| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 24090000001787 |
| Дугаар | 2026/ДШМ/278 |
| Огноо | 2026-03-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2026/ДШМ/278
2026 03 11 2026/ДШМ/278
В.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Мөнхцэцэг,
хохирогч Ч.Х, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2443 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Х-ын гаргасан давж заалдах гомдлоор В.А-т холбогдох эрүүгийн 24090000001787 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Казакстан Улсын иргэн В.А, ........................................................../;
Казакстан улсын иргэн В.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21- 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ тоотод хохирогч Ч.Х-ын хоолойн тус газарт зэвсэг буюу хутгаар хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: В.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар В.А-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хохирогч Ч.Х-ын нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 10 ширхэг хурууны хумс, арчдас 1 ширхгийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгтэй нь хамт прокурорт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 30 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн оршин суугаа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол В.А-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч Ч.Х давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх яагаад гэмт хэрэгтэн В.А гэх хүнийг гэмт хэрэг хийгээгүй, энэ хэрэгт огт холбогдоогүй гэж үзэж цагаатгаж, харин хэргийг хэлэлцэхдээ хохирогч намайг илт буруутган, гэмт хэрэгтнийг цагаатгаж миний хуулиар олгогдсон эрхийг сэргээхгүй, зөрчигдсөн эрхийг хамгаалахгүйгээр ийм дүгнэлт хийж байгааг ойлгохгүй байх тул гомдолтой байна. Хэрэгт миний насанд хүрээгүй охины мэдүүлэгт тулгуурлаж жинхэнэ хэрэгтнийг ялаас чөлөөлж ял завшуулж, хохирогч намайг хэргийн үнэн бодит байдлыг тайлбарласаар байхад бодит байдлыг харгалзахгүй буруу шийдсэн ба би өөртөө гэмтэл учруулах санаа зорилготой байсан бол өөрийнхөө амь насанд аюул учруулсан, шууд үхэлд хүргэж болох аюултай аргаар өөрийнхөө хоолойд хутга дүрж улаан хоолойг гэмтээн, цээжний зүүн хөндий рүү нэвтэрч голыг гэмтээх хэмжээний хохирол учруулж хохирсон гэдгээ тогтоолдоо тодорхой тусгаагүй шүү дээ. Би хутга барьж өөртөө гэмтэл учруулахад хэр хурдтай болон шинжээчийн дүгнэлтийн аль хэсгээр миний хурдыг тодорхойлж байгааг заагаагүй, би ар нуруу талаа харах боломжгүй байхад гэмт хэрэгтэн хүчтэй хурдаар, нүд ирмэх зуур хутгалсан байтал үүнийг харгалзаагүй. Хүн өөрийгөө хутгалсан байсан ч хутга тийм хэмжээнд орох боломжгүй, гадны нөлөөгөөр, маш хүчтэй даралтаар цээжний хөндий рүү нэвтэрч байгааг илэрхийлж байгааг ойлгоогүй. Монгол Улсын иргэн би Үндсэн хуульд заасан амьд явах эрхээ эдэлж мөрөөрөө байхад танхай балмадаар миний эрх чөлөө, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан асуудлыг хуулийн байгууллага, цагдаа, прокурор үнэн зөв шийдвэрлэхгүйгээр ажиллагаагаа зөрчсөн талаар би хэлж мэдүүлсэн ч илтэд нэг талыг баримтлан хэн алины эрүүл мэндэд хохирол учирсан асуудлыг авч хэлэлцэхгүй нэг хүний буруутай үйлдэл мэтээр дүгнэж ялгаварлан ангилж, гол буруутай этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй, Үндсэн хууль зөрчсөн, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн шүүхээс хохирогчийг өөртөө хэрхэн хохирол учруулсан талаар тогтоож, чадаагүй, гэрчээр мэдүүлэг өгсөн А, В.А нарын эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлгийг үнэлэхдээ “тэгээд Х яах ийхийн зуургүй аль билээ гартаа барьж байсан хутгаараа далайгаад өөрийнхөө хоолойг зүсчихсэн” гэх эргэлзээтэй, аль гараараа хэрхэн зүссэн тодорхой биш, нарийн дурдаагүй мэдүүлэг байгааг анхаараагүй, хэрэгт гэрчээр мэдүүлсэн этгээдүүдийн мэдүүлэг, дуудлагаар очсон цагдаагийн энгэрийн камерын бичлэг зэргийг зөрүүтэй байна гэх боловч нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Мөн миний охин С-ын мэдүүлгийг үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлана. Арван зургаан насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй буюу заавал үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээгээгүй этгээдийн мэдүүлэг гэдгийг харгалзан үзээгүй, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, дуудлагаар ирсэн жижүүрийн цагдаа нарын мэдүүлэг хэрэгт авагдсан ихэнх нотлох баримтаар шүүгдэгч нь надад хүнд гэмтэл санаатай учруулж одоо хүртэл амь насны аюултай байдалд байгааг яагаад ойлгохгүй байна вэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж, гэмт хэрэгтэнд хуулийн дагуу эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү.” гэв.
Хохирогч Ч.Х-ын өмгөөлөгч Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь, шүүх цагаатгах тогтоолд удирдлага болгосон хуулийн зүйл заалтыг ерөнхий байдлаар дүгнэж, цагаатгах үйл баримтуудад зөвхөн зөрүүтэй мэдүүлгийг дурдсан. Мөн улсын яллагчаас яллах дүгнэлтэд дурдсан яллах нотлох баримтуудыг өөрөөр тайлбарлан, цагаатгасан үйл баримтыг дэлгэрэнгүй бус, ерөнхий дүгнэсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийг 60 хоногоор буцааж, дахин нэмэлт ажиллагаа хийхдээ хохирогчийн эхнэр Болортуяа, цагдаа нарын мэдүүлгүүдэд үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан. Өмнөх шинжээч нараас хохирогч өөртөө гэмтэл учруулсан эсэхийг асуухгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч ар талаасаа хутгуулж, ямар гэмтэл авсан талаар дурдсанаас өөрөөр хэрхэн хутгалуулсан, тухайн гэмтлийг өөртөө учруулах боломжтой эсэх асуумжийг огт асуугаагүй. Мөн 60 хоногийн хугацаанд шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг хэлэлцсэн. Яллах дүгнэлтэд тусгаснаар яллах талын баримт бүрэн дүүрэн нотлогдсон, хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзсэн. Иймд давж заалдах гомдлыг дэмжиж байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор Н.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хэргийг хянан хэлэлцээд, хэргийн үйл баримт болоод нотлох баримтын өөр хоорондын уялдаа, зөрүүтэй байдал, нотлох чадвар зэргийг хангалттай тодотгон дүгнэж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан үзэж эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос яллах чиг үүрэгтэй оролцсон. Шүүх хуралдаанд нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба хохирогч мэдүүлэг өгөхдөө өөрт гэмтэл учирсан асуудлыг илтэд зөрүүтэй тайлбарладаг. Энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогддоггүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч тухайн гэмтлийг өөрөө учруулах боломжтой гэж үзсэн бөгөөд үүн дээр талууд мэтгэлцэж, маргалдсан. Улмаар шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн. Шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж гэрч Б буюу хохирогчийн эхнэр, охин С нараас мэдүүлэг авсан. Эхнэр болох Б нь мэдүүлэг өгөхөөс татгалзсан боловч охин С-ынх нь өгсөн “аав найзуудтайгаа зодолдож байгаад орос ах руу хутга далайх үед ээж хутгыг булааж аваад шидсэн” гэх мэдүүлэг, шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар хохирогч өөртөө гэмтэл учруулсан нь бүрэн тогтоогдож байна гэж үзээд эсэргүүцэл бичээгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Ч.Х-ын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос В.А-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хохирогч Ч.Х-ын хоолойн тус газарт зэвсэг буюу хутгаар хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Анхан шатны шүүх В.А-т холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчүүд болон өөрийнх нь мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан ба хохирогч Ч.Х-ын өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй төдийгүй бусад эх сурвалжаар давхар нотлогдоогүй, харин гэрч А.А-ын “...Х яах ийхийн зуургүй аль билээ нэг гартаа барьж байсан хутгаараа далайгаад өөрийнхөө хоолойг зүсчихсэн...” /1хх 71/, гэрч Б.Р-ын “..хоёр эрэгтэй хүний монгол хүн нь бид 3 уугаад сууж байхад эхнэртэйгээ маргалдаад наад хүн чинь өөрийгөө хутгалсан, уух болгондоо, уурлахаараа хутга шөвөг барьдаг гэж хэлсэн. Мөн тэр айлын охин нь гэх эмэгтэй хүүхэд аав өөрийгөө хутгалсан гэх зүйлийг хэлсэн...” /1хх 84/, гэрч Т.Г-ийн “...охин цагдаа нарыг гараараа даллаж дуудаад гэрийнхээ үүдэнд очоод цагдаа нарт энэ өөрийгөө зүсчихсэн гэх агуулгатай зүйл хэлж байсан...” гэж /1хх 86/, гэрч Т.П-ын “...тус тоотод ороход бага насны хүүхэд манай аав өөрийгөө хутгаар зүсчихсэн гэх утгатай зүйл хэлээд хоолойгоо зааж байсан...” /1хх 90/ гэсэн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 35-37/ зэргийг хохирогчийн өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шинжлэн судлахад В.А нь түүний хоолойн тус газарт хутгалсан гэх үйлдэл нь тогтоогдохгүй, эргэлзээтэй байх ба шүүх хэрэгт цуглуулж бэхжүүлсэн харилцан зөрүүтэй нотлох баримтуудаар В.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хутга хэрэглэж үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм.
Түүнчлэн хохирогч тухайн гэмтлийг өөртөө учруулах боломжтой гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр насанд хүрээгүй гэрч нь болсон асуудлыг яг тухайн цаг мөчид нь өөрийн үгээр, үйлдлийг даган дуурайх байдлаар шууд заасан зэргээр хохирогч Ч.Х-ын гаргасан “...би ар талаасаа өөрийгөө хутгалах боломжгүй, заавал үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээгээгүй насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг харгалзан үзээгүй, хэрэгт авагдсан ихэнх нотлох баримтаар шүүгдэгч нь надад хүнд гэмтэл санаатай учруулсныг нотолж байхад цагаатгасан нь үндэслэлгүй тул цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж, гэмт хэрэгтэнд хуулийн дагуу эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол үгүйсгэгдэж байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээг үүсгэж байх тул шүүгдэгчид ашигтайгаар буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нотлогдон тогтоогдоогүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар В.А-т холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүх хэргийн хэмжээний хүрээнд В.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2443 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2443 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ