Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/279

 

                         

 

 

 

    2026             03             11                                         2026/ДШМ/279

 

Т.Д, Б.Н, Б.Н нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

яллагдагч Т.Д, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, О.Мягмарсүрэн,

яллагдагч Б.Н-ийн өмгөөлөгч Б.Баяраа,

яллагдагч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Солонго,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/6841 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Баясгалангийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 114 дүгээр эсэргүүцлээр Т.Д, Б.Н, Б.Н нарт холбогдох эрүүгийн 2502000000322 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ....... овгийн Т.Д, ....................................., /РД:........................../,

2. ........... овгийн Б.Н, .............................................., /РД:.........................../,

3. ................. овгийн Б.Н, ..........................................................., /РД:........................./;

Яллагдагч Т.Д нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай хурлын тогтоолоор Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлын албан тушаал буюу хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтнаар томилогдон ажиллаж байхдаа:

Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн”, Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн 12.2.1 “удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах”, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан дүрмийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг “Үндэсний танхимын өмч хөрөнгө халдашгүй байна”, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчтэй 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 01 дүгээр “Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.11. “Танхимын эд хөрөнгийг зориулалтын бус зүйлд ашиглахгүй байх”, 6 дугаар зүйлийн 6.2. “Гүйцэтгэх захирал танхимын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэргээр хохирол учруулсан бол уг хохирлыг өөрсдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэж заасныг тус тус зөрчиж, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох, мөнгө угаах зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын эзэмшлийн, К банк дахь *********** тоот хадгаламжийн дансанд байршиж байсан 1.000.000 ам.долларын гэрээг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж-4 хаягт байрлах “К” банкны салбарт цуцалж, ***** тоот чекээр 998.191,77 ам.долларыг зарлагадан авч Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд Монголбанкны мөн өдрийн ханш (1 ам.доллар=2849,73 төгрөг)-аар 2.844.577.032,72 (хоёр тэрбум найман зуун дөчин дөрвөн сая таван зуун далан долоон мянга гучин хоёр бүхэл зууны далан хоёр) төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

улмаар “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас буюу Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлын албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж олсон мөнгөн хөрөнгийг авч, эзэмшиж, ашиглан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилго бүхий санаачилгаар, гүйцэтгэгч Б.Н, Б.Н нарын үүрэг, оролцоог хуваарилж удирдан, төлөвлөж 693.500 ам.долларыг Б.Нд шилжүүлэн өгч, Б.Н нь 693.500 ам.долларыг өөрийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс мөн сарын 29-ний өдрүүдийн хооронд 7 удаагийн үйлдлээр бэлнээр арилжиж, нийт 1.975.149.300 (нэг тэрбум есөн зуун далан таван сая нэг зуун дөчин есөн мянга гурван зуу) төгрөгөөр орлогодон төвлөрүүлж, үүнээс Бинанс (Binance) биржид хувиараа виртуал хөрөнгийн арилжаа явуулдаг иргэн Б.Б-ийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр 474.414.960 төгрөгийг, түүний хамаарал бүхий Д.А-ийн эзэмшлийн, Хаан банкны *********** тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 336.400.000 төгрөгийг, Б.М-н эзэмшлийн, Хаан банкны *********** тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 567.550.000 төгрөгийг, Б.У-ийн эзэмшлийн, Хаан банкны *********** тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн сарын 08-ны өдрүүдийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 376.400.000 төгрөгийг буюу нийт 1.754.764.960 төгрөгийг шилжүүлэн, Б.Н-ийн эзэмшлийн Бинанс (Binance) бирж дэх *********** тоот хэтэвчинд нийт 648.320 ширхэг USDT койныг Б.Б-оор дамжуулан худалдан авч төвлөрүүлэн эзэмшиж, ашиглан арилжиж Биткойн (Bitcoin) бүхий виртуал хөрөнгө болгон түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийн зохион байгуулагчаар хамтран оролцсон,

яллагдагч Б.Н нь Т.Д-гийн санаачлан, удирдан, төлөвлөж үүрэг, оролцоог хуваарилсны дагуу санаатай нэгдэж, бусадтай бүлэглэн Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Д-гийн тус танхимын эзэмшлийн К банк дахь *********** тоот хадгаламжийн дансанд байршиж байсан 1.000.000 ам.долларын гэрээг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж-4 хаягт байрлах “К” банкны салбарт цуцалж, ***** тоот чекээр 998.191,77 ам.долларыг зарлагадан авсан буюу “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас олсон 998.191,77 ам.долларын мөнгөн хөрөнгийг авч, эзэмшиж ашиглаж байгаа болохыг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь далдлах зорилгоор дээрхээс 693.500 ам.долларыг хүлээн авч, өөрийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансанд  2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс  2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл бэлнээр орлогодон арилжиж нийт 1.975.149.300 /нэг тэрбум есөн зуун далан таван сая нэг зуун дөчин есөн мянга гурван зуу/ төгрөгөөр орлогодон төвлөрүүлж, үүнээс Бинанс (Binance) биржид хувиараа виртуал хөрөнгийн арилжаа явуулдаг иргэн Б.Б-ийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр 474.414.960 төгрөгийг, түүний хамаарал бүхий Д.А-ийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 336.400.000 төгрөгийг, Б.М-н эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 567.550.000 төгрөгийг, Б.У-ийн эзэмшлийн, Хаан банкны *********** тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн сарын 08-ны өдрүүдийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 376.400.000 төгрөгийг буюу нийт 1.754.764.960 (нэг тэрбум долоон зуун тавин дөрвөн сая долоон зуун жаран дөрвөн мянга есөн зуун жар) төгрөгийг шилжүүлэн, Б.Н-ийн эзэмшлийн Бинанс (Binance) бирж дэх *********** тоот хэтэвчинд нийт 648.320 ширхэг USDT койныг Б.Б-оор дамжуулан худалдан авч төвлөрүүлэн эзэмшиж, ашиглан арилжиж Биткойн (Bitcoin) бүхий виртуал хөрөнгө болгон түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

яллагдагч Б.Н нь Т.Д-гийн санаачлан, удирдан, төлөвлөж үүрэг, оролцоог хуваарилсны дагуу санаатай нэгдэж, бусадтай бүлэглэн Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Д-гийн тус танхимын эзэмшлийн К банк дахь *********** тоот хадгаламжийн дансанд байршиж байсан 1.000.000 ам.долларын гэрээг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж-4 хаягт байрлах “К” банкны салбарт цуцалж, ***** тоот чекээр 998.191,77 ам.долларыг зарлагадан авсан буюу “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас олсон 998.191,77 ам.долларын мөнгөн хөрөнгийг авч, эзэмшиж, ашиглаж байгаа болохыг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор, Бинанс (Binance) биржид хувиараа виртуал хөрөнгийн арилжаа явуулдаг иргэн Б.Б-ой фейсбүүк цахим орчинд харилцаж, ямагт 1 ам.доллартай тэнцүү байх “Tether” буюу USDT койн худалдах авах хэлцэл хийж, өөрийн төрсөн эгч Б.Н-ийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансанд гэмт хэргийн улмаас төвлөрүүлсэн нийт 1.975.149.300 төгрөг (693.500 ам.доллар)-өөс Б.Б-ийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр 474.414.960 төгрөгийг, түүний хамаарал бүхий Д.А-ийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 336.400.000 төгрөгийг, Б.М-н эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 567.550.000 төгрөгийг, Б.У-ийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн сарын 08-ны өдрүүдийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 376.400.000 төгрөгийг буюу нийт 1.754.764.960 (нэг тэрбум долоон зуун тавин дөрвөн сая долоон зуун жаран дөрвөн мянга есөн зуун жар) төгрөгийг тус тус шилжүүлэн, улмаар өөрийн эзэмшлийн Бинанс (Binance) бирж дэх *********** тоот хэтэвчинд Б.Б-оор дамжуулан 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 648.320 ширхэг USDT койныг худалдан авч төвлөрүүлэн эзэмшиж, ашиглан арилжиж Биткойн (Bitcoin) бүхий виртуал хөрөнгө болгон түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар,

Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар,

Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Хэрэгт мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байх ба уг тэмдэглэлд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 777 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай зөвшөөрлийн дагуу хэрэг бүртгэлтийн 220200518, 240100059, 250200038 дугаартай хэргүүдэд үзлэг хийж шаардлагатай баримтуудыг хуулбарлаж нотлох баримтын шаардлага хангуулж тэмдэглэлд хавсаргуулахаар тогтов гэжээ. Үүний дагуу ахлах мөрдөгч дээрх 3 хэрэг бүртгэлтийн хэргээс нийт 20 төрлийн баримтыг үзлэг хийж хуулбарлан авч, хөндлөнгийн гэрч Ж.О, Т.Т гэсэн биеийн байцаалт, гарын үсгийн тэмдэглэгээ хийсэн байна. Уг үзлэг хийсэн хөндлөнгийн гэрч, үзлэг хийсэн тэмдэглэлийн хууль зүйн үндэслэлийн талаар улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийсэн боловч уг ажиллагаанд талуудыг бүрэн байлцуулаагүй гэх, мөн хэрэгт ач холбогдолтой бусад нотлох баримтуудыг хэрэгт үзлэг хийж хавсаргаагүй гэх санал, хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул уг ажиллагааг мөрдөн шалгах, прокурорын шатанд зөвтгөх боломжтой ажиллагаа байх тул талуудыг байлцуулан үзлэг хийж хэрэгт ач холбогдолтой баримтуудыг тэмдэглэл үйлдэн хавсаргах ажиллагааг хийх, мөн яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг 998.191.077 ам.доллар буюу 2.844.577.032 төгрөгөөр тогтоож, гэмт хэрэг үйлдэж олсон 648.320 ам.доллар, үүнээс бэлнээр зарлагадсан гэх үлдэгдэл мөнгөний эх үүсвэрийг шалгаж тогтоох, хохирол, хор уршгийг мөнгөн дүн эсхүл биткойноор аль дүнгээр нэхэмжлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг нарийн тогтоож хууль зүйн дүгнэлт хийж ирүүлэх, энэ хүрээнд өмгөөлөгч нараас гаргасан дараах санал, дүгнэлт болох “яллагдагч Т.Д-гийн зүгээс хадгаламжийн зарлагадсан төлбөрийг хүүтэй нь буцаан төлж байгаа эх үүсвэрийг шалгаж тогтоогоогүй”, “удирдах зөвлөл нь тухайн цаг хугацаанд хуралдаж, танхимын хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар зөвшөөрөл өгсөн эсэх талаар тодруулаагүй”, “танхимд удирдах зөвлөлөөс гадна танхимын ерөнхийлөгч О.А нь Т.Д-д үүрэг даалгавар өгөх бүрэн эрхтэй этгээд байхад О.А үүрэг өгсөн эсэх, гэрээг цуцлуулахад оролцсон, мэдсэн эсэхийг тодруулах ажиллагаа хийгдээгүй” гэх санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй, энэ талаарх мөрдөн шалгах ажиллагааг хийж ирүүлэх,  мөн яллагдагч Т.Д-гийн өмгөөлөгч нараас яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс “хэргийг нэгтгэн шалгуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй нэг бүлэгт заасан өөр өөр хэргийн зүйлчлэлтэй байх тул хэргийг тусад нь шийдвэрлэхэд саад болохгүй, харин хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан хэргийг нэгтгэн шалгуулах тухай хүсэлтийг тухайн шатанд оролцогчид гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй гэж үзсэн...” гээд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, яллагдагч Т.Д-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах, яллагдагч Б.Н, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлөөр яллагдагч Б.Н-ийн эзэмшлийн Бинанс (Binance) бирж дэх *********** дугаарын хэтэвч дэх 9.8977 ширхэг биткойныг захиран зарцуулах эрхийг хязгаарласан, хэрэгт хураагдсан арилжааны банкнуудын албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 8 ширхэг сиди, мөрдөн шалгах ажиллагааны явц үр дүнг бэхжүүлсэн 1 ширхэг сиди нийт 9 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Баясгалан бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамж үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнээд дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж бэхжүүлэгдсэн бөгөөд тухайн нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байхын зэрэгцээ тухайн зөрчлийг шүүхийн шатанд зөвтгөх, нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл, тухайн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, тухайн мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн 3 нөхцөл байдал нэгэн зэрэг үүссэн тохиолдолд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхээр хуульчилсан. Шүүгчийн захирамжид дурдсан мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн 220200518, 240100059, 250200038 дугаартай хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-8/ бүхий мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 777 дугаар зөвшөөрлийн дагуу, тухайн зөвшөөрөлд заасан нотлох баримтыг үзлэг хийх замаар хэрэгт цуглуулж бэхжүүлэхийг мөрдөгчид даалгасан эрх зүйн харилцаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр явуулах, эсхүл мөрдөгчийн бие явуулах мөрдөн шалгах ажиллагаанаас бүрдэхээр хуульчилсан ба хэрэв прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн зөвшөөрөлд дурдсан цар хүрээнээс хэтрүүлэх нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн явдал болдог. Түүнчлэн мөрдөгч Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд зааснаар үзлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч явуулахдаа эд зүйл, баримт бичгийн (эрүүгийн хэргүүд) эзэмшигчийг (тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч) байлцуулах, байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх хуулийн шаардлагатай болно. Үзлэгийн обьект болсон эрүүгийн хэргүүдэд тухайн цаг хугацаанд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан нь үзлэгийн тэмдэглэлд дурдагдсан бөгөөд хуульд заасан “эзэмшигч” нь тухайн мөрдөгч өөрөө байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид дурдсан талууд буюу яллагдагч, өмгөөлөгч нь дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, байлцах субьект биш бөгөөд хэрэв байлцуулсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана” хэм хэмжээ зөрчигдөхийг дурдах нь зүйтэй.

Прокурорын яллах дүгнэлт яллагдагч Т.Д-ийн холбогдсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн яллагдагч Т.Д, Б.Н, Б.Н нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилж, үргэлжилсэн, нийлмэл гэмт хэрэг болохыг тодорхойлсон. Уг гэмт хэргийн улмаас халдлагын зүйл болсон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх ашигт халдсан үйл баримт нь тодорхой цаг хугацаа, орон зай болоод хохирол, хор уршгийн хувьд харилцан адилгүй байдлаар эрх зүйн үр дагавар үүсгэсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны боломжит цар хүрээгээр тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч Т.Д нь Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлын албан тушаалтан болохын хувьд бие дааж, тус танхимын эзэмшлийн К банк дахь *********** тоот хадгаламжийн дансанд байршиж байсан 1.000.000 ам.долларын гэрээг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж-4 хаягт байрлах “К” банкны салбарт цуцалж, ***** тоот чекээр 998.191,77 ам.долларыг зарлагадан авсан үйл баримт нь суурь гэмт хэргийн хохирол болно. “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах" гэмт хэрэг үйлдэгдэж, төрлийн шинжээр тодорхойлогдох бэлэн ам.долларыг буруутай этгээд өөрийн хууль бус эзэмшил, өмчлөлдөө шилжүүлэн авсан цаг хугацаанаас хойших бэлэн ам.долларын зарцуулалтыг мөрдөн шалгах явдал нь дээр дурдсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэмт хэргийн шинжийг үгүйсгэх, нотлох нөхцөлийн алийг ч бүрдүүлэхгүй бөгөөд прокуророос тухайн үлдэгдэл ам.долларыг цааш үргэлжилсэн “Мөнгө угаах” гэмт хэргийн халдлагын зүйлд хамааруулах шаардлагагүй талаарх хууль зүйн дүгнэлтийг яллах дүгнэлт болоод урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хийсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэм хэмжээнд нийцсэн байна. Харин шүүгчийн захирамжид дурдсан гэмт хэргийн бодит хохирлын хэмжээ бүхий нотолбол зохих байдал нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж, шалгасан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал шүүхэд үүсээгүй бөгөөд прокурорын яллах дүгнэлтийн хавсралт хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт танхимын эзэмшлийн К банк дахь *********** тоот хадгаламжийн дансанд байршиж байсан 1.000.000 ам.долларыг цуцалснаас хойш 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тухайн дүнгээр эргэн төлөгдсөн үйл баримт тогтоогдсон. Тухайн нөхцөл байдал нь “К банк”-наас гаргуулан авсан /5хх 200-234/ мемориалын баримтууд болоод арилжааны банкнаас гаргуулан авсан “О” ХХК, “Г” ХХК-ийн эзэмшлийн арилжааны банкны дансны хуулга, зээл олголтын мэдээлэл зэргээс эх үүсвэртэй болох нь тогтоогдсон байдаг.

Тус танхимын одоогийн гүйцэтгэх захирал гэрч Ц.М мэдүүлэгт “...миний хувьд Удирдах зөвлөл, ерөнхийлөгч, гүйцэтгэх удирдлагын хамтын шийдвэрээр захиран зарцуулдаг байх, мөн энэ асуудлыг дүрэм, эсхүл бүр тусад нь журмаар зохицуулах шаардлагатай гэдэг байр суурьтай байгаа...” гэж /7хх 250/, мөн тус танхимын Гишүүнчлэл, салбар танхим хариуцсан газрын дарга М.О-ын мэдүүлэгт “...Танхимын дүрэм болон гүйцэтгэх захирлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан байдаг, тухайн хадгаламжийн мөнгийг байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг дэмжих, алдагдалтай ажиллавал нөхөх, цалин, урамшуулал олгох зэргээр ашигладаг...” гэж /7хх 247-248/ тус тус мэдүүлсэн буюу тухайн хадгаламжийн мөнгөний захиран зарцуулах эрх мэдэл нь бүхэлдээ тус танхимын “гүйцэтгэх захирал” албан тушаалтанд байдаг талаар мэдүүлсэн байна. Түүнчлэн Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан дүрэм, түүний Удирдлага, зохион байгуулалт (Дөрөвдүгээр) бүлэгт Үндэсний танхимын удирдлага болон гүйцэтгэх удирдлагын статус, эрх мэдлийг хуваарилан заагласан бөгөөд тус танхимын удирдах байгууллага нь Их хурал, Удирдах зөвлөх, Тэргүүлэгчид байхаар, харин гүйцэтгэх удирдлагад Гүйцэтгэх захирал, Дэд захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга бүхий албан тушаалтнууд орно гэж заасан байна. Мөн дүрмийн Аравдугаар зүйлийн 10.6-д “Гүйцэтгэх удирдлага нь дараах эрх, үүргийн хэрэгжүүлнэ” гээд 10.6.3-т “Олгогдсон эрх хэмжээний хүрээнд тушаал шийдвэр гаргах”, 10.6.6-д “Үндэсний танхимын өмч хөрөнгөд хяналт тавих, захиран зарцуулах”, 10.6.8-д “Гэрээнд заасан бусад эрхтэй” байхаар тус тус заасан байх тул Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал албан тушаал нь тус хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан болно. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.А болон мөн танхимын гүйцэтгэх захирал Т.Д нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 01 дугаартай үр дүнгийн гэрээ болон гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолтод заасанчлан, гүйцэтгэх захирал нь танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, дүрмийн 10.5-д заасны дагуу Ерөнхийлөгчөөс баталсан журмын хүрээнд танхимыг төлөөлөн гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгжтэй харилцах, гэрээ хэлцэл байгуулах зэрэг эрх, үүрэг, чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсан нь “бие даан” шийдвэр гаргаж байсны тод илэрхийлэл болно. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчдийн хүсэлтэд дурдсан “...танхимын удирдах зөвлөл нь тухайн цаг хугацаанд хуралдаж, танхимын хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар зөвшөөрөл өгсөн эсэх, танхимын ерөнхийлөгч О.А нь Т.Д-д үүрэг даалгавар өгсөн эсэх...” асуудал нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй мөрдөн шалгах ажиллагаа байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Яллагдагч Б.Н-ийн өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Үзлэгийг эзэмшигчийн эзгүйд хийсэн бол 3 хоногийн дотор эзэмшигчид, боломжгүй бол эзэмшигчийн оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргад мэдэгдэнэ” гэж заасан ба  энэ хуулийн заалт хэрэгжээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа прокурор хуулийг чанд сахих ёстой. Мөрдөгч прокурорын зөвшөөрлөөр хийсэн, мөрдөгч өөрөө эзэмшигч учир эзэмшигчид мэдэгдэх ёсгүй гэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн. Эзэмшигч гэдгийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.2 дахь хэсгүүдэд тодорхойлсон бөгөөд мөрдөгчид хүсэл зоригийн дагуу эзэмшил үүсэх асуудал яригдахгүй. 3 хэрэгт үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр гарын үсэг зуруулаагүй. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дүрэм, хэлцлээр олгогдсон эрх хэмжээг зөрчсөн гэж байгаа тохиолдолд О.А-тэй хэлцэл хийсэн учраас түүнээс тодруулж асуух ёстой. Одоогийн гүйцэтгэх захирал Ц.М “Удирдах зөвлөл болон ерөнхийлөгч, гүйцэтгэх удирдлагын хамтын шийдвэрээр хадгаламжийг захиран зарцуулдаг” гэж мэдүүлсэн ба хэрэв бүрэн эрхтэй этгээд гэж үзвэл яллагдагчаар татах ёсгүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Т.Д-гийн өмгөөлөгч хүсэлт гаргаагүй, Б.Н, Б.Н нарын өмгөөлөгч гаргасан хүсэлт гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, Т.Д-гээс хамаарч бусад яллагдагч нарын эрх зүйн байдал тодорхойлогдож байгаа. Т.Д бүрэн эрхтэй болоод энэ үйл ажиллагаанд оролцож байгаа юу, эсхүл хэлцлийн үндсэн дээр оролцож байгаа юу гэдэг үндсэн гэмт хэрэг яригдана. Үндсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжтэй эсэхээс хамаарч яллагдагч нарын эрх зүйн байдал тодорхойлогдох учраас О.А-г асуух шаардлагатай гэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Мөн “К банкнаас хадгаламжийн мөнгийг цуцлуулж” гэж бусдаар үйлдүүлэх юм яригдаж байхад яаж цуглуулсан, хэзээ уулзсан гэх үйл баримтыг тогтоолгүйгээр дансны хуулгаар нь манай үйлчлүүлэгчийг “арилжаанд оролцсон, хамаатай” гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагаа 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд хурдацтай явагдсан. Яллагдагч Б.Н-ийн хүргэн ахын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөнтэй холбоотойгоор гэрчээр өгсөн мэдүүлэгт нь үндэслэж, яллах дүгнэлт үйлдсэн. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Н бид хоёрыг хүргэн ахын асуудалтай холбож энэ хэрэгт оролцуулсан гэж ойлгож байгаа. Б.Н-ийг холбох замаар намайг холбож байгаа. Б.Н-ийн дансаар биткойн авсан гэх данс нь миний хамтран эзэмшдэг, миний зарцуулдаг данс. Би мөрдөгчид энэ талаар удаа дараа хэлж байсан боловч авч хэлэлцээгүй. Б.Н энэ хэрэгт яаж холбогдож байгааг судалж үзээгүй. Би өмнө нь биткойн авч байсан, тухайн үед ч авч таарсан. Цаг хугацааны хувьд давхацсан зүйлүүдийг нийлүүлж байгаад миний ирээдүйдээ зориулж цуглуулсан мөнгийг битүүмжилсэн.” гэв.

Яллагдагч Б.Н-ийн өмгөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Б.Н-ийн гэр бүлийн хүнд холбогдох өөр эрүүгийн хэрэг байгаа учраас прокурор яллагдагчаар татах тогтоолоо олон дахин өөрчилж, яарч сандарч гардуулсан. Нөхрийнх нь хилийн хоригийг цуцлуулсны маргааш миний үйлчлүүлэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь хүнийг зориуд гэмт хэрэгт буруутгасан гэж үзэхээр байдал юм. Прокурор анх удирдах албан тушаалтан эрх хэмжээгээ хэтрүүлсэн, тодорхой зөвшөөрөл авалгүй хийсэн гэж буруутгасан хэрнээ одоо болохоор зөвшөөрөл авах шаардлагагүй, дүрэм, журмаараа захиран зарцуулах хэмжээ олгогдсон гэж нэг асуудлаар хоёр өөр байр суурийг илэрхийлж байна. Т.Д өөрийн бүрэн эрхийн хүрээнд хадгаламжаа цуцалж, шалгагдахаасаа өмнө сайн дураараа хадгаламжийн хүүгийн хамт буцааж төлсөн. Хадгаламж цуцалсан цаг хугацаатай Б.Н, Б.Н нарын биткойн авсан цаг хугацаа давхцангуут мөнгөний орлого, зарлагаа нотлохгүйгээр Т.Д-гийн цуцалсан хадгаламжийн мөнгө биткойн болсон гэж үзсэн. Хохирлыг сайн дураар төлсөн байхад давхар мөнгө угаах гэж яригдахгүй. Сайн дураараа хохирлоо төлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого байхгүй, хохирогч гомдол, саналгүй байхад мөнгө угаах гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөрдөгч, прокурор гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй гээд давхардуулж мөнгийг нь хурааж байна. Прокурорын тайлбарлаж байгаа шиг Т.Д-д мөнгийг захиран зарцуулах эрх хэмжээ байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэг биш болно. Захиргааны хэм хэмжээний акт биш байгууллагын дотоод дүрэм журам, гэрээ хэлцэл, дотогш чиглэсэн актыг зөрчсөн бол гэмт хэрэг биш болно. Энэ тохиолдолд эрүүгийн хариуцлага биш хөдөлмөрийн сахилгын өөр төрлийн асуудал яригдана. Анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, ерөнхийлөгч О.Агээс эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх асуудлыг тодруулах шаардлагатай гэсэн. Мөрдөгчийг хэргийн эзэмшигч гэж жишиг тогтоох нь буруу юм. Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулдаг, хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй этгээд. Сонирхлын зөрчилтэй этгээдийг эзэмшигч гэж үзэж, хэргээс баримтуудыг ялган авч, хүн яллаж болохгүй. Тиймээс хөндлөнгийн гэрчийг оролцуулах ёстой. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч Т.Д-гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх ”А болоод Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн гишүүдээс мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй” гэж дүгнэснийг дэмжин оролцож байна. Хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц нотлох баримт цуглараагүй. Улсын яллагчийн буруутгаж байгаа шиг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэхийг тогтоох ажиллагаа дутуу хийгдсэн. Мөн оролцогчдын хамаарлын асуудал яригдана. Миний үйлчлүүлэгч Б.Н, Б.Н нартай ажил хэргийн холбоо хамааралгүй. Харин Б.Н-ийн нөхөр н.Х гэх хүнтэй ажил хэргийн хамааралтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тус этгээд болон өөр 3 этгээдийн хамт яллагдагчаар татагдаж, хэдэн хоногийн өмнө хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн. Нэг хэрэгт хамт яллагдагчаар татагдсан н.Хын эхнэр, эхнэрийнх нь дүүтэй холбогдсон асуудал байгаа. Энэ хэргээс өмнө яллагдагчаар татсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгтгэн шалгуулах хүсэлтийг удаа дараа прокурорт гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тохиолдолд нэгтгэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байсан боловч мөн нөхцөл байдал шийдвэрлэгдээгүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч Т.Д-гийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Т.Д-гээс бусад яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэсэн. Шүүгчийн захирамжид үүнтэй холбоотой ямар ажиллагааг хийх талаар тодорхой дурдсан. Тиймээс өмгөөлөгчийн хувьд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж байна. Хоёрдугаарт, прокурор Т.Д-д холбогдох нөгөө хэргийн талаар мэдэхгүй гэж байна. Адилхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нөгөө хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байсан. Энэ хэрэгт 2025 оны 08 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэн. 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тухайн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх бидний гаргасан хэрэг нэгтгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэхдээ хэргийг прокурорт буцаасан тохиолдолд хүсэлт гаргаж, нэгтгэн шийдвэрлүүлэх боломж бүрдсэн байсан. Харамсалтай нь энэ нөхцөл байдлаас болж нөгөө хэрэг түрүүлж шүүх рүү шилжсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид “улс төрийн өндөр албан тушаалтай хүнтэй холбоотой зүйл байгаа учраас миний хийсэн зарцуулалтыг нягталж, шалгаж өгнө үү” гэж хүсэлт гаргаж байсан боловч богино хугацаанд хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзэж өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, давж заалдах шатны шүүх хуралдаанд талуудын гаргаж буй тайлбар, прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийхэд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж дүгнээд дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Т.Д, Б.Н, Б.Н нарт холбогдуулан 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 342 дугаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагч Т.Д-г Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай хурлын тогтоолоор “Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлын албан тушаал буюу хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтнаар томилогдон ажиллаж байхдаа Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн”, Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн 12.2.1 “удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах”, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан дүрмийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг “Үндэсний танхимын өмч хөрөнгө халдашгүй байна”, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчтэй 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.11 “Танхимын эд хөрөнгийг зориулалтын бус зүйлд ашиглахгүй байх”, 6 дугаар зүйлийн 6.2 “Гүйцэтгэх захирал танхимын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэргээр хохирол учруулсан бол уг хохирлыг өөрсдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэж заасныг тус тус зөрчиж хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох, мөнгө угаах зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд 2.884.577.032,72 (хоёр тэрбум найман зуун наян дөрвөн сая таван зуун далан долоон мянга гучин хоёр бүхэл, зууны далан хоёр) төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж яллажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн диспозици шинжийг хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан нийгэм аюултай гэм буруутай үйлдлийг ойлгохоор тодорхойлжээ.

Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан идэвхтэй үйлдэл байдаг ба уг үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, гэмт үйлдэл, үлэмж хэмжээний хохирлын хооронд шалтгаант холбоотой байдаг.

Гэтэл яллах дүгнэлтэд Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн”, Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн 12.2.1 “удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн гэж ялласан атлаа танхимын удирдах зөвлөлөөс яллагдагч Т.Д-д эрх хэмжээ олгосон эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байна.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын одоогийн захирал Ц.М, Гишүүнчлэл, салбар танхим хариуцсан газрын дарга М.О нарын мэдүүлгээр Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал нь төлөөлөл, итгэмжлэл шаардахгүйгээр танхимыг бүрэн төлөөлөх эрхтэй субьект бөгөөд эдийн засгийн харилцаанд оролцохдоо Удирдах зөвлөл, Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр тодорхой хэлцэл хийх хууль зүйн боломжтой, мөн  Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан дүрмийн 10 дугаар бүлэгт танхимын гүйцэтгэх захирал олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал, шийдвэр гаргах, танхимын өмч хөрөнгөд хяналт тавих, захиран зарцуулах эрхтэй хэмээн яллагдагч Т.Д-г тухайн байгууллагын эд хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээтэй байсан гэж яллах дүгнэлтээс зөрүүтэй агуулгаар тайлбар хийсэн нь ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Т.Д нь ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан ямар захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан идэвхтэй үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар дүгнэх, үүнтэй холбоотойгоор шүүгчийн захирамжид “удирдах зөвлөл нь тухайн цаг хугацаанд хуралдаж, танхимын хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар зөвшөөрөл өгсөн эсэхийг тодруулах, мөн танхимд удирдах зөвлөлөөс гадна танхимын ерөнхийлөгч О.А нь Т.Д-д үүрэг даалгавар өгөх бүрэн эрхтэй этгээд бөгөөд түүнд танхимын хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар үүрэг өгсөн эсэх, энэ талаар мэдсэн эсэхийг тодруулах” үүднээс О.Аг гэрчээр асуух нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Мөн хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан идэвхтэй үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан байхыг шаардах атал хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээдүүд Т.Д-г хөдөлмөрийн гэрээ зөрчсөн, учирсан хохирол байхгүй гэсэн агуулгаар тайлбар, мэдүүлэг өгсөн байх тул Т.Д-гийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай.

2. Мөнгө угаах гэмт хэргийн тухайд, хууль бусаар олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүсэл эх үүсвэрийг халхавчлах, нуун далдалж, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор эргэлтэд оруулах өргөн хүрээтэй, шат дамжлага бүхий үйл ажиллагаа юм.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд яллагдагч Т.Д-гээс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрүүдийн хооронд Б.Н-ийн Хаан банкны *********** тоот данс руу 693.500 (зургаан зуун ерэн гурван мянга таван зуу) ам.долларыг шилжүүлсэн гэх мөнгө цаг хугацааны хувьд давхцаж байгаа боловч хэзээ, яаж, хэрхэн мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй байна.

Нөгөө талаас прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас буюу Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлын албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж олсон мөнгөн хөрөнгийг авч, эзэмшиж, ашиглан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилго бүхий санаачилгаар, гүйцэтгэгч Б.Н, Б.Н нарын үүрэг, оролцоог хуваарилж удирдан, төлөвлөж 693.500 ам.долларыг Б.Нд шилжүүлэн өгсөн” гэж үйл баримтыг дүгнэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ үйл баримтыг нотолсон талаарх мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй, Т.Д нь 693.500 ам.долларыг Б.Н-д хэрхэн, яаж шилжүүлэн өгсөн талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна.” гэж заасан бөгөөд хөндлөнгийн гэрч оролцож байгаа тохиолдолд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага тухайн хөндлөнгийн гэрч этгээдүүд тэмдэглэлд гарын үсгээ зурж баталгаажуулснаар шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтнууд уг тэмдэглэлийг хууль ёсны гэж үнэлэх боломж бүрдэнэ.

Хэргийн 7 дугаар хавтасны 186-189 дэх талд авагдсан мөрдөгчийн 2025 оны 08  дугаар сарын 12-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байх ба тухайн үзлэгийг хийхэд Ж.О, Т.Т нар хөндлөнгийн гэрчээр оролцсон байх боловч Ж.Оюун-Эрдэнэ гарын үсгээ зураагүй байна. Үүнийг зөвтгүүлж залруулах талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус зааснаар анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлтэй.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээр дурдсан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/6841 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Баясгалангийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 114 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Д-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах, яллагдагч Б.Н, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ