Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2026/ДШМ/12

 

 

 

   Т.Сад холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Э, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч: Т.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,

Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор Т.Сад холбогдох 2538000770223 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, У овогт Тгийн С, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 1, Хөвсгөл аймгийн А сумын 0 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар 0000/.

Т.С нь шунахайн сэдэлтээр 2023 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн А сумын Х гэх газраас иргэн Х.Эын 3 тооны үхрийг хулгайлж 5,800,000 төгрөгийн хохирол, 2024 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг Х гэх газраас 19 тооны үхэр хулгайлж, үргэлжилсэн үйлдлээр иргэн Х.Эын өмчлөх эрхэд 22,300,000 төгрөгийн хохирол, нийт 28,100,000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Улаанхуулар овогт Тгийн Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Тгийн Сыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сад оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Саас 5 тооны үхрийн үнэ 9,800,000 (есөн сая найман зуун мянга) төгрөг, мал эрж хайсан зардалд нэхэмжилсэн 675,614 (зургаан зуун далан таван мянга зургаан зуун арван дөрөв) төгрөг, нийт 10,475,614 (арван сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогч Х.Эад олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийдвэр нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд ноцтой хохирлыг үүсгэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгуулах зорилгоор энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгаа болно.Үүнд:

...Тодруулбал, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хэд, хэдэн үйл баримтыг анзаарсангүй. Үүнд:

1.Таньж олуулах ажиллагаа хууль бус:

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, дэслэгч цолтой Б.Ш нь 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрч М.Гийг оролцуулан 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Таньж олуулах ажиллагаа” /хх-ийн 5-р тал/ гээчийг явуулан тэмдэглэл үйлдсэн байх боловч уг үйл баримт нь нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй. Учир нь:

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр М.Г нь гэрчээр мэдүүлэг өгсөн /хх-ийн 40-42-р тал/ байх бөгөөд тэрээр биеийн байцаалт өгөхдөө өөрийгөө “боловсролгүй” гэж мэдүүлсэн төдийгүй шүүхээс нэмэлт ажиллагаа хийх явцад бичиг, үсэг мэдэхгүй учир тухайн үед юу гэж мэдүүлснээ мэдэхгүй, мөн төрөл садангийнхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй эсэх талаар хууль сануулаагүй талаар тодорхой хэлж, мэдүүлсэн байдаг учир анхан шатны шүүхээс түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй.

Тийм атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй ...улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.” гэх тус хуулийн зарчмыг гажуудуулан монгол хэл, бичиг огт мэдэхгүй, боловсролгүй этгээд болох М.Гийн оролцсон таньж олуулах ажиллагааг нотлох баримтаар тооцсон нь үндэслэлгүй.

Мөн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “...хохирогч Х.Эын хулгайд алдагдсан гэх үхэрийн зургийг 6 дугаартай цаасан дээр хэвлэж байрлуулсан...” гэсэн нь ойлгомжгүй, нэгэнт “алга болсон үхэрийн зураг хаанаас гараад ирэв” гэдэг тун ойлгомжгүй зүйл гэдгийг онцгой анхаараах шаардлагатай.

2. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт устсан:

Хохирогч Х.Э нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...миний алдагдсан гэх 19 тооны үхэрийн 4 нь хар алаг зүсмийн түгал, бусад нь дандаа хар алаг зүсмийн бүдүүн нас нийлсэн үхэрүүд байсан...” /хх-ийн 132-134-р тал/ гэж мэдүүлсэн байх боловч, “А” ХХК-ийн хөрөнгөө үнэлгээ хийсэн “Шинжээчийн дүгнэлт”-ийн шинжээчийн тооцоолол, дүгнэлт хэсэгт “...улаан монгол... алаг шар... хүрэн алаг...цагаан алаг... улаан алаг....” гэх мэтээр хохирогчийн мэдүүлэгт дурдсан үхэрийн зүснээс зөрүүтэй үхэрүүдийн үнэ цэнийг тогтоосон байгаа нь ойлгомжгүй.

Гэвч, дээрх эргэлзээ бүхий зөрүүтэй малын зүсийг нотлон ялгах гол үйл баримт буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл”-д “...нийт 17 тооны үхрийг Samsung А-51 маркийн хувийн гар утсаар 17 кадр зураг бэхжүүлж авав” гэсэн боловч дээрх үйл баримт хавтаст хэргийн материалд авагдаагүйгээс шалтгаалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ тэдгээрийг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээг авна.” гэх зохицуулалт зөрчигдөж, 17 кадр зураг устаж үрэгдсэн байгааг онцгой анхаарч үзэхийг хүсье.

3.Хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан:

А. Хохирогч Х.Эаас мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин мэдүүлэг авахад тэрээр “...Анх би үхэрээ очиж авах гэхэд ...хажуу талд нь буу үүрсэн, цэнхэр өнгийн дээлтэй хөх өнгийн Мустанг 5 маркийн мотоцикльтой хүн байсан...” гэж хариулдаг.

Түүний мэдүүлэгт үндэслэн миний үйлчлүүлэгч Т.Сын гэрт хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад н.Б нэгжлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлд заасан нэгжлэг хийх журмыг ноцтой зөрчин, прокурорын зөвшөөрөлгүйгээр миний үйлчлүүлэгч Т.Сын гэрээс түүний өмчлөл, эзэмшлийн галт зэвсэг болох буу, цэнхэр өнгийн дээл, тохом зэргийг хураан авсан боловч энэ талаар хэрэгт аливаа байдлаар тэмдэглэл огт үйлдэлгүй, одоо дээрх эд зүйлүүд хаана байгаа эсэх нь тодорхойгүй байсаар байгаа нь маш ноцтой.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн зүгээс дээрх нөхцөл байдлын талаар тодруулан хэлсэн боловч хүлээн авч хэлэлцээгүй.

Б. Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн тасгийн Улаан- Уул сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” /хх-ийн 187-р тал/ үйлдэгдсэн байх бөгөөд тус тэмдэглэлд “...17 тооны үхрийг...Сын мал бэлчдэг бэлчээрээс прокурорын зөвшөөрлөөр хураан авах ажиллагааг...эхлүүлэв...” гэсэн байх боловч хавтаст хэргийн материалд тус үхрийг хураан авах талаар прокурорын аливаа шийдвэр, зөвшөөрөл болон эд мөрийн баримтаар тус малыг хураан авах мөрдөгч, прокурорын шийдвэр аль нь ч тус тус авагдаагүй тул уг ажиллагааг хуульд үл нийцсэн ажиллагаа гэж үзэх бөгөөд энэ мэт байдлаар тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг удаа дараа ноцтой зөрчсөн болохыг онцгой анхаарууштай.

4.Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг сайн мэдэж гэрчлэх, тус хэрэгт зайлшгүй асуугдвал зохих гэрч нарыг асуугаагүй.       

Т.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 2025 оны 6 дугаар сарын   24-ний өдөр яллагдагчаар дахин мэдүүлэг өгөхдөө “...Манай нагац эгчийн хүүхэд Б нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нүүж байсныг мэдэж байгаа. Мөн Б гэдэг хүн бас намайг эгчийнхээ малыг зарсаныг мэдэж байгаа /2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 13:06 цагт Ш-ийн Ө /Хаан банкны данс: 00000/ -тоот данс руу Б-ийн Б гэх хүнээс “maliin une” гэх гүйлгээний утга бүхий 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн тухай Хаан банкны депозит дансны хуулга хавтаст хэргийн материалд авагдсан/

Манай нутгийн У гээд залуу 2025 оны 05 дугаар сард ярихдаа би 2023 оны 10 дугаар сарын эхээр би хадмынхаа 3 шарыг хадам дүүтэйгээ тууж явсан гэж надад хэлсэн. Тэрийг хараад хүмүүс таныг хулгай хийгээд байгаа юм биш үү гэж надад хэлсэн...” гэх нөхцөл байдлыг тодорхой хэлсээр байтал түүний мэдүүлэгт дурдсан Б, Б, У гэх хүмүүсээс хэргийн бодит байдлын талаар тодруулж мэдүүлэг аваагүй нь тус хэргийг бүрэн гүйцэд, эргэлзээгүйгээр шалган тогтоосон эсэхэд эргэлзээг төрүүлдэг.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг шалган тогтоогоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сүрвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж зааж өгсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгт “мөн байх”, “магадгүй", “ярьж байсан”, “сонссон” гэх хэллэгүүд олон давтагдсан нь тэдгээр хохирогч, гэрч нар нь Т.Сыг гэмт хэрэг үйлдэж байгааг шууд биечлэн хараагүй, зөвхөн бусдын дам яриа болон өөрийн таамагт үндэслэсэн байна гэж дүгнэгддэг бөгөөд миний үйлчлүүлэгч Т.Сыг гэм бурууг үгүйсгэх хангалттай үйл баримтууд хэргийн материалд авагдсан байдаг.

...Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийг нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлууд нь миний үйлчлүүлэгчийн гэм бурууг үгүйсгэх үйл баримт болох тул ...шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Т.Сад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Т.С давж заалдах гомдолдоо: “...намайг тус шийтгэх тогтоолоор үргэлжилсэн үйлдлээр олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэнд маш их гомдолтой байна. Миний хувьд хийгээгүй хэргийнхээ төлөө ийнхүү хилс хэрэг хүлээж чадахгүй. Хэсгийн төлөөлөгч, цагдаа гэх хүмүүс нь муйхар байдлаар над руу дайрч давшлан, зарим гэрч гэх хүмүүсийг айлгаж сүрдүүлсэн, хуурч мэхлэх байдлаар хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Тодруулбал, миний өөрийн тохом, дээл, буу зэрэг эд зүйлийг н.Б хэсгийн төлөөлөгч гэрээс минь хурааж авсан атлаа тухайн эд зүйлүүдийг минь яаж шийдвэрлэсэн нь одоо хүртэл тодорхойгүй, миний хувьд эд хөрөнгөөрөө давхар хохирсон. Хуулийн хүмүүс ингэж дур зоргоороо авирлаж болдог юм уу. Миний хувьд маш их гомдолтой байна.

Хэрэгт зайлшгүй асуугдах, бодит үнэнийг мэдэх нэр бүхий хүмүүсийг хүртэл ямар шалтгаанаар асуухаас зориуд зайлсхийж, миний эрх ашгийн эсрэг шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн болохыг ойлгохгүй байна. Иймд намайг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “..........................” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.Сад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Т.С нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн А сумын Х гэх газраас иргэн Х.Эын 3 тооны үхрийг 2023 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө,  19 тооны үхрийг  2024 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө тус тус хулгайлж, түүнд 28,100,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-тзаасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг  зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсан  нь дээрх зарчмуудад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын давж заалдах гомдлын хувьд:

1.Шүүгдэгч Т.Сад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй.

 2.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн байх ба гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

3.Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх  үндэслэл тогтоогдсонгүй.

4.Таньж олуулах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагын дагуу явуулсан байх ба уг ажиллагааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

5.Хохирогч Х.Э хулгайд алдагдсан 19 тооны үхрээс 17 тооны үхрээ  буцаан авсан талаар мэдүүлсэн тул гомдолд дурдсан “...нийт 17 тооны үхрийг Samsung А-51 маркийн хувийн гар утсаар 17 кадр зураг бэхжүүлж авав” гэсэн боловч ...зураг устаж, үрэгдсэн” гэх байдлыг тодруулах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзнэ.

6.Шүүгдэгч Т.Сын гэрээс “...буу, цэнхэр өнгийн дээл, тохом”  хураан авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй учир  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдлын талаар тус шүүх дүгнэлт хийх үндэслэлгүй.

Харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт энэ талаарх гомдлоо эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч” гэх ба гэрчүүдэд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, худал мэдүүлэг өгсөн бол хүлээлгэх хариуцлагыг сануулан мэдүүлэг авсан. Түүнчлэн нэр бүхий гэрчүүдээс мэдүүлэг авахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул тэдний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутган дүгнэх үндэслэлгүй гэж дүгнэв.

8.Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах зохицуулалттайн дээр мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих асуудлууд  хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн тул гомдолд дурдсан нэр бүхий хүмүүсээс мэдүүлэг аваагүй  хэмээн эрх бүхий албан тушаалтан болон шүүхийг буруутгах үндэслэлгүй.

9.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ” гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид холбогдох хэргийг түүнд  ашигтайгаар шийдвэрлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, шүүгдэгч Т.С нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

                             ШҮҮГЧИД                                 Л.Э

                                                                               Б.СОСОРБАРАМ