Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 304/ШШ2026/00356

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б***** аймаг, Б******** сум, ** дугаар баг, Х*******, **-** гудамж, ** тоотод оршин суух Б.Т*******-*******ын хүсэлттэй

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2026/00289/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч Б.Т*******-*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.Т*******-******* нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1969 оны 03 сарын 05-ны өдөр төрсөн. 1988 оны 07 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Б******* аймгийн Усны аж ахуйд ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, аймгийн архиваас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн тул архивын лавлагаа, үйлдвэрчний эвлэлийн батлах, хөдөлмөрийн хөлс авч байсан болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Б******* аймгийн Усны аж ахуйд 1988 оны 07 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Иргэний үнэмлэхийн хуулбар,

-Булган аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээний рашаант компаний ерөнхий захирлын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 27 дугаартай тушаал,

-С******* аймаг Цагаан толгой дахь ХАА-н ТМДуд-ийн захирлаас Б.Т*******-*******т 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/186 дугаартай албан тоотоор ирүүлсэн Б.Т*******-*******ын анх иргэний үнэмлэх, паспорт авч байсан ХААТР-1 маягтын хуулбар,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/69 тоот Б.Т*******-*******ын ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдаагүй тухай албан бичиг,

-Үндэсний төв архивын 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03-01/1864 дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа, эх баримт зэргийг зэргийг шүүх бүрдүүлжээ.

4.Хүсэлт гаргагч Б.Т*******-*******ын хүсэлтээр Ш.Л*******, Л.*******-******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.Т*******-*******ын шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажиллаж байх хугацааны цалингийн лавлагаа гарахгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээний рашаант компаний ерөнхий захирлын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 27 дугаартай тушаалд: Шувуутын нарийн ногооны салаанд ажиллаж байсан ...Б.Т*******-******* нарыг 1997 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн ажилчдыг дээрх ХЭАА-н нэгдэлд шилжүүлсүгэй гэх,

-Б.Т*******-*******т 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбарын ажлын тухай мэдээ хэсэгт: Захирлын 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 70 тоот тушаалаар Цагаантолгой дахь ХАА-н техник мэргэжлийн дунд сургуульд сурагчаар элсүүлж суралцуулав гэх, Захирлын 1988 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 43 тоот тушаалаар Жимс-ногоочин мэргэжлээр гурван жил суралцаж төгсөв гэх, Хоршооллын даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар Булган хангайн хоршоололд ногоочноор авч ажиллуулав гэх, Хоршооллын даргын 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар Ногоочны үүрэгт ажлаас чөлөөлж УАА БУХ-ын мэдэлд шилжүүлэв гэх, Булган аймгийн Усны аж ахуйн конторын даргын 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 56 тоот тушаалаар Усны аж ахуйд ногоочноор авч ажиллуулав гэх, Булган аймгийн Усны аж ахуйн конторын даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 145 тоот тушаалаар Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу Усны аж ахуйн контор өөрчлөгдөж Рашаант ХК болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж Рашаант компанийн мэдэлд шилжүүлэв гэх, Булган аймгийн ҮҮ.Рашаант компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 тоот тушаалаар Үйлдвэрлэл үйлчилгээний Рашаант компанийн ногооны салаанд ногоочноор авч ажиллуулав гэх, Булган аймгийн ҮҮ.Рашаант ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 54 тоот тушаалаар Нийгмийн даатгалын дэвтэр олгох болсон тул хөдөлмөрийн дэвтэрийг нь хаав гэх, 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн улсын үзлэгээр 09 уил 04 сараар тооцов гэх бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/186 дугаартай албан тоотоор ирүүлсэн Б.Т*******-*******ын анх иргэний үнэмлэх, паспорт авч байсан ХААТР-1 маягтын хуулбарт: Булган аймгийн Булган сум, Баасан овогт Т*******-*******, Булган аймаг Баян-Агт суманд 1969 оны 03 сарын 05-ны өдөр төрсөн, яс үндэс: Халх, нийгмийн бүлэг: Албан хаагч, 1 дүгээр хороо малчны хэсэгт байнга оршин суудаг, 1988 онд сууж эхэлсэн, гэрлээгүй, 1986 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, мэргэжил: Ногоочин, зэрэг: 2, ажилладаг байгууллага: Булган хангайн хоршоолол, ажилд орсон он: 1988 он, эрхэлдэг ажил: ногоочин, эрхэлж эхэлсэн он: 1988 он, оршдог сум район: Булган гэх,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/69 тоот Б.Т*******-*******ын ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдаагүй тухай албан бичиг,

-Үндэсний төв архивын 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03-01/1864 дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа, эх баримтад: Тэргүүлэгч-М.Идэрнасан, нас-24, хүйс-эрэгтэй, Эхнэр/нөхөр-Ж.Т*******-*******, нас-19, хүйс-эмэгтэй гэх,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

Гэрч Л.*******-*******ийн Би 1986 онд Булган аймгийн Усны аж ахуйн удирдах газрын конторт нягтлан бодогчоор ажилд орж байсан. 2016 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Б.Т*******-******* нь 1988 онд Булган аймгийн Усны аж ахуйн удирдах газрын конторт сургууль төгсөж ирээд ногоо хариуцсан ажилтан буюу агорномчоор ажилд орж байсан. Тэгээд 1994 он хүртэл тасралтгүй энэ байгууллагатаа ажилласан. Тэр үед би нягтлан байсан учраас сайн мэдэж байна гэх,

Гэрч Ш.Л*******гийн Би 1975 онд Булган аймгийн Усны аж ахуйн удирдах газрын конторт жолоочоор ажилд орж байсан. 2012 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Б.Т*******-******* нь Булган аймгийн Усны аж ахуйн удирдах газрын конторт сургууль төгсөж ирээд ногоо хариуцсан ажилтан буюу агорномчоор ажилд орж байсан. Тэгээд 10 жил тасралтгүй энэ байгууллагатаа ажилласан. Тэр үед би ногоо зөөдөг байсан учраас сайн мэдэж байна гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ., 135.2.6 дэх хэсэгт хүний ажиллаж байсан байдал, 135.3 дах хэсэгт ...эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй...болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

5.Иймд хүсэлт гаргагч Б.Т*******-*******ыг Булган аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лхагва овогт Баасангийн Т*******-*******ыг Булган аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА