| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2503 00000 1020 |
| Дугаар | 2026/ДШМ/256 |
| Огноо | 2026-03-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2026/ДШМ/256
2026 03 05 2026/ДШМ/256
Ж.Ө-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүтэй,
шүүгдэгч Ж.Ө-, түүний өмгөөлөгч С.Гангантөгс,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2880 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Ө-, түүний өмгөөлөгч С.Гангантөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ж.Ө-т холбогдох 2503 00000 1020 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Ж-гийн Ө-, ......., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:ЗЖ-).
Шүүгдэгч Ж.Ө- нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн баруун замд “Toyota Vellfire” маркийн Ж- УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Х-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ж.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б- овогт Ж-гийн Ө-ыг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ө-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгийн торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үндсэн ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хохирогч Б.Х- нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Ө-ын өмгөөлөгч С.Гангантөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дурдсан хэрнээ бодитоор хэрэгжсэн зүйл байхгүйд гомдол гаргасан. Гэм буруугийн хувьд шүүгдэгч маргаагүй, харин нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нь хамгийн дээд хэмжээ байсан. Тиймээс эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хөнгөрүүлж өгнө үү. Учир нь шүүгдэгч Ж.Ө-ын ард 7-12 насны хүүхдүүд болон 15 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодон ар гэрээ тэжээж авч явдаг байсан. Энэ хүн гурван жил тээврийн хэрэгслээ жолоодохгүй байснаараа ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлаж байна гэж үзэж байна. Тиймээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ж.Ө- тус шүүх хуралдаанд “...Өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна.” гэв.
Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Ө-т холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар явган хүний гарц дээр явган зорчигчийг мөргөсөн үйл баримт тогтоогдсон. Иймд шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тодорхой байх зарчим, мөн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлүүлэх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Ө- нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн баруун замд “Toyota Vellfire” маркийн Ж- УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Х-г мөргөж, түүний эрүүл мэндэд нь баруун эгэм ясны далд хугарал, дух, зүүн хацар, бугалга, баруун ташаанд цус хуралт, баруун ташаа, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Х-гийн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед нурууны бариа Хүүхдийн урлан бүтээх төвийн хойд талд хийлгэчхээд Төв шуудангийн тэнд байдаг шүдний эмнэлэг орох гээд явж байх замдаа Сүхбаатарын талбайн баруун талын замаар баруунаас зүүн тийш тал руугаа чиглээд зам хөндлөн явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд явж байхад 1, 2-р эгнээний машин надад зам тавьж өгсөн. Тэгээд би 3-р эгнээнд ирэх үед миний зүүн гар талаас нэг машин ирээд мөргөх шиг болсон. Тэгээд би хэсэг ухаан балартаад байж байтал нэг хүн манай ээжтэй ярьж байгаа бололтой “танай охиныг машинаараа мөргөчихлөө” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би машинд мөргүүлсэн гэдгээ ойлгосон. Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд баруун эгэм ясны хугаралтай байна гээд бичиг хийж өгч Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтээд хагалгаанд ороод гарсан. ...” /хх 13/ гэсэн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн СХД0725/252 дугаартай “...Б.Х-гийн биед баруун эгэм ясны далд хугарал, дух, зүүн хацар, бугалга, баруун ташаанд цус хуралт, баруун ташаа, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” /хх 24-26/ гэх дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №0001283 дугаартай “...Жолооч Ж.Ө- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Х- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” /хх 69/ гэсэн магадалгаа,
2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 16:33:27 цагт Ж- ...машины жолооч хүн мөргөсөн гэх дуудлагын лавлагаа /хх 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 8-9/, шүүгдэгч Ж.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 78/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
Анхан шатны шүүхээс Ж.Ө-ыг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөрийг барагдуулсан нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин шүүгдэгч Ж.Ө-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болж чадаагүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж, 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж заасан байна.
Шүүх ял шийтгэлийг сонгон оногдуулахдаа тогтоосон санкцаас хамгийн урт хугацаагаар ялыг хэрэглэх нөхцөл байдал тогтоогдсон талаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, уг ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг тухайн хэргийн бодит байдалтай холбон шийдвэртээ тодорхой дүгнэх ёстой.
Гэтэл шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Ж.Ө-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж хуульчилсан бөгөөд шийтгэх тогтоолын 4 дэх заалтад хуульд зааснаас өөрөөр бичсэн байгааг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ж.Ө-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага буюу хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч, хохирол төлбөрийг барагдуулсан нөхцөл байдал, иргэний нэхэмжлэгчид төлбөрийг төлсөн, анх удаа болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хэмжээг багасгаж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, энэ талаар бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж шийдвэрлэв.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоол үйлдэхдээ тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөвхөн удирдлага болгож, шүүхийн шийдвэрийн хэлбэр бүтцэд хамаарах бусад заалтуудыг хэрэглээгүй буюу удирдлага хэсэгт тусгаагүй зөрчил байх тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2880 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж...” гэснийг “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж...” гэж,
4 дэх заалтын “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үндсэн ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэснийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ж.Ө-, түүний өмгөөлөгч С.Гангантөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА