2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 193/ШШ2026/00617

 

2026             04          07                                  193/ШШ2026/00617

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, өргөө  33 дугаар байр, *******од оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, , , хаягт оршин суух, овогт ы /РД:/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 27.900.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С. /цахимаар/,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.,

Гэрч Т.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.******* нь Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27.900.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Миний бие Т.******* хариуцагч Б.тэй 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөгийг аман гэрээ хийж итгэлцлийн үндсэн дээр Б.ийн эзэмшдэг 5749999220 тоот данс руу 1 жилийн хугацаатай зээлсэн тухай үед зээлсэн төлбөрийн мөнгийг хаан банкны хугацаатай хадгаламжаас авсан бөгөөд эргэн төлөх үед хүүгийн хамт төлөхөөр хоорондоо харилцан тохиролцсон болно. Б. нь зээлсэн төлбөрийн мөнгөө тогтоосон хугацаанд төлөлгүй, шалтаг тоочин явсаар сүүлд 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр cap бүр хувааж төлөхөөр тохиролцож өөрийн гараар хүсэлтээ гаргаснаас хойш 2022 онд 4.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сард 2.500.000 төгрөгийг төлсөн өөр төлөлт огт төлөөгүй болно. Одоогоор үндсэн зээлсэн мөнгө 20.000.000 төгрөг, жилийн 18 хувийн хүү бодогдож хүү нь 14.400.000 төгрөг нийт 34.400.000 төгрөгөөс төлсөн 6.500.000 төгрөгийг хасаад үлдсэн 27.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд гэрээ байгуулагдаж 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг үнийн дүнг одоо болтол бүрэн төлөөгүй бөгөөд хохирол болгож зээлийн хүү болох 18 хувиар хохирол нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлд 6.500.000 төгрөгийг төлснийг зөвшөөрч байгаа тул 13.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс гадна хохирол болгож банкны хүүгээр тооцоход 2.430.000 төгрөг болж байгаа тул уг хохирлыг нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2019 оны 4 сараас эхлэн криптовалют буюу койны арилжааг хийж эхэлсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сард багын найз болох Т.ий төрсөн эгч болох нэхэмжлэгч Т.*******т 20.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хамтарч койны арилжаа хийх талаар саналыг тавьсан. Ингэхдээ, хэрэв бид нэхэмжлэгч Т.*******ын оруулсан мөнгөөр койны арилжаа хийж ашиг олбол ашгаа тэнцүү хувааж авья, харин алдагдал хүлээвэл алдагдлаа мөн адилхан тэнцүү хуваая гэж амаар харилцан тохиролцсон. Тэгээд нэхэмжлэгч Т.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкин дахь өөрийн 5749499386 дугаарын данснаас Хаан банкин дахь Б. миний 5749999220 дугаарын данс руу 20.000.000 төгрөгийг “койн авах” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Ингээд би уг мөнгөөр “Coinnub” болон “Complex” биржээр дамжуулан койны арилжаа хийсэн боловч койны ханш унаж. алдагдал хүлээж эхэлсэн. Би тухайн үед үүсээд байгаа нөхцөл байдлын талаар буюу койны ханшийн бууралтын талаар тухай бүрд нь нэхэмжлэгч Т.*******т хэлж, криптовалют ханшийн бууралтын талаар мэдээллийг үзүүлж байсан Гэтэл нэхэмжлэгч нь надаас хамтарч ажиллахаар оруулсан 20.000.000 төгрөгөө буцаан нэхэж эхэлсэн. Тиймд бид ашиг, алдагдлаа тэнцүү хуваахаар тохиролцсон тул би 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2.800.000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн 5749999220 дугаарын данснаас Т.*******ын Хаан банкин дахь 5749499386 дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн үед би койны арилжаагаар их хэмжээний мөнгө алдчихсан байсан учир 20.000.000 төгрөгөөс тухайн үед өөрийн хариуцах 10.000.000 төгрөгийг бүрэн төлж чадаагүй юм. Харин хариуцагч Т.******* нь 2023 оны 5 дугаар сарын 28-ний өдөр Налайх дүүргийн 4-р хороонд байрлах “Ука трейд” нэртэй 8 нэрийн дэлгүүрт оруулаад “...Т.*******аас 20.000.000 төгрөгийг зээлсэн болно Уг зээлийг cap болгоны 20-ны дотор 350.000 төгрөг төлөөд явна..." гэсэн утгатай бичиг хүч хэрэглэн гараар бичүүлж авсан. Үүний дараа би 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2.500.000 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5749999220 дугаарын данснаас Т.*******ын Хаан банкин дахь 5749499386 дугаарын данс руу тус тус шилжүүлсэн бөгөөд ингэснээр би Т.*******т нийт 5.800.000 төгрөг буцаан шилжүүлсэн, Ингэснээр би нэхэмжлэгч Т.*******т 10.000.000 төгрөг төлөх ёстойгоос төлсөн 5.800.000 төгрөгийг хасаж, үлдсэн 4.200.000 төгрөгийг төлөх ёстой. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа жилийн 18 хувир зээлийн хүү тооцож, хүүгийн төлбөрт 14.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Т.******* болон хариуцагч Б. нар нь бичгээр гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч Ж. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч хариу тайлбар гаргасан. Талууд хамтран ажиллаад 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр койн авах гэсэн утгаар нэхэмжлэгч мөнгө шилжүүлж хариуцагч арилжаа хийсэн боловч мөнгө алдаж эхэлсэн тул нэхэмжлэгч мөнгөө буцаан шаардсан. Талууд хамтран ажиллаад ашиг олбол ашгаа хуваана гэж тохиролцсон гэх боловч баримтаар бүрэн тогтоогдохгүй байгаа. Хариуцагч хариу тайлбартаа 4.200.000 төгрөгийг зөвшөөрч байгаа гэсэн тайлбар гаргасан. Нэхэмжлэгчээс банкны зээлийн хүүгээр мөнгө шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Анх талууд койн худалдаж авч ашиг алдагдлаа 50/50 хувиар тооцно гэж хамтран ажиллахаар тохиролцсон. Нэхэмжлэгч хөрөнгө оруулалт хийж хариуцагч үйл ажиллагаагаараа оролцсон. Хариу тайлбарт дурдсан байгаа. Нэхэмжлэгчийн гэрт дуудаж ирүүлээд “ийм тайлбар бич” гэж бичүүлсэн. Хариуцагчийн тайлбарын хоёр дахь хэсэгт 8 нэрийн дэлгүүрт дуудаж авчраад гэр бүлээрээ нийлж хүч хэрэглээд бичсэн гэж тайлбарладаг. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд 6.500.000 төгрөг төлөгдсөн тухайд талууд маргахгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн шаардлагыг багасгаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт  зааснаас харвал өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхгүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгах болон үндэслэл өөрчлөх эрх байхгүй. Нийтдээ 6.500.000 төлсөн байхад банкны жилийн 18 хувийн хүү нэхэмжилсэн. Яг нэхэмжлэлээс харахад зээлийн хүүгийн тухайд амаар ярьж байсан. Эгчээс хүүтэй мөнгө зээлнэ гэж хэлж байсан гэж гэрч хэлсэн. Нэхэмжлэгч хүү шаардаад байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч олох ёстой байсан орлого шаардаад байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчлөх эрхгүй. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж зээлийн хүүг амаар тохиролцож байсан байна. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүүг шаардах эрхгүй. 20.000.000 төгрөг зээлээд 6.500.000 төгрөг төлөгдсөн тул үлдэгдэл 13.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд нэгэнт зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй тул зээлийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Гэрч Т. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б. манай Т.Гүльнар эгчээс 20.000.000 төгрөг зээлсэн. Хүүтэй буцааж өгнө гэж хэлсэн. Их сандраад байна. Б. нь би койноор хангалттай мөнгө олж байгаа тул сар бүр 10-20 хувьтай тогтмол мөнгө өгч байна гэж хэлсэн. Надад чи эгчдээ хэлээд өг би хангалттай мөнгө болгоно гэж хэлж байсан. Тэр хоёр утсаар эхлээд ярьсан. Дараа нь гадуур явж байхдаа Б. нь надад сар бүр хүүтэй мөнгө өгч байна гэж хэлж байсан гэв.

            5.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Б.ийн 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гар бичвэр, Т.*******ын 5749499386 дугаартай ХААН Банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Б.тэй амаар тохиролцон, 20.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцож, хариуцагчийн Хаан банкны 5749999220 тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч зээлийг тохирсон хугацаанд төлөлгүй явсаар 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гараар төлбөр төлөх хуваарь бүхий гар бичмэл үйлдэж өгсөн. Зээлийн төлбөрт 2022 онд 4.000.000 төгрөг, 2025 онд 2.500.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөгийг буцаан төлсөн. Иймд үндсэн зээл 20.000.000 төгрөг, жилийн 18 хувийн хүү 14.400.000 төгрөг, нийт 34.400.000 төгрөгөөс төлөгдсөн 6.500.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 27.900.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

            3. Хариуцагч Б. “...нэхэмжлэгч Т.*******тай анх зээлийн бус, харин криптовалютын арилжаанд хамтран оролцож, ашиг болон алдагдлаа тэнцүү хуваахаар аман тохиролцоо хийсэн. Уг тохиролцооны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөгийг “койн авах” утгаар хүлээн авч арилжаанд оролцуулсан боловч ханшийн уналтаас шалтгаалан алдагдал хүлээсэн. Хамтран ажиллах тохиролцооны дагуу алдагдлын 50 хувь буюу 10.000.000 төгрөгийг би хариуцах үүрэгтэйгээс нийт 5.800.000 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэх 4.200.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр надаар хүч хэрэглэн зээлсэн гэж гар бичмэл бичүүлж авсан. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 4.200.000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн байна.

3.1. Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүүг шаардах эрхгүй. Иймд анх шилжүүлсэн 20.000.000 төгрөгөөс хариуцагчийн буцаан төлсөн 6.500.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 13.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлж байна.  

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч Т.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн Хаан банк дахь 5749499386 тоот данснаас хариуцагч Б.ийн 5749999220 тоот данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад тус гүйлгээний утгыг “coin awah” гэж тэмдэглэсэн байна.

4.2. Хариуцагч Б. дээрх 20.000.000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан үйл баримтын тухайд маргаагүй байна.

4.3. Улмаар хариуцагч Б. 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Миний бие Б. нь Т.*******аас 20.000.000 төгрөг зээлсэн болно. Уг зээлийг сар болгоны 20-ны дотор 350.000 төгрөгөөр төлөөд явна" гэх агуулга бүхий гар бичмэлийг үйлдсэн байна.

4.4. Хариуцагч нь дээрх мөнгийг хүлээн авснаас хойш нэхэмжлэгч Т.*******т хэсэгчлэн буцаан төлөлт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс нийт 6.500.000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 13.500.000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн үндэслэлээ талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлах боловч зээлийн харилцаа үүссэн эсэхийг тогтоохын тулд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл байгуулсан байхыг шаардана.

5.1. Нэхэмжлэгч Т.*******, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нараас талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлан, гэрч Т. мөн ижил агуулгаар мэдүүлж байх боловч, хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа талууд виртуал хөрөнгө /койн/ хамтран арилжаалах, ашиг болон алдагдлаа хуваахаар тохиролцсон гэж маргадаг.

5.2. Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Хаан банкны депозит дансны хуулгад 20.000.000 төгрөгийн гүйлгээний утгыг “койн авах” гэж тодорхой заасан байна.

6. Хэргийн оролцогчдын дээрх зөрүүтэй тайлбаруудыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд заасан журмын дагуу тайлбарлах шаардлагатай гэж шүүх үзэв.

6.1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заажээ. Хэрэгт авагдсан банкны депозит дансны хуулгаас үзвэл, нэхэмжлэгчээс хариуцагчид 20.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утгыг “coin awah” гэж тэмдэглэсэн байна. Энэхүү гүйлгээний утга нь тухайн хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийн үндсэн зорилгыг  илэрхийлж байна.

6.2. Зохигчид шүүхэд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний харилцаа болон хамтран ажиллах хөрөнгө оруулалтын харилцаа үүссэн гэж зөрүүтэй тайлбарлаж байгаа нь хүсэл зоригийн илэрхийллийн ойлгомжгүй байдлыг бий болгож байна.

6.3. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заажээ.

6.4. Шүүх талуудын бодит үйлдэлд дүн шинжилгээ хийж үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлэхдээ виртуал хөрөнгө /койн/ авах зорилгыг банкны баримтад заасан, хариуцагч нь уг хөрөнгийг хүлээн авч криптовалютын биржээр дамжуулан арилжаа хийсэн гэх үйлдэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний шинжийг бус, харин виртуал хөрөнгө арилжих ажиллагаанд хөрөнгө оруулсан талуудын бодит үйлдлийг нотолж байна.

6.5. Иймд шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасныг баримтлан, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг харилцан байгаагүй, харин виртуал хөрөнгө арилжих зорилгоор мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэлээ.

7. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн хуулийн этгээд байхаар, мөн хуулийн 6.2-т виртуал хөрөнгийг тус хуулийн 6.1.5-д заасан үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглохоор тус тус зохицуулсан байна.

7.1. Гэтэл зохигчид нь хуулиар эрх олгогдоогүй этгээд байх бөгөөд тэдгээрийн хооронд виртуал хөрөнгө арилжаалах, ашиг, алдагдал хуваах тухай тохиролцоо хийгдсэн нь дээрх хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн байна.

7.2. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

7.3. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа буюу хууль ёсны дагуу хөрөнгө хүлээн авсан байдлаа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол... хөрөнгө шилжүүлсэн этгээд уг эд зүйлийг олж авсан этгээдээс шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заажээ.

8.1. Хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдсон, зохигчдын хооронд байгуулсан виртуал хөрөнгө арилжаалах хэлцэл нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч уг хөрөнгийг авах шууд хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч хөрөнгө авч байгаа нь үндэслэлтэй болохоо нотлоогүй, зохигчдын хооронд ямар нэг хүчин төгөлдөр хэлцэл, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй байна.

8.2. Энэ тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн харилцаа гэж үзэж, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 20.000.000 төгрөгөөс хариуцагчийн буцаан төлсөн 6.500.000 төгрөгийг хасаж, үлдэх 13.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

9. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2.430.000 төгрөгийн хохирлын тухайд:

9.1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан “орох байсан орлого” гэдэгт тухайн этгээд тийм орлого олох бодит боломжтой байсан тохиолдлыг ойлгоно. Нэхэмжлэгч нь өөрийн мөнгийг сайн дураараа эрсдэл бүхий виртуал хөрөнгө арилжаалах ажиллагаанд зарцуулсан тул “банкинд хадгалуулж хүү авах боломжтой байсан” гэх тайлбар нь үндэслэлгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 199.050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.ээс 13.500.000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Гүльнарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.400.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299.050 /хоёр зуун ерэн есөн мянга тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 199.050 /нэг зуун ерэн есөн мянга тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ