Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2026/00653

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д*** аймгийн З*** сумын ** дугаар баг, хилийн 1*** тоотод оршин суух, Барга овогт Д***-ны Б***

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 320/2026/00429/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*** 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б*** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Б*** миний бие 1971 онд Х***аймгийн Г*** суманд Д***-ы 2 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Х*** аймгийн Г*** сумын ЕБС-ийн 10 дугаар ангийг 1989 онд төгссөн. Х***л аймгийн Г*** сумын хүн эмнэлэгт 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай тушаалаар үйлчлэгчээр ажилд орж 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад хүүхэд асрах 2 жилийн цалинтай чөлөө авсан. Ингээд одоо тэтгэврийн насанд хүрч тэтгэвэрт орох болтол миний Х*** аймгийн Г*** сумын Хүн эмнэлэгт ажилд орсонтой холбоотой ажилд орсон тушаал аймгийн архивт байхгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичилт бүрэн бичигдээгүй, нөхөн бичихдээ ажилд орсон бичилтээ дутуу бичсэн зэргээс миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байгаагаас шүүхэд хандахаас өөр аргагүй боллоо.

Иймд Д.Б*** намайг Х*** аймгийн Г*** сумын Хүн эмнэлэгт 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл угаагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б***нь 1989 онд Х*** аймгийн Г*** сумын 10 жилийн сургууль төгссөн. 1990 оноос 1991 онд угаагч, цэвэрлэгч зэрэг ажил хийж байгаад 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүүхэд асрах чөлөө авсан. Мөн 1993 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүүхэд асрах амралтаа авсан. Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан хугацааны материал буюу ажилд орсон тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэр дутуу бичигдсэн байсан.

Иймд Д.Б***-н Х*** аймгийн Г***сумын Хүн эмнэлэгт 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд угаагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Д***-ны Б***-н иргэний үнэмлэхийн хуулбар, Х*** аймгийн Архивын хэлтсийн лавлагаа 2026 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 11/99 дугаартай албан бичиг, Х*** аймгийн Г*** сумын Засаг даргын Тамгын газраас түүвэрлэсэн 1991 оны 7 дугаар сараас 12 сарыг дуустал, 1992 оны 01 дүгээр сараас 5 дугаар сар, 9 дүгээр саруудад тус тус авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарт Х*** аймгийн Г*** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан баримт, Га***сумын Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дугаартай тус эмнэлгийн үйлчлэгч Д.Б*** нь хүүхэд асрах цалинтай чөлөө хүссэн тул Монгол Улсын тэтгэврийн хуулийн 89 дүгээр зүйлийн заасны дагуу 1992 оны 9 дүгээр сарын 01-ээс 1994 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн чөлөө олголоо гэх бичилттэй тушаалын хуулбарт Х*** аймгийн Архивын тасгийн хуулбарын үнэн тэмдэг дарж баталгаажуулсан баримт, Д***ны Б***-д 1989 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчээс Д.Г***-т олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-29, 44 дүгээр хуудас)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ч.А***, Д.Х*** нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 53-56 дугаар хуудас)

Шүүх Х*** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Б***-н иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Х*** аймгийн Архивын тасгаас Д.Б***-н цалин хөлсний баримт болон түүний нэрээр ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэр бий эсэх талаар баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 37-39, 40-43 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б*** нь Х*** аймгийн Г*** сумын Хүн эмнэлэгт 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд угаагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Б*** нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Д.Б*** нь Х*** аймгийн Г*** сумын Хүн эмнэлэгт 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд угаагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Барга овогт Д***-ы Б***-н иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

Д*** овогтой Б***-д 1989 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон №434483 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 28 дугаар хуудас)

Х*** аймгийн Г** сумын сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Б***-н 1990 оны 7-12 дугаар сар, 1991 оны 1-4 дүгээр сар, 7-12 дугаар сар, 1992 оны 1-5 дугаар сар, 9 дүгээр саруудад тус тус Г*** сумын Хүн эмнэлэгт ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарт Х*** аймгийн Г*** сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 4-26 дугаар хуудас)

Х*** аймгийн Г*** сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1990 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №46 дугаартай ...Д***овогтой Б*** 9-р сарын 8-ны өдрөөс эхлэн тус тус томилсугай. ... гэх бичилт бүхий Ажилчин ажилд авах тухай тушаалд Х*** аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар (хавтаст хэргийн 38 хуудас)

Х*** аймгийн Г*** сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №21 дугаартай Тус эмнэлгийн үйлчлэгч Д.Б*** нь хүүхдээ асрах цалинтай чөлөө хүссэн тул Монгол улсын тэтгэврийн тухай хуулийн 89-р зүйлийн в-д заасны дагуу 1992 оны 09-01-нээс 1994 оны 09-01-нийг хүртэл 2 жилийн чөлөө олгов. гэх бичилт бүхий тушаалд Х*** аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар (хавтаст хэргийн 27, 39 дүгээр хуудас)

Гэрч Ч.А***-н ...Д.Б*** нь Хө*** аймгийн Г*** сумын Хүн эмнэлэгт 1990 онд анх ажилд ороод 1992 он хүртэл угаагч, асрагчаар ажиллаж байгаад жирэмсний амралт авсан. Би тухайн үед 1985-2000 оны хүртэл Г** сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. ... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Х***-н ...Д.Б*** нь 1990 онд намайг Х**** аймгийн Г*** сумын Хүн эмнэлэгт их эмчээр очиж ажиллахад угаагч, асрагч, үйлчлэгчээр ажиллаж байгаад жирэмсний амралт авсан. Би тухайн үед 1985-2000 он хүртэл Г*** сумын Хүн эмнэлэгт их эмч, даргаар ажиллаж байсан. ... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг дүгнээд нэхэмжлэгч Д.Б***-н дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 53-56 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б*** нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Х*** аймгийн Г*** сумын Хүн эмнэлэгт 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд угаагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Барга овогт Д***-ы Б***-н Х*** аймгийн Г*** сумын Хүн эмнэлэгт 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд угаагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН