| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1283/э |
| Дугаар | 1336 |
| Огноо | 2018-09-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 1336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Хохирогч Ж.Ганнайрамдал, түүний өмгөөлөгч Л.Бурмаа /ҮД:0475/,
Шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Б.Мянган /ҮД:0012/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Тт холбогдох 1806 05043 1327 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Ховд аймагт 1981 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 37 настай эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 409 дүгээр байрны 48 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Олхонууд овогт Н.Т /РД:ПЮ81030581/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Н.Т нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төв дэх иргэн Ж.Ганнайрамдалын 810 дугаартай лангууны худалдагчаар ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 50 хос гутал зарсан үнэ 8,500,000 төгрөг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Тийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Ганнайрамдалын өгсөн: “... 50 хос гутлын мөнгө болох 8.500.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 645,000 төгрөгийг төлсөн. Одоо 7,855,000 төгрөг нэхэмжилж байгаа... Т нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд миний мөнгийг завшсан гэж бодож байна. Шүүгдэгч өнөөдрийн шүүх хуралдаанаар миний хохирлыг барагдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч 4 сарын хугацаанд надад ийм байдлаар олон удаа хэлж байсан боловч 500,000 төгрөг битгий хэл 50,000 төгрөг ч өгөөгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Ганнайрамдалын өгсөн: “... Одоо би Таас 620,000 төгрөгийн цалинг суутгаж 7,880,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би бүртгэлийн дэвтэр болон гуталтайгаа тулган гаргаж ирсэн, түүнийг Т өөрөө хамт тоололцож хүлээн зөвшөөрч надад эргүүлэн төлөхөө амлалт байдлаар бичиг хийж өгчихөөд зугатаасан...” гэх мэдүүлэг /хх.8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Азжаргалын өгсөн: “... Т нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны үеэс хойш Дүнжингарав худалдааны төвийн 8811 лангуунд гутлын худалдагч хийдэг байсан. Уг лангуу нь манай лангууны өөдөөс харсан лангуу юм. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан...” гэсэн мэдүүлэг /хх.28-29/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.12/,
Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх.14/,
Тооцоо нийлсэн баримт, тайлбар /хх.19-20/,
Төлбөр барагдуулах тухай хэлцэл /хх.21/,
Эд мөрийн баримтаар тооцсон 1 ширхэг дэвтэр,
Хөдөлмөрийн гэрээ, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Н.Т нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төв дэх иргэн Ж.Ганнайрамдалын 810 дугаартай лангууны худалдагчаар ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 50 хос гутал зарсан үнэ 8,500,000 төгрөг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Ганнайрамдалын өгсөн: “... Одоо би Таас 620,000 төгрөгийн цалинг суутгаж 7,880,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би бүртгэлийн дэвтэр болон гуталтайгаа тулган гаргаж ирсэн, түүнийг Т өөрөө хамт тоололцож хүлээн зөвшөөрч надад эргүүлэн төлөхөө амлалт байдлаар бичиг хийж өгчихөөд зугатаасан...” гэх мэдүүлэг /хх.8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Азжаргалын өгсөн: “... Т нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны үеэс хойш Дүнжингарав худалдааны төвийн 8811 лангуунд гутлын худалдагч хийдэг байсан. Уг лангуу нь манай лангууны өөдөөс харсан лангуу юм. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан...” гэсэн мэдүүлэг /хх.28-29/,
Тооцоо нийлсэн баримт, тайлбар /хх.19-20/,
Төлбөр барагдуулах тухай хэлцэл /хх.21/,
Эд мөрийн баримтаар тооцсон 1 ширхэг дэвтэр,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Ганнайрамдалын өгсөн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Тийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Н.Тийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Тийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Н.Т нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын 8,500,000 төгрөгөөс 645,000 төгрөг нөхөн төлсөн учир үлдэх 7,855,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.Ганнайрамдалд олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Н.Тийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Тийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Н.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс Н.Тт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.
Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 71 хуудастай дэвтэр 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээвэл зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Олхонууд овогт Н.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Н.Тт сануулсугай.
4. Н.Т нь хохиролд 645,000 төгрөг нөхөн төлсөн, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 71 хуудастай дэвтэр 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Таас 7,855,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ганнайрамдалд олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР