| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0683/э |
| Дугаар | 713 |
| Огноо | 2018-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч Б.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Бямбадоржийн Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн “1811023380833” дугаартай, 186/2018/0683/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, ах, эгчийн хамт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 2 дугаар баг, Агуйт гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр гудамжны 18 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржигон овогт Бямбадоржийн Эрдэнэбилэг /РД:УП95042234/,
Холбогдсон хэргийн талаар;
Б.Энь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжинд согтуурсан үедээ С.Амарсайхантай маргалдан улмаар түүнийг зодож биед нь зүүн хөмсөгний гадна хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Б.Энь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..би хохирогчийн биед гэмтэл учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна дахиж гэмт хэрэгт холбогдохгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Амарсайханы:.. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд би найз Нямцэнд, Оюундарь, Хулан нарын хамт Булгийн 1 дүгээр гудамжинд сагс тоглочихоод гудамж уруудаад дэлгүүр орж ундаа авах гээд явж байтал гудамжны үзүүрт зогсож байсан үл таних залуу бид нар хоорондоо яриад явж байхад өөрийгөө хэлж байна гэж үл ойлгон манай найзууд руу гичийнүүд янханууд гээд хараасан тэгээд манай найз Нямцэнд чи эмэгтэй хүнийг хараалаа гээд тэр залуутай маргалдсан. Би Нямцэндийн хойноос очоод салгах гэхэд тэр залуугийн найз нь бололтой пиво барьсан өндөр залуу хүрээд ирсэн. Тэгээд маргалдсан залуу нь найзыгаа хараад намайг заамдаж хавирч унагах гээд байхаар нь би мэхийг нь хариулаад бид хоёр хамт газар унасан. Тухайн үед би тэр залуугийн доор нь орж унасан бөгөед бид хоёр хоёулаа боссон. Тэгээд тэр залуу газраас чулуу аваад миний зүүн хөмсөг рүү цохиж сэтэлсэн. Тэгээд цагдаа дуудтал намайг цохьсон залуу нь зугтаагаад явсан бөгөөд найз нь гэх өндөр залуу үлдээд тэр залууг цагдаа нар аваад явсан. Сүүлд пиво барьж ирсэн залуу бол намайг цохиж зодсон зүйл байхгүй. Эхлээд уг гудамжинд зогсож байсан залуу миний хөмсөг рүү чулуугаар цохьсон гэх мэдүүлэг. /хх-9/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Гүнтөмөрийн:.. 2018 оны 08-р сарын 10-ны орой манай найз Билгээ бид хоёр 32-т нийтийн байранд амьдардаг найз Пэрэнлэйгийн хамт 32-н караокед хамт пиво уусан. Тэгээд караокеноос гараад Пэрэнлэйгийн гэрт очоод тэгээд 23 цагийн орчимд Билгээ бид хоёр Пэрэнлэйгийн гэрээс гарч явсан. Тэгээд би түрүүлээд дэлгүүр ороод пиво авчихаад гараад иртэл манай найз Билгээг 4-5 хүн тойроод зогсож байсан. Билгээ нэг залуутай заамдалцсан байсан. Тэгээд би очоод та нар яадаг чацганууд вэ гэсэн чинь урдаас нэг охин ирээд ахаа тайвшир гэсэн. Энэ үед Билгээ нөгөө барьцалдсан залуугийн зүүн хөмсөг орчимд нь гараараа нэг удаа цохьсон. Тэгэад тэр хүмүүс цагдаа дуудна гээд дуудсан гэх мэдүүлэг. /хх-12/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9945 тоот актын:
1. С.Амрсайханы биед зүүн хөмсөгний гадна хэсэг мэс заслын оёдол бүхий шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна:
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9945 тоот дүгнэлт /хх-15/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/, шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 22/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Энь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжинд согтуурсан үедээ С.Амарсайхантай маргалдан улмаар түүнийг зодож биед нь зүүн хөмсөгний гадна хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Амарсайханы:.. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд би найз Нямцэнд, Оюундарь, Хулан нарын хамт Булгийн 1 дүгээр гудамжинд сагс тоглочихоод гудамж уруудаад дэлгүүр орж ундаа авах гээд явж байтал гудамжны үзүүрт зогсож байсан үл таних залуу бид нар хоорондоо яриад явж байхад өөрийгөө хэлж байна гэж үл ойлгон манай найзууд руу гичийнүүд янханууд гээд хараасан тэгээд манай найз Нямцэнд чи эмэгтэй хүнийг хараалаа гээд тэр залуутай маргалдсан...тэгээд тэр залуу газраас чулуу аваад миний зүүн хөмсөг рүү цохиж сэтэлсэн….уг гудамжинд зогсож байсан залуу миний хөмсөг рүү чулуугаар цохьсон гэх мэдүүлэг. /хх-9/, гэрч Д.Гүнтөмөрийн:.. 2018 оны 08-р сарын 10-ны орой манай найз Билгээ бид хоёр 32-т нийтийн байранд амьдардаг найз Пэрэнлэйгийн хамт 32-н караокед хамт пиво уусан….энэ үед Билгээ нөгөө барьцалдсан залуугийн зүүн хөмсөг орчимд нь гараараа нэг удаа цохьсон. Тэгэад тэр хүмүүс цагдаа дуудна гээд дуудсан гэх мэдүүлэг. /хх-12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9945 тоот актын: С.Амрсайханы биед зүүн хөмсөгний гадна хэсэг мэс заслын оёдол бүхий шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна гэсэн дүгнэлт болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч С.Амарсайхан нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Бямбадоржийн Эрдэнэбилэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбилэгт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Энь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Энь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбилэгт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ