| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0634/э |
| Дугаар | 1306 |
| Огноо | 2018-09-24 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 1306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Хохирогч Ц.Жаргалан,
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар /ҮД:1170/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Год холбогдох 1806 00332 0652 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1993 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Шинэ-Өргөө” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинхайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24 дүгээр гудамжны 72 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх Борнууд овогт Д.Г /РД:РЭ93081314/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.Г нь 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Петровис” шатахуун түгээх станцын орчим иргэн Ц.Жаргалантай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, иргэн Ц.Жавхлангийн газар унасан гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гын өгсөн: “... Тухайн үед таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсэж зодоон болсон. Хохирогчийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Газар унасан утсыг өөрийн утас гэж бодож авсан, санаатайгаар аваагүй. Зодоон болох үед би согтуу байсан болохоор зодоон болсон газраас холдох хэрэгтэй гэж бодоод холдсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Жаргалангийн өгсөн: “... Би 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө байгууллагын шинэ жил тараад явж байсан. Тухайн үед “Петровис” шатахуун түгээх станцын орчим Ганболдтой мөрлөлцөөд улмаар маргаан болсон. Маргалдах үед би Ганболдод цохиулаад унасан. Тухайн үед архи согтууруулах ундааы зүйл хэрэглэсэн байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Жавхлангийн өгсөн: “... буцаж дүү дээр очих гээд Зүүн хүрээ хотхоны хойно очиход миний араас нэг хүн бариад авахаар нь би эргээд хартал миний гар утсыг булааж авсан залуу байхаар нь би куртикээ тайлах гэтэл миний халаасанд байсан 2017 оны 10 сард хуучнаар нь 450.000 төгрөгөөр авсан Самсунг эс 6 эдж плас гар утас газарт унахад уг залуу аваад Зүүн Хүрээ хотхоноос баруун зүгт зугатаахад үл таних 2 залуу гэнэт гарч ирээд том биетэй залуу нь миний гар утсыг булааж авсан залууг барьж авсан...” гэх мэдүүлэг /хх.10,125/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Жаргалангийн өгсөн: “... 2 залуу мөрлөхөөр нь нэг их юм бодолгүй цааш явтал араас нэг нь ирж миний зүүн мөрнөөс зулгаан эргүүлж миний нүүр лүү цохиход би хэн цохисныг нь харж чадалгүй унасан ба тэр залуу учиргүй миний толгой руу өшиглөж гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхбаярын өгсөн: “... Би өнөөдөр шөнө 02 цагийн үед ажлаа тараад найз Мөнх-Уяагийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Петровис шатахуун түгээх станцын хойд хэсэгт алхаж байхад 2 эрэгтэй хүн дээр доороо ороод зодолдож байхаар нь бид 2 хажуугаар нь тойрч гараад цааш явж байтал шорлог зардаг эгч таарч зодоон болоод байна гэж хэлээд зогсч байтал бор өнгийн өмдтэй шар өнгийн цүнх барьсан залуу нэг хүний гар утсыг аваад Зүүн хүрээ хотхоны зүгт зугатаасан тэгэхээр нь би араас нь очоод барьж аваад зогсч байхад уг залуутай ноцолдож байсан залуу ирээд баярлалаа гээд ...” гэх мэдүүлэг /хх.16/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 788 дугаартай дүгнэлтэд:
“1. Ц.Жаргалангийн биед зулайн няцарсан шарх, хацрын арьсны зулгаралт, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.31/,
Шүүгдэгч Д.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.34/,
Шүүгдэгч Д.Гын оршин суух Сонгинхайрхан дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх.35/,
Шүүгдэгч Д.Гоос хохирогч Ц.Жаргаланд 800,000 төгрөг нөхөн төлсөн тухай баримт /хх.67/,
Шүүгдэгч Д.Гын урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.75/,
Шүүгдэгч Д.Гын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.118/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Г нь 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Петровис” шатахуун түгээх станцын орчим иргэн Ц.Жаргалантай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, иргэн Ц.Жавхлангийн газар унасан гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Жавхлангийн өгсөн: “... буцаж дүү дээр очих гээд Зүүн хүрээ хотхоны хойно очиход миний араас нэг хүн бариад авахаар нь би эргээд хартал миний гар утсыг булааж авсан залуу байхаар нь би куртикээ тайлах гэтэл миний халаасанд байсан 2017 оны 10 сард хуучнаар нь 450.000 төгрөгөөр авсан Самсунг эс 6 эдж плас гар утас газарт унахад уг залуу аваад Зүүн Хүрээ хотхоноос баруун зүгт зугатаахад үл таних 2 залуу гэнэт гарч ирээд том биетэй залуу нь миний гар утсыг булааж авсан залууг барьж авсан...” гэх мэдүүлэг /хх.10,125/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Жаргалангийн өгсөн: “... 2 залуу мөрлөхөөр нь нэг их юм бодолгүй цааш явтал араас нэг нь ирж миний зүүн мөрнөөс зулгаан эргүүлж миний нүүр лүү цохиход би хэн цохисныг нь харж чадалгүй унасан ба тэр залуу учиргүй миний толгой руу өшиглөж гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхбаярын өгсөн: “... Би өнөөдөр шөнө 02 цагийн үед ажлаа тараад найз Мөнх-Уяагийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Петровис шатахуун түгээх станцын хойд хэсэгт алхаж байхад 2 эрэгтэй хүн дээр доороо ороод зодолдож байхаар нь бид 2 хажуугаар нь тойрч гараад цааш явж байтал шорлог зардаг эгч таарч зодоон болоод байна гэж хэлээд зогсч байтал бор өнгийн өмдтэй шар өнгийн цүнх барьсан залуу нэг хүний гар утсыг аваад Зүүн хүрээ хотхоны зүгт зугатаасан тэгэхээр нь би араас нь очоод барьж аваад зогсч байхад уг залуутай ноцолдож байсан залуу ирээд баярлалаа гээд ...” гэх мэдүүлэг /хх.16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 788 дугаартай дүгнэлт /хх.31/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Д.Г нь өөрийн гар утсыг газарт унасан гэж андуурч хүний утсыг авсан, дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй гэж шүүгдэгч болон түүний өмгөөлөгч мэтгэлцэн тайлбарлаж байх боловч тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нь бусдын эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогдоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Д.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Д.Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, мөн “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцсон болно.
Д.Г нь хохирогч Ц.Жаргаланд хохиролд 1,750,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ц.Жавхлан нь гар утсаа буцаан авсан, хохирогч нар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.Гын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” болон “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Год хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг хохирогч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүсч байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт одоогоор зөвхөн хорих ял оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй юм.
Шүүгдэгч Д.Год эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын дагуу шүүгдэгчид оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй.
Д.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч урьд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Борнууд овогт Даваадоржийн Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан, Д.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Д.Год оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Д.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Д.Г урьд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Ц.Жаргаланд 1.750,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР