| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2308 01726 1619 |
| Дугаар | 2026/ДШМ/246 |
| Огноо | 2026-03-04 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2026/ДШМ/246
2026 03 04 2026/ДШМ/246
Ч.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Батгэрэл,
хохирогч Ө.О-, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн,
шүүгдэгч Ч.М-, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2670 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ч.М-т холбогдох 2308 01726 1619 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
С- овогт Ч-гийн М-, ......, ял шийтгэл эдэлж байгаагүй /РД:ГЧ-/.
Шүүгдэгч Ч.М- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д /машин механизм тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх/ гэсэн заалтыг зөрчсөн, цаас зүсэх зориулалт бүхий тоног төхөөрөмжийн хутгатай эргэлдэгч хэсгийн хаалт хамгаалалтыг хийгээгүй, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 02 дугаар сарын 02- ны өдрийн 10 цаг 17 минутад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Ч-" ХХК-ийн хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэрийн ажлын байран дээр иргэн Ө.О- нь цаас зүсэгч төхөөрөмжид баруун гараа хавчуулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Ч.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллах эрхийг 2 /хоёр жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллах эрх хасах хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч "О-" ХХК-аас 41,600,116 төгрөг гаргуулж хохирогчид олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын цаашид гарах хохирол болон сахиуртай холбоотой зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Хохирогчийн нэхэмжлэлээс шатахууны зардал 5,740,000 төгрөг, сэтгэцийн гэм хорд 18,208,080 төгрөг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлыг хэлэлцээгүй болохыг тус тус дурдаж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2670 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу дараах бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
Нэг. Бодит нөхцөл байдлын тухайд "О-" ХХК нь хаягдал цаасыг дахин боловсруулах цаасны үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсад цаас дахин боловсруулах анхны үйлдвэр буюу эх дэлхийдээ ээлтэй бизнесийг эрхэлж, Улаанбаатар хотын хог хаягдлыг бууруулахад зохих хувь нэмрээ оруулан Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж ажиллаж байна. Zhengzhou Leizhan Technology Paper Machinery үйлдвэрлэгчийн зааврын дагуу буюу хаалтгүй байхаар зохион бүтээгдсэн (төхөөрөмж үйлдвэрлэсэн компаниас ирүүлсэн тодорхойлолт болон техникийн үзүүлэлт 3xx 213xyу) яг тэр байдлаар нь нэг ч эд анги илүү, дутуугүйгээр зааврын дагуу угсарч, улмаар холбогдох зөвшөөрлийг авахаар төрийн байгууллагад хандсан (мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан албан бичиг 3xx 214хуу) байдаг боловч 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын “Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 417 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, чиг үүрэг, орон тоог шилжүүлэх зэрэг бүтцийн өөрчлөлттэй холбоотой ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг холбогдох албан тушаалтанд даалгасан байдаг бөгөөд уг шалтгааны улмаас мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлэх явц удаашралтай байсан, мөн мэргэжлийн хяналтын байцаагчийн зүгээс “өвлийн улиралд газардуулгын эсэргүүцлийг хэмжиж болдоггүй 04 дүгээр сараас хойш газар гэсэж эхлэхээр хэмжилт хийнэ” гэж зөвлөсний дагуу бүрдэл хангах боломжгүй байсан гэх мэт шалтгаануудын улмаас осол гарах үед Монгол Улс мэргэжлийн хяналтын албагүй болсон, мэргэжлийн хяналтын байцаагч хуулийн томьёоллоор давагдашгүй хүчин зүйл гэж тооцож болох өвлийн улиралд хэмжилт хийх боломжгүй байсны улмаас зөвшөөрөл өгч, гэрчилгээ өгөөгүй байсан билээ.
Тухайн үед төхөөрөмжийн ажиллагааг холбогдох "О-" ХХК-ийн инженер техникийн ажилтнууд 2022 оны 04 дүгээр сараас эхлэн БНХАУ-ын инженер техникийн ажилтнуудын удирдлага дор багагүй хугацаанд өөрсдөө ажиллуулж хангалттай туршсан байдаг ба алдаа доголдол илрээгүй учир өмнө нь төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай (хохирогчийн мэдүүлэг 2хх 85-86) ажилтан Ө.О-ийг түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.2.2 (1xx 96)-т заасан зохицуулалтын хүрээнд төхөөрөмж дээр ажиллуулахаар зааварчилгаа өгч ажилд нь гаргасан боловч ажилтан аюулгүй ажиллагааны зааварчилгаа, анхааруулга санамж мөрдөлгүйгээр эргэлдэж байгаа төхөөрөмжөөс илүү гарч буй цаасыг саваагаар холдуулах ёстой атал хайхрамж, болгоомжгүй үйлдэл гарган удаа дараа гараараа холдлуулж байгаад 3 дахь удаагийн оролдлого дээрээ хуруугаа хавчуулсан (камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл 1xx 10-15) харамсалтай явдал болсон. Өөрөөр хэлбэл, хохирогч Ө.О- аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан атлаа заавар мөрдөөгүй байгаа буруутайг өдийг хүртэл хэн ч харгалзан тооцож үзэхгүй байгаад гайхаж байна. Иргэн миний хувьд иргэдийн нийтлэг мэддэг учир зүйгээр тайлбарлавал зам тээврийн ослоор жолооч зам дээр тэжээвэр амьтан гэмтээсэн гэж үзвэл, миний хувьд жолоочийн хувиар автомашин жолоодож хөдөлгөөнд оролцож байхад малчин малаа хариулгатай байлгах үүргээ биелүүлэхгүй авто зам дээр мал нь явсантай ижил үйлдэл. Хохирогч О- аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөж ажиллаагүйд, малаа хариулгагүй байлгасанд жолооч намайг буруутгаж байгаатай агаар нэг. Зөвшөөрөл, гэрчилгээ аваагүй гэдэг нь жолоочийг автотээврийн хэрэгслийн татвараа төлөөгүйтэй авто ослын буруутайд тооцож байгаатай адилаар яллаж байна гэж ойлгож байна. Осол гарах үед болон дараа нь Ө.О-тэй компанийн зүгээс байнгын эргэх холбоотой байж, шаардлагатай тусламж үзүүлэн, анхаарал тавьж эмчилгээ, эм тариа, цалин болон нөхөн төлбөрт 25,598,693 төгрөг (Ө.О-ийн данс руу шилжүүлсэн баримтууд 1xx 144-155) өгсөн ба компанийн зүгээс хөдөлмөрийн чадварт нь тохирсон ажлын байр санал болгосон боловч тэрээр хүлээж аваагүй ажлаас гарсан байдаг. Гэтэл тэрээр шүүх хурал дээр “компанийн зүгээс уучлал гуйгаагүй, анхаараагүй” гэж худал мэдүүлэн бодит байдлыг үнэнээр илэрхийлээгүйд харамсаж байна. Тухайн үед болон одоо гэрчилгээ авсан байгаа нөхцөл байдлын үед ялгаагүй цаасыг ямар хэмжээтэй зүсэхээс хамааран зүсэлтээс гарч буй өөдөс цаасыг саваагаар холдуулаагүй тохиолдолд дамарт орооцолдох ба энэ нь төхөөрөмжийн алдаа биш бөгөөд цаас орооцолдох нь хаалттай байх, гэрчилгээтэй байх эсэхтэй үл хамаатай юм. Та бүхэн бодит байдалтай очиж танилцана уу. Үнэхээр буруутай гэж яллаж байгаа бол үйлдвэрлэгч хаалттай байдаггүй гэж тайлбар, тодорхойлолт ирүүлсээр атал намайг хаалт хийлгээгүй буруутай гэж яллаж байгаа нь ямар хууль ёсны зарчим бэ?,
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж заасан байна. Миний хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалж байна вэ? Үйлдвэрлэгч хаалтгүй гэсээр атал хаалалтгүй байсан нь буруутай гэх, эрх бүхий байгууллага нь мэргэжлийн хяналтыг татан буулгасан, байцаагч нар нь хөл толгойгүй, эх хязгааргүй байсан цаг үе, нөгөө талаар өвлийн улирлаас шалтгаалан хэмжилт хийх боломжгүйгээс хяналт хийж, зөвшөөрөл олгоогүйн бурууг иргэн надтай холбож байгаад би харамсаж байна, гомдолтой байна. Тодруулбал, зүсэгдэж гарч байгаа цаасны ирмэгийг ажилтан тухай бүр саваагаар холдуулаагүй тохиолдолд цаас орооцолдох нь тодорхой бөгөөд энэ нь хаалт байхаас гүй ба ажилтан орооцолдсон цаасыг саваагаар холдуулах, төхөөрөмжийг унтраах, мастстер болон механик инженерийг дуудаж орооцолдоог гаргах, ямар ч тохиолдолд гараараа хүрэхгүй байх зэрэг аюулгүй ажиллагааны зааварчилгаа, гэрээ хэлцэл, ажлын байрны тодорхойлолт, хууль тогтоомж, дүрэм журамд заасан маш чухал үйлдлүүдийг гүйцэтгэх ёстой байдаг бөгөөд хэрэв эдгээр стандартыг мөрдөж ажиллахгүй бол, санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр өгсөн зааварчилгааг дагаж ажиллахгүй бол жишээ нь энэ хэрэг шиг төхөөрөмж рүү ямар нэг зүйл болон гар хурууг хийсэн тохиолдолд хавчуулагдах эрсдэлтэй учраас үүнээс сэргийлж ажилтнуудад сургалт явуулж, хувцас хэрэглэлээр хангаж, өдөр бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилд нь гаргадаг. (Ө.О- сургалтанд хамрагдаж, хувцас хэрэглэлээр хангагдаж, тухайн өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг авсан байдаг. 1xx 127, 1xx 243).
Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд гэсэн хэсгийн 3.2-т 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/14 дугаартай Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын шинжээчийн дүгнэлт: ... 2023 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн үед хохирогч Ө.О-ийг Ц.Б- гэх үйлдвэрийн операторын хамт цаас зүсэгч машин дээр ажиллах үүрэг өгснөөр Ө.О-, Ц.Б- нар нь "Аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт тусгасан, хөдөлгөөний ба эргэж буй эд ангиудад гар хүрэхгүй байх, гар хөлөө хавчуулах .. илэрсэн доголдол, зөрчлийн талаар холбогдох удирдах ажилтан, механик инженерүүдэд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авч аюулгүй байдлыг бүрэн хангуулна... гэсэн зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурсан байна. ... Тухайн осол гарсан өдөр цаас зүсэх машины эргэлдэгч хутгатай хэсэгт хаалт хамгаалалтгүй байснаас дамарны хоёр захаар зүсэгдсэн нарийн цаас дамартай орооцолдсоныг хохирогч Ө.О- баруун гараараа татаж авах гэж байгаад хуруунуудаа тасдуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн ажилтны үүргээ биелүүлээгүй байна ..." гэжээ. Ийнхүү зааварчилгаа авсан атлаа зааварчилгаа аваагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн төлөө ажил олгогчийн төлөөлөл намайг буруутган, яллаж байгаа нь ямар үндэслэлтэй вэ.
Түүнчлэн дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд гэсэн хэсгийн 3.2-т 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/14 дугаартай Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын шинжээчийн дүгнэлт: ... "О-" ХХК ас зүсэх машины бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цаас зүсэх машины эргэлдэгч хутгатай хэсэгт хаалт, хамгаалалт хийгээгүй .. осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэжээ. Zhengzhou Leizhan Technology Paper Machinery үйлдвэрлэгчийн зааврын дагуу буюу хаалтгүй байхаар зохион бүтээгдсэн (төхөөрөмж үйлдвэрлэсэн компаниас ирүүлсэн тодорхойлолт болон техникийн үзүүлэлт 3xx 213), яагаад үйлдвэрлэгчийн машин механизмыг техникийн үзүүлэлт, стандартын дагуу ашиглаж байхад стандарт бусаар “монголчилоогүйн” төлөө, машин механизмыг стандартын дагуу ашигласны төлөө хаалт хийсэнгүй, хамгаалалт хийсэнгүй осол гарах нөхцөл бүрдүүллээ гэж дүгнэсэн байна вэ?,
Шүүх хэргийг бүх талаас нь бодитойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл. Хэргийн бодит байдлыг тогтоох гэсэн хэсэгт “1. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. 2. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нехцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. 4. Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь котлуулахаар шаардахыг хориглоно.” гэж заажээ. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд гэсэн хэсэгт ...Шүүгдэгч Ч.М-ын яллагдагчаар мэдүүлсэн “.. Надад тогтоолтой холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрч байна..." хэмээх мэдүүлгээр гэм буруутайг тогтоож байна вэ. Энэ ослын тухайд 2 удаа хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн.
Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй хэдэн иргэн байна вэ? Хөдөлмөрийн зааварчилгааraa биелүүлээгүйгээс гараа хавчуулан хуруугаа гэмтээснээс учирч болох хор хохирлын талаар шүүгч хүн ч гэсэн иргэн хүний хувьд бодитойгоор дүгнэлт хийгээсэй гэж хүсч байна. Ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас осол гарсан атал осол гарах шалтгаан байцаагчаас зөвшөөрөл авч, дүгнэлт гаргуулах байсан гэж шалтгаант холбоог тогтоож байгаа нь үндэслэлгүй юм. Ажилтан зааварчилгаа дагаж, стандарт сахин ажиллах ёстой гэдгийг анхаарч үзнэ үү. Мөн шийтгэх тогтоолд "шүүх гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ... шүүгдэгч М-ын хувьд мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг холбоглох баримт авагдаагүй байх тул бусад тодорхой эрх болох хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар /гүйцэтгэх удирдлага/ ажиллах эрхийг хасах нь зөв байна. ... Ч.М-ын хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай нгийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв гэжээ. ... “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн ялаас их л гэм буруутай байж дээд хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулиас дунджаас их буюу 10.000 нэгжээр торгуулж байгаа нь миний гэм бурууг тогтоосон хэм хэмжээ гэж ойлгож болох уу.
Миний бие хуулийн мэдлэггүй тул Монгол улсын ямар хуульд хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллах эрх гэж зааж өгснийг ойлгохгүй байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Өмнө нь шүүхийн тогтоолоор хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах эрх хассаныг прокурор хуулиар зохицуулаагүй ял хэрэглэсэн нь буруу гэж эсэргүүцэл бичиж маргасан гэж ойлгосон. Энэ удаа хуулийн этгээдийн үйл ажиллаагаа явуулах эрх хасах нь хуулиар зохицуулсан эсэхийг тодруулах нь энэ үндэслэлээр гомдолд дурдаж байгааг хүлээн авна уу.
Хоёр. Гэм буруугийн тухайд, энэхүү гэмт хэргийн үйлдэл, эс үйлдэхүй болон үр дагавар хооронд шалтгаант холбоо, объектив хамаарлыг бодитой тогтоож нотлоогүй байдаг. Өөрөөр хэлбэл “О-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.М-ыг ялласан хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т "машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх" заалтыг зөрчсөн эс үйлдэхүйгээс шалтгаалан осол гарсан гэж дүгнэсэн боловч гэрчилгээ аваагүй эс үйлдэхүй нь учирсан хор уршигтай хэрхэн шалтгаант холбоотой байгааг бодитой тогтоогүй нь шүүгдэгчийг яллаж байгаа гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа юм. Мөн гэрч, хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэг, шинжээчийн дүгнэлтээр ажилтан Ө.О-ийн дор дурдсан эс үйлдэхүй ослын шалтгаантай шууд холбоотой байсаар атал энэ талаар дүгнээгүй байдаг. Үүнд:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйл. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй, 18.2.1-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх.", 18.2.7-т “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх.", 18.2.8-т "ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах" зэрэг хуульд заасан үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүй.,
2. Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Гэрэлчимэг, байцаагч М.Энхжаргал нарын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/14 дугаартай шинжээчийн дүгнэлтэд "... Хохирогч Ө.О- нь тухайн өдөр ээлжийн мастер Т.Б-гээс аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, гарын үсэг зурж ажилдаа гарсан байна...., "О-" ХХК-иас ажилтнуудад ажил үүргээ гүйцэтгэх үед хэрэглэх ажлын хувцас хэрэгсэл олгосон байна...., хохирогч нь хуруунуудаа тасдуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д зааснаар өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх ажилтны үүргийг биелүүлээгүй байна..., " гэж шинжээчийн дүгнэлт нь тухайн ажилтны үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй (1xx 243);
3. Ө.О-ийн ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэг хэсэгт "... эргэх механизмаас ямагт болгоомжилж горим зааврын дагуу гүйцэтгэх...., дамжлагад саатал илэрсэн тохиолдолд богино хугацаанд зогсоож удирдлагад мэдэгдэх..., аюултай нөхцөл үүссэн тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэхийг хориглоно... хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу арга хэмжээ авах..., өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх..." гэж тус тус заасны дагуу STOP товчийг дарж унтраагаад удирдлагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй (1xx 83-89);
4. "О-” ХХК-ийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаанд "... эргэж байгаа эд ангиудад хүрэхгүй байх, гар хөлөө хавчуулах, хувцсыг эргэлдэж буй эд ангиудад орооцолдуулах, бүдрэх, нүхэнд унах зэргээс сэргийлж, аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй ажиллах.... тоноглолд илэрсэн доголдол, зөрчлийн талаар холбогдох ерөнхий инженер, цахилгааны инженерүүдэд мэдэгдэж, засвар үйлчилгээг хийхдээ аюулгүй байдлаа хангаж, тоног төхөөрөмжийг бүрэн унтраана..., машин тоног төхөөрөмжийн эргэлттэй эд анги, хурц ирмэгтэй зүйлс, хэт халуун гадаргууд гараар хүрэхийг хориглоно... " гэж тус тус заасны дагуу эргэлдэж байгаа эд ангид гараараа хүрэхгүй байх нь тухайн ажилтны ажиллах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй (1xx 121);
5. "О-” ХХК-ийн үйлдвэрийн албаны цаас зүсэгч дээр ажиллах аюулгүй ажиллагааны аврын 3.5-д "...цаас зүсэх шугам дээр ажиллах байх үед эргэлдэж буй эд ангид хүрэх, цэвэрлэгээ хийхийг хориглоно.." 3.6-д "... тоног төхөөрөмж ажиллаж байхад гэмтэл гарвал түр зогсоох товч STOP/-ийг дарах мөн заавал бүрэн унтрааж байх...” гэж заасны дагуу унтраах үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүй (1xx123),
6. "О-” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмын 4.7.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, заавар, үйлдвэрлэлийн технологийн горимыг чанд мөрдөх”, 4.7.4-т “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу арга хэмжээ авах" гэж заасныг биелүүлээгүй эс үйлдэхүй (1xx182);
7. Ө.О-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-нд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.2.5-т “... Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, галын аюулаас сэргийлэх талаар гаргасан хууль тогтоомж, дүрэм журам, заавар зөвлөмжийг сахин биелүүлэх...", 8.3.1-т "Шууд удирдах албан тушаалтны заавар зөвлөгөө, үүрэг даалгаврыг үндэслэлгүйгээр үл ойшоох, хайхрамжгүй хандах, үл биелүүлэх, буруу биелүүлэхийг хориглоно...” гэж тус тус заасны дагуу сургалтад хамруулж, өдөр бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөөр байтал хайхрамж, болгоомжгүй хандаж зааврын дагуу ажиллаагүй эс үйлдэхүй (1xx 94); Тодруулбал, Ө.О- нь ажил үүргээ гүйцэтгэхдээ эргэлдэж буй тоног төхөөрөмжид саатал, доголдол илэрсэн тохиолдолд ослоос урьдчилан сэргийлэх, зааврын дагуу арга хэмжээ авч цаас зүсэгчид орооцолдсон цаасыг саваагаар холдуулах, төхөөрөмжийг унтраах, уг доголдлыг арилгах үүрэг бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх зэрэг үүргийг гүйцэтгэж, осол гаргахгүй байх бүрэн боломжтой байсан бөгөөд ийнхүү эргэлдэж байгаа төхөөрөмжид гараар хүрэхэд гараа хавчуулах эрсдэлийг тооцож урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй нь хуруугаа тасдуулсан хор уршигтай шууд холбоотой нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байхад үүнийг дүгнээгүй байдаг. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д "энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж заасан байдаг ба энэхүү хэргийн гэм бурууг бодитой тогтоогоогүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байгааг хянаж өгөхийг хүсэж байна.
Гурав. Хууль зөрчсөн шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлсэн тухайд 1. 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 444 дугаартай шинжээчийн дүгнэлтийн тухай (2xx 71-77) шинжээч Б.Сэргэлэн, Д.Сэвжидмаа, Т.Номинцэцэг нар нь мөрдөн байцаагчийн 3 асуултад хариулахдаа бодитой дүгнээгүй, үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, эргэлзээтэй дүгнэсэн байдаг ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.98.2-т заасан нэг гарын 4 хурууны тухай зохицуулалтыг баримталж уг үндэслэлээ дүгнэж тайлбарлаагүй нь мөрдөн байцаагчийн асуултын дагуу хариулсан гэж үзэхэд эргэлзээтэй, ойлгомжгүй байдаг. Мөн мөрдөн байцаагчийн “...хохирогчийн гуяны биеийн нийт гадаргуугийн 2-3% талбайг хамарсан сорви зэрэг нийт гэмтэл хөдөлмөрийн чадварыг хэдэн хувь алдагдуулах вэ?" гэх 2 дугаар асуултад хариулахдаа “...гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 45% алдагдуулна..." гэж дүгнээд үндэслэлээ дурдаагүй байдаг. Гэтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.13.61-д гэмтлийн улмаас их бие мөчдөд үүссэн сорвины хөдөлмөрийн чадвар алдангийг тогтоосон байдаг ба уг хүснэгтэд 45% гэх хувь хэмжээ байдаггүй ба энэ нь уг шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэдгийг нотолж байдаг. Мөн мөрдөн байцаагчийн “... хөдөлмөрийн магадлах комиссын гаргасан хөдөлмөрийн чадвар алдалт нь Эрүүгийн хуульд заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтаас ялгаатай эсэх, ялгарах уг бол ямар дүрэм журмын дагуу ялгагдах вэ?..." гэх 3 дугаар асуултад бүрэн хариулаагүй, ялгагдах эрх зүйн зохицуулалтыг дурдаагүй байдаг зэргээс үзвэл энэхүү шинжээчийн дүгнэлт бүхэлдээ Шүүх шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журам ноцтой зөрчсөн байдаг бөгөөд дүгнэлтийн дагуу хэргийг зүйлчилсэн байгаа нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчим, зөрчигдсөн бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дүгээр зүйлд заасан зарчим, 49 дүгээр зүйлийн 49.2.1-д "шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийж, тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах", 18 дугаар зүйлд 18.1-д "Шинжээчийн дүгнэлтэд дараах зүйлийг тусгана", 18.1.9-д "шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл” гэж заасныг тус тус ноцтой зөрчиж асуултын дагуу хариулаагүй, үндэслэлээ дурдаагүй нь уг дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхэд эргэлзээ төрж байна. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд гарсан эргэлзээтэй асуудлыг, түүнчлэн шүүгдэгчийн гэм буруу, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэгт оролцсон хэмжээ, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын талаар эргэлзээтэй асуудал гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг боловч шүүхээс бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, тодруулаагүй байх ба гэмт хэргийн шинж тодорхойгүй, гэм буруу эргэлзээтэй байхад эцэслэн дүгнэлгүйгээр нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2670 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээр дурдсан бодит нөхцөл байдлуудтай нийцээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул тус хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие Монгол улсын хөнгөн үйлдвэрийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа чанар стандартыг урьтал болгон ажиллаж ирсэн. Стандартаа мөрдөж, зааварчилгааг дагаж, аюулгүй ажиллагaar эрхэмлэн ажилладаг билээ. Миний өмгөөлөгч Д.Нарангэрэл нь хувийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээгээр хүлээсэн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй байгаа тул Ч.М- миний бие энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу...”,
“...Зөвхөн аж ахуйн нэгж, албан тушаалтанд үүрэг хариуцлагын талаар яригдаж байгаад гомдолтой байна. Ажилтны үүрэг мөн яригдах ёстой байх гэж бодож байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Ч.М-ыг буруутгаж дүгнэсэн асуудал үндсэндээ хоёр нөхцөл байдалд тулгуурласан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр нь хуульд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, шүүхийн гаргасан шийдвэр нь хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, бодит үндэслэлтэй байх ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд Ч.М-т дараах хоёр үндэслэлээр буруутгал хийсэн байна. Үүнд:
Нэгдүгээрт, тухайн тоног төхөөрөмж, машин механизмыг улсын байцаагчийн дүгнэлтгүйгээр, өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүйгээр ажиллуулсан гэж үзсэн. Хоёрдугаарт, тухайн тоног төхөөрөмжид шаардлагатай хамгаалалт хийгээгүй гэж дүгнэсэн байна. Гэвч “хамгаалалт хийгээгүй” гэх энэ дүгнэлт нь ямар хамгаалалт, ямар стандарт, шаардлагын дагуу хийгдэх ёстой байсан талаар тодорхой тайлбар, үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад, тухайн тоног төхөөрөмж нь үйлдвэрлэгдэхдээ ямар зориулалт, шаардлагын дагуу ашиглагдах ёстой, ямар техникийн үзүүлэлт, стандарт хангасан байх талаар тодорхой баримтууд авагдсан байдаг. Мөн улсын байцаагчийн дүгнэлт аваагүй гэх асуудлыг үнэлэхдээ ямар шалтгаанаар уг дүгнэлт авагдаагүй, уг нөхцөл байдал нь ямар хууль, тогтоомж зөрчсөнд тооцогдох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шинжтэй эсэх, эсхүл зөрчлийн шинжтэй асуудал эсэхийг тодорхой дүгнэж шийдвэрлэх шаардлагатай байсан. Түүнчлэн тухайн үйлдэл нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой эсэх, эсхүл ажилтны өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан эсэх асуудалд мөн шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангахтай холбоотой журам, зааврыг баталж мөрдүүлсэн, ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан, холбогдох сургалт, танилцуулгыг зохион байгуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг бүхэлд нь үнэлж үзвэл уг асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэх талаар эргэлзээтэй бөгөөд зөрчлийн шинжтэй байж болох нөхцөл байдал харагдаж байна. Мөн хэрэгт учирсан хор уршиг нь Ч.М-ын үйлдэлтэй шууд холбоотой эсэх, эсхүл өөр нөхцөл байдлаас шалтгаалсан эсэхийг анхан шатны шүүх бүрэн дүүрэн тодруулж, дүгнээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулгыг үзэхэд анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр гомдол гаргасан байна. Мөн хохирогч О- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, өөрийн буруугаас аюул осолд орсон гэх агуулгаар тайлбар хийж байгаа нь харагдаж байна. Гэвч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, аюулгүй ажиллагааг зохион байгуулах үүргийг ажил олгогч, байгууллагын удирдлага шууд хариуцахаар хуульчилсан байдаг. Тухайлбал, тоног төхөөрөмжийг улсын байцаагчаар хянуулж, зөвшөөрөл, гэрчилгээ авах зэрэг үүргийг ажил олгогч биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, ажил олгогч тухайн тоног төхөөрөмжийг хуульд заасан журмын дагуу хянуулж, шаардлагатай зөвшөөрөл, гэрчилгээ авсны дараа ажилтан тухайн тоног төхөөрөмжийг ашиглах, өөрт ногдох үүргээ биелүүлэх боломж нөхцөл бүрдэх учиртай. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М- анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад байгууллагын санхүүгийн нөхцөл байдалтай холбоотойгоор улсын байцаагчийн зөвшөөрөл гараагүй байхад тухайн тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулж, үйл ажиллагаа явуулж байсан талаар мэдүүлсэн байдаг. Хэрэв байгууллагын санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан ийм шийдвэр гаргасан бол тоног төхөөрөмжийг заавал улсын байцаагчаар хянуулж, холбогдох зөвшөөрөл, гэрчилгээ авсны дараа ашиглалтад оруулах ёстой байсан. Гэтэл улсын байцаагчийн хяналт шалгалт хийгдээгүй байхад тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулсан үйлдэл нь өөрөө хохирогчийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, улмаар түүнийг аюултай нөхцөл байдалд оруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Үүний улмаас хохирогч хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдах хэмжээний хүнд гэмтэл авсан нөхцөл байдал тогтоогдсон. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар дотоод хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргийг ажил олгогч хэрэгжүүлэх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М- тухайн үйлдвэр дээрээ дотоод хяналт хийж байсан нөхцөл байдал тогтоогдохгүй, харин энэ талаар мэдэхгүй гэх агуулгатай тайлбар өгсөн байдаг. Энэ нь ажил олгогчийн хувьд хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй болохыг харуулж байна. Иймд анхан шатны шүүхээс М-ын хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, тоног төхөөрөмжийг улсын байцаагчаар хянуулалгүйгээр ашиглалтад оруулсан, мөн шаардлагатай хаалт, хамгаалалт хангаагүй үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Энэ талаар шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байдаг. Хохирол, төлбөрийн асуудлын тухайд шүүгдэгчийн гомдолд эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсан нь үндэслэлгүй гэсэн агуулга дурдагдсан байна. Гэвч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч 8 удаагийн хагалгаанд орж, удаа дараа эмчилгээ хийлгэж байсан нь тогтоогдсон бөгөөд энэ хугацаанд нийт 11 сая 600 мянган төгрөгийн эмчилгээний зардал гарсан талаар холбогдох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг 30 сая төгрөгөөр тооцож гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хохирогч нь 3 хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эх бөгөөд хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуульд төрийн байгууллага, албан тушаалтнууд шийдвэр гаргахдаа хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд харгалзан үзэхээр заасан байдаг. Мөн О- ХХК-ийн зүгээс хохирогчийг дахин ажиллуулах, ажиллах нөхцөл боломжоор хангах талаар бодит арга хэмжээ аваагүй, улмаар тодорхой хугацаанд ажилгүй байлгасан нөхцөл байдал тогтоогдсон тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор гомдол гаргасан байна. Хэрэгт хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан бөгөөд эхний дүгнэлт нь хагалгаанд орохоос өмнөх үеийн нөхцөл байдлыг, хоёр дахь дүгнэлт нь хагалгаанд орсны дараах нөхцөл байдлыг тус тус дүгнэсэн. Иймд хохирлын зэрэг нь өөр өөрөөр дүгнэгдсэн нь эмчилгээ, хагалгааны явцтай холбоотой бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч нь зөвхөн гарын гэмтэл бус биеийн бусад хэсгээс арьс авч нөхөх зэрэг нийт 8 удаагийн хүнд хагалгаанд орсон бөгөөд үүний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан байна. Иймд М-ын гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлтэй танилцсан. Мөн гомдолд дурдагдаагүй боловч шүүхийн тогтоолд хохирол, хор уршигтай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа тул энэ талаар дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгчид ял оногдуулахдаа өмнөх практикт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байсан бол одоо торгох ял оногдуулах байдлаар шийдвэрлэж ирсэн. Шүүхийн тогтоол нь хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэр бөгөөд уг тогтоолын үндэслэлд маргах зүйлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Харин хохирол, хор уршигтай холбоотой хэсэгт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайн үед холбогдох аргачлал батлагдаагүй байсан тул үнэлэх боломжгүй гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн байдаг. Магадлалд мөн адил энэ агуулгаар дүгнэлт хийсэн байна. Гэвч өмгөөлөгчийн зүгээс дараах байдлаар хууль зүйн үндэслэлтэйгээр үнэлэх боломжтой гэж үзэж байна. Тодруулбал, Шүүх шинжилгээний тухай хууль 2022 онд батлагдаж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн холбогдох зохицуулалтад сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөх аргачлалыг хэрэглэх боломжийг мөн тусгаж өгсөн байдаг. Энэ хүрээнд шинжээч 2024 онд дүгнэлт гаргахдаа холбогдох аргачлалыг баримталж, сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлд хамааруулан дүгнэсэн. Уг дүгнэлтийг 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Улсын дээд шүүхээс баталсан 25 дугаар аргачлалыг баримтлан гаргасан байна. Иймд уг дүгнэлтийг хууль зүйн хувьд үнэлэх боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлт нь 2024 онд гарсан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүх шинжилгээний тухай хууль болон холбогдох аргачлалд үндэслэн гарсан тул сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тиймээс тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн үе буюу 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 505,000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлж тооцон нийт 12,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар шүүх бүрэлдэхүүнд санал гаргаж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн тогтоолын үндэслэлийн талаар тайлбар гаргаж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1 дүгээр зүйл, мөн тоног төхөөрөмжийг улсын байцаагчаар хянуулж, холбогдох гэрчилгээ авах талаар заасан зохицуулалтыг үндэслэн дүгнэлт хийсэн байна. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын хөндлөнгийн дүгнэлтийг үндэслэн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж шүүхийн шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хамгаалалт, хаалт хийгдээгүй, тухайн нөхцөл байдал нь ажилтны буруутай үйлдлээс болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, харин хохирол, хор уршгийн хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэв.
Хохирогч Ө.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэмтсэнээс хойш өнөөдрийг хүртэл байнгын эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байна. Мөн шүүгдэгч М-ын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан дараах тайлбарыг хэлэхийг хүсэж байна. Миний хувьд гэмтэл авснаас хойш өнөөдрийг хүртэл компанийн зүгээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Мөн надад нэг ч удаа ажлын санал тавьж байгаагүй. Харин ажлын байран дээрээ очиход Хүний нөөцийн захирал Чулуунбаатар гэх хүн намайг дуудаж уулзаад, ажлаасаа халагдах өргөдлөө өг гэсэн дарамт үзүүлж байсан. Үүнээс хойш би өөр байгууллагад ажилд орох боломжгүй болсон. Танил, ах дүү нарынхаа ажилладаг газарт очиж ажил хийх хүсэлт гаргасан боловч миний гарын эрүүл мэндийн байдлыг харгалзан ямар ч ажилд авах боломжгүй гэсэн хариу өгч байсан. Иймд би бие махбод болон сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд байгаа бөгөөд шүүхээс энэ хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Анхан шатны шүүхээс Ч.М-ыг буруутгаж дүгнэсэн асуудал үндсэндээ хоёр нөхцөл байдалд тулгуурласан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр нь хуульд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, шүүхийн гаргасан шийдвэр нь хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, бодит үндэслэлтэй байх ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд Ч.М-т дараах хоёр үндэслэлээр буруутгал хийсэн байна. Үүнд: Нэгдүгээрт, тухайн тоног төхөөрөмж, машин механизмыг улсын байцаагчийн дүгнэлтгүйгээр, өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр ажиллуулсан гэж үзсэн. Хоёрдугаарт, тухайн тоног төхөөрөмжид шаардлагатай хамгаалалт хийгээгүй гэж дүгнэсэн байна. Гэвч “хамгаалалт хийгээгүй” гэх энэ дүгнэлт нь ямар хамгаалалт, ямар стандарт, шаардлагын дагуу хийгдэх ёстой байсан талаар тодорхой тайлбар, үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад тухайн тоног төхөөрөмж нь үйлдвэрлэгдэхдээ ямар зориулалт, шаардлагын дагуу ашиглагдах ёстой, ямар техникийн үзүүлэлт, стандарт хангасан байх талаар тодорхой баримтууд авагдсан байдаг. Мөн улсын байцаагчийн дүгнэлт аваагүй гэх асуудлыг үнэлэхдээ ямар шалтгаанаар уг дүгнэлт авагдаагүй, уг нөхцөл байдал нь ямар хууль, тогтоомж зөрчсөнд тооцогдох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шинжтэй эсэх, эсхүл зөрчлийн шинжтэй асуудал эсэхийг тодорхой дүгнэж шийдвэрлэх шаардлагатай байсан. Түүнчлэн тухайн үйлдэл нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой эсэх, эсхүл ажилтны өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан эсэх асуудалд мөн шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангахтай холбоотой журам, зааврыг баталж мөрдүүлсэн, ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан, холбогдох сургалт, танилцуулгыг зохион байгуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг бүхэлд нь үнэлж үзвэл уг асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэх талаар эргэлзээтэй бөгөөд зөрчлийн шинжтэй байж болох нөхцөл байдал харагдаж байна. Мөн хэрэгт учирсан хор уршиг нь Ч.М-ын үйлдэлтэй шууд холбоотой эсэх, эсхүл өөр нөхцөл байдлаас шалтгаалсан эсэхийг анхан шатны шүүх бүрэн дүүрэн тодруулж, дүгнээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна ...” гэв.
Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:
“... Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татдаг журамтай. Энэ хэрэгт мөн адил хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн 444 дугаартай дүгнэлттэй холбогдуулан тайлбар, маргаан гаргаж байгаа. Харин прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасныг үндэслэсэн. Уг зүйлд машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, нэвт суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж, зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх шаардлагатай гэж заасан байдаг. Гэтэл “О-” ХХК нь үйлдвэрлэл эрхлэхдээ хөдөлмөрийн улсын байцаагчаар хянуулж, дүгнэлт гаргуулж, зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Үүний улмаас хохирогч О- эргэлдэгч машинд хуруугаа зүсэж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан нь уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцөлтэй шууд холбоотой байна. Мөн “О-” ХХК-ийн захирал М- яагаад энэ хэрэгт хариуцлага хүлээх ёстой талаар шүүгдэгч болон өмгөөлөгч нар тайлбар хийж байна. Энэ талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна гэж тодорхой заасан. “О-” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажиллуулдаг байсан бөгөөд тухайн хэрэг гарсан үед уг инженер Болд нь ээлжийн амралтаа авсан байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гэсэн хэдий ч практикт хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хэргүүд дээр аюулгүй ажиллагааны инженер байсан эсэхээс үл хамааран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-д заасны дагуу аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал буюу ажил олгогч нь шууд хариуцлага хүлээдэг. Мөн прокуророос эсэргүүцэл бичсэн талаар дурдсан. Энэ хэрэгт өмнө нь буюу 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хариуцлага оногдуулж байсан. Харин давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхдээ Монгол Улсын хуульд байхгүй зүйл заалтыг шийтгэх тогтоолд хэрэглэсэн, тухайлбал Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүхийн ажиллагаанд ноцтой зөрчил гарсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, уг шийдвэр нь гэм буруугийн асуудлыг үгүйсгэсэн биш, харин хууль хэрэглээ болон процессын зөрчилтэй холбоотойгоор хүчингүй болгосон шийдвэр байсан. Мөн гомдол болон холбогдох материалуудтай танилцсан. Одоогийн байдлаар гаргаж байгаа гомдол, хүсэлтүүд нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2670 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой асуудлын тухайд гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шаардлагагүй гэж прокурорын байгууллагаас үзэж, холбогдох хүсэлтийг хангахаас татгалзаж байсан. Харин Нийслэлийн прокурорын газраас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад прокурорын зүгээс уг асуудлыг шүүхийн хэлэлцүүлэгт нээлттэй үлдээсэн бөгөөд анхан шатны шүүх энэ асуудлыг шийдвэрт тусгаагүй гэж үзэж байна. Мөн өмнө нь өмгөөлөгч Нарангэрэл уг хэрэгтэй холбогдуулан шүүгдэгч гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа, урьдчилсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг прокурорт гаргаж байсан талаар дурдах нь зүйтэй. Түүнчлэн өмнөх анхан шатны шүүх хуралдаануудын үеэр ч прокурорын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан 92 сая төгрөгийн хохиролтой холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд гэм буруугийн асуудлыг цагаатгах байр суурийг илэрхийлж ирсэн талаар тэмдэглэж байна. Иймд прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал; гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нотолбол зохих байдлуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоож нотолсон байхыг хуульчилсан ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх ба хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэдэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.” гэж заажээ.
Хохирогч Ө.О- нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалд эм тариа худалдаж авсантай холбоотой хохирлын нотлох баримтыг гарган өгч, хэрэгт хавсаргуулсаныг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримттай харьцуулах, хянан магадлах аргаар үнэлээгүй, үндэслэл бүхий байдалд дүгнэлт хийгээгүй нь хохирлын баримт болох “Лүн ЭЭС” эмийн сангийн нийт 11.177.016 төгрөгийн баримт /2 хх 233-250, 3 хх 01-16, 29, 30-41/-ыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, нотлох баримтын шаардлага хангасан эсэх, хэрэгт ач холбогдол бүхий эсэх нь тодорхойгүй, эргэлзээ төрүүлж буй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүх хэрэг маргааныг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх үүрэгтэй.
Эмийн жорыг эмчээс эм зүйч мэргэжилтэнд хандан энэхүү стандартад заасан жорын маягт дээр тухайн өвчтөнд оношийн дагуу хэрэглэх эмийг бэлтгэх, олгох өвчтөнд хэрэглэхээр заасан баримт бичиг бөгөөд эмчилгээний зардалд эм тариа худалдаж авсантай холбоотой хохирлын нотлох баримтыг хэзээ, хэрхэн, ямар эмчид үзүүлж, ямар жороор худалдаж авсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, баримтыг олж авсан эх сурвалжийг заагаагүй бол дангаараа нотлох баримт болох хуульд заасан шаардлагыг хангахгүй юм.
Мөн хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэнийг гаргуулж шийдвэрлэхдээ ямар нотлох баримтыг үндэслэсэн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон нөхцөл байдлыг харгалзаагүй нь дээрх үндэслэлд хамаарна.
Эрүүгийн хэрэгт цугларч, анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжуудыг ялган зааглаж улмаар нягт, бүрэн, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсний эцэст тухайн гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгаа, эсхүл гэмт хэргийн шинжтэй нотлогдсон боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нэгтгэн дүгнэсэн байх зайлшгүй шаардлагатай.
Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт анхан шатны шүүхээр шинжлэн судлаагүй, нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна.
Тус шүүхийн өмнөх магадлалд эдгээр нөхцөл байдлын талаар тусгаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон ба уг магадлалд тодорхой заасан үндэслэлийг хэрэгжүүлээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлд заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.” гэх заалтыг зөрчинө.
Хохирлын хэмжээг нэг мөр дүгнэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой ба анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй” гэж заасан үндэслэлд хамаарч байх тул хүчингүй болгож, шүүгдэгч Ч.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Ч.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2670 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ч.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ