| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1281/э |
| Дугаар | 1334 |
| Огноо | 2018-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 1334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа,
Шүүгдэгч Х.Жнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Жавхлантад холбогдох 1806 06076 1509 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1968 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхэд, зээгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 32 дугаар гудамжны 412 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Харуул занги овогт Х.Ж /РД:ХГ68042013/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Х.Жнь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар" зочид буудлын орчимд иргэн Ч.Эрдэнэбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Жын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Эрдэнэбаярын өгсөн: “... Тэгэнгүүт нь би очоод Болор-Эрдэнийг авах гээд та нар одоо болиоч гэж хэлтэл хажуунаас нэг нь нүүр лүү цохиод авсан. Тэгээд би газар унаад байж байтал 2 залуу нь миний
дээрээс 5 минут хэртэй дэвсэж зодсон. Намайг Алаг-Эрдэнэтэй буудлын гадна ноцолдож байхад Алаг-Эрдэнийн аав болох Ж миний дээрээс өшиглөхөд эдгээр гэмтэлүүд нь учирсан. Алаг-Эрдэнийн аав Жавхлант намайг газар Алаг-Эрдэнэтэй зууралдаж байхад миний гар болон толгой хэсэгт ойролцоогоор 8 удаа хөлөөрөө өшиглөж зодсон. Харин нэхэмжлэх зүйл гэвэл би эмчилгээнд гарсан зардал болох 350.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх.8-10/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 8770 дугаартай дүгнэлтэд: “Ч.Эрдэнэбаярын биед духанд шарх, зүүн чамархай, зүүн чих, хамар, баруун доод зовхи, хоёр сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Болор-Эрдэнийн өгсөн: “... Алаг-Эрдэнийн аав нь гэх залуу Эрдэнэбаярыг цохиж унагаад тэр 3 залуу Эрдэнэбаярын дээрээс өшиглөж дэвслэн зодож байхыг би харсан...” гэх мэдүүлэг /хх.19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энсайханы өгсөн: “... Мөн миний хадам аав Ж тэр хоёрыг салгаж дийлэхгүй байна гээд хажууд нь зогсож байсан. Тэр хоёр бие биенээ цохиж зодохыг би хараагүй харин зүгээр зууралдаж байсан. Мөн миний хадам аав Ж тэр хоёрыг салгаж дийлэхгүй байна гээд хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх.44/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цэвээн-Ойдовын өгсөн: “... Тэгээд би тэр залууг дагуулаад тэдний байсан өрөөнд ороод тэр залуугийн дүүгийн цамцыг аваад бид хоёр буудлаас буугаад гартал буудлын гадна тэнд байсан өндөр залууг тэр машинаас бууж хүмүүс зодож байсан...” гэх мэдүүлэг /хх.45/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Жын яллагдагчаар өгсөн: “... Сүүлдээ уур хүрээд хүүтэйгээ хамт 2-ууланг нь хэд хэдэн удаа өшиглөөд авсан...” гэх мэдүүлэг /хх.53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Х.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар" зочид буудлын орчимд иргэн Ч.Эрдэнэбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Эрдэнэбаярын өгсөн: “... Намайг Алаг-Эрдэнэтэй буудлын гадна ноцолдож байхад Алаг-Эрдэнийн аав болох Жавхлант миний дээрээс өшиглөхөд эдгээр гэмтэлүүд нь учирсан. Алаг-Эрдэнийн аав Жавхлант намайг газар Алаг-Эрдэнтэй зууралдаж байхад миний гар болон толгой хэсэгт ойролцоогоор 8 удаа хөлөөрөө өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг /хх.8-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Болор-Эрдэнийн өгсөн: “... Тэдгээр 3 залуугийн нэг болох Алаг-Эрдэнийн аав нь гэх залуу Эрдэнэбаярыг цохиж унагаад... Эрдэнэбаярын дээрээс өшиглөж дэвслэн зодож байхыг би харсан...” гэх мэдүүлэг /хх.19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 8770 дугаартай дүгнэлт /хх.12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цэвээн-Ойдовын өгсөн: “... Тэгээд би тэр залууг дагуулаад тэдний байсан өрөөнд ороод тэр залуугийн дүүгийн цамцыг аваад бид хоёр буудлаас буугаад гартал буудлын гадна тэнд байсан өндөр залууг тэр машинаас бууж хүмүүс зодож байсан...” гэх мэдүүлэг /хх.45/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Жын яллагдагчаар өгсөн: “... Сүүлдээ уур хүрээд хүүтэйгээ хамт 2-ууланг нь хэд хэдэн удаа өшиглөөд авсан...” гэх мэдүүлэг /хх.53/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Жын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Х.Жын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Жыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч Ч.Эрдэнэбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Х.Жавхлантыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Х.Ж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Х.Жын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Х.Жд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Х.Жд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Х.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харуул занги овогт Х.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Жд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
5. Х.Жнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Эрдэнэбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР