| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1240/э |
| Дугаар | 1315 |
| Огноо | 2018-09-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 1315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа,
Шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг /ҮД:1585/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Хт холбогдох 1806 00000 1478 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Г.Х нь 2018 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Г.Батцэцэгийн эзэмшилийн “Борби” нэртэй хүнсний дэлгүүрт 40 см урттай ган төмрөөр цонхны төмөр торыг хөшиж хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Хын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-5/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Батцэцэгийн өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө нөхрийн хамт дэлгүүр дээрээ хоносон. Шөнө 03 цагийн алдад юм шидээд цохиод байх шиг чимээ гараад байсан... Тэгэхээр нь нөхөр бид 2 амралтын өрөөний хаалгаар шагайж харахад нэг эрэгтэй хүн орж ирсэн дэлгүүрийн касс дээр жижиг гэрэл тусгасан байж байсан. Тэгээд нөхөр бид 2 гүйж очоод бариад авсан. Тэгсэн 20 орчим насны, дунд зэргийн нуруутай, улаан саравчтай малгайтай залуу байсан... Тухайн хулгайч хулгай хийхээр орж ирээд кассын машины төмрийг сөхөж байгаад баригдсан... Цонхны гадна төмөр торыг мулт татаад хаясан, дотор вакум цонхыг хагас нээлттэй байсныг түлхээд ороод ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Баяржаргалын өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр эхнэр бид 2 дэлгүүрээ ажиллуулж байгаад шөнө 01 цагийн үед унтаж амрах гээд амралтын өрөөндөө ороод унтацгаасан. Шөнө унтаж байтал эхнэр Батцэцэг намайг дуудаж сэрээгээд юм дуугараад байна гэхээр нь ...өрөөний хаалгаар шагайгаад хартал дэлгүүр дотор нэг хүн ороод ирчихсэн амандаа асаагуур зуугаад гэрлийг нь тусгачихсан мөнгөний кассны хажууд оччихсон, юм хайсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би хөөе чи юун хүн бэ? гэж орилоод шууд гүйж очоод нөгөө залууг бариад авсан юм. Тухайн хүний царайг нь харахад 20 орчим насны, хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн цамцтай, хар өнгийн үүргэвч үүрсэн, богино өмдтэй залуу байсан... Тэр залуу газар дээрээ баригдсан болохоор юм авч амжаагүй байна лээ...” гэх мэдүүлэг /хх.9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Хын гэрч болон яллагдагчаар өгсөн: “... Мөнгөний хэрэг гараад шөнө 23-24 цагийн үед хулгай хийж мөнгө олох зорилгоор гэрээсээ гарсан юм. Гэрээс гарахдаа 1 талдаа үзүүртэй 40 см орчим урттай ган төмөр, ажпын шар бээлий зэргийг бэлдэж аваад өөрийн үүргэвчтэй хар өнгийн цүнхэнд хийгээд авч гарсан юм. Тэгээд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Борби нэртэй хүнсний дэлгүүр рүү орохоор шийдсэн юм. Яагаад тэр дэлгүүрийг сонгосон бэ гэвэл ойр орчим нь ямар нэгэн дэлгүүр байхгүй, автобусны буудал дээр байрлалтай учир ашиг орлого ихтэй дэлгүүр байгаа гэж тооцоолсон юм... Тэгээд уг дэлгүүрийн зүүн талд байрлах салхивч нь онгорхой байсан ба жижиг цонхны гадна төмөр сараалжин хамгаалалтыг өөрт байсан төмрөөр хөшиж мулталчхаад онгорхой байсан салхивчаар нь орсон юм. Ингээд дэлгүүрт ороод хулгай хийхдээ би гартаа бээлий өмсчихсөн байсан ба гэрэл тусгаад ямар нэг эд зүйл авч амжаагүй байтал дэлгүүр дотор байх өрөөнөөс нэг эрэгтэй, нэг эмэгтэй 2 хүн гарч ирээд намайг бариад авсан юм...” гэх мэдүүлэг /хх.10-11, 22-23/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх.30/,
Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх.31/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.13/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.14/,
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх.15-16/,
Хавтаст хэргийн материалтай хохирогч Г.Батцэцэгийн танилцсан “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тэмдэглэл /хх.32/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Х нь 2018 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Г.Батцэцэгийн эзэмшилийн “Борби” нэртэй хүнсний дэлгүүрт 40 см урттай ган төмрөөр цонхны төмөр торыг хөшиж хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-5/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Батцэцэгийн өгсөн: “... Тэгэхээр нь нөхөр бид 2 амралтын өрөөний хаалгаар шагайж харахад нэг эрэгтэй хүн орж ирсэн дэлгүүрийн касс дээр жижиг гэрэл тусгасан байж байсан. Тэгээд нөхөр бид 2 гүйж очоод бариад авсан... Тухайн хулгайч хулгай хийхээр орж ирээд кассын машины төмрийг сөхөж байгаад баригдсан... Цонхны гадна төмөр торыг мулт татаад хаясан, дотор вакум цонхыг хагас нээлттэй байсныг түлхээд ороод ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Баяржаргалын өгсөн: “... өрөөний хаалгаар шагайгаад хартал дэлгүүр дотор нэг хүн ороод ирчихсэн амандаа асаагуур зуугаад гэрлийг нь тусгачихсан мөнгөний кассны хажууд оччихсон, юм хайсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би хөөе чи юун хүн бэ? гэж орилоод шууд гүйж очоод нөгөө залууг бариад авсан юм... Тэр залуу газар дээрээ баригдсан болохоор юм авч амжаагүй байна лээ...” гэх мэдүүлэг /хх.9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Хын гэрч болон яллагдагчаар өгсөн: “... Тэгээд уг дэлгүүрийн зүүн талд байрлах салхивч нь онгорхой байсан ба жижиг цонхны гадна төмөр сараалжин хамгаалалтыг өөрт байсан төмрөөр хөшиж мулталчхаад онгорхой байсан салхивчаар нь орсон юм. Ингээд дэлгүүрт ороод хулгай хийхдээ би гартаа бээлий өмсчихсөн байсан ба гэрэл тусгаад ямар нэг эд зүйл авч амжаагүй байтал дэлгүүр дотор байх өрөөнөөс нэг эрэгтэй, нэг эмэгтэй 2 хүн гарч ирээд намайг бариад авсан юм...” гэх мэдүүлэг /хх.10-11, 22-23/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх.30/,
Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх.31/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Хын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт Г.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Г.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдах” гэмт хэргийн үндсэн шинжийг болон “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Г.Хын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Г.Батцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Г.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Г.Х нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлахыг завдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Хын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Г.Хт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Г.Х энэ хэрэгт урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Халиугчин овогт Гантөмөрийн Хишигбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлахыг завдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Хт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.Хт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Г.Х энэ хэрэгт урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Батцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР