Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 322

 

Т.Ш холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Ч.Ш болон түүний өмгөөлөгч Ш.Чингис, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаар цагаатгах тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 26 дугаар магадлалтай, Ч.Ш холбогдох 1925006250495 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т засвар механикийн заводод засварчин ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 23а-42 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Чийн Ш.

Ч.Ш нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг багийн Залуус хороололын 23а-42 тоот өөрийн гэртээ Ё.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ш холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Ш гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд магадлалаар …нэг бол нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн/-ийг тогтоогоогүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгээгүй мэт, нөгөөтэйгүүр 16.2 дугаар зүйлийн 1.4-д заасан ... “яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг тогтоогоогүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоол гарах ёстой байтал харамсалтай нь нотлох баримт дутуу байсан учраас нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж ойлгогдохоор хоёрдмол утга бүхий шийдвэрийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 7.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус зөрчсөн шүүгдэгчийн гэм буруутайг заавал тогтоох ёстой гэсэн байдлаар хандсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Энэ хэргийн хохирогч гэх Ё.Б нь манай гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж хэрүүл маргаан үүсгэн, өөрөө огт гэмтээгүй байж гэмтэл авсан мэтээр намайг гүтгэсэн ба гүтгэсэн болох нь бидний хооронд утсаар ярьсан бичлэг, тухайн гэмтэл нь дан ганц гэмтлийн гаралтай өөрчлөлт биш гэсэн эмчийн мэдүүлэг, тухайн гэмтэл нь сэгсрэх заамдах үед үүсэхгүй гэсэн бүрэлдхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар няцаагдахаас гадна Ё.Б нь цагдаад болон эмнэлэгт дуудлага өгсөн гэдэг нь худлаа болох нь тогтоогддог учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үнэн зөв шийдвэр байсан гэж би үздэг. Бүүр түүнчлэн анхан шатны шүүхээс намайг гэм буруутайд эргэлзээ төрөх биш, гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдсон, эсхүл Ё.Б гэрээсээ гаргахаар шаардлага тавьсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж болохоор байсан гэж үздэг.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Чингис хэлсэн саналдаа “Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгчийн ямар үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг дурдаагүй. Мөн хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар хохирогч болон шүүгдэгчийн эрх ашигт нөлөөлөх, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Ч.Шүрэнцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан бөгөөд давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцэж уг тогтоолыг хүчингүй болгосон. Давж заалдах шүүх Ч.Шийн ямар үйлдлийн улмаас Ё.Бийн биед гэмтэл учирсан болох нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Шийн гаргасан гомдлыг үндэслэн эрүүгийн 1925006250495 дугаартай хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ч.Ш холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн бодит байдал  эргэлзээгүй тогтоогүй үндэслэлээр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Ч.Шийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Анхан шатны шүүхээс Ш.Шт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсний үндсэн дээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үр дагавар нь дан ганц Ч.Шийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй болохыг зөв тодорхойлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна.

 

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, өөрөөр хэлбэл 586, 1388 дугаартай шинжээчийн дүгнэлт нь рентген зураг болон гэмтлийн эмчийн оношинд үндэслэсэн бөгөөд тус зурган дээр “...тархины судасны зураглал тодорсон энэ нь дан ганц гэмтлийн шинжтэй өөрчлөлт биш” гэсэн эмч Н.Анхзаяагийн мэдүүлэг, эмчийн үзлэгээр рентгений зургийн “...судасны зураглал чамархай хэсэгт өргөссөн” гэсэн хариуг үндэслэн тархи доргилт гэж оношилсон гэсэн эмч Д.Хэнчбишийн мэдүүлэг зэргийг дүгнэж үзвэл Ч.Шүрэнцэцэгийн “...заамдаж, сэгсэрсэн, биеэрээ түлхсэн” үйлдлийн улмаас Ё.Баярмаагийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий гэмтэл учирсан гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсэхээр байгаа тул Ш.Ш холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй, харин хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх үүрэгтэй.

Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Ч.Шийн “...цагаатгах тогтоолыг хэвээр үлдээлгэх” агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 26 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН