Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
Хэргийн индекс | 118/2016/0023/З |
Дугаар | 06 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар П.Энхболдын нэхэмжлэлтэй тус аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон анхдугаар хуралдаанд холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Баярмагнай, анхдугаар хуралдаан даргалагч Н.Дамдинбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшин Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 7 дахь удаагийн сонгуулиар 764-р хэсгээс сонгогдон ялалт байгуулсан. Завхан аймгийн Нөмрөг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай 09 дүгээр тогтоолоор Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр анхдугаар хуралдаанд өргөн мэдүүлсэн. Гэтэл Завхан аймгийн Нөмрөг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас намайг сум хөгжүүлэх сангаас зээл авсан, түүнийгээ төлөөгүй гэдэг үндэслэл гаргаж, нийт гишүүдээс санал хурааж, миний бүрэн эрхийг зөвшөөрөөгүй. Нэр дэвшигчийн бүрэн эрхийг ямар хуулийн зүйл заалтыг үндэслэн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. Миний тухайд сонгуульд нэр дэвших хуулийн шаардлагыг бүрэн хангасан учраас сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэж, сонгууль хуулийн дагуу явагдсан. Олонхийн санал авсан намын хэдхэн нөхдийн үзэл бодлоор ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүйгээр миний төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөөгүй нь хууль бус үйлдэл. Иймээс Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хууль бус явагдсан гэж үзэж 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхийг даалгуулах шаардлагаг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага хууль зүйн үндэстэй шаардлага юм. Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоол гарсан. Уг тогтоол нь өөрөө хуулийн шаардлага хангаагүй. Мөн П.Энхболд гэдэг хүний эрхийг хууль бусаар зөвшөөрөхөөс татгалзсан байдаг. Тэгэхээр анхдугаар хуралдаанаас гарсан 01 дүгээр тогтоол нь өөрөө үндэслэлгүй юм. Яагаад гэвэл дээрх тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9.8-т заасныг үндэслээд Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Гэтэл энэ хуулийн заалт нь Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно гэсэн байдаг. Ийм учраас дээрх тогтоолоос харахад Төлөөлөгчдийнхөө бүрэн эрхийг зөвшөөрсөн байна гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрвээ Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх байсан бол Монгол Улсын Засаг захиргаан, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1 дүгээр зүйлийн а-д заасныг баримтлан дээрх асуудлыг шийдвэрлэх ёстой.
П.Энхболд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан шалгуурыг хангаж нэр дэвшээд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олонхийн саналыг авсан байдаг. Үүний үндсэн дээр сумын Сонгуулийн хорооноос П.Энхболд болон бусад төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр тогтоолын төсөл оруулж ирсэн. Уг тогтоолыг хэлэлцэх явцад П.Энхболд өртэй учраас төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөхгүй хэмээн санал гарсан байдаг. Ингээд олонхийн саналаар П.Энхболдын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан шийдвэр гаргасан. Гэтэл П.Энхболд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар ямар нэгэн өр төлбөртэй асуудал байгаагүй. Ийм учраас П.Энхболд сонгуульд нэр дэвшсэн байдаг.
Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зориудаар мөрдөн шалгах ажиллагаа хийсэн гэдэг байдал харагдаж байгаа. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх гэсэн заалт байдаг. Түүнээс биш ямар нэгэн зээлгүй байна гэсэн заалт Сонгуулийн тухай хуульд ерөөсөө байдаггүй. Тийм учраас П.Энхболд хуульд заасан шаардлагыг хангаж нэр дэвшээд, олонхийн санал аваад, ялалт байгуулсан байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө үндэслэлгүйгээр бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Өнөөдөр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн асуудал яригдаж байна. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн асуудал яригдлаа. Бид нар өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ярих ёстой. Сумын Сонгуулийн хороо нь П.Энхболдыг сонгуульд нэр дэвших боломжтой хэмээн үзэж нэр дэвшүүлсэн байдаг. Тэгэхээр П.Энхболд тухайн үед зээлтэй байж болно. Гэхдээ тэр нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад хугацаа хэтэрсэн зээл нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зүйл харагдахгүй байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тухай Н.Дамдинбаатар гуай ярилаа. Энэ асуудлыг тусдаа ярих байх хэмээн бодож байна. Ер нь анхдугаар хуралдааныг хүчингүй болгуулах үндэслэл байна гэж үзлээ. Учир нь шинэ Төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулахдаа, хуучин Төлөөлөгчдийн бүрэн эрхийг дуусгавар болгосон хуулийн зүйл заалтыг баримталсан байдаг. Ийм учраас шинээр байгуулагдсан Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс энэ Хурлаас гарсан тогтоол нь өөрөө хууль бус юм. Нэг нутгийн хүмүүс болохоор бие биенээ таньдаг хэмээн Н.Дамдинбаатар гуай ярьсан. Хэрвээ П.Энхболдыг их хэмжээний зээлтэй гэдгийг мэдэж байсан бол тухайн үед нь асуудлыг тавих боломж байсан байжээ. Гэтэл П.Энхболдыг нэр дэвших үед нь ийм асуудал гаргаагүй байдаг.
П.Энхболдын Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг Хурал өөрөө хаачихаад байгаа юм. П.Энхболд яагаад Хурлын Тэргүүлэгчдэд сонгогдож болдоггүй юм бэ? гэхээр энэ хүний төлөөлөгчийн бүрэн эрхийг хаагаад байгаа учраас сонгогдож чадахгүй байгаа. Одоо П.Энхболдын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлнэ гэхээр түүний тэргүүлэгчээр сонгох, сонгогдох гэх зэрэг эрхийг нь эдгээр хүмүүс нөхөн сэргээх боломж байхгүй шүү дээ. Ийм учраас Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг хүчингүй болгохоос өөр байдлаар П.Энхболдын эрх сэргээгдэхгүй юм. Мөн П.Энхболдын үг хэлэх, санал гаргах эрхийг нь давхар хааж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. гэв.
Хариуцагч Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Баярмагнай шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хүн тус бүрээр нэг бүрчлэн хэлэлцсэн. П.Энхболдыг сум хөгжүүлэх сангаас их хэмжээний хугацаа хэтэрсэн зээлтэй байсан учир зээлээ төл гэсэн шаардлагыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олонхийн суудал авсан намын бүлгээс тавьсан тул төлөөлөгчийн бүрэн эрхийг нь батлах боломжгүй байсан. Шүүхэд маргаан үүссэний дараагаар П.Энхболдын төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудлыг дараагийн ээлжит хуралдаанаар буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор батлаж, хариу мэдэгдье гэж бид өмнө нь шүүхэд тайлбар өгсөн. Түүний дагуу ээлжит хоёрдугаар хуралдааныг зарлаж, зарыг П.Энхболдод хүргэсэн боловч энэ хүн өөрөө ирээгүй. Нэхэмжлэгч нь сум хөгжүүлэх сангаас 25 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусах байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сар хүртэл мөнгөө төлж дуусаагүй байна лээ. Уг нь хугацаа хэтэрсэн зээлтэй хүнийг нэр дэвшүүлэхгүй гээд Сонгуулийн хуулинд заасан байдаг. Тэгэхээр П.Энхболд нь хугацаа хэтэрсэн их хэмжээний зээлтэй байж яагаад сонгуульд нэр дэвшээд гараад ирэв ээ? гэдэг асуудал яригдаад байгаа юм. Үүний буруу нь хаана байгааг би мэдэхгүй байна. Миний бодлоор тухайн засаг захиргаа нь хүмүүсийнхээ материалыг шүүхэд гаргаж өгдөг байх. Үүний дагуу шүүх тэдгээр хүмүүст хугацаа хэтэрсэн зээл байгаа эсэхийг шалгаж үздэг байх хэмээн бодож байгаа. Гэтэл П.Энхболд нь хугацаа хэтэрсэн зээлтэй байж сонгуульд нэр дэвшээд, ялалт байгуулсан учраас яагаад ингээд ороод ирэв ээ? гэдэг асуудал ярьсан. П.Энхболдын бүрэн эрхийг батлахдаа 4 хүн хүлээн зөвшөөрч, 11 хүн гараа өргөөгүй учраас олонхий саналаар асуудлыг шийдвэрлэсэн. Манай сум таван мандаттай, нэг мандатаас гурван хүн сонгогдож байгаа болохоор 15 хүн төлөөлөгчөөр сонгогдож байгаа юм. Тэгээд тойрог тус бүрээр нь бүрэн эрхийг батлаад явах уу? хүн тус бүрээр нь батлаад явах уу? гэхэд олонхийн саналаар хүн тус бүрээр нь батлахаар болсон. Ингээд Төлөөлөгчдийн бүрэн эрхийг батлаад явж байтал П.Энхболдын асуудал гарч ирээд санал хураахад олонхийн саналаар бүрэн эрхийг нь батлаагүй. Бид нар П.Энхболдыг зээлсэн мөнгөө төлчих хэрвээ тэгэх юм бол таны бүрэн эрхийг батална гэж хэлсэн. Уг нь П.Энхболд зээлсэн мөнгөө төлж барагдуулсан байдаг. Тэгсэн мөртлөө шүүхэд гомдлоо гаргасан. П.Энхболдыг өртэй байсан гэх шүүхийн шийдвэр байхгүй. П.Энхболдыг өртэй байсан гэдгийг манай намын бүлэг сумын санхүүгийн мэргэжилтнээс авсан. Тэгээд анхдугаар хуралдаан дээр намын бүлэг П.Энхболдын асуудлыг санаачилж тавьсан юм. Энэ бол манай намын бүлгээс гарсан шийдвэр. Гэхдээ бүлгээс албан ёсны тогтоол, шийдвэр гаргасан зүйл байхгүй. Хэрвээ сонгуулиас өмнө П.Энхболдын асуудлыг мэдсэн бол хаана хандах вэ? гэдэг асуудал яригдах байсан. Гэтэл нэгэнт сонгогдоод гараад ирсэн болохоор анхдугаар хуралдаан дээр энэ асуудлыг шийдвэрлэнэ хэмээн намын бүлэг дотроо ярилцсан юм. Үүнээс өмнө энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй, бид мэдээгүй байсан.Бид нар Хурлын бүрэн эрхийг баталгаажуулахаас өмнө Хурлын дотоод журмыг баталсан. Энэ дотоод журамд 5 ба түүнээс дээш суудал авсан нам эвсэл бүлэг байгуулна гэж заасан. Үүнээс доош суудал авсан нам бүлэг байгуулах боломжгүй гэж баталсан байдаг. Монгол Ардын нам Нөмрөг сумын хэмжээнд гурван суудал авсан. Хэрвээ бүлэг байгуулаагүй бол иргэдийн Хурлын Тэргүүлэгчдэд оролцох эрх байхгүй. Тиймээс П.Энхболдын тэргүүлэгчээр сонгогдох эрх зөрчигдөөгүй. П.Энхболд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суугаад саналаа хэлж болно. Гэхдээ шуудхан хэлэхэд олонхи болсон нам асуудлыг шийдвэрлээд явах боломжтой хэмээн бодож байна. МАН-аас 3, АН-аас 12 суудал авсан юм. Тиймээс П.Энхболдын ямар ч санал ер нь дэмжигдэх боломжгүй юм.
Хурал болохын өмнөх өдөр манай намын бүлэг хуралдаад намайг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргатай Хурлын бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаар уулзаж ярилцсан. Ингэхдээ анхдугаар хуралдаанаар хэлэлцэж батлах тогтоолуудын төслийг хуулийн дагуу бэлдсэн үү? гэхэд тогтоолуудын төсөл дээр санаа зовох хэрэггүй, би хуулийн дагуу тогтоолын төслөө боловсруулна гэж хэлсэн. Манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга 12 жил ажиллаж байгаа туршлагатай хүн учраас тогтоолын төслийн хуулийн зүйл заалтын талаар би юм хэлээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа хуулийн зүйл заалтын талаар би мэдэхгүй байна гэв.
Хариуцагч Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан даргалагч Н.Дамдинбаатар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар П.Энхболдыг зээлсэн мөнгөө төлчих хэрвээ төлчих юм бол бүрэн эрхийг нь баталгаажуулж өгнө хэмээн хэлсэн. Нэхэмжлэгч нь сум хөгжүүлэх сангаас 25 000 000 төгрөг авчихаад огт төлөхгүй байж байгаад маргаан гарахаад төлсөн байдаг. П.Энхболд нь хаанаа хуурамч бичиг баримт бүрдүүлээд өгчихсөн гэдгийг мэдэхгүй байгаа. Би өмнө нь сонгуульд нэр дэвшиж байхад зээлсэн мөнгөө тушаагаагүй байна гээд тушаалгаж байлаа. Бид нар анхдугаар хуралдаанаа хуралдуулж дэгээ баталж, Төлөөлөгчдийн бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлэхээр хэлэлцэж эхэлсэн. Гэтэл П.Энхболдын асуудал гарч ирсэн бөгөөд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр 15 төлөөлөгчөөс санал хураахад 4 хүн зөвшөөрч, 11 хүн гараа өргөөгүй. Тэдгээр хүмүүсээс яагаад гараа өргөхгүй байгаа юм бэ? П.Энхболдын бүрэн эрхийг батлая гэхэд батлах үндэслэлгүй гэж хэлсэн. Тэгэхээр П.Энхболдыг хууль зөрчиж Төлөөлөгчөөр сонгогдсон болохоор нь батлаагүй юм. Бид нар нэг орон нутгийн хүмүүсийн хувьд П.Энхболд мөнгөө төлчихвөл хоорондоо тохиролцоод бүрэн эрхийг нь батлах бүрэн боломжтой. Хэрвээ П.Энхболд ингэж тохиролцохгүй, шүүхээр заргалдана гэвэл бид нар ч гэсэн ямар хуурамч бичиг баримт, хаанаас бүрдүүлээд ороод ирснийг шалгуулах эрхтэй. Анхдугаар хуралдааныг би даргалсан. Гэхдээ анхдугаар хуралдаанаас гарах тогтоолын төслийг би боловсруулахгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба боловсруулна. Харин боловсруулаад оруулаад ирсэн тогтоолын төслийг би уншиж танилцуулсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9.8-д Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно гэж заажээ. Тийм учраас энэ хуулийн 9.8-т зааснаар бид төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн нь хуулийн үндэслэлтэй. П.Энхболдын бүрэн эрхийг батлахдаа 15 Төлөөлөгчдөөс санал хураахад 4 хүн хүлээн зөвшөөрсөн, 11 хүн гараа өргөөгүй. Би хуралдаан даргалагчийн хувьд П.Энхболдын бүрэн эрхийг яаж баталгаажуулах юм бэ? гэж асууж байсан. Тэр 11 хүн хүлээн зөвшөөрөөгүй байхад, 4 хүний саналаар П.Энхболдын бүрэн эрхийг баталгаажуулаад явах байсан юм уу? Олонхиор асуудлыг шийдвэрлэх журмаар явсан. Төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулахдаа хүн тус бүрээр нь хэлэлцэж баталсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Энхболд нь Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлаар гарсан 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон П.Энхболдын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байна.
Хэрэгт авагдсан Нөмрөг сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоол[1], нэр дэвшигчийн 13 дугаартай үнэмлэх[2], төлөөлөгчөөр сонгогдсон 07 дугаартай түр үнэмлэх[3] зэрэг нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч П.Энхболд нь Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд МАН-аас Дархан-Уул багийн 764 дүгээр хэсэгт нэр дэвшин өрсөлдөж, төлөөлөгчөөр сонгогджээ.
2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдсан Нөмрөг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас дээрх сонгуулийн хорооны 09 дүгээр тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий төлөөлөгчдийн П.Энхболдоос бусад 14 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч 07.01 дүгээр тогтоолыг гаргажээ.
Нэхэмжлэгч П.Энхболд нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан өр төлбөргүй байх шаардлагыг хангаагүй, сум хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл аваад түүнийгээ тогтоосон хугацаанд төлөөгүй, өр төлбөртэй байсан мөртлөө сонгуульд нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон байсан тул уг үндэслэлээр түүний төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж анхдугаар хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн хэмээн хариуцагч тал тайлбарлаж байна.
Харин нэхэмжлэгч тал нь ээлжит сонгуулийн үр дүнгээр сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд энэ талаарх сумын Сонгуулийн хорооны тогтоол хүчин төгөлдөр бөгөөд төлөөлөгчийн түр үнэмлэх олгосон байхад сонгуульд нэр дэвшигчийн тухайд тавигддаг шаардлагыг төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудалд хамааруулж үзсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд сумын Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх талаар шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь төлөөлөгчийн бүрэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, түүнчлэн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх талаар гарсан 01 дүгээр тогтоолд баримталбал зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй тул анхдугаар хуралдаан ч хууль бус болно хэмээн маргаж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар тус тус батална гэж заасан хэдий ч ээлжит сонгуулийн үр дүнд шинээр томилогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг анхдугаар хуралдаанаар хүлээн зөвшөөрөх асуудалд дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй юм.
Учир нь дээрх хуулиар ээлжит сонгуулийн дүнд шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдөх үндэслэл, шаардлагыг зохицуулаагүй тул нэгэнт ийнхүү сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг тухайн шатны Хурал заавал хүлээн зөвшөөрөхөөр байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно. гэж зааснаас үзэхэд мөн шинээр сонгогдсон төлөөлөгчдийн хувьд анхдугаар хуралдаанаас бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч, захиргааны акт гаргаснаар дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан бүрэн эрх буюу тодруулбал 12.1.1-д асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, 12.1.2-д хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах, 12.1.3-д заасан Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах зэрэг эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхээр байна.
Тиймээс шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн захиргааны акт батлагдаж гараагүй байхад нэг төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх эсэх асуудлаар бусад төлөөлөгчид хэлэлцэж, санал гаргах болон таслах эрхээ хэрэгжүүлсэн нь буруу юм.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдээс сонгогддог төлөөллийн байгууллага болохынхоо хувьд сонгуульд нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчийн эрхийг хууль бусаар хязгаарлах боломжгүй бөгөөд сонгогчдын сонгох эрхийг дээдлэх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх зарчимд нийцнэ.
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хуульчилсан ба 154.3.1-д банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх шаардлага тавигджээ.
П.Энхболдын тухайд төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өртэй байдал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон эсэхийг мэдэхгүй, энэ талаар бүрэн дүүрэн судлаагүй, энэ үндэслэлээр Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байх нөхцлийг Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоогоогүй байхад П.Энхболдыг Нөмрөг сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдох боломжгүй гэж үзэж байгаа хариуцагч нарын тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд гарах үр дагаварыг Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлээр зохицуулсан байх ба сонгуулийн дүнгээс П.Энхболдод холбогдох хэсгийг хүчингүй болгох, түүнд олгосон Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг дээрх хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д заасны дагуу хүчингүйд тооцох талаар тус сумын сонгуулийн хорооноос гаргасан шийдвэр байхгүй бөгөөд энэ талаар талууд маргаагүй болохыг тэмдэглэж байна.
Иймд ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон П.Энхболдын Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг, хуулиар тогтоогоогүй үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, П.Энхболдын тус Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх талаар зохих захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр. Маргаан бүхий 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай 07.01 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдсан анхдугаар хуралдаанаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасныг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нам эвслээс нэр дэвшиж, олонхийн санал авсан нэр бүхий 14 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, 07.01 дүгээр тогтоолыг[4] батлан гаргажээ.
Уг тогтоол нь нэхэмжлэгч П.Энхболдын хувьд Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, цаашид Хурлын тэргүүлэгчид нэрээ дэвшүүлэх, сонгох, сонгогдох зэрэг эрхийг хөндсөн хэмээн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.
Дээрх тогтоолоор нэр бүхий 14 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг шийдвэрлэсэн байгаа нь нэхэмжлэгч П.Энхболдод ямар нэгэн сөрөг үйлчлэл байхгүй байна.
Тодруулбал нэр бүхий төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр П.Энхболдын эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд уг тогтоолын улмаас Хурлын тэргүүлэгчээр сонгох, сонгогдох түүний эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Харин тэдгээр төлөөлөгчдийн хамт бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөх боломжтой байсан ба ийнхүү тэдний адилаар төлөөлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байсны улмаас нэхэмжлэгч П.Энхболдын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан санал, санаачилга гаргах, таслах эрх хөндөгдсөн байна гэдгийг дээр хэсэгт дүгнэсэн.
Мөн уг маргаан бүхий 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07.01 дүгээр тогтоолд хуулийн заалт буруу бичсэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар шийдвэр гаргах асуудалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн а-д заасан заалт хамааралтай хэдий ч уг маргаан бүхий 07.01 дүгээр тогтоолд дээрх заалтыг үндэслээгүй, хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь заалтыг үндэслэснийг буруутгах боломжгүй юм.
Учир нь хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь заалт нь шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудалд мөн хамааралтай байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07.01 дүгээр тогтоолыг хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа[5] маргаан бүхий дээрх тогтоолын дугаарыг 01 гэж дурдсан, мөн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн анхдугаар хуралдааны тэмдэглэлд[6] хуралдаанаас 01, 02, 03, 04 дүгээр тогтоолууд гарснаар тэмдэглэгдсэн хэдий ч нэхэмжлэгчийн маргаж буй Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай уг тогтоолын дугаар нь 01 бус 07.01 байна.
Анхдугаар хуралдааны тэмдэглэлд тогтоолын дугаарыг ийнхүү 01 гэж бичиж тэмдэглэсэн байгаа хэдий ч хариуцагч Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ёсчлон гаргаж албан ёсны болгосон тогтоолд дугаарыг 07.01 гэж өөрөөр бичсэн байна.
Гэхдээ маргаж буй захиргааны актын дугаарыг нэхэмжлэгч буруу бичсэн нөхцлөөр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд талуудын тайлбар, хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг үндэслэхэд нэхэмжлэгчийн маргаж буй тогтоолын агуулга нь дээрх 07.01 гэж дугаарласан тогтоолын агуулгатай тохирч байгаа тул маргаан бүхий тогтоолын дугаарыг анхдугаар хуралдаан даргалагчийн гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулан албан ёсны болгосон тогтоолыг үндэслэн 07.01 гэж шүүх дүгнэсэн болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын шаардлага гарган маргаж буй 01 гэх дугаартай тогтоол нь Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай 07.01 дугаартай тогтоол мөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүлийн 18.1.1 дэх хэсгийн а, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, П.Энхболдын Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, холбогдох захиргааны акт гаргахыг Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Энхболдод олгосугай.
3. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ТУНГАЛАГ
[1] Хавтаст хэргийн 29-30-р хуудсанд
[2] Хавтаст хэргийн 46-р хуудсанд
[3] Хавтаст хэргийн 47-р хуудсанд
[4] Хавтаст хэргийн 31-р хуудсанд
[5] Хавтаст хэргийн 1-р хуудсанд
[6] Хавтаст хэргийн 35-р хуудсанд