| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 2538000920175 |
| Дугаар | 2026/ДШМ/11 |
| Огноо | 2026-03-18 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Д |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2026/ДШМ/11
2026 03 18 2026/ДШМ/11
Б.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Б.Даваахүү,
Яллагдагч: Б.Э,
Яллагдагчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Оюунбилэг,
Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЗ/80 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Даваахүүгийн эсэргүүцлээр Б.Эд холбогдох 2538000920175 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ховогт Б-ийн Э, 000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Х сумын Аажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Х сумын 0 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000000 /.
Б.Э нь 2022 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Х сумын засаг даргын тамгын газрын хашаанд байх буудалд байрлаж /............... / хохирогч Т.Атай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “та нар ажил хийх гэж байгаа бол хурдан хийлдээ ялтангууд минь” гэж хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд баруун тал бөмбөлөгийн дух, чамархай, зулай хэсгийг хамарсан хатуу хальс доорх цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЗ/80 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Байгалийн Эд холбогдох эрүүгийн 2538000920175 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Даваахүү эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийн үндэслэлийн тухайд: Шүүгчийн захирамжид гэрч Ц.Ц, Д.А, Ө.У нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, гэрч Ц.Огоос дахин мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан шийдвэрлэсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил гаргаагүй мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд энэ талаар хэлэлцэгдээгүй, шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурдаагүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн .. 1.3 дахь заалтад заасан “...мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэх хуулийг заалтыг удирдлага болгосон нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт хийгдсэн ямар мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар журмыг зөрчсөн талаар дурдаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэх заалтыг үндэслэл болгон хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Ц, Д.А, Ө.У нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, гэрч Ц.Огоос дахин мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Тодруулбал: Мөрдөн шалгах ажиллагааны явцад нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч Ц.Цын мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 51-55 дугаар талд,-Гэрч Ө.Угаас 2 удаа мэдүүлэг авсан бөгөөд 1-р хавтаст хэргийн 82-83 дугаар тал, дахин авсан мэдүүлэг нь 205-206 дугаар талд,
Гэрч Д.Ааас 3 удаа мэдүүлэг авсан бөгөөд
-Гэрч Д.Аын анхны мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 44-45 дугаар талд,
-Гэрч Д.Аын 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг 1- р хавтаст хэргийн 191-194 дүгээр талд,
-Гэрч Б.Аын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 203-2024 дүгээр талд,
-Гэрч Б.Огийн мэдүүлэг 1-р хх-ийн 207-208 дугаар талд тус тус авагдсан байдаг.
Дээрх мэдүүлгүүд нь тогтворгүй, өөр хоорондоо зөрүүтэй байдлыг арилгах зорилгоор гэрч, хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагаа явуулсан бөгөөд гэрч Ц.Ц, яллагдагч Б.Э нарын нүүрэлдэж өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 181-186 дугаар тал, хохирогч Т.А, яллагдагч Б.Э нарын нүүрэлдэж өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 197-201 дүгээр талд авагдсан.
Нүүрэлдүүлж мэдүүлэг авсан боловч мэдүүлгийн зөрүү арилаагүй тул прокурорын зүгээс яллах дүгнэлтийн хавсралтад “...шүүх хуралдаанд хохирогч Т.А, гэрч Б.Н, Д.А, Ц.Ц нарыг оролцуулах саналтай...” талаар тусгасан байсныг анхаарч үзэлгүй хэргийг прокурорт буцаасан байна.
Хэрэв анхан шатны шүүхээс гэрч Ц.Ц, Д.А, Ө.У, Ц.О нараас дахин мэдүүлэг авах шаардлагатай гэж үзвэл гэм буруугийн шүүх хуралдаанд гэрч нарыг биечлэн оролцуулж, мэдүүлэг авах боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/80 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Яллагдагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Эд холбогдох эрүүгийн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
1.Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “Б.Э нь 2022 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Х сумын засаг даргын тамгын газрын хашаанд байх буудалд байрлаж /,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, / хохирогч Т.Атай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “та нар ажил хийх гэж байгаа бол хурдан хийлдээ ялтангууд минь” гэж хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд баруун тал бөмбөлөгийн дух, чамархай, зулай хэсгийг хамарсан хатуу хальс доорх цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад “гэрч Ц.Ц, Д.А, Ө.У, Б.О нарын мэдүүлгүүд нь бусад гэрч нарын мэдүүлгүүдтэй харьцуулан үзэхэд зөрүүтэй, мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор гэрч нараас дахин мэдүүлэг авах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааг нэмж хийлгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл “Нотолбол зохих байдал”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэрэг гарсан байдал, 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” талаар тодруулахад ач холбогдолтой байна” гэсэн үндэслэл зааж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүгчийн уг шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.Хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаах хуулийн зохицуулалттай.
Гэтэл дээрх ажиллагааг хийлгэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Ц, Ө.У, Д.А, Б.О нарын өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор гэрч, хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагаа явуулсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 185-186, 199-201 талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.
4.Прокурор шүүх хуралдаанд хохирогч Т.А, гэрч Б.Н, Д.А нарыг оролцуулах саналтай талаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан, дээрх гэрч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдлыг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6-д заасан журмаар шийдвэрлэх боломжтой.
5.Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зөрчлийг дахин засуулахаас өөрөөр тогтоох, үгүйсгэх, үнэлэх аргагүй нөхцөл байдал хамаарах бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан гэрчүүдийн өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгах үндэслэл ийм нөхцөл байдалд хамаарахгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.”, мөн зүйлийн 15-д “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шийдвэрлэнэ.”, 16.11 дүгээр зүйлд “Нотлох баримтаар тооцохгүй байх” гэж тус тус зохицуулсны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас аль нь шийдвэрийн үндэслэл болохыг шүүх үнэлж, дүгнэн хэргийг шийдвэрлэх боломжтой.
6.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЗ/80 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Эд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.ЭРДЭНЭБАТ