Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2026/00348

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б****** аймаг, О******* сум, ** дугаар багт оршин суух С******* овогт А*******ын Б*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2026/00254/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч А.Б*******а

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч А.Б*******а нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1965 онд төрсөн. Би 1980 оноос 1990 он хүртэлх хугацаанд Булган аймгийн О******* сумын Чойбалсанч нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөр эрхэлсэн энэ хугацаан дахь хөдөлмөрийн хөлсний тэмдэглэлд овог солигдож ажилласан жил хүрэхгүй хохироход хүрээд байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан баримт болон бусад баримтыг үндэслэж миний Булган аймгийн О******* сумын Чойбалсанч нэгдэлд 1980 оноос 1990 он хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 1983 оны 06 сараас 1986 оны 06 сарыг хүртэл 3 жилийн хугацаанд цэргийн алба хаасан гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Булган аймгийн О******* сумын Чойбалсанч нэгдэл-ийн зөвлөлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 56 дугаар тушаал,

-Булган аймгийн Архивын тасгийн цалингийн цэс,

-А.Б*******ад 1981 оны 05 сарын 14-ний өдөр Булган аймгийн О******* сумын Чойбалсанч нэгдэлийн даргын олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,

-Цэргийн батлахын хуулбар,

-Төрөл садангийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/183 дугаартай албан тоотоор ирүүлсэн А.Б*******ын анх иргэний үнэмлэх, паспорт авч байсан ХААТР-1 маягтын хуулбар,

-Үндэсний төв архивын 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03-01/1865 дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа, эх баримт зэргийг зэргийг шүүх бүрдүүлжээ.

4.Хүсэлт гаргагч А.Б*******ын хүсэлтээр Н.Ганбат, Д.Хишигбаяр нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч А.Б*******ын шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн О******* сумын Чойбалсанч нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хоньчиноор, 1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчиноор ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн баримтад овог, нэр зөрүүтэй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн О******* сумын Чойбалсанч нэгдэл-ийн зөвлөлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 56 дугаар тушаал,

-Булган аймгийн Архивын тасгийн цалингийн цэсэнд: Булган аймгийн О******* сумын 3 дугаар багийн харьяат А*******а овогтой Тулгаа нь О******* сумын Чойбалсанч нэгдэлд 1980, 1981, 1983, 1987, 1988 онд малчнаар ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов гээд 1980 оны 7-11 сар, 1981 оны 2-3, 5, 11 сар, 1983 оны 5 сар, 1987 оны 6-7 сар, 1988 оны 2, 4-9, 11 саруудад цалингийн бичилт хийгдсэн,

-Булган аймгийн О******* сумын 3 дугаар багийн харьяат А*******а овогтой Б*******а нь О******* сумын Чойбалсанч нэгдэлд 1987, 1989, 1990 онд малчнаар ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов гээд 1987 оны 5 сар, 1989 оны 9 сар, 1990 оны 1-11 саруудад цалингийн бичилт хийгдсэн,

-Булган аймгийн О******* сумын 3 дугаар багийн харьяат Лувсансовд овогтой Б*******а нь О******* сумын Чойбалсанч нэгдэлд 1982 онд ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов гээд 1982 оны 3-4 сар, 7-8 сар, 10-11 саруудад цалингийн бичилт хийгдсэн,

-Булган аймгийн О******* сумын Чойбалсанч нэгдэлийн даргаас А*******ын Б*******ад 1981 оны 05 сарын 14-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбарт дараах бичилттэй:

Үүнд:

-Чойбалсанч нэгдэлийн даргын 1981 оны 04 сарын 06-ны өдрийн 17 тоот тушаалаар-Чойбалсанч нэгдэлийн 3 дугаар бригадад хоньчин- ажилд орсон он, сар, өдөр-1980 оны 01 сарын 01 гэх,

-Мал бэлтгэлийн конторын даргын 1986 оны 11 сарын 01-ний өдрийн 35 тоот тушаалаар Булган аймгийн О******* сумын Чойбалсанч нэгдэлийн даргын зөвшөөрлөөр түр шилжиж, тус мал бэлтгэлийн конторын галчаар авч ажиллуулав гэх,

-Мал бэлтгэлийн конторын даргын 1987 оны 02 сарын 28-ны өдрийн 04 тоот тушаалаар Түр шилжүүлсэн хугацаа дууссан тул Булган аймгийн мал бэлтгэлийн конторын галч, цэвэрлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэх,

-1981 оны 1-12 сар, 1982 оны 1-11 сар, 1983 оны 1-6 сар, 1986 оны 11-12 сар, 1987 оны 1-10 сар, 12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-4 сар, 1990 оны 1-6 сар, 8-9 саруудад ажилласан хоног авсан хөлс бичигдсэн.

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/183 дугаартай албан тоотоор ирүүлсэн А.Б*******ын анх иргэний үнэмлэх, паспорт авч байсан ХААТР-1 маягтын хуулбарт: Булган аймгийн О******* сум, А*******ын б*******а, 1965 оны 09 сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс: халх, нийгмийн бүлэг-хоршоолсон, гэрлээгүй, 1981 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, ажилладаг байгууллага-О******* Чойбалсанч нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, ажилд орсон он-1980 он, цех тасаг бригад-1 хэсэг, эрхэлж эхэлсэн он-1980 он, оршдог сум район-О*******, цэргийн алба хаасан, эцэг-Лувсансовдын А*******а, эх-Шаравжамцын Даринчулуун гэх,

-Архивын Ерөнхий газры 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03/01/1865 дугаартай лавлагаагаар ирүүлсэн 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын эх баримтад Булган аймаг, О******* сум, А*******а Б*******а, 23 нас, хоньчин гэж тоологдсон.

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас авсан төрөл садангийн лавлагаагаар А*******ы Б*******а нь А*******ы Гантулга гэх ойролцоо нэртэй дүүтэй болох нь тогтоогдсон. Хүсэлт гаргагчийн 1980 оноос 1988 оны цалингийн цэсэнд А*******ы Тулгаа гэж бичигдсэн бөгөөд 1980 онд хүсэлт гаргагч 15 настай, төстэй нэртэй дүү А*******ын Гантулга нь 3 настай байх тул энэхүү цалингийн цэс нь хүсэлт гаргагчийнх мөн байх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

Гэрч Н.Ганбатын Би Ардын армид 1977 оноос 1980 оны хооронд цэргийн алба хаасан. 1980 онд цэргээс халагдаж ирээд Булган аймгийн О******* сумын Чойбалсанч нэгдэлийн 3 дугаар бригадад туслах малчин хийж эхэлсэн. 1985 онд мал толгойлж авсан. 1991 он хүртэл малчин хийж байгаад хувьчлал болоод Чойбалсанч нэгдэл татан буугдаад О******* Мандал компани болж өөрчлөгдсөн. 1996 онд О******* Мандал компаниасаа гараад хувийн аж ахуйтан болсон. А.Б*******а бид 2 1980 оноос хойш эхлэн Булган аймгийн О******* сумын Чойбалсанч нэгдэлийн 3 дугаар бригадад аав, ээжийн хамт туслах малчин хийж байсан. Бид 2 тасралтгүй тус нэгдэлд 2000 он хүртэл ойролцоо хамт мал маллаж байсан. А.Б*******а ч мөн нэгдэл тарангуут хувийн аж ахуйтан болсон. Өнөөдрийг хүртэл малаа маллаж амьдарч байгаа гэх,

Гэрч Д.Хишигбаярын Би 1980 онд Булган аймгийн О******* сумын Чойбалсанч нэгдэлд туслах малчнаар ажилд орж байсан. 1982 оноос мал толгойлж аваад бие дааж малчин болсон. А.Б*******а нь 1980 оноос эхлэн Булган аймгийн О******* сумын Чойбалсанч нэгдэлд туслах малчнаар ажилд орсон. Зун нь өвсөнд явдаг байсан. 1983 онд манай дүүтэй хамт цэрэгт явж байсан. 1986 онд халагдаж ирсэн. 3 жил алба хаасан. Цэргээс халагдаж ирээд шууд малаа малласан. Одоо болтол мал маллаж амьдарч байгаа гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ., 135.2.6 дэх хэсэгт хүний ажиллаж байсан байдал, 135.3 дах хэсэгт ...эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй...болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

5.Иймд хүсэлт гаргагч А.Б*******ыг Булган аймгийн О******* сумын Чойбалсанч нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хоньчиноор, 1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С******* овогт А*******ын Б*******ыг Булган аймгийн О******* сумын Чойбалсанч нэгдэлд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хоньчиноор, 1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мал бэлтгэлийн конторт галчаар, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА