| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/01103/И |
| Дугаар | 302/ШШ2026/00018 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 302/ШШ2026/00018
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г***-А**** аймгийн Баян-У**, [**]-р баг, Х****** говь-д оршин суух, Т***** овогт Д*********** А*********** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймаг, Д***** сум, 9 дүгээр багт оршин суух, Ж******* нура овогт Ы******* Н*****-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Х******* авсан морины үнээс үлдсэн 7,000,000 төгрөг, хохирол 300,000 төгрөг, нийт 7,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай үндсэн нэхэмжлэлтэй
С**** нэхэмжлэлийн шаардлага: Х******* авсан 7 настай хул зүсмийн хурдан удмын морийг буцаан өгч, урьдчилгаанд шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.А /Г***-А**** аймгаас цахимаар/
Х*********** итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,
Гэрч Х.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж хариуцагч Ы.Н худалдаж авсан морины үнээс үлдсэн 7,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А олгож, илүү нэхэмжилсэн 300,000 төгрөг болон хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Д.А нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ы.Н нь надаас 7 настай хул морийг 8,000,000 төгрөг харилцан тохиролцож худалдаж авч, тухайн үед 700,000 төгрөгийг бэлэн өгч, 300,000 төгрөгт төлөг өгсөн. Тухайн морийг худалдаж авах хүн байхад өөрөө хүчээр авч, баримтаа бичиж өгсөн. Би Д***** суманд 07 дугаар сард наадмын үеэр мөнгө авах гэж очиход “морины уяа сойлго таараагүй байна. У** сойлго нь тохирсон морь уралддаг гэдгийг чи мэднэ биз дээ. У** сойлгыг нь сайн тааруул гэж” ярилцаад 08 сар гаргаад мориныхоо үнийг авахаар хүрээд ир тэгээд өгөлцөж авалцахаар тохиролцсон. Дараа нь 2025.09.09-ний өдөр үхрээ ачаад Х***** гуанзан дээр яваад очъё. Ховд аймагт уулзъя гэсний дагуу би гэр бүлээрээ Ховд аймаг руу гараад Ы.Н би Ховд аймгийн З**** сум дээр иж байна гэж ярихад би одоо сумаасаа гарлаа гэж ярчхаад, ахиж утсаа авалгүй намайг удаа дараа хуурч, худал хэлж эдийн засгийн хувьд хохирол учруулсан тул миний морины үнэ болон гарсан зардлын хамт төлүүлж өгнө үү. Т***** сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.
3.Хариуцагч Ы.Н нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...миний бие нэхэмжлэгч Д.А морь худалдаж авсан үнэн. Х******* авахдаа уг морь нь Д***** аймгийн гаралтай, хурдан удмын адуу байгаа, сумын наадамд соёолон насанд түрүүлж байсан 8,000,000 төгрөгөөр худалдана гэхээр нь би 1,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгөөд, үлдсэн мөнгийг хурдан гэдгээ батлах юм бол өгч, морийг авна гэж тохирсон. Гэтэл уг морийг уяж сумын хэмжээнд явагдсан морины уралдаанд удаа, дараа уралдуулсан боловч дандаа сүүл бариад байсан. Уг морийг сумын хэмжээнд уяачид хурдан удмын адуу биш гээд байна. Д.А хурдан морь гэж худалдсан морь нь амжилт үзүүлээгүй, хурдан морь болохоо батлаагүй учир өөрт нь буцаан өгч, урьдчилгаанд шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг буцааж авахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж маргажээ.
4.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Хариуцагч Ы.Н нь нэхэмжлэгч Д.А 7 настай хул зүсмийн хурдан удмын морийг 8,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож худалдан авч, түүнээс 1,000,000 төгрөгийг бэлэн өгч, үлдсэн 7,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж өгөхөөр болсон нь хэрэгт авагдсан хариуцагчийн 2025.06.15-ны өдөр бичиж, нотариатаар гэрлүүлсэн гарын баримт, Х.Н гэрчийн мэдүүлэг, Б.Д тодорхойлолт болон талуудын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд түүнд талууд маргаагүй байна.
4.2 Хариуцагч Ы.Н нь нэхэмжлэгч Д.А худалдаж авсан 7 настай хул зүсмийн хурдан удмын морь нь сумын хэмжээнд явагдсан морины уралдаанд удаа, дараа уралдуулсан боловч дандаа сүүл мушгиад байсан ба уг морийг сумын хэмжээнд уяачид хурдан удмын адуу биш гэсэн. Би худалдаж авснаас хойш ямар нэгэн амжилт үзүүлээгүй, хурдан морь болохоо батлаагүй учир түүнийг эзэнд нь буцаах хүсэлттэй байна гэж маргаж Б аймгийн Д***** сумын “Х** сэрх” уяачдын холбооны тэргүүний 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/25 дугаар албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгчээ.
4.3 Уг Б аймгийн Д***** сумын “Х** сэрх” уяачдын холбооны тэргүүнээс “... Ы.Н нь 2025 оны хаврын болон наадмын уралдаанд хул зүсмийн морийг соёж уралдуулснаас айраг, түрүү хүртээгүй” гэж 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/25 дугаар албан бичгээр тодорхойлжээ.
4.4 Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч хариуцагч Ы.Н худалдаж авсан 7 настай хул зүсмийн хурдан удмын морь нь морины уралдаанд уралдуулахдаа эхний байр эзлэхгүй, сүүл бариад орсон тохиолдолд авсан өгснөө буцаах тухай нэхэмжлэгч Д.А харилцан тохиролцсон эсэх талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй болно.
4.5 Хэрэгт авагдсан 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Ы.Н үйлдсэн гарын баримтаар нэхэмжлэгчээс худалдаж авсан 7 настай хул зүсмийн хурдан удмын морь нь морины уралдаанд уралдуулахдаа эхний байр эзлэхгүй, сүүл бариад байвал авсан, өгснөө буцахаар нэхэмжлэгч Д.А харилцан, тохироогүй болох нь тогтоогдсон.
5.Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан адуу мал худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Х*******, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
6.Хариуцагч Ы.Н нь нэхэмжлэгч Д.А худалдаж авсан 7 настай хул зүсмийн морины үнээс 7,000,000 төгрөг төлөөгүй үлдсэн болох нь түүний үйлдсэн гарын баримт, талуудын тайлбараар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч уг мөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч Ы.Н нь төлөх үүрэгтэй байна.
7.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Ү**** гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Ы.Н гарсан зардлаа шаардах эрхтэй байна.
8.Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Ы.Н 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр утсаар ярихдаа Ховд аймагт хүрээд ирээ. Би үхрээ ачаад яваад очъё гэсний дагуу миний бие Г***-А**** аймгаас гарч Ховд аймагт ирсэн. Т****** замын зардалд 300,000 төгрөг гаргасныг хариуцагчаас нэхэмжилж байна гэж тайлбарлаж, түүнтэй холбогдуулан **** банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгчээ.
9.Гэтэл уг дансны хуулгаар нэхэмжлэгч Д.А нь 2025.09.10-ны өдөр Х***** Н**** супер маркетын пост машинаас 36,933 төгрөг, О** шатахуун түгээх станцын пост машинаас 18,500 төгрөг, Д**** сумын шунхлай пост машинаас 7,800 төгрөг тус тус уншуулсан болох нь тогтоогдож байгаа боловч ямар юм худалдаж авсан эсэх нь тодорхой бус байна.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгчээс замын зардалд 300,000 төгрөг гаргасан эсэх нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн хариуцагч Ы.Н замын зардал буюу хохирол гэж нэхэмжилсэн 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин хариуцагчаас худалдаж авсан морины үнээс үлдсэн 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11.Харин хариуцагч Ы.Н нэхэмжлэгч Д.А холбогдуулан худалдаж авсан 7 настай хул зүсмийн хурдан удмын морийг буцаан өгч, урьдчилгаанд шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
11.1 Хариуцагч Ы.Н нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Мөн зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байхаар заасан боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй ба хариуцагч Ы.Н нь 7 настай хул зүсмийн хурдан удмын морины өмчлөх эрхийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн авсан байжээ.
11.2 Хариуцагч Ы.Н нь худалдаж авсан 7 настай хул зүсмийн хурдан удмын морийг өөр хурдан удмын мориор солиулах, гэрээ цуцалж, авсан өгснөө буцаах тухай шаардлага гаргах эрх нь 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байх ба тэрээр нэхэмжлэгч Д.А холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээг цуцалж авсан өгснөө буцаах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж хөөн хэлэлцэх хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн байна.
11.3 Түүнчлэн хариуцагч Ы.Н нь нэхэмжлэгч Д.А 7 настай хул зүсмийн хурдан удмын морийг худалдаж авахдаа өөрөө биечлэн очиж худалдан авсан, хурдан удмын морь мөн, биш эсэхийг тухайн үед шалгаж авах бүрэн боломжтой байсан, тухайн морийг хэдэн төгрөгөөр худалдаж авсан, хэдийг бэлэн өгч, хэд үлдсэн, үлдсэн мөнгөө хэзээ төлөх эсэх талаарх гарын баримтаа нотариатаар гэрчлүүлж үйлдсэн байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол тэрээр гэрээ цуцалж, авсан өгснөө буцаах тухай шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж шүүх дүгнэлээ.
12.Дээрх үндэслэлээр хариуцагч Ы.Н нэхэмжлэгч Д.А холбогдуулан худалдаж авсан 7 настай хул зүсмийн хурдан удмын морийг буцаан өгч, урьдчилгаанд шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
13.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,750 төгрөг, хариуцагч Ы.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээ болох 7,000,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийг хариуцагч Ы.Н гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ы.Н худалдаж авсан морины үнээс үлдсэн 7,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А олгож, илүү нэхэмжилсэн 300,000 төгрөг болон хариуцагч Ы.Н нэхэмжлэгч Д.А холбогдуулан худалдаж авсан 7 настай хул зүсмийн хурдан удмын морийг буцаан өгч, урьдчилгаанд шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,750 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ы.Н улсын тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ