| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00002/И |
| Дугаар | 304/ШШ2026/00323 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 304/ШШ2026/00323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С******* аймаг, С******* сум, *** дугаар баг, **** дугаар хэсэг, **** тоотод байрлах Б******* ХХК /Хувийн хэргийн дугаар:*****/, /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Т******* суманд байрлах М******* ХХК /Хувийн хэргийн дугаар:****/, /РД:****/-д холбогдох,
Нийт **** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ө******* /цахим/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч Б.Б******* эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б******* ХХК нь хариуцагч М******* ХХК-д холбогдуулан нийт 36,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
2.Нэхэмжлэгч Б******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани С******* аймгийн С******* суманд "А" био бордоо үйлдвэрлэн худалдаалдаг бөгөөд бид 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Т******* суманд байрлах "М*******" ХХК-ийн захирал Б.Батсайхан, тус компанийн ерөнхий нягтлан Ц******* овогтой Г******* нарт 36,000,000 төгрөгийн үнэ бүхий "А" бордоог худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ хийсэн. Гэрээнд 100% зээлээр авч тухайн жилийн ургац хураасны дараа **** ондоо багтаж төлбөр төлнө гэсэн боловч хугацаандаа төлөөгүй. Ингээд дараа оны ургац хураалт болоход нэг ч төгрөгийн төлөлт хийлгүй өдий хүрсэн. Иймд манай компани "М*******" ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн Булган аймгийн сум дундын шүүхэд 36,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Т******* суманд үйл ажиллагаа явуулдаг М******* ХХК-ийн захирал Б.Батсайхан нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн нягтлан бодогчтойгоо манай компани дээр ирж компанийн үйл ажиллагаатай танилцаад 36,000,000 төгрөгөөр бордоо худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. М******* ХХК-ийн захирал Б.Батсайхан гэрээ байгуулснаас хойш хэрхэн тарьж ургуулах талаар зөвлөгөө авч тариалалтын дунд үе хүртэл харилцаатай байсан. Ургац хураалтын дараа төлбөр авах болоход утсаа авахаа больж, ургац авч чадаагүй, төлөх боломжгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Мөн 2025 оны ургац хураалтын дараа ургац авч чадаагүй, төлөх боломжгүй гэдэг тайлбар хэлсэн. Гэрээ байгуулснаасаа хойш хариуцагч талаас ямар нэг тайлбар гаргаж, худал хэлж, бордоо худалдах, худалдан авах гэрээний төлбөрөө төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч М******* ХХК-иас 36,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
4.Хариуцагчийн төлөөлөгч Б.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компани нь С******* аймгийн С******* сумын 8 дугаар багийн 2 дугаар хэсэг ** тоотод байрлах "Б*******" ХХК-иас гэрээт агрономичийн зөвлөсний дагуу улаан буудай, рапсны "А" бордоог авч хэрэглэсэн нь үнэн болно. Гэрээний дагуу төлбөрийг 2024 онд багтаан төлөх үүрэг хүлээсэн боловч тухайн жил байгаль цаг уурын давтагдашгүй хүчин зүйлийн улмаас 8 дугаар сард орсон хүчтэй мөндөрт 348.1 га талбай өртөж ургац 100% алдсан. Тухайн жил үүсээд байгаа нөхцөл байдлаа "Б*******" ХХК-ийн эрх бүхий ажилтанд утсаар тайлбарлаж, төлбөрийг 2025 онд төлөхөөр харилцан тохиролцож хойшлуулсан боловч 2025 онд 6, 7, 8-р саруудад олон хоног дараалан олон жилийн дунджаас их хэт халалтын улмаас шар рапсанд ногоон өт ихээр бүх талбайд (мэргэжлийн байгууллагаас хэт халалт, гантай жил нийт нутгаар өргөн тархдаг гэж тайлбарлаж байгаа болно.) тархаж ургац 51% алдсан. Манай компани нь үндсэндээ сүүлийн 3 жил дарааллан байгаль цаг уурын гэнэтийн өөрчлөлт болон мөн сүүлийн 10 гаруй жил тухайн үеийн хариуцаж байсан удирдлагууд хөрс сайжруулалтыг технологийн дагуу огт хийгээгүй дутуу буруу хийж байсан зэрэг олон сөрөг хүчин зүйлийн улмаас ургацын хэмжээ, чанар нэмэгдэхгүй жил дараалан 51-100% ургац алдаж санхүүгийн хүндхэн нөхцөл үүссэн бөгөөд энэ байдалд ихээхэн анхаарч үйл ажиллагаагаа сайжруулах шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хэдийгээр дээрх олон хүчин зүйлийн улмаас санхүү маш хүндрэлтэй байгаа ч бид хугацаа хэтэрсэн өр төлбөрөө барагдуулахад үргэлж анхаарч ирсэн бөгөөд "Б*******" ХХК-д төлөх төлбөрийг шинэ нойтон 4*15*15 хэмжээтэй 550 ширхэг палк (мод модон бүтээгдэхүүн)-ийг Улаанбаатар хотод тээвэрлэн 61-ийн гарам орчимд хүргэж өгөхөөр тохиролцсон. Палк модыг бэлтгүүлэн хүргүүлэхэд энэ жил олон жилийн дундажаас их хэт хүйтэн байгаа учраас модыг бэлтгэгч тал 2026 оны 4 дүгээр сард багтаан дээрх хаягт хүргэж өгөхөөр байгаа болно. Манай компанийн аргагүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж хамтран ажиллаж байгаа "Б*******" ХХК-ийн удирдлагад талархаж байгаагаа үүгээр илэрхийлье гэжээ.
5. Нэхэмжлэгчээс:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-Б******* ХХК-ийн дүрэм,
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,
-Итгэмжлэл,
-Улсын бүртгэлийн гэрчилгээ,
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,
-Б******* ХХК болон М******* ХХК-ийн хооронд байгуулсан *** оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн бордоо худалдах, худалдан авах гэрээ,
-М******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
-Зарлагын баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн хариуцагч М******* ХХК-д холбогдуулан гаргасан нийт 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
-...М******* ХХК-ийн захирал Б.Батсайхан нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн нягтлан бодогчтойгоо манай компани дээр ирж, компанийн үйл ажиллагаатай танилцаад 36,000,000 төгрөгөөр бордоо худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. М******* ХХК-ийн захирал Б.Батсайхан гэрээ байгуулснаас хойш хэрхэн тарьж ургуулах талаар зөвлөгөө авч тариалалтын дунд үе хүртэл харилцаатай байсан. Ургац хураалтын дараа төлбөр авах болоход утсаа авахаа больж, ургац авч чадаагүй, төлөх боломжгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Мөн 2025 оны ургац хураалтын дараа ургац авч чадаагүй, төлөх боломжгүй гэдэг тайлбар хэлсэн. Гэрээ байгуулснаасаа хойш хариуцагч талаас ямар нэг тайлбар гаргаж, худал хэлж, бордоо худалдах, худалдан авах гэрээний төлбөрөө төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч М******* ХХК-иас 36,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч тал доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
-Хэдийгээр дээрх олон хүчин зүйлийн улмаас санхүү маш хүндрэлтэй байгаа ч бид хугацаа хэтэрсэн өр төлбөрөө барагдуулахад үргэлж анхаарч ирсэн бөгөөд "Б*******" ХХК-д төлөх төлбөрийг шинэ нойтон *** хэмжээтэй **** ширхэг палк (мод модон бүтээгдэхүүн)-ийг Улаанбаатар хотод тээвэрлэн 61-ийн гарам орчимд хүргэж өгөхөөр тохиролцсон. Палк модыг бэлтгүүлэн хүргүүлэхэд энэ жил олон жилийн дундажаас их хэт хүйтэн байгаа учраас модыг бэлтгэгч тал 2026 оны 4 дүгээр сард багтаан дээрх хаягт хүргэж өгөхөөр байгаа болно гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б******* ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа, Б******* ХХК болон М******* ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн бордоо худалдах, худалдан авах гэрээ, М******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зарлагын баримт зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Хариуцагч М******* ХХК нь нэхэмжлэгч Б******* ХХК-тай харилцан тохиролцож нэг литрийг **** төгрөгөөр тооцож, нийт 36,000,000 төгрөгийн үнэ бүхий 6 тонн бордоог худалдан авахаар, худалдан авагч тал үнийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор нийлүүлэгч талын Төрийн банкны **** тоот дансанд төлөхөөр тохиролцож, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Бордоо худалдах худалдан авах гэрээ байгуулан Б******* ХХК-ийг төлөөлөн технологич ажилтай Я.Нарандэлгэр, М******* ХХК-ийг төлөөлөн нягтлан бодогч ажилтай Ц.Г******* нар гарын үсэг зурж тус 2 компанийн захирал тэмдэг даран баталгаажуулжээ.
6.Нэхэмжлэгч Б******* ХХК болон М******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн хүчин төгөлдөр гэрээ ба гэрээ байгуулсантай зохигч маргаагүй.
7.Хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг нэхэмжлэгч талд төлж барагдуулаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар тогтоогддог ба тэрээр ... Гэрээний дагуу төлбөрийг 2024 онд багтаан төлөх үүрэг хүлээсэн боловч тухайн жил байгаль цаг уурын давтагдашгүй хүчин зүйлийн улмаас 8 дугаар сард орсон хүчтэй мөндөрт 348.1 га талбай өртөж ургац 100% алдсан. Тухайн жил үүсээд байгаа нөхцөл байдлаа Био Агро ХХК-ийн эрх бүхий ажилтанд утсаар тайлбарлаж, төлбөрийг 2025 онд төлөхөөр харилцан тохиролцож хойшлуулсан боловч 2025 онд 6, 7, 8-р саруудад олон хоног дараалан олон жилийн дунджаас их хэт халалтын улмаас шар рапсанд ногоон өт ихээр бүх талбайд тархаж ургац 51% алдсан. ... Одоо "Био Агро" ХХК-д төлөх төлбөрийг шинэ нойтон 4*15*15 хэмжээтэй 550 ширхэг палк (мод модон бүтээгдэхүүн)-ийг Улаанбаатар хотод тээвэрлэн 61-ийн гарам орчимд хүргэж өгөхөөр тохиролцсон. Палк модыг бэлтгүүлэн хүргүүлэхэд энэ жил олон жилийн дундажаас их хэт хүйтэн байгаа учраас модыг бэлтгэгч тал 2026 оны 4 дүгээр сард багтаан дээрх хаягт хүргэж өгөхөөр байгаа болно. гэж гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй шалтгаанаа тайлбарлаж, 36,000,000 төгрөгийг 550 ширхэг палк модоор тооцон төлөх саналыг гаргаж байна.
7.1.Хариуцагч талын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч М******* ХХК-ийн захирал Б.Батсайхан нь 36,000,000 төлөхийг хүлээн зөвшөөрдөг, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй гэж үзнэ.
8.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч М******* ХХК-иас 36,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч М******* ХХК-иас ****төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж шүүх хуралдааныг зарласан боловч хариуцагчийн хүсэлтээр 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, хуралдааныг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр тогтоож, шүүгчийн туслах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.6-д заасан журмаар хариуцагчийн төлөөлөгч Б.Батсайханд түүний эзэмшлийн 99112609 дугаарын утсанд холбогдон шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч М******* ХХК-иас 36,000,000 /гучин зургаан сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 /гурван зуун гучин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мөнх үрүү ХХК-иас 337,950 /гурван зуун гучин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б******* ХХК-д олгосугай.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулж хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА