Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2026/00347

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б**** аймаг, Т******* сум, Х******* ** дүгээр багт оршин суух Б******* овогт Д*******ийн О*******ы хүсэлттэй

Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай 304/2026/00280/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Д.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.О******* нь С.Д*******тэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Д.О******* миний бие 1961 оны 06 сарын 07-ны өдөр Булган аймгийн Т******* суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1969-1977 онд ерөнхий боловсролын сургуульд сурч бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Би өөрийн нөхөр болох С******* овогтой Д*******тэй 1988 онд гэр бүл болж 2026 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан.

Энэ хугацаанд нөхөр маань Т******* сумын Х******* 1 дүгээр багт хамтран амьдарч Онгон гол ХХК-д насаараа трактор комбайнчаар ажиллаж 2015 онд тэтгэвэртээ гарсан. Гэр бүлийн баталгаа хийлгээгүй болно. Гэтэл миний нөхөр С.Д******* нь 2026 оны 01 сарын 03-ны өдөр гэнэт даралтаар унаж нас барсан. Иймд миний бие нь 1988 оны 11 сараас 2026 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэл нөхөр С.Д*******тэй хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Нас барсны бүртгэлийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймгийн Т******* сумын Х******* багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Үндэсний төв архивын 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03-07/1878 дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа, эх баримт, 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03-07/1876 дугаар 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа, эх баримт, 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03-07/1880 дугаар 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа, эх баримт зэргийг шүүх бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.О*******ы хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч нь 1988 оны 11 сараас 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нөхөр С.Д*******тэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Д.О******* нь нөхөр С.Д*******тэй 1988 оноос хойш хамтран амьдарсан болох нь Хүн ам орон сууцны 1989, 2000, 2010 оны улсын тооллогын Булган аймгийн Т******* сумын бүртгэлээс Д.О*******д холбогдох Үндэсний төв архивын 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03-07/1878 дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаанд: Өрхийн тэргүүлэгч-Ц.Д*******, охин-Д*******ийн О*******..., гэх эх баримт, 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03-07/1876 дугаар 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаанд: Өрхийн тэргүүлэгч-С*******гийн Д*******, Эхнэр/нөхөр-Д*******ийн О******* ...гэх эх баримт, 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03-07/1880 дугаар 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаанд: Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын Булган аймгийн Т******* сумын Х*******, 1 дүгээр багийн бүртгэлийн 28 дугаар хуудсанд, Төмрөнгийн хар толгойд оршин суугч: Өрхийн тэргүүн Х******* ургийн овогт С******* овогтой Д*******, эрэгтэй, 1959 оны 02 сард төрсөн, 51 настай, малчин, эхнэр Б******* ургийн Овогт Д*******ийн О*******, 1961 онд төрсөн, 49 настай гэж бүртгэгдсэн, эх баримт болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б******* овогт Д*******ийн О*******, Х******* овогт С*******гийн Д******* нарыг 1988 оны 11 сараас 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА