Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2026/ДШМ/13

 

 

 

 

 

 

 

 

 

2026        02           28                                           2026/ДШМ/13                         

 

 

 

 

Н.Х-т  холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.

Шүүх хуралдаанд: прокурор   Н.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Б,

нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.М-ны    даргалж  хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б-ны давж заалдах гомдлоор,  шүүгдэгч Н.Х-т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

2. Монгол улсын иргэн,

3. Шүүгдэгч Н.Х  нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Л.Б-н түрээсээр хүлээлгэн өгсөн буюу итгэмжлэн хариуцуулсан байсан 610 тооны бог малаас 20 тооны хонийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр завшиж бусдад худалдан борлуулсаны улмаас Л.Б-д 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

4. Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Х-т холбогдох эрүүгийн ...  дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Х-г Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын төвийн дүүргүүдээс /Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан/ гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б-ны давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хэргийн зүйлчлэлийн хувьд ямар нэгэн санал, гомдол алга. Харин шүүхээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл халдаасан юм. Гэвч Н.Х-н нөхөр М  2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр аваарт орж өнөөдрийг хүртэл байнгын хагалгаанд байна. Мөн биеийг сайжрахад сувилалд авч явах шаардлагатай тул Н.Х-с өөр хүн асрах боломжгүй тул зорчих эрх хязгаарлах ялыг өөрчлөн мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар өөрчлөн сольж өгөхийг хүсэж гомдол гаргаж байгаа хүлээн авна уу... ” гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б  нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “ ... Хохирлын тухайд сум дундын шүүхээс 2,000,000 төгрөг төлсөн гэсэн. Бид дутуу хохирлоо давж заалдах шатны гомдол дээрээ хавсаргасан байгаа. Иймээс зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ял болгож өгнө үү гэдэг хүсэлт гаргасан. Улсын ерөнхий прокурорын орлогч гавьяат хуульч Б.Ц  гуай “гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл халдаах нь зүйн хэрэг. Гэхдээ ар гэрийнх нь амьдралыг харгалзах нь зөв юм” гэдэг санааг хэлсэн бөгөөд миний бие дээрх үгтэй нь санал нэг байна. Иймд Н.Х-н ар гэрийн байдлыг нь харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэв.

8. Прокурор Н.А  нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б-ны давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Х-т холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

10. Хэргийн үйл баримт тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаагүй .

11. Шүүгдэгч Н.Х  нь Хэнтий аймгийн Б сумын ...дугаар баг "Н" гэх газар нутаглаж байхдаа 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Л.Б-с төлийнхөө тавин хувийг өгөх нөхцөлтэй итгэмжлэн хариуцуулсан  610 тооны бог малыг хүлээн авснаас хойш 6 хоногийн дараа  20 тооны хонийг машинаар тээвэрлэн С  аймгийн Т-т суманд хонь авч байсан А.У гэх хүнд  худалдан борлуулан  4,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Л.Б, гэрч Б.О, Д.Б, А.У нарын мэдүүлэг, Б” ХХК-ийн шинжээчий дүгнэлт , А.У-н депозит дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдсон талаарх  анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай  нийцсэн байна. /хх-39-47, 52-59, 76-77, 95-97,164х/

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг зааж,  түүний улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.”  гэжээ.

13. Хөрөнгө завших гэмт хэрэг нь хохирогч өөрийн эд хөрөнгө эсхүл эд хөрөнгийн эрхийг бусдад түр хугацаагаар хариуцуулж өгсний дараа эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг хувьдаа захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг ба гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг материаллаг  бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

14. Прокуророос шүүгдэгч Н.Х-н бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр  зүйлчилсэн нь эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

15. Хохирогч Л.Б  нь аман хэлцлийн үндсэн дээр өөрийн 610 тооны бог малыг шүүгдэгч Н.Х-т хариуцуулснаар түүнийг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж ойлгоно.

16. Шүүгдэгч нь бусдаас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй захиран зарцуулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан байтлаа түүнийг хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэснийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

17. Шүүгдэгч Н.Х-н хууль бус үйлдлийн улмаас хохирогч Л.Б-д 4,000,000 төгрөгийн хохирол учирсан нь үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг өөрийн өмчийн адил захиран зарцуулж өөртөө ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлт  нөлөөлсөн байна.

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Г.Б-ны  "хохирол нөхөн төлөх тухай хүсэлт"-ийг үндэслэн  шүүх хуралдааныг  ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулан энэ хугацаанд буюу 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр  хохирогч Л.Б-н Хаан банкны .... дугаарын дансанд 2,000,000 төгрөг  нөхөн төлсөн ба давж заалдах шатны шүүхийн шатанд  буюу 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр  хохирогчийн мөн дансаар  үлдсэн 2,000,000 төгрөгийг хохирогчид төлсөн байна. /хх-27,46х/

19. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б-ны "шүүгдэгчид  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар тэнсэх өгөх"-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б-ны давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож,  Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Шүүгдэгч Н.Х-с  2025 оны 10 дугаар сарын 27-нд хохирогч Л.Б-н Хаан банкны ... дансаар  2,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

Дөрөв. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.