| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2503 00000 0907 |
| Дугаар | 2026/ДШМ/234 |
| Огноо | 2026-02-26 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2026/ДШМ/234
2026 02 26 2026/ДШМ/234
Д.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг, даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүтэй,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,
шүүгдэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Үржинханд, М.Далайжаргал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2826 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч Д.Ц-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Ц-д холбогдох 2503 00000 0907 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овогт Д-ы Ц-, ........, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /РД:УД-/.
Шүүгдэгч Д.Ц- нь 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнийн 04 цаг 25 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” зочид буудлын хойд замд “Lexus IS300h” маркийн Д- УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн гэх заалтуудыг зөрчсөний улмаас “Dayun” /Даюн/ маркийн Д- УК улсын дугаартай мотоциклийн араас мөргөж мотоциклийн жолооч Г.М-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газрын прокуророос Д.Ц-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “Согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэж зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Шүүгдэгч Т- овогт Д-ы Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар “Согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ц-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 /ес/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-аас 20,565,700 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Ц-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нар давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2826 дугаар шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх хохирол, хор уршигийг шийдвэрлэхдээ хохирогчийн буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
А. Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хөнгөдсөн гэж үзэж байгааг энэхүү гомдлоор илэрхийлж байна.
Б. Амь хохирогч нь дээрх ипотекийн зээлтэй холбоотойгоор амь насны даатгалтай байсан бөгөөд даатгалын компаниас зээлийн үлдэгдэл төлбөр болох 33.105.729,44 төгрөгөөс 16.481.445 төгрөгийг төлж барагдуулж, амь хохирогчийн ар гэрт 16.009.612 төгрөгийн зээлийн өр төлбөр нь үлдсэн бөгөөд мөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахаар байх тул шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хангаагүй орхисон нь илт үндэслэлгүй болсон. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь аливаа зөрчлийн улмаас үүсэх бөгөөд иргэний эрх зүй дэх "Гэм хор” гэх ойлголт нь эрүүгийн эрх зүйн “Хохирол, хор уршиг” гэсэн ухагдахуунаар илэрхийлэгдэнэ. Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд нэхэмжлэгчийн шаардах эрх хангагдах урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учирсан байх, тухайн үйлдэл эсхүл эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байх, гэм хор учруулагч нь гэм буруутай байх гэсэн нөхцөл бүрдсэн үед түүний үр дагавар болох шууд бус хохирол буюу хор уршгийг арилгах үүрэг үүсдэг болно.
Бусдын амь насыг хохироосон гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгдэгч Д.Ц-ы хувьд учруулсан гэм хорыг арилгах үүрэг болон энэхүү гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу амь хохирогчийн гэр бүлийн гишүүд өөрсдийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрх үүссэн байна. Түүнчлэн хувь хүний эрүүл мэнд гэх ойлголт нь биеийн, сэтгэцийн, нийгмийн гэх төрлүүдэд хуваагдаж, сэтгэцийн эрүүл мэнд нь гагцхүү сэтгэл мэдрэлээр хязгаарлагдахгүй, сэтгэхүй, сэтгэл хөдлөл, оюун санааны хувьд ямар нэг эмгэггүй байх явдлыг илтгэдэг. Хэрэв сэтгэцэд хор уршиг учирсан бол мөнгөн хэлбэрээр арилгуулах нь хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь зөрчигдсөн аливаа этгээдийн хувьд субьектив шаардах эрх мөн юм. Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгахад сэтгэцийн хямрал, цочрол, өвчин шаналал, эсхүл байнга ба түр хугацааны хөгжлийн бэрхшээл үүссэн эсэх нь эн тэргүүний бөгөөд эргэлзээгүй тогтоосон байх урьдчилсан нөхцөл болох учиртай. Нөгөөтэйгүүр, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх Шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилжээ. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГО825/3038 дугаартай дүгнэлтээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас дасан зохицохын хямрал, сэтгэлийн хүчтэй дарамтад хариулах хариу урвалын шинж оношлогдсоныг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байгааг тодорхойлсон байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалтын хүрээнд бусдын санаатай үйлдлийн улмаас төрсөн эцгээ алдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэглэл харгалзахгүйгээр нөхөн төлөх төлбөрийн хэмжээг нарийвчлан тогтоосон заалт болох Иргэний хуулийн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй байсан бөгөөд Улсын дээд шүүхийн тогтоолоос зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. /Улсын дээд шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаар тогтоол/ Бусдын санаатай, эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд шүүх ямар нэгэн урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон дээрх хэм хэмжээг хэрэглэн амь хохирогчийн ар гэрт олгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцнэ гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д "Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заажээ. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 792.000 төгрөг байхаар тогтоосон байна. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хөгшин, залуу, хүүхэд хэн ч бай хууль, шүүхийн өмнө эрх тэгш бөгөөд хүнийг ямарваа нэгэн хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг статистик таамаглалд үндэслэж тогтоосон насыг үндэслэл болгох бус гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 118.800.091 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Д.Ц-аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-т олгохоор өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.
В. Дээр дурдсанчлан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байх урьдач нөхцөл бүрдэх ёстой бөгөөд Д.Ц-ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогчийн ар гэрт бодитоор хохирол учирсан гэж дүгнэж байна. Учир нь амь хохирогч нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Микро финанс Монголиа ББСБ" ХХК-тай №25/01 зээлийн гэрээ, №25/01 барьцааны гэрээг байгуулж, М- УБС улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн автомашиныг барьцаалж, 10.000.000 /арван сая/ төгрөгийг зээлсэн, мөн Худалдаа хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 57А дугаар байрны М- тоот үл хөдлөх эд хөрөнгийг ипотекийн зээлээр /43.637.000 төгрөг/ худалдан авсан бөгөөд тухайн орон сууцанд эхнэр болон насанд хүрээгүй хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд нэр дурдагдсан зээлийг өөрийн хөдөлмөр бүтээмжээр олсон хөрөнгө орлогоор төлж барагдуулдаг байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад дээр дурдсан зээлтэй холбоотойгоор "Микро финанс Монголиа ББСБ" ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлтийг, холбогдох бичгийн баримтын хамт гаргаж өгсөн бөгөөд мөн хүсэлтийг хүлээж аваагүй тул мөн зээлүүдийн төлбөр нь амь хохирогчийн ар гэрт өв залгамжлалын журмаар шилжин ирснээр бодитоор хохирол бий болно. Мөн дээрх зээлүүдтэй холбоотой зээлийн гэрээ, зээлийн үлдэгдлийн тодорхойлолт, даатгалаас төлөгдсөн зээлийн төлөлттэй холбоотой бичгийн нотлох баримтуудыг хэрэгт гарган өгч, шүүхийн хэлэлцүүлэгт тухайн нотлох баримтуудыг шинжлэн судалсан атал жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2826 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг бүрэн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Д.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... миний бие нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2826 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие нь дээрх ял шийтгэлийг хүндэдсэн гэж үзэн хорих ял шийтгэснийг багасгах гомдол гаргаж байна. Учир нь:
А. Миний бие уг хэрэгтээ туйлын их гэмшиж бас харамсаж байгаа бөгөөд уг хэргээс үүссэн хохирлын мөнгөн дүнг шүүхээс тогтоосон хэмжээгээр бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Мөн амь хохирогчийн ар гэрийнхэнд цаашид сэтгэл санааны болоод мөнгөн туслалцаа үзүүлэх хүсэлтэй байгаагаа шүүх хурал дээр илэрхийлсэн.
Б. Би бага насны 1 нас, 5 сартай хүүхэдтэй өрх толгойлсон эцэг ба өөрийн ээж хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “М-” 105 тоотод түрээсийн байранд түр оршин суудаг. Миний ээж Д- нь тогтсон ажил эрхэлдэггүй эрүүл мэндийн хувьд тааруу даралт тогтворгүй, зүрхний хэм алдагддаг, хааяа амьсгаа нь давхцаж түргэн дуудах шаардлагатай болдог. Одоогоор миний ээж миний хүүг харан дээрх оршин суух хаягт түр оршин сууж байгаа бөгөөд үүнд их санаа зовж байна.
В. Уг хэргээс үүдэн миний ээж найзынхаа үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр шилжүүлэн ББСБ-т барьцаалбартай 20.000.000 төгрөгийн зээл авч хохирлын төлбөрөөс хасах зорилгоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олсон болно. Мөн миний машины зээлд ээж минь хамтран зээлдэгчээр орж 40.000.000 төгрөгийн зээлийг “Нэт капитал” ББСБ-аас авсан бөгөөд дээрх өр зээлүүдийг миний ээж төлөх үүрэг хүлээгээд байна. Хорих ял шийтгэлийг багасгаснаар амь хохирогчийн ар гэрийнхэнд аль болох хурдан туслах боломжийг бүрдүүлэх юм. Мөн миний ар гэрийн нөхцөл байдал надаас бүрэн хамаарч байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...”,
“...Би өөрийн бодлогогүй буруутай үйлдлээсээ болж эрдэнэт хүний амь насанд хохирол учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байна. Мөн гүн эмгэнэл илэрхийлье. Надад анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ял оногдуулсан тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхээс дээрх хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх гомдлыг гаргасан. Учир нь, амь хохирогчийн ар гэрийнхэнд сэтгэл санаа болон мөнгөн туслалцаа үзүүлэх хүсэлтэй байгаа болно. Ар гэрийнхэнд нь насан туршийн хоосон зай үлдээсэндээ маш их гэмшиж байгаа учраас туслахыг хүсэж байна. Амь хохирогчийн охин болох 7 дугаар ангийн охины их сургуулийн төлбөр болон магистрын төлбөр зэргийг төлж өгөх хүсэлтэй байна. Мөн гомдолдоо дурдсанчлан би 1 нас 6 сартай хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг. Одоогоор хүүхэд ээжтэйгээ хамт түрээсийн байранд хэцүү байдалтай байгаа. Үүнд маш их санаа зовж байна. Мөн санхүүгийн хувьд хүнд байдалтай байгаа. Дээр дурдсан зээлүүдийг ээж минь ганцаараа төлөх, түрээсийн байрны төлбөр гэх зэрэг санхүүгийн хувьд хэцүү байдалд байгаа учир дээрх нөхцөл байдлуудыг харгалзан 4 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү хэмээн гуйж байна. Нэг удаагийн буруутай үйлдэл ямар их гай зовлон авч ирдэг гэдгийг, хүмүүс яагаад хуульд захирагдаж амьдрах ёстой гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрлээ. Намайг уучлаарай. Би гэм буруугаа сайн ухаарч байгаа...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Миний эцэг, эх, дүү гурвын амьдарч байгаа байрны ипотекийн зээл болон банк бусын зээлүүд манай ар гэрт бодит хохирол болж үлдсэн. Энэ хохирлыг барагдуулуулах хүсэлтэй байна. Түүнчлэн сэтгэл санааны хохирлын хувьд гаргасан гомдолд тусгасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Эдгээр нөхөн төлбөрүүд тухайн жолоочийн гэм буруутай үйлдлээс болж үүссэн бодит хохирол гэж үзэж байна. Бид аавынхаа амиар мөнгө хийхийг хүсэхгүй байгаа. Учирсан хохирол болон мөнгөн төлбөрөөс илүүтэйгээр сэтгэл санааны хувьд нөхөж баршгүй насан туршийн гомдол үлдэж байна. Шүүгдэгч гомдолдоо 4 жилийн ял хүндэдсэн тул хорих ялыг багасгаж өгнө үү гэж бичсэн байсан. Бүхэл бүтэн эрдэнэт хүний амь хохироочихоод ийм зүйл ярьж байгаад нь үнэхээр гомдолтой байна. Иймд түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмэгдүүлэх хүсэлтэй байна ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Хохирогч талын зүгээс 2 агуулгаар гомдол гаргасан. Сая хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх санал хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд илэрхийллээ. Өмгөөлөгчийн зүгээс 4 жилийн хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруутай үйлдэлд тохирсон тул хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт, анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учруулсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн тайлбар зөвлөмжөөс зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн гэдгээр гомдол гаргасан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр, хохирогчийн ар гэр буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэх гомдлыг гаргасан. Хавтаст хэрэгт хохирогчийн ар гэр буюу талийгаач Г.М-ын Худалдаа хөгжлийн банкнаас авсан ипотекийн зээлтэй холбоотой зээлийн гэрээ, зээлийн үлдэгдэл, холбогдох баримтыг гаргаж өгсөн. Мөн Банк бус санхүүгийн байгууллагаас авсан байсан зээлийн гэрээ, зээлийн үлдэгдэлтэй холбоотой холбогдох нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Анхан шатны шүүх уг баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх ёстой байтал баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хамт шийдвэрлэх ёстой байсан. Ипотекийн зээлтэй холбоотойгоор, зээлийн үлдэгдэл төлбөр болох 33.105.729,44 төгрөгөөс 16.481.445 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнээс үлдсэн төлбөр болох 16.009.612 төгрөгийг хохирогчийн ар гэрийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож нэхэмжилж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн өр төлбөртэй холбоотойгоор, 10.000.000 төгрөгийг зээлсэн үйл баримт байгаа. Зээлийн үлдэгдэлтэй холбоотой банк бус санхүүгийн байгууллагаас авсан тодорхойлолт хэрэгт авагдсан. Иймд Худалдаа хөгжлийн банканд төлөх ёстой зээлийн үлдэгдэл болоод Банк бус санхүүгийн байгууллагад төлөх зээлийн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамтатган тооцож, нэг мөр шийдвэрлэж өгнө үү гэх гомдлыг гаргасан...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Далайжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ц-ыг гэм буруутайд тооцож, хохирол хор уршигтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Уг асуудлыг шийдвэрлэхдээ хохирогчийн гаргаж өгсөн баримтад тулгуурлан, хүний сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоох аргачлал, журамд заасны дагуу үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бусад хохирол, гэм хорын хохирол, цаашид гарах хохирол, зардлыг иргэний журмаар шийдвэрлэх эрхийг нь нээлттэй үлдээснийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ц- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Түүний хувийн байдлын тухайд, ээж болон хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг байсан. Эхнэр нь энэ нөхцөл байдлаас болж орхиод явсан. Ц-ы зүгээс хохирогчид 20.500.000 төгрөгийн бодит хохирлыг төлсөн. Үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлдэг. Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Ц-ы ял шийтгэлийг багасгаснаар ажил хөдөлмөр эрхлэх, хохирогчид учирсан хохирлыг бодитоор төлж барагдуулах, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх нөхцөл байдал бүрдэнэ гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзсэн хэдий ч, миний зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн шалгах ажиллагааны шатаас гэм буруу дээрээ маргаагүй, маш ихээр гэмшиж байгаа байдал, түүний ар гэрийн, санхүүгийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял шийтгэлийг багасгаж, шийдвэрлэх боломжтой гэж харж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Үржинханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... М.Далайжаргал өмгөөлөгчтэй байр суурь нэг байна ...” гэв.
Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:
“... Шүүгдэгч Д.Ц-д анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шударга ёсын зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэцийн хор уршгийг тухайн үед шинжээчийн дүгнэлтээр зэрэглэл тогтоосны дагуу шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхээс хүний амь нас хохирсон тохиолдолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хор уршгийг гаргах боломжтой гэж тайлбарласан. Энэ нь үндэслэлтэй байх тул нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ц- нь 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнийн 04 цаг 25 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” зочид буудлын хойд замд “Lexus IS300h” маркийн Д- УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас “Dayun” маркийн Д- УК улсын дугаартай мотоциклийн араас мөргөж мотоциклийн жолооч Г.М-ын амь насыг хохироосон болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1xx 01/, Тээврийн Цагдаагийн Албаны Замын цагдаагийн газрын Шуурхай зохицуулалтын хэлтсийн дуудлагын: “...Байкетай хүнийг мөргөөд сэрэхгүй байна. Д- УНМ..." лавлагааны хуудас /1xx 2/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1xx 3-4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-13/, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн магадлагаа /1xx 57/, замын тээврийн осол дээр тогтоосон акт, нөхөн үзлэг /1хх 85-87/, хохирлын баримтууд /1хх 209-250, 2хх 01-04/,
цогцост үзлэг хийсэн 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-18/,
согтуурлын зэрэг шалгахад “... Шалгуулагч Д.Ц- ... Тээврийн хэрэгслийн 2927 УНН дугаар ... Спиртийн агууламж 2.916% ..." гэх хэвлэмэл хуудас /1xx 14/,
камерын бичлэгт үзлэг хийсэн 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн: “...бичлэгийн 04 цаг 28 минут 53 секунтэд зорчих хэсгийн 3-р эгнээнд мотоциклийн араас тээврийн хэрэгсэл мөргөж байгаа харагдав. Бичлэгийн 04 цаг 28 минут 54 секунтэд мотоциклтой хүн дээш шидэгдэж байгаа харагдан камерт үзэгдэхгүй болов..." гэх тэмдэглэл /1хх 20-22/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ЕГО325/6076 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “Ц- 28н” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Ц- 28н” гэж хаягласан шээсний дээжээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” /1хх 65-68/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГО225/1120 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн "8.31 04.28 БЗДүүрэг.mov" дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ. Тухайн дүрс бичлэгээс тогтоолд дурдсан автомашины хурдыг тогтоох боломжтой. "8.31 04.28 БЗДүүрэг.mov” нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн, тогтоолд дурдсан тээврийн хэрэгсэл нь хэмжилт хийсэн 7.25 метр зайг 130 км/цагаас дээш хурдтай туулсан байна...” /1хх 77-83/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0825/3038 дугаартай “М-ын Г- /РД:СМ-/-ын сэтгэцэд уй гашуугийн үеийн хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна." /1xx 95-97/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГО325/6077 дугаартай: “Шинжилгээнд "Д.Ц-” гэж хаяглан ирүүлсэн 002994367 хуруу шилний дугаартай цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна..." /1xx 103-106/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээч Ч.Эрдэмболорын 2825 дугаартай: “...Амь хохирогч Г.М-ын цогцост хүзүүний 1, 6, 7-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, нугас няцрал, тархины баруун, зүүн чамархайн дэлбэн, суурь хэсэг, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, улаан хоолой орчмын зөөлөн эдийн цус хуралт, элэг гялтан бүрхүүлд язрал, баруун бөөрний зөөлөн эдэд цус хуралт, зүүн хацар, хамар, баруун гарын эрхий хуруу, зүүн бугалга, хэвлий, баруун, зүүн өвдөг, зүүн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зам тээврийн ослын үед буюу нэг удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.5-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч нь судас хатуурал, зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчтэй байна. Хүзүүний нугалмын хугарал, нугас няцрал гэмтлийн улмаас нас баржээ. 2025.078.31 -ний өдрийн 06:00 цагийн жижүүрийн шинжээч эмчийн цогцсын гадна эгээр амь хохирогч нь нас бараад 3-4 цаг орчим болсон байжээ. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Амь хохирогч нь хоёрдугаар бүлгийн цустай байна..." /11хх 178-190/ гэх дүгнэлтүүд,
“Бест Эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн: “... Dayun-DY200GY-3 маркийн L7GYCMМ-22 арлын дугаартай УКД- улсын дугаартай тээврийн хэрэгслийн зам тээврийн осолд орсоны улмаас учирсан хохирлын үнэлгээг 3.500.000 төгрөгөөр тогтоов ..." /1хх 153-162/ ,
“Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29983 дугаартай: “Lexus IS300H маркийн М- УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийн нийт дүн 6.320.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /хх 169-170/ гэх тайлангууд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
Шүүгдэгч Д.Ц- нь согтууруулах ундаа хэрэглэсэн атлаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчин “Lexus IS300h” маркийн Д- УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км ...-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэх заалтуудыг зөрчин Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” зочид буудлын хойд замд “Dayun” маркийн Д- УК улсын дугаартай мотоциклийн араас мөргөсний улмаас мотоциклийн жолооч Г.М-ын амь насыг хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “...согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримт, гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас: “... гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болон сэтгэцэд учруулсан хохирлыг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... ” гэх,
Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-аас 20.565.700 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Ц-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлоос ипотекийн зээлийн үлдэгдэл 16.009.612 төгрөг, тээврийн хэрэгслийн зээл 10.836.503 төгрөгийг тус тус нэхэмжилсэнийг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заажээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0825/3038 дугаартай “М-ын Г- /РД:СМ-/-ын сэтгэцэд уй гашуугийн үеийн хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна." гэх дүгнэлтийг гаргасан ба анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 15,840,000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Шүүгдэгч Д.Ц-ы согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон нь хоорондоо шалтгаант холбоотой байх учир хохирол, хор уршгийг шүүгдэгч бүрэн хариуцах шаардлагатай.
Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” аргачлалын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүх тогтооно.” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг (792.000х150=118.800.000 төгрөг) тооцож олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялуудаас шүүх Д.Ц-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг ноцтойгоор /хэргийн газарт драгер багажаар тогтоосон согтуурлын зэрэг өндөр хэт өндөр буюу 2.916% тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтээр 7.25 метр замыг 130 км/ц хурдтай туулсан/ зөрчиж, Г.М-ын жолоодож явсан мотоциклийн араас мөргөж түүний амь насыг хохироосон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шудрага ёсны зарчим болон 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.
Иймд шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Ц- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 79 /далан ес/ хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2826 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
6 дахь заалтад “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-аас 20,565,700 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Ц-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэснийг,
“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-аас 123.525.700 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Ц-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай ...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц- нь 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 79 /далан ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ