Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 321

 

 А.Н холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоол, Дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар магадлалтай, А.Н холбогдох 16799 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1938 оны байдлаар: А овогтой Н, 43 настай, Дорноговь аймгийн Дэлгэр сум, лам гавж, бод 30, гэр 1, түвд ном мэднэ, авралч, гүрэмч, хурал номоор амьдрах, тушаалгүй, ял шийтгэлгүй, баригдахын өмнө Гандан Сүнгийн аймагт сууж байсан.

А.Н нь 23 /1933/ онд хувьсгалын эсэргүү лам нарын байгууллагад элсэж, цуурхал тараасан гэх улс төрийн хэрэгт холбогджээ.

Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор А.Н Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ял шийтгэсэн.

Дээд Шүүхийн Эрүүгийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар магадлалаар дээрх 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, холбогдох хүмүүсийг цагаатгаж шийдвэрлэхдээ А.Н нэр дурдагдалгүй орхигдож, ял шийтгэлийг нь цагаатгаагүй байна.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...А.Н хувьсгалын эсэргүү лам нарын байгууллагад элсэж, цуурхал тараасан гэх улс төрийн хэрэгт холбогдуулан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн, түүнийг хэрэгт хамт шийтгэгдсэн хүмүүстэй нь хамт цагаатгаагүй болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид ба Ардын сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайд, мөн сайдын 1 дүгээр орлогч нарын хамтарсан хурлаас томилогдсон Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор лам нарын “Төв” хэмээх хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдсон 143 хүнд /Ж.Гүржав нарын 67 хүнд 10 жил хорьж, хөрөнгийг нь хураах, С.Шагдар нарын 76 хүнийг буудан алж, хөрөнгийг нь хураах/ ял оногдуулсныг УАБХЕГ-ын Мөрдөн байцаах албанаас 1993 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасан “Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг хянаад гаргасан нэгдсэн тодорхойлолт”-д: Шийтгэх тогтоолд Хэнтий аймгийн Батноров сум, Сономжавын Содномын дараа нэр нь бичигдсэн Аийн Н нэрийг орхигдуулсан,

Ж.Гүржав ... нарын 143 хүнийг Ёнзонхамба Ц.Лувсанхаймчиг, дэд хамба Б.Дамдин нарын удирдсан лам нарын Төв хэмээх хувьсгалын эсэргүү бүлгийн гишүүд гэж үзэж Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр шийтгэсэн хэргийг хянуулж, цагаатгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 1993 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Дээд Шүүхийн Цэргийн коллегид бичсэн 2/252 тоот эсэргүүцэлд Аюушийн Намхайн нэрийг орхигдуулсан.

Дээрх нэр бүхий 143 хүний хэргийг удирдаж байсан гэх Ёнзонхамба Ц.Лувсанхаймчиг нарын хэргийг БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож, ял шийтгэлийг цагаатгасан тогтоол хүчин төгөлдөр байна.

Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолоор С.Содном, Д.Санж нарын 143 хүнд ял шийтгэл оногдуулсныг шалгаад, цагаатгасан Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар магадлалд зөвхөн А Н цагаатгалгүй орхигдуулсан.

Өөрөөр хэлбэл тухайн үед хэргийг шалгасан мөрдөн байцаагчийн хариуцлагагүй байдлаас шалгасан хэргийн нэгдсэн тодорхойлолтод 9361 дугаарт Хэнтий аймгийн Батноров сум, Сономжавын Содномын дараа, 9363 дугаарт Төв аймгийн Мөнгөн морьт сум. Санжийн Даваацэрэнгийн өмнө, 9362 дугаарт нэр нь бичигдсэн Аийн Н нэрийг орхигдуулснаас болж, Улсын прокурорын эсэргүүцэл ба Дээд шүүхийн 97 дугаар магадлалд нэр нь дурдагдалгүй орхигдож, ял шийтгэлийг нь цагаатгаагүй байна.

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид ба Ардын сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайд, мөн сайдын 1 дүгээр орлогч нарын хамтарсан хурлаас томилогдсон Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор А.Н хувьсгалын эсэргүү лам нарын байгууллагад элсэж, цуурхал тараасан гэх улс төрийн хилс хэрэгт холбогдуулан гэмт хэрэг үйлдсэн гэх ямар ч баримтгүйгээр хорих ял шийтгэсэн, хамт шийтгэгдсэн хүмүүс нь Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар магадлалаар цагаатгагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн.../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Иймд магадлалд өөрчлөлт оруулахгүйгээр А.Намхайг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

А.Н хувьсгалын эсэргүү лам нарын байгууллагын идэвхтэй гишүүн бөгөөд 23 /1933/ онд мөнхүү байгууллагын нэгэн этгээд цорж Дамдинсүрэнд элсэж ажилласан, өөрийн эсэргүү байгууллагыг өргөжүүлэхийн тулд Гандан Сүнгийн аймгийн эмч Дэндэв нарын 5 хүнийг шинээр элсүүлж, цааш ажиллуулсан, эсэргүү бослого гаргах зорилгоор ард олны дотор хорт цуурхлыг идэвхтэйгээр тараасан, эсэргүү ажилд хөрөнгө болгон 200 төгрөгийг өөрийн хувиас оруулж, цорж Дамдинсүрэнд шилжүүлэн өгч хуралдуулсан гэж дүгнэн 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар 10 жил хорих ял шийтгэсэн байна.

БНМАУ-ын Дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар магадлалаар дээрх 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, холбогдох хүмүүсийг цагаатгаж шийдвэрлэхдээ А.Н нэр дурдагдалгүй орхигджээ.

Учир нь энэ хэргийг шалгасан мөрдөн байцаагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан хэргийн нэгдсэн тодорхойлолтын 9362 дугаарт нэр нь бичигдсэн А Н нэрийг орхигдуулснаас болж, Улсын Ерөнхий прокурорын 1993 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2/252 дугаар эсэргүүцэл болон эдгээр хүмүүсийг цагаатган шийдвэрлэсэн Дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 97 дугаар магадлалд нэр нь дурдагдалгүй орхигдож, түүнийг цагаатгаагүй байна.

Иймд Аийн Н цагаатгуулах тухай бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын Аийн Н холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, түүнийг хэлмэгдсэнд тооцож, цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын Аийн Н холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, түүнийг хэлмэгдсэнд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Аийн Н цагаатгасугай.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН