| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 2439000360105 |
| Дугаар | 2026/ДШМ/17 |
| Огноо | 2026-02-28 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/17
2026 02 28 2026/ДШМ/17
Д.М, Н.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд: прокурор Э.А ,
Хохирогч: Х.Н /цахимаар/,
шүүгдэгч: Д.М, Н.Г ,
шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Н ,
нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.
1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Э-н даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-н давж заалдах гомдлоор, шүүгдэгч Д.М, Н.Г нарт холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2.1 Монгол улсын иргэн,
2.2 Монгол Улсын иргэн,
3.1 Шүүгдэгч Д.М нь Н.Г-тэй бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 18-аас 19-нийг шилжих шөнө Х аймгийн Н сумын ... дугаар багийн нутаг "Б" гэх газраас Х.Н-н 3 тооны буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж 6.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
3.2 Шүүгдэгч Н.Г нь Д.М-тэй бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 18-аас 19-нийг шилжих шөнө Х аймгийн Н сумын ... дугаар багийн нутаг "Б" гэх газраас Х.Н-н 3 тооны буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж 6.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
4. Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М, Н.Г нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.М, Н.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Г-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М, Н.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Ц-н өмчлөлийн мөнгөлөг өнгийн ... улсын дугаартай “Land Cruiser 80” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.М-ээс 5,250,000 төгрөг, шүүгдэгч Н.Г-ээс 5,250,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгох хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Д.М, Н.Г нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтээ гаргасан байна. Харин анхан шатны шүүх өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг нотлох баримтанд тулгуурлан няцаасан, үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 367 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэр хангаагүй байна. ... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү... ” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “ ... Тухайн хэрэг 2022 онд үйлдэгдсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаад 2025 онд гэм буруугийн асуудал хэлэлцэгдсэн. Давж заалдах гомдлын үндэслэл нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулснаар хэргийн үйл баримтыг нотолсон нотлох баримтууд зөрүүтэй байдал, эргэлзээтэй нөхцөл байдал тодорхой болж нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн дүрслэх ач холбогдолтой байхад үүнийг анхаарахгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байна.
Д.М, Н.Г нарыг машин механизм ашиглан бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр хэргийн үйл баримтыг шалгасан. Тухайн хэргийн үйл баримттай холбоотойгоор гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, хэргийн газрын үзлэгийг бодитой явуулаагүй, нөхцөл байдлыг гуйвуулсан, хэрэг болсон гэх газраас үхрийн толгой харсан, үзсэн гэх нилээн хэдэн хүний гэрч нарын мэдүүлгүүдийг тодорхой зааж өгч цагдаагийн байгууллага тухайн ажиллагааг буруу гэж дүгнэж шалгаад байна. Үүнийг шалгаад өгөөч гэдэг асуудлыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж байсан. Энхцэцэг, Сарантуяа, Гомбосүрэнгийн мэдүүлгээр тухайн хэргийг нотолсон гэж дүгнэсэн боловч прокурорын яллаад байгаа, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Энэ дээр анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр шийдсэн нь үндэслэлгүй байна. Гэрч нарын мэдүүлгийн хувьд тухайн хэргийг харсан гэрч байхгүй. Тухайн хэргийг үйлдсэн гэдгийг Д.М, Н.Г нар ярьсан гэдгийг Э, С, Г нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийдэг. Тэгэхээр Э-н мэдүүлэгт “С-тай М-тай утсаар яриад А юу болоод байна гэсэн чинь үхэр хураах гэсэн чинь О, Н эгчийн 3 үхрийг хулгай хийсэн юм байна. М өөрийнхөө амаар хэлж байгаа юм чинь үнэн байх гэж хэлж байсан” гэсэн байдаг. Гэтэл С-н мэдүүлэг “би ийм зүйл яриагүй” гэсэн байдаг. Тэгэхээр Э, С нарын мэдүүлэг зөрүүтэй болж байгаа юм. Э үнэн яриад байгаа юм уу? С үнэн яриад байгаа юм уу? Д.М, Н.Г нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллаад байгаа нотлох баримт зөрүүтэй байхад мөрдөн байцаалтын шатанд энэ зөрүүг яагаад арилгаж болдоггүй юм бэ? Э-н мэдүүлгийг үнэн зөв гээд С-н мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзээд байгаа юм. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгийн зөрүүг арилгахаар нүүрэлдүүлэн мэдүүлэг гэх мэт ажиллагааг хийгээгүй. Үүнийг шалгаад өгөөч гэхээр тэгэх шаардлага байхгүй. Ажиллагаа болсон гэдэг.
Дараагийн асуудал нь Г гэдэг хүний мэдүүлэг яллах талын нотлох баримт болоод байгаа. Г манай эхнэр С-тай яриад би Н-н 3 үхрийг хулгай хийсэн гэж өөрийн амаараа ярьсан гэдэг. Гэтэл Г мэдүүлэг өгөхдөө би ийм зүйл ярьснаа мэдэхгүй байна. Юм бичээд л байсан гээд мэдүүлгээсээ буцдаг. Бусад гэрчүүдийн мэдүүлгийг ч гэсэн ямар байдлаар авсан юм. Б-с мэдүүлэг аваад өгөөч гэхээр авах шаардлага байхгүй гээд тухайн ажиллагааг хаачихдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим нь мөрдөгч, прокурор хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, хуульд заасан бүхий л арга хэмжээг авч, хэргийг яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх бүхий л нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан байгаа. Яллах талын нотлох баримтыг цуглуулсан бол хэргийн оролцогчдын хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтыг бүрдүүлэх үүргийг хуульчилсан байгаа юм. Мөрдөн байцаалтын шатанд яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг энэ тэнцүү цуглуулах ёстой гэж заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нотлох баримт шалгуулах, хүсэлт гаргах, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д өмгөөлөгчид хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах хүсэлт гаргах эрх нь байгаа. Энэ эрхийнхээ хүрээнд хэргийн газрын үзлэгийн толгой олсон газар чинь буруу байна. Энэ асуудлыг мэдэх хүмүүс буюу анх толгойг Ц, Л нар олоод ээж Э-тэй хэлсэн юм байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шалгуулъя гэхээр цагдаагийн байгууллагын хийсэн ажиллагаа үнэн зөв, шалгамааргүй байна гэдэг. Хэргийг үнэн зөв шалгаад эцсийн үр дүндээ хаана хүрэх вэ? гэдэгт дүгнэлт хийх ёстой. Д.М, Н.Г-н нар худлаа мэдүүлэг өгөөд байгаа юм уу? Энэ зөрүүг арилгах ёстой. Прокурорын байгууллагын үүрэг бол хэргийн бодит байдлыг тал талын оролцогчийн хүсэлтийг хангаад шүүхийн шатанд мэтгэлцэх байдлыг хангах ёстой. Гэтэл өнөөдөр би гэрчүүдийн мэдүүлгийг аваад өгөөч гэхээр наадах гэрчүүдээс чинь мэдүүлэг авах шаардлагагүй гээд шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхийг хязгаарлачихсан байна. Мөн хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах эрх хязгаарлагдсан нөхцөл байдалтай байгаа юм. Анхан шатны шүүх энэ асуудал дээр ч гэсэн хууль зүйн дүгнэлт хийхгүй орхигдуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагааг тал бүрээс нь бүрэн бодит ой зайлшгүй хийх ажиллагаануудыг явуулаагүй. Хохирогч 3 үхрээ алдсан байж болно. Үүнийг үгүйсгээгүй. Хамгийн гол нь үүнийг шалгахдаа цагдаагийн байгууллага хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой, эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр тогтоох ёстой. Гэтэл нотлох баримтууд нь зөрүүтэй байгаа учраас шүүх ямар байдлаар шийдэх юм. Энхцэцэг, Саранцэцэгийн мэдүүлгийн аль нь үнэн зөв гэх юм. Энэ нөхцөл байдал дээр дүгнэлт хийх боломжгүй байна. Энэ нөхцөл байдлыг арилгаснаар нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн дүрслэх ач холбогдол бүхий ажиллагаанууд байгаа учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах нь зүйтэй байна...” гэв.
8. Хохирогч Х.Н нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “...Б 3 үхрийн толгойг ойролцоо нутаглаж байсан Э гэдэг хүний хүүхэд олсон байна гэхээр нь орой Э эгч бид хоёр очсон. Д.М-н өвөлжөөнөөс баруун урагшаа худгаас доош уруудаад голын эрэг дээр бургас дотор байхад нь толгойнуудаа олсон. Н-н хаваржаан дээр толгой байгаагүй. Мал ажилласан ул мөр байсан. Үхрийн хашааны зүүн хойд талын буланд нь үхрээ ажиллаад бүх зүйлийг нь ачиж яваад газар дээрх цусыг нь өвс тавиад далдлах маягтай үлдээсэн байсан. Тэрэн дээр нь 2 хүний гутлын мөр үлдсэн байсан. Хэд хоногийн дараа толгойгоо авчирсан. Тэгээд Одбаяр гэдэг залуу шинжилгээнд өгнө гээд авч явсан...” Гэв.
9. Прокурор Э.А нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ ... Тухайн үед Д.М нь Г-н утас руу залгаад С-тай яриад Н-н 3 үхрийг хулгайлж авч явсан. Уучлалт гуйх талаараа хэлсэн байдаг. Г, С нараас нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад эхний мэдүүлгээсээ буцсан үйл баримт байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаар Д.М, Н.Г нар нь 2023 оны 12 дугаар сарын 18-аас 19-нийг шилжих шөнө Х аймгийн Н сумын ... дугаар багийн нутаг “Б” гэх газраас Х.Н-н 3 тооны буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлсан. Айлын өвөлжөөн дээр нядалсан гэж үзэх нотлох баримтууд цугларсан. Тухайн хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч нар нь хамт байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан байна. Анхан шатны шүүх хуралдаанд Д.М нь гэмт хэрэг үйлдээгүй, Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй гэж мэдүүлэг өгдөг. Гэрч Э-н “Д.М-н мэдүүлэгт Н эгчийн 3 үхрийг авсан байна” гэх мэдүүлэг, гэрч Г , С , Б нарын мэдүүлэгт “Н-т гомдолгүй гээд хэлүүлээд өгөөч гэж утсаар ярьсан” гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Өмгөөлөгчийн хэлсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийн прокурорт буцаах үндэслэл байхгүй. Өөрөөр , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т давж заалдах шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хязгаарласан. Тухайн ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, хойшлуулах боломжтой гэсэн саналыг гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.
10. Шүүгдэгч Д.М нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “... Хэргийг үнэн зөвөөр нь шийдүүлмээр байна...” гэв.
11. Шүүгдэгч Н.Г нь давж заалдах шатны шүүхэд гаргах “тайлбаргүй“ гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
12. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-н давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.М, Н.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
13. Хэргийн үйл баримт тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаагүй .
14. Шүүгдэгч Д.М, Н.Г нар бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Х аймгийн Н сумын ... дугаар баг, "Б" гэх газраас мөнгөлөг саарал өнгийн ... улсын дугаартай “Toyota Land cruiser-80” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Х.Н-н 3 эр үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж 6,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.Үүнд:
- Хохирогч Х.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 12 дугаар сарын 19-ний өглөө үхрээ татахаар Н-н саравч руу очиход хүрэн халзан зүсмийн соёолон эр үхэр 2, цагаан зүсмийн нас гүйцсэн эр үхэр 1 нийт 3 эр үхэр алга болсон ба хүү Э-н хамт чиргүүлтэй машины мөрийг дагаад Д-д очиж, эхнэрээс нь асуухад М ах өчигдөр чиргүүлтэй машинтай 15-16 цагийн үед зүүн тийш танай чиглэл рүү явсан гэж хэлсэн, Баян-Адаргын Б утсаар ярьж манайхаас зүүн тийш Шуусийн боом гэх газарт 3 үхрийн чинь толгой байна гэж хэлсэн. Шуусын голын урд бургасанд 3 үхрийн толгой маань байсан. М 2024 оны 03 дугаар сарын 27-ны орой Биндэрийн цагдаа нартай ирж фургон дотор ёстой муухай юм боллоо эгчээ, Г /шар/ хамаг юмаа тоочсон байх юм, Увсынхны үхэр гэж бодсон чинь танай 3 үхрийг минь хулгай хийсэндээ уучлалт гуйж, маргааш нь М-н хүү Б-н данснаас 9,000,000 төгрөг миний дансанд ирж хохирлыг барагдуулсан. ” гэх /1хх-70-89х/,
-Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Д.М нэг үхрийн мах авчирч өгөхөд нь хиллэж үзэхэд 196 кг болсон. Тэгээд 1 кг-ийг нь 9000 төгрөгөөр бодож 1, 764,000 төгрөг болсныг өөрийнх 5938010064 дугаартай дансанд шилжүүлж авсан.” гэх /1 хх-96-100х/,
-Гэрч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 03 дугаар сарын 27-ны орой Биндэрийн цагдаа нар М-г авчраад Н-с 3 үхрийг чинь Г-н хамт хулгай хийснээ хүлээж байна. Хохирлыг барагдуулъя, дүү нь давхар хэрэгтэй байгаа юм, гомдолгүй гэж хэлээд өгөөч гэж гуйж байхад би дэргэд нь байсан. Мөн өдрийн 15 цагт Баян-Адаргын Б машинтай ирээд М яриад Н-н 3 үхрийг хулгай хийснээ хүлээн намайг түрүүлж очоод Н эгчтэй уулзаад гомдолгүй болгож бай гэж хэлэхээр би ирлээ гэж хэлсэн. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дадалын цагдаагийн кобоны үүдэнд манай зүүн талд нутагладаг С, түүний нөхөр Г-н хамт явж байсан. Машинд Н бид хоёр суухад С утсаар ярьж байхаар нь хэнтэй ярьж байгаа юм бэ гэхэд -тай гэсэн. Тэгэхээр би С-н утсаар залгуулж М-тай ярихад чи одоо юу болоод яваад байгаа юм гэж асуухад Увсынхны үхэр юм байх гэж бодсон чинь Н эгчийн гурван үхрийг хулгай хийсэн байна гэж хэлсэн.” гэх /1хх-101-105х/,
- Гэрч Х.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 03 дугаар сарын 28-ны үед байх Дадал сумын кобоны цагдаа Н, саахалт нутагладаг Э нартай уулзаад байж байхад эхнэрийн утас дуугарахаар авахад М байна, дүү нь пактлаад Дадалд ирээд байна гэхээр нь С эгчтэйгээ ярь гээд утсаа өгсөн. Дараа нь юу ярьсан талаар асуухад С, М манайхаас баруун тийш байдаг Н-н 3 үхрийг хулгай хийгээд баригдаад байна, та Н эгчийг таньдаг юм чинь гомдолгүй гэж хэлүүлээд өгөөч гэж гуйж байна гэж хэлсэн. Дараа нь Э манай эхнэрийн утсаар М руу ярьсан. Тэгэхэд бууны хэрэг нь шийдэгдээгүй байгаа, хэрэг дээр хэрэг хэцүү байна гэж байсан.” гэх /1хх-106-109х/,
- Гэрч Ш.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... М ах 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн цагийн үед чиргүүлтэй ланд 80 машинтайгаа манайд баруун талаас ирээд зүүн тийш явсан.” гэх /1хх-110-112х/,
- Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр над руу яриад “Би Н эгчийн 3 үхрийг авчихсан юм, дүү нь хэргээ хүлээсэн. Та Н эгчтэй очиж уулзаад гомдол, тэмцэлгүй болгоод өгөөч” гэж гуйгаад ярихаар нь би тэр өдөртөө Н-д давхиж очиход Н сум явсан гээд эзгүй байсан. Тэгэхээр нь хажуу айлынх нь Э-т зорилгоо хэлээд буцсан.” гэх мэдүүлгүүд /1 хх-113-115х/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургууд /1хх-34-51х/
- “Б” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101 дүгээр шинжээчийн дүгнэлт /1хх-182-186х/ зэрэг болно.
15. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд хоёр, түүнээс дээш бод мал хулгайлахыг олон тооны мал хулгайлсан гэж ойлгоно. Өөртөө ашиг хонжоо олох зорилгоор бусдын малыг авч, өөрийн хэрэгцээнд хэрэглэх эсхүл зарж борлуулах шунахай сэдэлттэй байдаг. Эд хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөнд халддаг. Машин механизм ашиглах гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.
16. Прокуророос шүүгдэгч Д.М, Н.Г нарыг бүлэглэн машин механизм ашиглан олон тооны мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
17. Шүүгдэгч нар бусдын олон тооны малыг хулгайлж байгаа үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
18. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Д.М-т 2 жил, 3 сарын хорих ял, шүүгдэгч Н.Г-д 2 жилийн хорих ял тус тус оногдуулан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тохирсон байх тухай шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн байна.
19. Шүүгдэгч Д.М-ээс хохирогч Х.Н-т 9,000,000 төгрөг төлсөн бөгөөд түүнд 3 үхрийн үнэ 6,200,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 2,744,500 төгрөгийг тус тус оруулан тооцож, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсан нь үндэслэлтэй байна.
20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М, Н.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Ц-н өмчлөлийн мөнгөлөг саарал өнгийн .... улсын дугаартай “Toyota Land cruiser-80” загварын тээврийн хэрэгслийн үнэ 10,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт заасанд нийцнэ. /1хх-90-95, 223-226х/
21. Шүүгдэгч нар нь бүлэглэн 2023 оны өвөл зуд турхны үеэр машин механизм ашиглан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай, хүрэлцэхүйц нотлох баримтаар тогтоогдсон байх тул тэдгээрийн өмгөөлөгч С.Н-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч шүүгдэгч Д.М, Н.Г нарын шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Н.Г нарын шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Дөрөв. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.