан. Энэ хугацаанд 1,200,000 төгрөгийн зээлийн хүү 215,100 төгрөг болсон. Уг зээлийг Голомт банк ХК-аас цалингийн зээлээр авсан. Нийт төлсөн зээлийн хүү 4,216,238 төгрөгөөс 215,100 төгрөг хасаж 3,801,138 төгрөг болно. 3,801,138 төгрөг дээр 5,500,000 төгрөг нэмээд нийт 9,301,138 төгрөгийг хариуцагч Б.С***-с нэхэмжилж байгаа. Б.С***-эс 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 5,400,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг нийт 24,500,000 төгрөг шилжүүлж өгсөн. Энэ хүн надаас зээлж авсан 30,000,000 төгрөгийг ашигласан.

.....Би нэхэмжлэлийн шаардлага болох 13,900,000 төгрөгөөс 6,900,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч нь надад 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул уг мөнгөн дүнгийн хэмжээнд эвлэрч байна гэв.

Хариуцагч Б.***г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид хоёр хамтарч юм хийнэ гээд 30,000,000 төгрөг зээлсэн. Бид хоёр тохиролцож аваагүй. Бензин тосоо би хийгээд даагаад явж байсан. 606,000 төгрөг гэж зээлийн хүү гэж өгсөн. Би 30,000,000 төгрөгөөс 25,100,000 төгрөг өгсөн. Одоо 4,900,000 төгрөгийн өглөг л байгаа юм байна.

...Би нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 13,900,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч нь 6,900,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж бид эвлэрч байна гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд Голомт банкны зээлийн дансны хуулга, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны дансны хуулга, Ч***-ы Б***-н иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчийн дансны хөдөлгөөний нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлэх тухай хүсэлт, Ч.Б***-с П.Э***-д олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах тухай хүсэлт, голомт банкны зээлийн дансны хуулга, Голомт банкны дижитал зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Дижитал цалингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны зээлийн дансны хуулгууд, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлт зэрэг баримтуудыг, (хавтаст хэргийн 5-14, 26, 31, 34, 35-50, 55, 56-60-р дугаар тал)

Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг тус тус гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 24-25, 62-66 дугаар тал)

Зохигчид хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б***-т нь хариуцагч Б.С***-нд холбогдуулан 13,900,000 (арван гурван сая есөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд зохигчид эвлэрсэн байна.

Үүнд: Нэхэмжлэгч Ч.Б***-гт нь 13,900,000 (арван гурван сая есөн зуун мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 6,900,000 (зургаан сая есөн зуун мянга) төгрөгөөр багасгаж, 7,000,000 (долоон сяя) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нь тус мөнгийг нэхэмжлэгчид 2026 оны 5 дугаар сард 3,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сард 3,500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ч.Б***-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,450 (хоёр зуун хорин долоон мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С***-с 7,000,000 (долоон сая) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжийн 63,475 (жаран гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б***-д олгохоор тогтов.

Хариуцагч Б.С*** нь энэ шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ч.Б***-н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С***-нд холбогдох 13,900,000 (арван гурван мянга есөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Ч.Б***т нь нэхэмжлэлийн нийт шаардлагаас 6,900,000 (зургаан сая есөн зуун мянга) төгрөгийг хасаж, хариуцагчаас 7,000,000 (долоон сая) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь 2026 оны 5 дугаар сард 3,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сард 3,500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,450 (хоёр зуун хорин долоон мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С***-с 7,000,000 (долоон сая) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжийн 63,475 (жаран гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б***-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН