Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1310

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

          Улсын яллагч Ч.Батбаяр /томилолтоор/,

          Шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД:0157/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Дд холбогдох 1706 00074 0737 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

             Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1989 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй “Эм-Си-Эс Коко Кола” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар гудамжны 38 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Халиугчин овогт Н.М /РД:РЭ89012212/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртад үйл ажиллагаа явуулах амралтын газарт иргэн Г.Баттулгыг ойчсон байхад нь толгойн тус газар нь 2 удаа өшиглөж, эрүүний баруун, зүүн их биеийг хугалж хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2 араа шүд, үүдэн 1 шүдийг хугалж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Дгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Баттулгын өгсөн: “... Тэгээд би гар бөмбөг тоглож байгаад гэрт ирээд хорхог болсон байхаар нь идчихээд гартал амралтын газар манай ажлын хүмүүс хоорондоо зодолдоод бөөгнөрч байхаар нь очтол Баатарсүрэн ах нэг залуутай зодолдож байхаар нь би Баатарсүрэн ахыг хамгаалах гээд тэврээд газар унатал миний нүүр лүү нэг хүн хөлөөрөө 2 удаа өшиглөсөн, тэгээд би тэр үед ухаан алдаад сэртэл миний амнаас их хэмжээний цус гарчихсан, ам хөдөлж болохгүй ярьж болохгүй байсан, тэгсэн манай ажлын газрын дарга нар ирчихсэн, ажлын хүмүүс бөөгнөрчихсөн байсан, тэгсэн Цэрэнжамц дарга Мөнхдаваа, Мөнхболд, Анхбаяр нар нийлээд Баттулгын эмчилгээний зардал бүх хохиролыг энд зодолдсон хүмүүс бүгд төлөөрэй гэж ярьж байсан. Тэгээд би гэртээ хариад унтаж амраад маргааш нь босоод толинд хартал миний нэг ширхэг шүд уначихсан, ам хөдөлж болохгүй, юм идэж чадахгүй байхаар нь ГСҮТ эмнэлэгт очоод эмчид үзүүлтэл эмч чиний эрүү маш эвгүй хугарсан байна манай эмнэлэгт хагалгаа хийх боломжгүй, 1 дүгээр эмнэлэгт оч гэсэн. Тэгээд би 1 дүгээр эмнэлгийн Эрүү нүүрний тасагт очиж үзүүлэн хагалгаанд ороод 1 дүгээр эмнэлэгт 7 хоногт хэвтэж эмчлүүлсэн. Миний толгой өвдөөд байхаар нь эмнэлгээс гараад бариачид очиж үзүүлээд толгойгоо 7 хоног бариулсан... Тухайн үед би хэн өшиглөснийг мэдээгүй. Дараа нь намайг гэрт байхад манай ажлын газрын найзууд эргэж ирсэн тэр үед манай найз Энх-Амгалан /88838478/ чиний нүүр лүү Мөнхдаваа өшиглөсөн гэж хэлсэн. Дараа нь намайг гэртээ байж байхад манай ажлын Мөнхдаваа, Анхбаяр нар ирээд Мөнхдаваа би чиний нүүр лүү өшиглөсөн гэж ярьсан. Тэгэхээр миний нүүр лүү Мөнхдаваа 2 удаа өшиглөсөн... Надад Мөнхдаваа, Мөнхболд, Анхбаяр нар эмчилгээний зардал гээд 3.140.000 төгрөг өгсөн... Би гомдолтой байна. Би дахин эрүүний хагалгаанд орж хадаас болон эрүүнд бэхэлсэн төмрөө авахуулна, мөн 3 ширхэг хиймэл шүд хийлгэх шаардлага байгаа учир Мөнхдаваа, Мөнхболд, Анхбаяр нараас 15.000.000 төгрөг нэхэмжилмээр байна. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа, хааяа толгой өвддөг. Эрүү мэдээгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.48-49/;

          “...Одоо миний бие гайгүй байгаа эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 10 дугаар сард бусад ажилдаа орсон. Миний эмчилгээний зардал нийт баримтаар бол 16.083,860 төгрөг гарсан. Харин баримт байхгүй зардал бол ажлын цалин хөлс 2,016,040 төгрөг гарсан, ингээд нийт 3,100,000 төгрөг гарсаныг Мөнхдаваа, Анхбаяр, Мөнхболд гээд тухайн зодооны үед байсан энэ гурван залуу хувааж өгсөн байгаа... Би тухайн гурван залуугаас нийт 18 сая төгрөг нэхэмжилж байгаа, одоо бол эмчилгээний зардал болох 3,100,000 мянган төгрөгийг барагдуулсан, үлдэгдэл 15 сая төгрөгийг өгөөгүй байгаа... Миний цаашид эмчилгээ хийлгэх зардал, хоёр шүд шинээр хийлгэх, дахин эрүүний хагалгаанд орж хадуулсан төмрөө авах хагалгааны зардал орсон байгаа...” гэх мэдүүлэг /хх.59/;

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мөнхболдын өгсөн: “... Мөнхдаваа, Отгоншар, Анхбаяр бид 4 машин суугаад байж байтал Мөнхдаваа би Баттулгыг өшиглөсөн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.53/;

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Анхбаярын өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Г.Баттулга хүнтэй зодолдоогүй. Харин манай ажлын Отгоншар Баатарсүрэн нар зодолдож байх үед нь салгах гэж байгаад Мөнхдаваад өшиглүүлсэн байх. Мөнхдаваа Отгоншарын машинд сууж байхдаа би Баттулгыг өшиглөсөн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.54/;

          Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн гэрчээр өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 18-ныөдөр Эм-Си-Эс Коко Кола ХХК-ны түгээлтийн албанд ажилладаг хүмүүс нийлээд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Монгол шилтгээн амралтын газрын баруун урд талд байдаг амралтын газарт очиж амарсан. Тэр амралтын газрын нэрийг мэдэхгүй. Тэгээд манай ажлын хүмүүс амралтад очоод архи уугаад хоорондоо маргалдаж зодолдсон. Манай ажлын Амараа гэх залуу Отгоншарыг зүгээр зогсож байхад нь гараараа нүүрэнд нь цохьчихоор нь би Отгоншарыг өмөөрөх гэтэл Баатарсүрэн хажуу талаас намайг цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд Баатарсүрэнг гараараа нэг цохисон, тэгсэн миний араас Ганзориг тэврээд авсан. Энэ үед манай ажлын хэн нь мэдэгдэхгүй хүн газар хэвтэж байхаар нь би баруун хөлөөрөө дэвссэн. Тэгтэл Ганзориг намайг салгаад хойшоо аваад явсан. Тэгсэн манай ажлын Баттулга гэдэг залуу миний шүд уначихсан байна гээд босож ирсэн амнаас нь цус гарсан байсан. Тэгээд манай дарга нар ирээд бид нарыг тараасан... Манай ажлын Баттулга газар хэвтэж байсныг дараа нь мэдсэн. Миний бодлоор нуруу хэсэгт хөлөөрөө дэвссэн гэж бодож байна... Баттулга манай найз М.Анхбаяртай зодолдсон гэсэн би хараагүй... Би Баттулгыг хөлөөрөө дэвсэж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна... Өс санаж явахаар зүйл болж байгаагүй болохоор өс санаж яваагүй... Мөнхболд, Анхбаяр бид 3 нийлж байгаад Баттулгад мөнгө өгсөн гэхдээ яг хэдэн төгрөг өгсөнөө санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.56-57/;

          Н.Дгийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Г Баттулгын биед эрүүний баруун зүүн их биеийн хугарал, 2 араа шүд, үүдэн 1 шүд хугарсан гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8098 дугаартай дүгнэлт /хх.62/;

          Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Ариунзулын өгсөн: “... хатуу зүйлийн цохих, өшиглөх үеийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл юм. Учир нь дээрх гэмтэлийн буюу эрүүний аль нэг хэсэг нь хугарч улмаар эсрэг талдаа хөшилт үүсч хугарсан байх боломжтой гэмтэл юм...” гэх мэдүүлэг /хх.66-67/;

          Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн яллагдагчаар өгсөн: “... Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна... Ганзориг миний араас тэврээд авсан тэр үед хажууд нэг залуу доошоо хараад газар хэвтэж байхаар нь би баруун хөлөөрөө дээрээс нь нэг удаа хүчтэй дэвссэн өөр гар хүрч цохиогүй, тэгээд дарга ирээд салгасан... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, мөн тухайн хэрэг болсон үеийн үйл явдалыг өмнө өгсөн мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх.91/;

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 517 дугаартай нэмэлт дүгнэлтэд:

          “1. Г.Баттулгын биед үүссэн эрүүл мэндэд эрүүний баруун, зүүн их биеийн хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хүндэвтэр зэрэг болно, 2 араа үүдэн 1 шүд хугарсан гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдал тогтоох хүснэгтийн 51-2-т хөдөлмөрийн чадварыг тогтмол 10% сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

          3. Дээрх гэмтэлүүд нь хатуу хомоо зүйлээр цохигдох үед үүснэ...” гэх дүгнэлт /хх.98-99/;

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэрэнжамцын өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр манай хэлтэс зохион байгуулж Гачууртад алба хаагч нараа амраасан. Спортын арга хэмжээ дуусаад ажилчид тус тусын гэртээ амарч байтал манай түгээлтийн ажилчид хоорондоо зодолдлоо гэхээр нь очиж, тэнд зодолдож байсан Баатарсүрэн, Анхбаяр, Баттулга нарыг салгасан. Яг хэн нь хэнтэйгээ зодолдсоныг анзаарч хараагүй. Тэнд байсан хүмүүс бие биенээ салгасан... Тэр үед хэн нь хэнийгээ зодсоныг хараагүй. Ерөнхийд нь хэрүүл маргаан гаргаж, зодоон өдөөсөн Баатарсүрэн, Анхбаяр, Мөнхболд, Ганзориг нарт хандаж, Баттулгыг гэмтээсэн хүмүүс хохирлоо барагдуулна шүү гэж хэлсэн. Түүнээс Баттулгыг хэн ханаа цохиж, зодсоныг мэдэхгүй байна... Баттулгыг хэн цохисныг мэдэхгүй. Мөнхдаваа, Баттулгыг цохисон гэдгийг байцаалтаар тогтоож байгааг сонссон... Мөнхдаваа л би Баттулгыг цохиж эрүүг хугалсан гэж хэлж байна лээ...” гэх мэдүүлэг /хх.142/;

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Отгоншарын өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Гачуурт тосгоны нутаг дэвсгэр дээр манай МCS ХХК жил болгон болдог ажпын зугаалга, болсон тэр зугаалганд би өөрөө хувийн машинтай очсон болохоор архи уугаагүй, тухайн үед манай ажлын 150 гаруй хүмүүс амарч байсан, сүүлдээ архи согтууруулах ундаа хэрэглэх нь ихдээд тал бүрт согтуу хүмүүс маргалдаж байсан, тэгтэл миний ажилладаг түгээлтийн хэлтэсийн залуучууд болох Мөнхдаваа, Анхбаяр, Баттулга, Баатарсүрэн, нар нэг мэдсэн хоорондоо маргалдаад л Мөнхдаваа Баатарсүрэнг нэг цохиж авсан, тэгсэн Баттулга, Баатарсүрэнг өмөөрч Мөнхдаваатай маргалдаж байгаа харагдсан, тэр үед бас бид нарын хажууд хүмүүс маргалдаад байхаар би салгаад эргээд харахад Баттулга, миний шүд уначихсан байна гээд эрүүгээ гараараа дарчихсан, амнаас цус гарчихсан, хажууд нь Мөнхдаваа зогсож байсан, би тухайн үед Баттулгыг хэн цохисоныг бол хараагүй, харин тэнд байсан хүмүүс Баттулгыг Мөнхдаваа цохисон гэж ярьж байсан. Ер нь бол тэр амралтын газар тал бүрт хүмүүс согтуу маргалдаад байхаар нь би Мөнхдавааг дахин хүнтэй маргалдаж, зодолдож магадгүй гэж бодоод Мөнхдаваа, Анхбаяр, Мөнхболд, Ганзориг нарыг аваад машиндаа суугаад хот руу явсан харин Баттулга тэндээ үлдсэн... Би мэдэхгүй байна тэнд байсан хүмүүс болохоор Мөнхдавааг өшиглсөн гэж хэлж байсан. Харин Мөнхдаваа Гачууртаас буцаж явах замдаа миний машинд би сая Баттулгыг өшиглөсөн гэж тийм зүйл өөрөө хэлж байсныг бол санаж байна. Тэр үед хажууд Анхбаяр, Мөнхболд хоёр сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх.146/;

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ганзоригийн өгсөн: “... Би хэрэг гарсан өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр болсон зодооны үед Мөнхдавааг хохирогч Баттулгатай зодолдож байхад салгасан зүйл байхгүй, тэр үед би голын эрэгт хамт явсан хүмүүстэй архи ууж байсан, харин 3 хоногийн дараа Мөнхдаваа над руу залгаад чи намайг Баттулгатай зодолдож байхад салгасан биз дээ гэж утсаар асуухад би салгаагүй зодоон болсоныг ч мэдээгүй гэж хэпсэн... Тухайн өдөр голын эрэг дээр байхад бидний буудалласан газар олон хүн бужигнаад л зодоон болоод байх шиг байхаар нь очиход зодоон дууссан, Баттулга, Мөнхдаваа хоёр явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.148/;

          Шүүгдэгч Н.Дгийн ар гэр, хувийн байдлын талаарх шинээр гаргаж өгсөн 8 хуудас баримт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 18-ныөдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртад үйл ажиллагаа явуулах амралтын газарт иргэн Г.Баттулгыг ойчсон байхад нь толгойн тус газар нь 2 удаа өшиглөж, эрүүний баруун, зүүн их биеийг хугалж хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2 араа шүд, үүдэн 1 шүдийг хугалж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Баттулгын өгсөн: “... Дараа нь намайг гэртээ байж байхад манай ажлын Мөнхдаваа, Анхбаяр нар ирээд Мөнхдаваа би чиний нүүр лүү өшиглөсөн гэж ярьсан. Тэгэхээр миний нүүр лүү Мөнхдаваа 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.48-49/;

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мөнхболдын өгсөн: “... Мөнхдаваа, Отгоншар, Анхбаяр бид 4 машин суугаад байж байтал Мөнхдаваа би Баттулгыг өшиглөсөн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.53/;

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Анхбаярын өгсөн: “... Мөнхдаваа Отгоншарын машинд сууж байхдаа би Баттулгыг өшиглөсөн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.54/;

          Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн гэрчээр өгсөн: “... Би Баттулгыг хөлөөрөө дэвсэж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.56-57/;

          Н.Дгийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Г Баттулгын биед эрүүний баруун зүүн их биеийн хугарал, 2 араа шүд, үүдэн 1 шүд хугарсан гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8098 дугаартай дүгнэлт /хх.62/;

          Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Ариунзулын өгсөн: “... хатуу зүйлийн цохих, өшиглөх үеийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл юм. Учир нь дээрх гэмтлийн буюу эрүүгийн аль нэг хэсэг нь хугарч улмаар эсрэг талдаа хөшилт үүсч хугарсан байх боломжтой гэмтэл юм...” гэх мэдүүлэг /хх.66-67/;

          Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн яллагдагчаар өгсөн: “... Ганзориг миний араас тэврээд авсан тэр үед хажууд нэг залуу доошоо хараад газар хэвтэж байхаар нь би баруун хөлөөрөө дээрээс нь нэг удаа хүчтэй дэвссэн, өөр гар хүрч цохиогүй...” гэх мэдүүлэг /хх.91/;

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 517 дугаартай нэмэлт дүгнэлт /хх.98-99/;

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэрэнжамцын өгсөн: “... Мөнхдаваа л би Баттулгыг цохиж эрүүг хугалсан гэж хэлж байна лээ...” гэх мэдүүлэг /хх.142/;

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Отгоншарын өгсөн: “... тэнд байсан хүмүүс болохоор Мөнхдавааг өшиглөсөн гэж хэлж байсан. Харин Мөнхдаваа Гачууртаас буцаж явах замдаа миний машинд би сая Баттулгыг өшиглөсөн гэж тийм зүйл өөрөө хэлж байсаныг бол санаж байна. Тэр үед хажууд Анхбаяр, Мөнхболд хоёр сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх.146/;

          Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Н.Дгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Н.Дгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Н.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх боловч Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдгээр хавсралтаар батлагдсан Гэмтэлийн зэрэг тогтоох журмын 1.9 дүгээр зүйлийн 1.9.2 дахь хэсэгт” “Шинжлүүлэгч нь нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтэлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтэлүүд нь нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэн эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтооно” гэж заасан байна.

          Иймд Н.Дгийн нэг удаагийн гэмт үйлдэлээр хохирогч нэг хүний биед учирсан хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсаныг 2 өөр гэмт хэрэг гэж үзэн тус тусад нь зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт шүүгдэгчийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчлөн, шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч Н.Д нь 8,000,000 төгрөг нөхөн төлсөн гэх бөгөөд  хохирогч Г.Баттулга нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Н.Дг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.    

          Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар, Н.Дд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

          Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дэхь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Дд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.

          2. Халиугчин овогт Нармандахын Мөнхдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Н.Дд холбогдох 1706 01098 1337 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

          4. Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Баттулга нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР