Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 712

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бадраа овогт Ойдовын Баянсанд холбогдох эрүүгийн “1811024710832” дугаартай, 186/2018/0684/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 32 дугаар гудамжны    59-А тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Бадраа овогт Ойдовын Баянсан /РД:ВП81052518/,

 

Холбогдсон хэргийн талаар;

О.Б нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богины 401 тоотод хамтран амьдрагч Н.Мандуухайг зодож биед нь зүүн хацар, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүү, эрүү цээжний зулгаралт, цус хуралт бүхий бүхий эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүгдэгч О.Б нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...Шүүх хуралдаанд мэдүүлэг  өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна, прокуророос  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна хохирогчтой  эвлэрсэн гэв.

 

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Н.Мандуухайгийн:..би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш Ойдов овогтой Баянсан гэх хүнтэй хамтран амьдарч байгаа. О.Б нь манайд амьдардаг. Анх О.Бтай 2017 оны 11 дүгээр сарын 20-нд Мөнгөн пирамид ХХК-нд оёдолчингоор орж байхдаа анх танилцаж байсан Тэрнээс хойш дотно харилцаатай болоод хамтран амьдарч эхэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Мөнгөн Пирамид ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал О.Бгийн гар утас нь дугархаар нь аваад ярьтал нэг эмэгтэй хүн залгасан байсан. Би тэр хүнээс чи хэн бэ гэж асуусан чинь нөгөө хүн маань би эхнэр нь байна гэж хэлэхээр нь гар утсыг нь салгачихсан. Би О.Бгийн гар утсыг нь аваачиж өгөхдөө танай эхнэр чинь гэж эмэгтэй залгаад байна, би чиний эхнэр биш юм уу гэж хэлээд тэрнээс болж  бид хоёр хоорондоо маргалдсан. О.Б чи үхсэнээ хийж хүний гар  утсыг аваад байгаа юм бэ гэж надруу уурлаад, миний зүүн хацар, чихний хэсэг, хүзүү, эрүү хэсэг рүү 7-8 удаа алгадаж, миний өмсөж байсан цамцны захаар миний хоолойг боосон. Би өөдөөс нь эсэргүүцэж байж арай хийж салгачихаад, ажил тарахаар нь цагдаагийн байгуулагад ирж өргөдөл гаргасан гэх мэдүүлэг. /хх 7-8/ ,

  2.2. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10719 тоот актын: 

1. Мандуухайгийн биед зүүн хацар, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүү, эрүү, цээжний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт. /хх-13/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10719 тоот дүгнэлт /хх-13/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/, шүүгдэгч О.Баясангийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-22/, гэр бүлийн лавлагаа /хх-23/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-24/, шүүгдэгч болон хохирогч нар эвлэрсэн тухай баримт /хх-32/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  зэргийг шинжлэн судлалаа.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богины 401 тоотод хамтран амьдрагч Н.Мандуухайг зодож түүний биед  зүүн хацар, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүү, эрүү цээжний зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Мандуухайгийн:...би О.Бгийн гар утсыг нь аваачиж өгөхдөө танай эхнэр чинь гэж эмэгтэй залгаад байна, би чиний эхнэр биш юм уу гэж хэлээд тэрнээс болж  бид хоёр хоорондоо маргалдсан. О.Б чи үхсэнээ хийж хүний гар  утсыг аваад байгаа юм бэ гэж надруу уурлаад, миний зүүн хацар, чихний хэсэг, хүзүү, эрүү хэсэг рүү 7-8 удаа алгадаж, миний өмсөж байсан цамцны захаар миний хоолойг боосон. Би өөдөөс нь эсэргүүцэж байж арай хийж салгачихаад, ажил тарахаар нь цагдаагийн байгуулагад ирж өргөдөл гаргасан гэх мэдүүлэг. /хх 7-8/, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10719 тоот актанд 1. Мандуухайгийн биед зүүн хацар, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүү, эрүү, цээжний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт. /хх-13/, болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Н.Мандуухай нь шүүгдэгч О.Бтай эвлэрсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх  шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус  тус дурьдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бадраа овогт Ойдовын Баянсанг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч О.Бг  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ