Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0488

 

А.Д-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 113/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, А.Д-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.Д-г Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7117651 (долоон сая нэг зуун арван долоон мянга зургаан зуун тавин нэгэн) төгрөг олгохдоо түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.С давж заалдах гомдолдоо: “...Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Маргаан бүхий захиргааны акт нь А.Д-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д ...заасан заалттай нийцэхгүй, хууль бус шийдвэр байх тул захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна” гэжээ. /шийдвэрийн 12-р талд/

1. Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит арванхоёр дугаар хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагаас эхэлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлах эсэхэд 10 төлөөлөгч батлахыг дэмжиж, 11 төлөөлөгч батлахаас татгалзсанаар хуралдаан цааш үргэлжлэх боломжгүй болсноор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э “2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийг хэлэлцэх байсан боловч хэлэлцэх асуудал батлагдаагүй, мөн Ардчилсан намаас ашиг хонжоо хайсан асуудал байсан учир өнөөдрийн төсвийн асуудал хэлэлцэгдэхгүй хойшлогдож байна. Хэлэлцэх асуудал батлагдаагүй тул хуралдааныг хааж байна” гэж бодит нөхцөл байдалд үнэлгээ хийж хуралдааныг хаасан. /2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагаас эхэлсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тэмдэглэлд/

Дээрх нөхцөл байдалд нэхэмжлэгч А.Д өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хуулиар хүлээсэн нийтлэг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж мэдээ мэдээллээр хангах, ажлаа үр нөлөөтэй тасралтгүй явуулах нөхцөл боломжийг бүрдүүлж” ажиллахын оронд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагаас Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааныг 11 төлөөлөгч хууль бусаар үргэлжлүүлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид зэргийг огцруулж, Хурлын дарга, Хурлын тэргүүлэгчдийг шинээр сонгон баталж цааш хуралдааныг үргэлжлүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэж ажиллажээ..

Нэхэмжлэгч А.Д Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “захирах, захирагдах ёс”, 13 дугаар зүйлийн 13.1.3-т “харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийн биелүүлэх” зэрэг хуулиар хүлээлгэсэн үүрэг болон өөрийн удирдах дээд албан тушаалтан, хурлын дарга Ц.Э-ын үүрэг даалгаврыг үл биелүүлж хууль бус хуралдаанд оролцож ажилласан нь гэрч н.Э, н.Б, н.Б, н.Д нарын мэдүүлгээр нотлогдоно.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааныг хаасан тохиолдолд дараагийн хуралдааныг “хуралдааны дэг”-ийн дагуу хуралдуулах эрх үүрэг нэхэмжлэгч А.Д-ийн ажлын байрны тодорхойлолтын 3.1, 4.1-д, Үр дүнгийн гэрээний 1.1.1.1, 1.1.2.2, 3.1.1.1-д тус тус заагдсан байхад нэхэмжлэгч А.Д нь дээрх үүргийг үл хэрэгжүүлэн шууд удирдах дээд албан тушаалтнаа хууль бусаар огцруулахаас хуралдааныг эхлэн хууль бус үйл явцтай холбогдон гарах тогтоол шийдвэрүүдийн эхийг бэлтгэн дэмжин туслах хэлбэрээр ажилласан нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан “...төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолд үнэлгээ хийж дүгнэлт гаргасан хэдий ч нэхэмжлэгч А.Д-г ажлаас халсан Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасанд эрх зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсныг санамсаргүй зүйл гэж үзэхгүй байна.

Мөн анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдааныг хууль бусад тооцуулах, гарсан шийдвэрүүдийг нь хүчингүй болгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэлэлцэгдээгүй тул А.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах дээрх асуудлаар тухайлан дүгнэлт хийх үндэслэлгүй болно” /шийдвэрийн 6 дугаар талд/ гэсэн нь ойлгомжгүй юм. Учир нь хариуцагч талаас 2017 оны 12 дугаар сарын 18 ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас гарсан шийдвэрүүд болон бусад бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, хариуцагч өөрийн татгалзлыг нотлох зорилгоор нотлох баримт болгон тавьснаас шүүхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 12 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг нь хүчингүй болгуулах, хуралдааныг хууль бусад тооцуулах нэхэмжлэлийг талууд гаргаагүй болно.

Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагт болсон хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хүчингүй болгон шийдвэрлэсэн тогтоол өнөөдрийг болтол хүчинтэй байгаа ба энэ нь нэхэмжлэгч А.Д-г хууль бус хуралдаанд оролцсоныг нотолсон нотолгоо болно.

2. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: “...Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сөрөг нөлөөлөл үзүүлж буй захиргааны акт гаргахдаа зайлшгүй сонсох ажиллагаа явуулах шаардлагатай ...байна /шийдвэрийн 10 дугаар талд/ гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй” гэснийг үндэслэн хариуцагч талаас нэхэмжпэгчийг ажлаас халахдаа сонсох ажиллагаа явуулаагүй болно. Үндэслэл нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол нийтийн ашиг сонирхлын хүрээнд буй болсон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага.

Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тухайн аймаг нийслэл, сум, дүүрэг, баг хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцоно” гэж хуульчилснаас үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль ёсны хэвийн үйл ажиллагаа нь орон нутгийн нийгэм эдийн засгийн тогтвортой байдлын эх тулгуур болохоос гадна мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хууль бус хуралдаан, хууль бус томилгоо зэрэг нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхүйц үйл явц бөгөөд тус үйл ажиллагааг төрийн жинхэнэ албан хаагч чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэн холбогдох шийдвэрүүдийг гаргасан нь хавтаст авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, CD бичлэг, бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдоно

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь сөрөг нөлөөлөл үзүүлж буй захиргааны акт гаргахдаа зайлшгүй сонсох ажиллагаа явуулах шаардлагатай .. /шийдвэрийн 10 дугаар талд/ гэж шүүх Үндэслэх хэсэгтээ дурдсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл дээрх дүгнэлтэд дурдсан агуулга бүхий заалт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заагдаагүй.

3. Захиргааны хэргийн анхан шатны шүүх шүүх хуралдааны дараа гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа: “2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд хүчин төгөлдөр бус байна үүнтэй холбоотой дүгнэлтийг шүүх бичгээр хийнэ /2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны бичлэг/ гэсэн авч шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт энэ талаар бичгийн дүгнэлт хийгээгүйн дээр хариуцагчийн татгалзалд үндэслэлгүй дүгнэлт хийсэн болно.

Иймд нэхэмжлэгч А.Д нь Шивээговь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагт эхэлсэн хуралдааныг хууль бусаар зохион байгуулахад чиглүүлэх үүрэгтэй оролцож, төрийн захиргааны албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ үл хэрэгжүүлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг хууль бусаар хөтлөн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж, түүнд оролцож, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхүйц ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын хүрээнд хянавал анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг буруу баримталсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

Нэхэмжлэгч А.Д “... тогтоолд дурдсан зөрчлийг баримтаар шалгаж тогтоогоогүй, шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан бусдын эрхийг хамгаалахад чиглэсэн зайлшгүй хийх ёстой журмыг баримтлаагүй, Тэргүүлэгчид нь өөрөө хууль бус Хурлын даргад нарийн бичгийн даргыг чөлөөлөх асуудлаар Тэргүүлэгчдийн Хуралд санал оруулах эрх байхгүй ...” гэх үндэслэлээр “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргаан бүхий 80 дугаар тогтоолоор “Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Д нь холбогдох хууль болон хуралдааны дэгийг ноцтойгоор зөрчин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус хуралдааныг зохион байгуулахад оролцсон” гэх үндэслэлээр төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон бодит нөхцөл байдлыг тогтоосон байх, шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, бичгээр гаргах захиргааны актад түүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдлыг хандан гаргах этгээд хугацааг заахаар зохицуулсан шийдвэр гаргах үйл ажиллагааны журамд нийцээгүй талаар зөв дүгнэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоос үзвэл нэхэмжлэгч тус Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолоор А.Д-г ажлаас халахаас өмнө түүний оролцсон 12 дугаар сарын 18-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааныг хууль бус болохыг тогтоосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад “хууль бус хуралдааныг зохион байгуулахад оролцсон” гэж дүгнэж, түүнийгээ ажлаас халах үндэслэл болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан “Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019-2020 онд дагаж мөрдөх хуралдааны дэг”-ээс хурлын хэлэлцэх асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар тогтоож, 7 хоногийн өмнө товлох, хурлын дарга хэлэлцэх асуудлыг хурлын хороо, намын бүлгүүдэд шилжүүлэх, санал дүгнэлт авах, Хуралд хэлэлцэх асуудал оруулах эрх бүхий этгээд нь асуудлыг Хурлын дарга, төлөөлөгч, Тэргүүлэгч болон хуралд асуудал оруулах эрхтэй бусад этгээдийн эрх үүрэгт хамаарахаар байх тул анхан шатны шүүх эдгээр үүргийг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан гүйцэтгэх чиг үүрэгт шууд чиглээгүй байна гэж дүгнэсэн нь зөв.

Түүнчлэн шүүх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, сахилгын шийтгэлийн төрлийг тодорхойлсноос бус шийдвэр гаргах ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулаагүй тул Захиргааны ерөнхий хууль энэ харилцаанд үйлчилнэ” гэж дүгнэснийг, улмаар хариуцагч сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох А.Д-г оролцуулаагүй, маргаан бүхий актад гомдол гаргах журмыг заагаагүй, захиргааны актын хувийн хэрэгт сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн талаарх баримт байхгүй, шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтны оролцоо, гүйцэтгэлийг хяналтын дагалдах хуудаст тэмдэглээгүйтэй холбогдуулан эдгээр нь маргаан бүхий акт хууль бус байх үндэслэлд хамаарч байна гэх агуулга бүхий дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй.

Мөн хэрэгт авагдсан Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулж түүнийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн атлаа маргаан бүхий актаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах талаар зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас тайлбарласан “А.Д-ийн гаргасан гэх зөрчлийг хариуцагч маргаан бүхий актын үндэслэл болгоогүй,  маргаан бүхий акт гарснаас хойш илэрсэн гэж тайлбарласан байх боловч маргаж буй захиргааны актын үндэслэлд хамааралгүй асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй, түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ зөрчсөн гэж үзвэл Ёс зүйн дүгнэлт гаргуулах замаар хариуцлага хүлээлгэх горим журмыг хариуцагч нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэхдээ баримтлаагүй, дүгнэлт гаргуулаагүй гэж хариуцагч тайлбарласан байх тул энэ талаар шүүхийн дүгнэлт зөв байна.

Ийнхүү анхан шатны шүүх “... хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан “хууль бус болсон” гэдэг нь өмнө нь тогтоогдоогүй байхад “хууль бус хуралдаанд оролцсон” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, ... захиргааны шийдвэр гаргах ажиллагаа бүхэлдээ Захиргааны ерөнхий хуульд нийцсэн байх шаардлагатай байтал тус хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулах, захиргааны актад гомдол гаргах журам хугацааг заах шаардлагыг хангаагүй, сонсох ажиллагааг хийсэн талаар баримтгүй, хяналтын дагалдах хуудсыг зохих журмаар хөтлөөгүйн улмаас маргаан бүхий акт хууль бус, ... хариуцагч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, төрийн албанаас халах” хуулийн зохицуулалтыг ялгамжтай хэрэглээгүй ...төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж үзвэл Ёс зүйн хороогоор дүгнэлт гаргуулах замаар хариуцлага хүлээлгэх эсэх талаар шийдвэрлэх горимтой, үүнийг хэрэгжүүлээгүй ...” гэх зэрэг дүгнэлтийг хийж, маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон нь, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь тус тус үндэслэлтэй зөв байна.

 Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цалин хөлстэй холбоотой бичгийн нотлох баримтуудад тулгуурлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож, олгуулахаар, мөн холбогдох шимтгэл, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 25.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 25.1.3-т “Монгол Улсын харьяатаас гарсан” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах журмыг, харин мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмыг тогтоож хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, “Монгол Улсын харьяатаас гарсан” тохиолдолд төрийн албанаас халахаар байх бөгөөд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолын тэргүү нь “Ажлаас чөлөөлөх тухай” гэсэн атлаа үндэслэх хэсэгт “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулсугай” гэж ажлаас чөлөөлөх, ажлаас халах хуулийн өөр өөр зохицуулалтыг нэг дор хэрэглэсэн нь буруу байна.

Шүүх хариуцагчийн гаргасан маргаан бүхий актаар нэхэмжлэгч А.Д-д төрийн албанд нэг жилийн хугацаанд орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулиар тогтоосон журамд нийцээгүй, үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт холбогдох хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй нь буруу байх тул зөвтгөж, хариуцагчийн шийдвэр төрийн албан хаагчийн нэмэлт баталгааг алдагдуулсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана:”, 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасныг нэмж оруулах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 113/ШШ2018/0010 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6...” гэсний дараа “...25 дугаар зүйлийн 25.1, 26.1.3...” гэж нэмсэн өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Э.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.     

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ