Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01176

 

...-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2022/01016 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...-ы нэхэмжлэлтэй, хариуцагч .....- холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр ...-, ...- нараас 58,860,841 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-д олгож, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгатын гудамж, 35 дугаар байрны 72 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2202001431 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Энэ хөрөнгийн талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж хөрөнгийг битүүмжилж, хурааж, үнэлгээ тогтоосон. ...-д эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн ч итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй. Эмнэлгээс гарсан даруйдаа эд хөрөнгийн үнэлгээг танилцаж, 7 хоног дотор шүүхэд гомдол гаргасан. “Дамно” ХХК нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгатын гудамж, 35 дугаар байрны 72 тоотод байрлах, ...-ы өмчлөлийн 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 228,960,000 төгрөгөөр зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн. Өөрөөр хэлбэл, уг орон сууц 300,00,000-350,000,000 төгрөгийн ханштай байгаа. Төлбөр төлөгч төлбөрөөс 27,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 22,000,000  орчим төгрөг байгаа. Иймд “Дамно” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр ...-, ...- нараас 58,860,841 төгрөгийг гаргуулж “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-д олгож, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгатын гудамж, 35 дугаар байрны 72 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, эд хөрөнгийн мэдүүлэг авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгөөс суутгал хийх тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч мөнгөн хөрөнгөөс төлбөр төлөгдөөгүй. Иймээс Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгатын гудамж, 35 дугаар байрны 72 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21300751/05 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21300751/06 дугаар тогтоолоор хураасан. Талуудад төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийг харилцан тохиролцох тухай 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдлийг хүргүүлэхэд шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилоход орон сууцыг 228,960,000 төгрөгөөр үнэлсэн. Үнийг талуудад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр албан бичгээр ...-д мэдэгдэж хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан. Энэхүү мэдэгдлийг хүлээн аваад 7 хоногийн дотор гомдлоо шууд шүүхэд гаргах байсан боловч энэ хугацаанд гомдолоо гаргаагүй. Түүнчлэн, үнэлгээг зах зээлийн ханшаас бага гэж үзсэн баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-ийн тайлбарын агуулга:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02  дугаар сарын 02-ны өдрийн 346 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 603 дугаар магадлалаар ...-, ...- нараас зээлийн гэрээний үүрэгт 58,860,841 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 452,254 төгрөг, нийт 59,313,095 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгийн үнийг шинжээч “Дамно” ХХК 228,960,000 төгрөгөөр тогтоосон. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартын дагуу үнэлгээг гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2-т заасны дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн, үндэслэл бүхий, тодорхой байна. Төлбөр төлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж, хугацаа авах зорилготой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар .....- холбогдох Дамно ХХК-ийн 2021.11.30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ...-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ...-ы тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шинжээч “Дамно” ХХК Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгатын гудамж, 35 дугаар байрны 72 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур 228,960,000 төгрөгөөр үнэлсэн талаар нэхэмжлэл гаргаж холбогдох баримтыг гаргаж өгсөн байтал шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч ...- нь хариуцагч .....- холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат, 35 дугаар байр, 72 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг 228,960,000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан” гэж маргажээ.

 

1.б. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/00346 дугаар шийдвэрээр ...-, ...- нараас 46,569,175.50 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 460,996 төгрөг гаргуулж “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-д олгож, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 35 дугаар байр, 72 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 603 дугаар магадлалаар дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж ...-, ...- нараас 58,860,841 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 452,254 төгрөгийг гаргуулж “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. (хх-ийн 52-59)

 

1.в. Төлбөр төлөгч ...-, ...- нар дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2021/07198 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 182/ГХ2021/00488 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас зэрэг баримтад үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. (хх-ийн 50-51, 60)

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 35 дугаар байр, 72 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21300751/05 дугаар тогтоолоор битүүмжлэн, мөн оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21300751/06 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. (хх-ийн 75-80)

 

1.г. Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр авагч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр үнэлсэн, харин төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. (хх-ийн 81-88) Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн талаар талууд тохиролцоогүй гэж үзэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11/327 дугаар тогтоолоор “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч “Дамно” ХХК нь .....- холбогдуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 35 дугаар байр, 72 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг зээлийн үнийг 228,960,000 төгрөгөөр тогтоосон байна. (хх-ийн 94-110)

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу хариуцагч байгууллага шинжээч “Дамно” ХХК-ийн үнэлгээг төлбөр төлөгч ...-д 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн байна. (хх-ийн 112-113) Иймээс төлбөр төлөгч ...- нь шинжээчийн үнэлгээг мэдэгдснээс хойш, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хэтрүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Түүнчлэн, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн Б.Жавзанхандыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 7 хоногийг тооцвол 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байжээ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “үл хөдлөх эд хөрөнгий зах зээлийн үнээс доогуур үнэлсэн” гэх гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2022/01016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                  ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                       Н.БАТЗОРИГ