| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0654/э |
| Дугаар | 707 |
| Огноо | 2018-10-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Б.Байгалмаа, шүүгдэгч Д.Г, О.Д, хохирогчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Чонос овогт Даваадоржийн Гантулга, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оюунбаатарын Дагвасүмбэрэл нарт холбогдох эрүүгийн “1711015100638” дугаартай, 186/2018/0654/э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 2 дугаар курсийн авто инженерийн ангийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Баянгол дүүрэг 21 дүгээр хороо, горькийн 14-329 тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Чонос овогт Даваадоржийн Гантулга /РД:ИГ99011218/,
Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 5, хоёр эгч, дүүгийн хамт Баянгол дүүрэг 6 дугаар хороо, Б/10-68 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Оюунбаатарын Дагвасүмбэрэл /РД:ЙЮ00222539/,
Холбогдсон хэргийн талаар;
Д.Гантулга нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын орчим хохирогч Т.Эрдэнэбатыг зодож түүний биед зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язарсан шарх, язрал, цус хуралт, бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
О.Дагвасүмбэрэл нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын орчим хохирогч Б.Хөлгөнийг зодож түүний биед зүүн шуу ясны дээд 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал, зүүн нүдний гадна буланд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
1.1. Шүүгдэгч Д.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн гэв.
1.2. Шүүгдэгч О.Дагвасүмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Хөлгөний:...би 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хичээлээ тараад ангийн найз Бат-Эрдэнэ, найз Гантулга нарын хамт Тэнгис кино театрын урд явж байхад өөдөөс улаан куртиктэй залуу ирж байсан. Бид 3 зам тавьж өгөхөд тэр залуу бид гурвыг албаар мөрлөсөн. Тэгээд жаахан өнгөрөөд явж байтал нөгөө улаан куртиктэй залуу хөөе яаж яваад байгаа юм бэ гээд дуудсан. Тэгэхэд Бат-Эрдэнэ бид гурав чамд зам тавьж өгсөн шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоорондоо маргалдсан. Тэгсэн нөгөө залуу Бат-Эрдэнийн уруулруу цохиод авсан. Тэгсэн Гантулга хойноос ирж хоёр тийш салгаад түлхсэн. Тэгсэн цаанаас эрэгтэй эмэгтэй нийлсэн 7-8 залуучууд гарч ирсэн. Тэр залуучууд улаан куртик өмссөн Эрдэнэбат гэх залуугийн найзууд байсан. Бид хэдийг хараад чанга орилоод араас хөөсөн. Гантулга урагшаа Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэсрүү гүйсэн. Бат-Эрдэнэ бид хоёр тэнгис кино театрлуу зугтаасан. Тэгээд хар хөх куртик өмссөн залуу миний араас татаад унагаатал хар куртик өмссөн залуу миний зүүн гарын шуу руу өшиглөсөн. Тэгээд гар эвгүй болоод ирсэн гэх мэдүүлэг /хх-21/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Эрдэнэбатын:...би үл таних 3 залуугийн хажуугаар өнгөрөхөд хажууд машин байсан учраас дундуур нь гарсан. Дундуур нь гарахдаа санаандгүй мөрлөөд гарсан. Тэгээд явж байгаад буцаж хараад уурандаа хөөе гэж дуудсан чинь чи зүгээр явж чадахгүй байна уу гээд хэрүүл болсон. Надад учруулсан гэмтлийг тэр гурван залуугийн хамгийн өндөр буюу Ганаа гэх залуу учруулсан. Учир нь Ганаа гэх залуу хамгийн эхэлж миний нүүрлүү цохиход дээд уруул язарч хамраас цус гоожсон. Би өөрт учирсан гэмтлийг ямар нэгэн эмнэлэгт үзүүлээгүй өвчин намдаах эм уугаад зүгээр болсон. гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 24-25/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №15178 дугаартай актын:
1. Б.Хөлгөнийн биед зүүн шуу ясны дээд 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал, зүүн нүдний гадна буланд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт. /хх-45/,
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №15070 дугаартай актын:
1. Т.Эрдэнэбатын биед зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язарсан шарх, язрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, клиникийн профессор, АУ-ны магистр Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-53/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэл /хх 4-5/, шинжээч эмч Б.Ундармаагийн мэдүүлэг /хх-74/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 95-96/, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх 106-107, 110-111/ зэрэг бичгийг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.Гантулга нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын орчим хохирогч Т.Эрдэнэбатыг зодож түүний биед зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язарсан шарх, язрал, цус хуралт, бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Эрдэнэбатын...би үл таних 3 залуугийн хажуугаар өнгөрөхөд хажууд машин байсан учраас дундуур нь гарсан. Дундуур нь гарахдаа санаандгүй мөрлөөд гарсан. Тэгээд явж байгаад буцаж хараад уурандаа хөөе гэж дуудсан чинь чи зүгээр явж чадахгүй байна уу гээд хэрүүл болсон. Надад учруулсан гэмтлийг тэр гурван залуугийн хамгийн өндөр буюу Ганаа гэх залуу учруулсан. Учир нь Ганаа гэх залуу хамгийн эхэлж миний нүүрлүү цохиход дээд уруул язарч хамраас цус гоожсон. Би өөрт учирсан гэмтлийг ямар нэгэн эмнэлэгт үзүүлээгүй өвчин намдаах эм уугаад зүгээр болсон. гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 24-25/, гэрч Д.Түвшинжаргалын...баригдсан хүүхдийг надтай хамт явж байсан хэдийн нэг нь өшиглөсөн. Эрдэнэбат цусаа гоожуулаад ирсэн...гэх мэдүүлэг /хх-35/, гэрч Ч.Гансүхийн...Эрдэнэбат яасан вэ гээд харсан чинь автобусны буудал дээр ам, хамраас нь цус гарсан байсан...гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15070 дугаартай дүгнэлт зэргээр,
О.Дагвасүмбэрэл нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын орчим хохирогч Б.Хөлгөнийг зодож түүний биед зүүн шуу ясны дээд 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал, зүүн нүдний гадна буланд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Хөлгөний...би 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хичээлээ тараад ангийн найз Бат-Эрдэнэ, найз Гантулга нарын хамт Тэнгис кино театрын урд явж байхад өөдөөс улаан куртиктэй залуу ирж байсан. Бид 3 зам тавьж өгөхөд тэр залуу бид гурвыг албаар мөрлөсөн. Тэгээд жаахан өнгөрөөд явж байтал нөгөө улаан куртиктэй залуу хөөе яаж яваад байгаа юм бэ гээд дуудсан. Тэгэхэд Бат-Эрдэнэ бид гурав чамд зам тавьж өгсөн шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоорондоо маргалдсан. Тэгсэн нөгөө залуу Бат-Эрдэнийн уруулруу цохиод авсан. Тэгсэн Гантулга хойноос ирж хоёр тийш салгаад түлхсэн. Тэгсэн цаанаас эрэгтэй эмэгтэй нийлсэн 7-8 залуучууд гарч ирсэн. Тэр залуучууд улаан куртик өмссөн Эрдэнэбат гэх залуугийн найзууд байсан. Бид хэдийг хараад чанга орилоод араас хөөсөн. Гантулга урагшаа Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэсрүү гүйсэн. Бат-Эрдэнэ бид хоёр тэнгис кино театрлуу зугтаасан. Тэгээд хар хөх куртик өмссөн залуу миний араас татаад унагаатал хар куртик өмссөн залуу миний зүүн гарын шуу руу өшиглөсөн. Тэгээд гар эвгүй болоод ирсэн гэх мэдүүлэг /хх-21/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15178 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч Д.Гантулгын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч О.Дагвасүмбэрэлийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч О.Дагвасүмбэрэлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Дагвасүмбэрэлийг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овогт Даваадоржийн Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
- Шүүгдэгч Боржигон овогт Оюунбаатарын Дагвасүмбэрэлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Дагвасүмбэрэлийг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Г, О.Д нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Г, О.Д нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Г, О.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г, О.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ