Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1179

 

 

 

 

 

 

   2018         08          16                                  2018/ШЦТ/1179

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806061341401 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт байрлах "Баянмонгол" хорооллын урд зам дээр иргэн Г.Гантулга, Л.Дэлгэрмаа нарыг зодож, цохих өшиглөх зэргээр хүч хэрэглэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                 

                                                                            /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806061341401 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Г.Г нь хохирогч Г.Гантулга, Л.Дэлгэрмаа нарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэрт хүмүүс ирээд такси барьж өгөхөөр зам руу гарсан. Тэгээд эхнэр Дэлгэрмаа, эгч Соёлмаа, хүргэн ах Ганзориг, 2 хүүхдийн нь хамт зогсож байтал нэг машин хажуугаар өнгөрөхдөө толиороо миний гарыг цохичихсон. Тэгээд би жолоочтой нь маргалдсан. Би машины хойд хаалгыг жийж өшиглөсөн. Гэтэл нөгөө талын хойд хаалгаар Г гэж залуу бууж ирсэн. Бүгдээрээ хэрэлдэж маргаад, манай эгч хүргэн ах нар салгаж байсан. Г зууралдаж байгаад намайг цохиж унагаасан. Манай эхнэр Дэлгэрмаа миний гараас барьж байсан болохоор хамт газарт унасан. Намайг газар унасан байхад Г дээр гарч суугаад нүүрэн тус газар гараараа 4-5 удаа цохисон. Ухаан алдаад босоход нүүр цус болсон байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Г гэж залуу энэ гэмтлүүдийг учруулсан. Бид 2 согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ их согтуу байгаагүй. Надад одоо ямар нэг нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Г уучлалт гуйж эмчилгээний зардал өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

 

Хохирогч Л.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэрт хүмүүс ирээд такси барьж өгөхөөр зам руу гарсан. Тэгээд нөхөр Гантулга, эгч Соёлмаа, Сугар, хүргэн ах Ганзориг, 2 хүүхдийн нь хамт зогсож байтал нэг машин хажуугаар өнгөрөхдөө толиороо Гантулгын гарыг цохичихсон. Тэгээд жолооч нь цонхоо онгойлгоод хэрэлдээд байсан. Ард талд нь Г, эхнэр Мөнхсолонго нар 2 хүүхэдтэйгээ сууж байснаа эхнэр нь эхлээд дараа нь нөхөр нь бууж ирсэн. Тэгээд Г нөхөр бид хоёрыг түлхэж унагаасан. Босож ирээд хартал Гантулгын дээр Г гараад суучихсан нүүр рүү нь гараараа цохиж байсан. Бараг 7-8 удаа цохисон байх. Тэгээд босоод явахдаа нүүрэн тус газар нь өшиглөсөн. Гантулгын нүүр битүү цус болсон байсан. Яагаад манай нөхрийг зодож байгаа юм гэхэд Г гэх залуу миний толгой руу 2-3 удаа цохиж, гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Г гэмтлүүдийг учруулсан. Надад одоо ямар нэг нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй. /хх-ийн 20-21/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн 8626 дугаартай:

Б.Гантулгын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, 2 нүдний доод зсзхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, хамар, дагзны хуйх, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт, баруун бугалга, хоёр шуу, хэвлий, бүсэлхий, баруун гуянд цус хуралт гэмтэп тогтоогдсон. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүул мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/

 

Шүүхийн шинжилгээнин үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-
Очирын 8630 дугаартай:

Л.Дэлгэрмаагийн биед дух зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын сарвуу, баруун бугуй, баруун бугалга, зүүн шуу, бугуй, зүүн гарын эрхий хуруу зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/

 

Шүүгдэгч Г.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Би энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчтойгоо сайн дураараа эвлэрсэн. Хохирлын тал дээр ямар нэг маргаангүй болсон. Тухайн 2 хүнд хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан байдлаар хурдан шийдэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 71/

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 2-5/,

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг бүхий сиди /хх-ийн 7-8/,

-Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл,  тогтоол /хх-ийн 74-75/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 42-43, 53/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 78-79/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Гийн иргэн Г.Гантулга, Л.Дэлгэрмаа нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх учир шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хэрэгт хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогч нарын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Гийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ