| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 317/2026/0033/Э/223/2026/0014 |
| Дугаар | 2026/ДШМ/30 |
| Огноо | 2026-03-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | О.Алтансүх |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2026/ДШМ/30
2026 03 19 2026/ДШМ/30
Б.Бхолбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Прокурор О.Алтансүх,
Хохирогч Н.Б,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/49 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Бхолбогдох эрүүгийн 2534006590606 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
1.*****
2.Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн ****сумын Өргөн намаг гэх газар 2025 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Тоёота приүс-30 маркийн ****УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасныг зөрчиж, уг тээврийн хэрэгслийн урд байсан иргэн Н.Бг дайрч, зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б3500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Шүүгдэгч Б.Бшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар сэтгэл санааны хохиролд 8,580,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.Бд олгож, хохирогч Н.Бгийн эрүүл мэндэд учирсан хохиролд Эрүүл мэндийн даатгалын сангаас 6,225,365 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогчийн ажилгүй байсан хугацааны 9.600.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Эрүүгийн 2534006590606 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Хохирогч Н.Б давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүх хурлаар улсын яллагч О.Алтансүх нь сэтгэл санааны хохирлын хэмжээг 792,000х22,9=18,136,800 төгрөгөөр тооцоолж нэхэмжлэхэд шүүгч олгохоор шийдвэрлэсэн билээ. Гэтэл 660,000х13=8,580,000 төгрөг болон өөрчлөгдсөн байна. Тухайн тогтоолд 2025 оны 8 дугаар сард болсон хэрэг атал 2025 оны 4 сараас өмнөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодсон байна. Уг тогтоол нь маш алдаатай болон ямар ч утга зүйн найруулгагүй бөгөөд ойлгомжгүй ба бүх гэрчийн овог, нэр, өөр нэр дутуу байв. Шүүгдэгч Б.Б нь надад хэзээ хохирлоо бүрэн барагдуулах нь бичигдээгүй байна” гэв.
6.Прокурор О.Алтансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тогтоож бичсэн нь алдаатай байсан. 2025 оны 4 дүгээр сард хүчин төгөлдөр үйлчилж байсан 792,000 төгрөгийг 22,99 дахин нэмэгдүүлж, 18,208,080 төгрөгөөр тооцсон. Шүүгдэгч Бат-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2,500,000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ дүнг хасаад 15,708,000 төгрөгийн төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Н.Бд олгуулахаар шийтгэх тогтоол гаргах байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бхолбогдох эрүүгийн хэргийг хохирогч Н.Бгийн давж заалдсан гомдолд үндэслэн хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
1.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчимд нийцүүлэн, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх зөрчилгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангалттай бүрдсэн, үнэлэх боломжтой байна.
2.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн ****сумын Өргөн намаг гэх газар 2025 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Тоёота приүс-30 маркийн ****УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцохоор хөдлөхдөө Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасныг зөрчиж, машиныг налаад сууж байсан иргэн Н.Бг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт авагдсан байна.
2.1.Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн хохирогч Н.Бгийн “...Асаалтай байсан машины гупер налаад сууж байтал машин хөдөлж хөлөө жийгээстэй тонгойж, нуруу гүпер доогуур орж хэсэг газар түрэгдсэн. Тэгээд машин буцаж ухраад нуруу, бие цээж рүү хөндүүрлэж босож чадахгүй болсон. Би тэр үед айраг, пиво ууссан гэхдээ ухаанаа алдтал уугаагүй юу болж байгааг мэдэж байсан. Би машины улсын дугаар таглаад хөлөө жийгээд сууж байсан хэн хөдөлгөснийг хараагүй. Машин асаалтай гэрэлд нь хөгжим сонсоод бөөнөөрөө тойроод сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
гэрч З.Б“...Гэнэт асаалттай байсан машин хөдлөхөд би эхнэр Б.Бмашины урдаас татаж холдуулах үед манай эхнэр Б.Нямцэцэгийн хөл дээгүүр машины баруун талын дугуй нь хөлөн дээгүүр гарсан. Н.Б гүпер доогуур орж, түүн дээгүүр машины урьд дугуй нь гарсан ба хамт байсан нөхөр болон найзууд орилолдож машин буцаад байрандаа ухарч зогссон...машин дотроос бууж ирэх хүнийг хартал н.Жавзаагийн нөхөр байсан. Тэр үед Б.Б гэж танилцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
гэрч О.Б“...Гэнэт л машин хаазлаад хөдөлж урд нь сууж байсан тэр хоёрыг мөргөж Н.Бгийн нуруун дээгүүр гарч, Б.Бнөхөр нь татаж холдуулах үед миний баруун хөлний өвдөг хэсгээр дайрсан байсан. Бид нар айраг, архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
гэрч Б.Б“...асаалтай байсан машин гэнэт хөдөлж, машины урд талд нь налаад сууж байсан Н.Бгийн дээгүүр баруун урд дугуй нь нуруун дээгүүр нь гарч Б.Бмашин хөдлөх үед нөхөр болох 3.Батбилэг машины урдаас татаж холдуулах үед баруун хөлний өвдөг баруун талын дугуй нь дээгүүр гарсан...бид нар орилолдоход машин буцаад байрандаа ухарч зогссон. Тэгээд хэн бэ гээд машин дотроос бууж ирэх хүнийг хартал н.Жавзаагийн нөхөр өөрийгөө н.Баагий гэж танилцуулсан залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №ЕГ0725/11119 дугаартай “Н.Бгийн биед сээрний 11,12 бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн 6-р хавирганы зөрүүтэй хугарал, бүсэлхий нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 39-41 тал/,
шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн №2025/23 дугаартай “Хэрэг бүртгэлтийн 253400659 дугаартай хэргийн материалтай танилцахад ****УНЭ улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн дүрмийн заалт зөрчсөн байна. Хэрэгт авагдсан материалаас явган зорчигч гэж ойлгоход учир дутагдалтай байна, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй. Гэм бурууг шүүх шийднэ...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, харин энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр хандсан байдаг.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч гэж тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгох юм.
Шүүгдэгч Б.Б нь хэрэг, осол болох үед тээврийн хэрэгсэл жолоодон явсан болон Замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч Н.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт тогтоогдсон байх ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Бүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгчийг мөн хуулийн зүйл, заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн “...Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн ****сумын Өргөн намаг гэх газар 2025 оны 8 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Тоёота приус 30 маркийн ****УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн эхлэхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасныг зөрчиж, уг тээврийн хэрэгслийн урд байсан иргэн Н.Бг дайрч, зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон” гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгах, үнэлэх журмыг болон анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчөөгүй байна.
5.Шүүх Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутайд тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцүүлэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг тогтоож, ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зорилго, зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
6.Хохирогч Н.Б “...Шүүх хурлаар улсын яллагч О.Алтансүх нь сэтгэл санааны хохирлын хэмжээг 792,000х22,9=18,136,800 төгрөгөөр тооцоолж нэхэмжлэхэд шүүгч олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл 660,000х13=8,580,000 төгрөг болон өөрчлөгдсөн байна. Тухайн хэрэг нь 2025 оны 8 дугаар сард болсон хэрэг атал 2025 оны 4 дүгээр сараас өмнө мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодсонд гомдолтой байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
6.1.Шүүгдэгч Б.Бхолбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Бгийн сэтгэцэд хохирол учирсан эсэхэд дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон байх ба шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №2025/18 дугаартай дүгнэлтээр түүний сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэргээр тогтоосон байна /хх-ийн 66-71/.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” нь нэрлэн заасан гэмт хэргүүдийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь гуравдугаар зэрэгт хамаарахаар дүгнэлт гарсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг тооцож шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэж тогтоосон атлаа энэ үед Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №03 дугаар “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 4715 төгрөг буюу сард 792000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон” тогтоол мөрдөгдөж байсныг анхаарч үзэлгүй сэтгэцэд учирсан гэм хорыг 660,000 төгрөгөөр тооцсон нь буруу болжээ.
Иймд хохирогч Н.Бд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14,256,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Н.Бд олгон, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
7.Шүүгдэгч Б.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/49 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар сэтгэл санааны хохиролд 8,580,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.Бд олгож, хохирогч Н.Бгийн эрүүл мэндэд учирсан хохиролд Эрүүл мэндийн даатгалын сангаас 6,225,365 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогчийн ажилгүй байсан хугацааны 9,600,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэснийг
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.Бэс сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 14,256,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бд, хохирогч Н.Бгийн эрүүл мэндэд учирсан хохиролд 6,225,365 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч нь ажилгүй байсан хугацааны 9,600,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН
А.ЦЭРЭНХАНД