Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/25

 

 

 

 

 

 

 

 

2026         03              12                                                    2026/ДШМ/25

 

                      

                                                Ж.Лд холбогдох эрүүгийн

                                                               хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:  

 

Прокурор Б.Лувсанцэрэн

Яллагдагч Ж.Л, түүний өмгөөлөгч Э.Оюунтүлхүүр

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЗ/138 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Лувсанцэрэнгийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Ж.Лд холбогдох эрүүгийн 2534000000368  дугаар хэргийг 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1.Яллагдагч: ****

 

 2.Яллагдагч Ж.Л нь Төв аймгийн Эсумын Баянтуул 3 дугаар багийн нутагт “***” буюу улсын тусгай хамгаалалттай нутагт хамаарах “***” гэх газраас 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 3 тооны тарвага агнаж амьтны аймагт 3,690,000 төгрөгийн хохирол буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан хохирлын нөхөн төлбөрийг тооцохдоо тухайн амьтны экологи, эдийн засгийг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж амьтны аймагт нийтдээ 7,380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 3.Төв аймгийн прокурорын газраас яллагдагчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ЖЛд холбогдох эрүүгийн 2534000000368 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

Эрүүгийн 2534000000368 дугаартай хэргийг прокурорт очтол яллагдагч Ж.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн 2534000000368 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар “***” загварын буу хураагдан ирсэн, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

  5.Прокурор Б.Лувсанцэрэн гаргасан эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүх захирамждаа "...эрүүгийн 2534000000368 дугаартай хэрэгт Л.А, Б.М, Х.Мнар нь хэрэгт оролцоотой эсэхийг тодруулах...яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг хууль ёсны шаардлага хангаагүй... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ж.Лхагвын өөрийн эзэмшлийн гэх "***" загварын буу нь зөвшөөрөлтэй эсэхийг тодруулах зохих арга хэмжээ авах зүйтэй..." гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна." гэж заасны дагуу шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг" тусгайлан хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 2 дахь хэсэгт шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно.", мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт "Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана." гэж хуульчилсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана “1.1.яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, 1.2.хэргийг прокурорт буцаах, 1.3.хэргийг түдгэлзүүлэх, 1.4.хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх яллагдагч Ж.Лд холбогдох эрүүгийн 2534000000368 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 2025/Ш3/1191 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааны тов тогтоох тухай” шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэсэн.

Улмаар Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, 2025/ШЦТ/408 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.ЛЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрт гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2025/ДШМ/71 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Гэтэл Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Лд холбогдох эрүүгийн 2534000000368 дугаартай хэрэгт 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүгчийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж 138 дугаартай захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэг, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг зөрчсөн байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Лд холбогдох эрүүгийн 2534000000368 дугаартай хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж байж шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж тус хурлаас шүүгдэгч Ж.Лд холбогдох эрүүгийн 2534000000368 дугаартай хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана...” гэж заасны дагуу шүүгч хэргийг хянаад яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш дахин урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай заалт хуульд тусгагдаагүй байна.

3. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2025/ДШМ/71 дугаартай магадлалаар Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 2025/ШЦТ/408 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон.

Харин Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ны 2025/Ш3/1191 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааны тов тогтоох тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгоогүй буюу тус шүүгчийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна.

Тодруулбал, дээрх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж хүчин төгөлдөр байхад шүүхээс өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хэлэлцэж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/Ш3/138 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

6.Яллагдагчийн өмгөөлөгч Э.Оюунтүлхүүр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Прокурорын эсэргүүцэлтэй танилцлаа. Миний үйлчлүүлэгч Ж.Л хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 3 тооны тарвага агнасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, экологид учруулсан хохирол 7,380,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ процессын ноцтой зөрчил гаргасан, тухайлбал прокурорын саналын хүрээнээс гадуур албадлагын арга хэмжээг өөрийн санаачилгаар авсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Хэргийг прокурорт буцаах эрх хэмжээ нь анхан шатны шүүхэд байгаа гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг буцаахгүй гэсэн зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй санал нийлэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэг нь шүүгдэгчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг зохицуулдаг. Харин тухайн хэрэг анхан шатны журмаар шийдвэрлэгдэж, уг шийдвэр нь дээд шатны шүүхээс хүчингүй болсон тохиолдолд дээрх зохицуулалт шууд хамаарахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчоос урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах тухай хүсэлт гаргасан тохиолдолд уг зохицуулалт үйлчилнэ гэж ойлгож байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцаасан хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр мөрдөн шалгах ажиллагаанд буцаах талаар хуулийн зохицуулалт байхгүй. Харин гэм буруугийн шүүх хуралдаан зарлан 60 хоногийн дотор мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зохицуулалт байгаа. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс тухайн албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх, хамтран оролцсон эсэх, маршрутын тодорхой байдал зэрэг асуудлуудыг 60 хоногийн хугацаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн. Иймд шүүхийн практикт тогтсон байдлаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлан шийдвэрлэсэн бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн Улсын дээд шүүхийн тогтоолуудаар оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа хийх шаардлагатай тохиолдолд 60 хоногоор хязгаарлахгүйгээр урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хэргийг прокурорт буцаахыг хуулийн ноцтой зөрчилд тооцохгүй гэсэн тайлбар, хууль зүйн дүгнэлтүүд гарсан байдаг. Түүнчлэн, миний үйлчлүүлэгчийн хувьд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлаар прокурортой зөвшилцөн, тухайн хөрөнгөд авсан битүүмжлэлийн тогтоолыг хүчингүй болгуулах, улмаар хэргийг дахин хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд учруулсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан” гэв.

 

7.Яллагдагч Ж.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйл байхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ж.Лд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Б.Лувсанцэрэнгийн гаргасан эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

2.Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Ж.ЛТөв аймгийн Эсумын Баянтуул 3 дугаар багийн нутагт “***” буюу улсын тусгай хамгаалалттай нутагт хамаарах “***” гэх газраас 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 3 тооны тарвага агнасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

3. Гэтэл шүүгч өөрийн санаачилгаар яллагдагч Ж.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулан 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЗ/138 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаахдаа

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг хууль ёсны шаардлагыг хангаагүй,

-гэрч Л.А, Б.М, Х.Мнар хэрэгт оролцоотой эсэхийг тодруулах,

-гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан яллагдагч Ж.Лхагвын өөрийн эзэмшлийнх гэх “***” загварын буу нь зөвшөөрөлтэй эсэх талаар тодруулах

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ  хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын  үсэг зүруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэх агуулга бүхий үндэслэлийг зааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлээгүй байх ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзнэ.

  4.Өөрөөр хэлбэл хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан тусгай журмаар зохицуулагдах бөгөөд мөрдөгч, прокурор, шүүх энэхүү журмыг мөрдөх үүрэгтэй.

 

4.1.Дээрх тусгай журам нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, прокурорт гаргах, улмаар тусгай журамд заасны дагуу хэргийг шүүхэд шилжүүлсэн бол шүүх даруй, эсвэл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас  ялгагдах онцлогтой байдаг.

 

4.2.Түүнчлэн шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл дээр дурдсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл  байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэдэг.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд ердийн журмаар хянан шийдвэрлэх хэргийн нэгэн адил урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан явуулахгүй байхаар заасан байхад анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явуулж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

 

   5.Иймд дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасан заалтад хамаарч байх тул анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЗ/138 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаар эсэргүүцлийг хангаж  шийдвэрлэлээ.

   6.Яллагдагч Ж.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЗ/138 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар яллагдагч Ж.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

                       

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ТҮВШИНТӨГС

 

                           ШҮҮГЧИД                              Д.МӨНХБҮРЭН

                                                                          

                                                                                     А.ЦЭРЭНХАНД