Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1145

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2018        08          09                                   2018/ШЦТ/1145

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Улсын яллагч А.Сайнбаяр,   

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 1706036121059 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойн 661 тоотод оршин суух Ц.Ариунаагийн эзэмшлийн авто гражийн цоожийr эвдлэн нэвтэрч варенье, чихэр зэрэг 965.000 төгрөгийн хүнсний зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ц.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Нарантуул зах дээр лангуу түрээсэлж хүнсний худалдаа эрхэлдэг юм. Тэгээд өөрийн бараанаас заримыг нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойн 661 тоотод байх гараждаа агуулах маягаар хадгалдаг. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үдээс хойш манай хойд айлын залуу утсаар яриад гаражид чинь хулгай орсон юм шиг байна гэж зээ хүү чинь ирж хэллээ гэсэн. Тэгэхээр нь очоод үзтэл гаражийн хаалганы цоож нь эвдэрчихсэн, хаалганы цүүг нь тогтоосон мод хугарчихсан, гараж дотроос 48 блоктой 288 ширхэг варенье, поп чихэр 12 уут, иштэй чихэр 32 уут алдагдсан байсан. Тухайн үед охин Алтанзултай хамтран амьдарч байсан Б гэдэг залуу ирээд гаражийн ойролцоо явж байсныг зээ хүү маань харсан байсан. Манайд байнга хонож өнжөөд байдаг байснаа өмнөх өдөр нь ирж хоноогүй юм. Манай гараж 2 цоожтой байсан. Хаалганд нь ямар нэг зай завсар байгаагүй. Б цоожийг нь эвдлээд орсон байсан. Би алдсан зүйлээ нэхэмжилж байна. Нэг ч төгрөг барагдуулаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 15/

 

Өсвөр насны гэрч Ж.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Өвөл би хичээлээ тараад гэртээ ирээд хажууд талын хашааны айлд ороод тоглож байгаад гэртээ орсон чинь Чимгээ эгч жижиг өрөөнд согтуу унтаж байсан. Тэгээд би гэртээ байж байхад хашаан дотор нохой хуцаад байсан. Цонхоороо харсан чинь хашааны үүдэнд машин ирээд зогсчихсон манай хашаан дотор гражын ойролцоо Баатка ах харагдаж байсан. Тэгээд би цонхоороо харахгүй байж байгаад буцаад цонхоороо харсан чинь хүн харагдахгүй байсан. Тэгэхээр нь гараад харсан чинь гражын хаалга хаалттай цоож нь эвдэрчихсэн, хашааны хаалганы мод нь жоохон эвдэрчихсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16/

 

Арвижих эстимейт ХХК-ийн 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 01/80 дугаартай:

Варень класик /Монтуул сервис ХХК-д үйлдвэрлэсэн/ 288 ширхэг *2.500 төгрөг, нийт 720.000 төгрөг, Крем поп /импортын иштэй чихэр/ 12 ширхэг *9.750 төгрөг, нийт 117.000 төгрөг, Воом /импортын модон чихэр/ 32 ширхэг *4.000 төгрөг, нийт 128.000 төгрөг. Нийт дүн 965.000 төгрөг гэх дүгнэлтийн тайлан /хх-ийн 20/

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Гачууртад варенаа гражид буулгаад 268 ширхэг варенийг гражын дотор талд нь хаалганы хажууд үлдээсэн. Тэгээд машиныг явсаны дараа би гражын дотор талд нь үлдээсэн байсан 268 ширхэг варенийг гражийн  хаалгыг татаж зай гаргаж байгаад гараа оруулаад авсан. Би авсан зүйлсээ зам дээр зөөж гаргаад такси барьж явахдаа ихэнхийг нь таксины жолоочид 400 гаруй мянган төгрөгөөр зараад, үлдэгдлийг нь Улиастайн эцсийн нэг дэлгүүрт 300 гаруй мянган төгрөгөөр зарсан. Тэр дэлгүүрээ одоо мэдэхгүй байгаа юм. Тэгээд мөнгөө нууж байгаад эхнэртээ хүнээс зээлсэн гэж хэлээд нийтийн байр түрээсэлсэн. Би ганцаараа хулгайлсан. /хх-ийн 37-38/

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 11-12/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс:

-Б.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь бусдын өмчлөлийн агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, өсвөр насны гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулаагүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдууллаа.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлж, түүний цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид төлж барагдуулаагүй учраас шүүгдэгчээс 965.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Ариунаад олгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.Быг хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бт дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон жаран долоо хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 965.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Ариунаад олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын  09-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн доторНийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ