Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би нэхэмжлэгч Г.Отгоны нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000146026 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 1996 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд шилжин ирж н.Батаа гэдэг айлын хашаанд амьдарч эхэлсэн юм. Тухайн үед н.Хасбазар гэдэг хүний байшинд амьдарч байгаад 1998 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ээж нас барахад өөрийн төрсөн дүү нар болох н.Мөнхбаатар, н.Төгсжаргал, н.Баатар нараараа туслуулж тус сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэгт орших газарт байшин барьсан. Байшингаа барьж дуусаад өөрийн 2 охин, дүү н.Мөнхбаатар, түүний хүү н.Ганхуяг нарын хамт 1998 оноос эхлэн амьдарч эхэлсэн. 2003 онд миний бие нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр болж байшингаа түр эзгүй орхин явсан. Энэ хооронд эгч Г.Эрдэнэцэцэг Дархан-Уул аймгаас шилжин ирэхэд дүү н.Төгсжаргал АНУ явахынхаа өмнө эгчид та нар орох оронгүй бол энэ байшинд түр амьдарч бай гэж хэлсэн юм.

            Миний бие 2011 онд хүнд өвчин тусч хүндэрсний улмаас буцаад Сэлэнгэдээ ирэхэд эгч Г.Эрдэнэцэцэг нь дээрхи байшинд амьдарч байсан тул яаж яг одоо гар гэж хэлэхэв гэж бодоод байртай болтол нь гээд хашаандаа түр гэр барьж амьдарсан. Улмаар миний өвчин хүндэрч хөхний хорт хавдар туссан гэдгээ мэдэж улмаар 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хөхний хагалгаанд орсон. Гэтэл миний эгч Г.Эрдэнэцэцэг намайг өвчтэй байсан хойгуур хөөцөлдөж тус байшинг 2011 онд өөрийн нэр дээр болгож гэрчилгээ гаргуулж авсан байна. Түүгээр ч үл барам одоо энэ байшин хууль ёсоор миний өмч болсон учраас манай хашаанаас нүү гэж хөөх болсон. Байшинг өөрийн нэр дээр болгосон талаар саяхан буюу 2014 оны 10 дугаар сарын 28-29 нд мэдсэн юм.

Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн 3 дугаар хэсэг 16 тоот хашаа байшинд хууль бусаар олгосон 1317004852 дугаартай /000146026/ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Отгон шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Г.Отгон тус шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүгчийн захирамжаар хэргийг түдгэлзүүлсэн.

Хэргийг түдгэлзүүлж байх хугацаанд иргэний хэргийн шүүхээр өмчлөлийн асуудлаа эвлэрэн шийдвэрлэсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Г.Отгон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байна. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэн Г.Отгоны нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан иргэн Г.Отгоны нэхэмжлэлтэй Сэлэнгэ  аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000146026 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ж.БУРМАА