| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2026/00931/И |
| Дугаар | 191/ШШ2026/04498 |
| Огноо | 2026-03-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2026/04498
| 2026 03 ******* | 191/ШШ2026/04498 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, өөрийн байр хаягт оршин байрлах “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух овогт ийн /рд:/-д холбогдох,
17,829,004 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч О. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А. нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр № МХ8400300095035317 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 14,476,000 төгрөгийн зээлийг******* сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй авсан.
Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 0 төгрөг, үндсэн хүүд 340 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0 төлсөн.
Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг зээл авснаас хойш төлөөгүй байна.
А. нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр № МХ84003000950.35317 тоот зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна.
Үндсэн зээл: 14,476,000 төгрөг,
Зээлийн хүү: 3,235,938 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү: 117,066 төгрөг,
Нийт 17,829,004 төгрөг байна.
Дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,829,004 төгрөгийг А.оос гаргуулж, *******ийг хохиролгүй болгуулж өгнө үү.
1.1. Шинээр гаргах баримт, хүсэлт байхгүй. Хариуцагчид тов мэдэгдсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Хариуцагч нь 2024.11.14-нд цахим зээлийн гэрээ байгуулсан.******* сарын хугацаатай авсан бөгөөд төлөлт огт хийгдээгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 14,476,000 төгрөг, хүүд 3,235,838 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 117,066 төгрөг, нийт 17,829,004 төгрөг гаргуулна гэв.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Цахим цалингийн зээлийн гэрээний хуулбар /хх6-10/, харилцагчийн анкетын хуулбар /хх14/, зээл хүүгийн тооцоолол /хх16/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 14,476,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,476,000 төгрөг, хүү 3,235,938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,066 төгрөг, нийт 17,829,004 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч А. нь 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд болон өнөөдрийг хүртэл хариу тайлбар ирүүлээгүй. Шүүх хариуцагчийн нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа шүүхэд мэдэгдсэн утасны дугаараар энэ хуралдааны товыг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд ямар нэг хүсэлт гаргаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. Гэвч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
5. Нэхэмжлэгч нь хуульд заасан үүргийн дагуу 14,476,000 төгрөгийн зээл олгосон гэдгээ баримтаар нотлоогүй. Улмаар ерөнхий гэрээ нь уншигдахгүй байх тул нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхгүй. Цаашлаад шүүхээс нэхэмжлэгчид нотлох баримтын шаардлага хангах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Түүнчлэн шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хүсэлт гаргаагүйг дурдав. Тодруулбал, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийгөө хуульч, өмгөөлөгч гэж тайлбарласан боловч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд нэмэлт хүсэлт гаргаагүй. Гэвч хариуцагч нь зээл олгогдсон эсэх талаар маргаагүй тул зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж дээрх мөнгөн дүнгээр зээл олгогдсон гэж үзлээ. /хх15/
6. Хэрэгт авагдсан цахим цалингийн зээлийн гэрээ нь хэдийгээр нотариатаар гэрчлэгдсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй буюу хэвлэмэл хуудас байна. Тодруулбал, уг гэрээнд зохигч хэн аль нь гарын үсэг зураагүй. /хх6-10/
Өөрөөр хэлбэл, цахим цалингийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-т заасантай нийцэхгүй, тайлбарлавал уг гэрээнд тоон буюу цахим гарын үсэг зурагдаагүй байна.
Цаашлаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.11-т тоон гарын үсэг бүхий цахим баримтыг тоон гарын үсгийг эзэмшигч үйлдээгүй талаар үндэслэл бүхий тодорхой шалтгаан дурдсанаас бусад тохиолдолд уг цахим баримтын жинхэнэ эсэх талаар маргахгүй гэж заасан.
Цахим гарын үсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т тоон гарын үсгийг тайлбарласан бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар тавигдах шаардлагын талаар зохицуулжээ. Үүнээс үзэхэд тоон гарын үсэг гэдэг нь хуульд заасан шаардлага хангасан цахим гарын үсгийг ойлгоно. Цаашлаад мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т зааснаар цахим гарын үсэг гэдэг нь цахим мэдээлэлд гарын үсэг зурсан, цахим тамга хэрэглэсэн этгээдийг тодорхойлох зорилгоор мэдээлэлд хавсаргасан, эсхүл нэгтгэсэн цахим өгөгдлийг ойлгоно.
Түүнчлэн дээрх хуулийн 4 дүгээр зүйлийнх 4.1.4, 4.1.5-д зааснаар тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч нь тоон буюу цахим гарын үсгийг хэрэглэх эрхтэй байна.
Зохигчийн маргаж буй цахим цалингийн зээлийн гэрээнд цахим гарын үсэг, өөрөөр хэлбэл цахим өгөгдөл буюу QR код нэгтгэгдээгүй.
Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлдог тул цахим цалингийн зээлийн гэрээнд хэн аль нь цахим гарын үсэг зураагүй байх тул уг гэрээний агуулгыг зохигч харилцан тохиролцсон гэж үзэхгүй.
Мөн хариуцагч нь зээлийн хүсэлт гаргаж ерөнхий гэрээ байгуулж байгаа нь талууд цахим гэрээнд заасан хүүг тохиролцсон гэж үзэх боломжгүй юм. Учир нь банкны хүү тодорхой хэмжээнд буюу тогтмол байдаггүй бөгөөд бүтээгдэхүүн, инфляцын төвшин болон харилцагчийн хувийн байдал зэрэгтэй холбоотойгоор өсөж, буурах боломжтойгоор зохицуулагддаг.
Иймд цахим цалингийн гэрээ нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд цахим баримт биш байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар талууд хүүгийн талаар гэрээгээр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй.
6.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд зээлийн гэрээг 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр******* сарын хугацаатай цахимаар байгуулсан гэж тайлбарлаж, улмаар 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзнэ. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болон дээрх үндэслэлээр нэмэгдүүлсэн хүү шаардах нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй.
7. Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнээд хариуцагч нь нэхэмжлэгчийн эргэн төлөлт хийгдээгүй гэх тайлбарыг үгүйсгэж маргаагүй тул олгогдсон гэж үзэхээр байгаа үндсэн зээл болох 14,476,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч А.оос 14,476,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,353,004 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 230,330 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД