Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 225/МА2022/00017

 

 

 

 

 

 

 

2022 06 29 225/МА2022/00017

 

 

Э.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2022/00462 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ганзоригт холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ганзоригтой 2008 онд анх танилцаад 3 жил манайд хамт амьдарч байгаад хүү******* 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн. Хүүг минь 1 ой гарантай байхад Б.Ганзориг 2013 онд манайхаас яваад ирээгүй. Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан. Ээж маань 2018 онд нас барж тэрнээс хойш би хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа.

Иймд Б.Ганзоригийг хүү М.Ган-Эрдэнийн эцэг мөн болохыг тогтоож, эцэг Б.Ганзоригоос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ганзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.******* нь хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Миний хувьд хүү Ган-Эрдэнийн төрсөн эцэг нь мөн юм. Тиймээс хүү*******д хүүхдийн тэтгэлгийн мөнгийг төлж барагдуулах нь үнэн. Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2022/00462 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Хар дархад *******ийн******* (.................)-ийн төрсөн эцэг Дайртан Батнасангийн******* .......................) мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү М.Ган-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ганзоригоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Ганзориг давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Хар дархад *******ийн******* /....................../ төрсөн эцэг Дайртан Батнасангийн******* /.................../ мөн болохыг тогтоосугай гэжээ.

Хэдийгээр эцэг эхийг шүүх тогтоох боловч шүүх энэ хэргийг шалгахдаа шүүгч /тухайн үед шүүгч л гэж ойлгосон/ Ундрах нь намайг бичиг үсэг мэдэхгүй гэдгийг мэдсээр байж өөрөө комьпютерээс бичиж хэвлэж гаргаж ирсэн бичиг дээр гарын үсэг зур гэж миний хүлээн зөвшөөрөхгүй зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа мэтээр надад уншиж өгөлгүйгээр гарын үсэг зуруулж, намайг хилсээр хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээр шийдвэр гаргуулсан байна.

Миний бие шүүхийн шийдвэрийг эгчээрээ уншуулж танилцахад би Э.*******тэй хамтдаа 3 жил болсон мэтээр огт худал зүйл бичсэн байсан. Харин 3 удаа уулзаж байсан гэвэл үнэнд нийцэх байх. Би хэргийн материалд байгаа шиг М.Ган-Эрдэнэ гэх хүүхдийн төрсөн эцэг нь мөн гэж хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Миний хүүхэд байх ямар ч боломжгүй юм. Ундрах нь намайг уншиж бичиж чадахгүйг далимдуулж эрх, үүргийг маань хэлж тайлбарлаж өгөлгүйгээр өөрөө бичсэн зүйл дээрээ хүчээр гарын үсэг зур гэж зуруулаад Улаан-Уул сумын иргэн Э.*******ийн талд үйлчилж 2022.05.06-ны өдөр аймагт шүүх дээр бэлэн бай гэж дуудуулаад энэ өдөр нь шүүх дээр ирэхэд намайг оролцуулахгүйгээр 2022.05.05-ны өдөр шүүх хурал хийлгүүлж, хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээр шийдвэр гаргуулсан нь хууль ёсны бус гэж үзэж байна.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.******* давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: Б.Ганзориг нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо надтай 3 удаа уулзаж байсан гэж бичсэн байна. Энэ бол огт худал зүйл юм. Энэ хүнийг надтай 3 жилийн хугацаанд хамт амьдарч байсныг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн ард иргэд бүгд нотлох болно. Манай нутгийн багийн хүмүүсийн захаас нь асуухад л энэ талаар гэрчлэх болно. Б.Ганзориг нь шүүхэд худал тайлбар гаргаж байгаа нь шүүхийг үл хүндэтгэж энэ олон хүний ажил, завыг барж байгаа хэрэг мөн юм.

Шүүгчийн туслах Ундрахыг надтай холбоотой мэтээр гомдолдоо дурдсан байна. Би шүүхэд хоёр дахь удаагаа орж ирж үйлчлүүлж байна. Өмнө нь 2012 онд хүүхдийн асуудлаар орж ирж байсан. Одоо энэ удаад Б.Ганзоригт холбогдуулж нэхэмжлэл гарган үйлчилгээ авч байна. Би шүүгчийн туслах Ундрах гэдэг хүнийг танихгүй, надтай ямар нэгэн байдлаар холбоо байхгүй. Шүүгчийн туслах Ундрах нь намайг дуудаж эрх, үүрэг тайлбарлан нөлөөллийн мэдүүлэг танилцуулж байсан. Миний бодлоор нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алиных нь талд орохгүй гэж эрх, үүрэг тайлбарлаж байсны хувьд Б.Ганзоригт нэгэн адил эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан байх гэж бодож байна. Б.Ганзориг нь надтай хамт амьдарч байх хугацаандаа манайд 2010 оноос 2013 оны хооронд амьдарч байсан. Хүү******* нь 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн. Б.Ганзориг хүү Ган-Эрдэнийг төрөхөд өөрөө******* гэсэн нэрийг өгч байсан. Б.Ганзориг нь тухайн үед миний төрсөн дүү Мөнхтуяаг хүүхдийн гэрчилгээ авахуулахаар улсын бүртгэлийн ажилтан руу явуулж өөрийнхөө нэрээр хүүгээ овоглуулах гэтэл бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан учраас хүү Ган-Эрдэнийг сумын иргэний бүртгэлийн ажилтан Түмэн нь надаар овоглож гэрчилгээ олгож явуулсан байсан. Би тухайн үед нялх биетэй гэртээ хүүхэдтэйгээ байсан юм. Би энэ хүнтэй 3 жилийн хугацаанд хамт амьдарч байхдаа энэ хүний талаар сайн мэддэг болсон. Б.Ганзоригийн хувьд бичиг үсэг мэдэхгүй мэтээр гомдолдоо дурдсан байсан. Б.Ганзоригийн хувьд хүүхэддээ нэр өгөхдөө манайхан бүгд Ган гэсэн нэртэй учраас******* гэсэн нэр өгнө гээд будаанд нэрийг нь бичиж хийж******* гэсэн нэрийг өгч байсан. Би Б.Ганзоригийг бичиг үсэг мэдэхгүй хүн гэж огт бодохгүй байна, малын тоо болоход малын тооны баримтыг уншиж танилцаж гарын үсэг зурж байсан. Мөн банкнаас малчны зээл авахад өөрөө явж банкны гэрээтэй уншиж танилцаж, зээлийн гэрээг бөглөж, гарын үсэг зурж зээл авдаг, Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газарт очиж үйлчилгээ авахад өөрөө уншиж танилцаж, гарын үсэг зураад л явдаг, энэ байдлаас нь харахад ямар ч бичиг үсэг мэдэхгүй хүн энэ үйлдлүүдийг хийхгүй байх гэж бодохгүй байна. Тэгэхээр Б.Ганзориг нь худал тайлбар гаргаж гомдол гаргасан байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.Ганзоригт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б.Ганзориг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгсөн байх боловч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо ...хэдийгээр эцэг, эхийг шүүх тогтоох боловч шүүх энэ хэргийг шалгахдаа шүүгч /тухайн үед шүүгч л гэж ойлгосон/ Ундрах нь намайг бичиг үсэг мэдэхгүй гэдгийг мэдсээр байж өөрөө комьпютерээр бичиж, хэвлэж гаргаж ирсэн бичиг дээр гарын үсэг зур гэж миний хүлээн зөвшөөрөхгүй зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа мэтээр надад уншиж өгөлгүйгээр гарын үсэг зуруулж, намайг хилсээр хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээр шийдвэр гаргуулсан... гэж дурдсан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах журмыг зөрчсөн байна. Үүнд:

1. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй тул шүүхээс энэ эрхээ эдлэх боломжоор хангах үүрэгтэй ба хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй, танилцах эрхийг хангуулахаар шүүхээс мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

2. Шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүний шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах эрхийг албадан хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үндэслэл зааж хэргийг хариуцагч талын эзгүйд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн ба хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах, шүүх бүрэлдэхүүн ба шүүх хуралдааны оролцогчдыг татгалзах хүсэлт гаргах, нотлох баримтыг шинжлүүлэх, зохигч бусад оролцогчдод асуулт тавих, хүсэлт гаргах, гэрч асуулгах, шинжээч томилуулах, нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл нотлох баримтаас хасуулах, шүүхэд тайлбараа амаар болон бичгээр гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцох зэрэг эрхээр бүрэн хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх учиртай.

3. Хэрэгт авагдсан эрх, үүрэг тайлбарласан баримтад хариуцагч гарын үсэг зурсан байх боловч тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд ...надад уншиж, тайлбарлаж өгөөгүй зуруулсан би шүүхэд нэг л удаа очсон... гэж тайлбарлаж байна.

Шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүргийг тайлбарлахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах зарчим, эдлэх эрх, хүлээх үүргийн утга учрыг бүрэн ойлгуулж, энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг тайлбарлан өгөх учиртай бөгөөд энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг болохыг хэргийн оролцогчдод танилцуулж байгаа ажиллагаа юм.

Иймд холбогдох баримтуудад хариуцагчаар гарын үсэг зуруулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг бүрэн тайлбарлаж ойлгуулсан гэж үзэх боломжгүй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу хүүхдийн эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэх-ээр заасан атал хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагчийн гомдолд дурдсан шүүгчийн туслахтай холбоотой асуудал нь зохигч тал хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд хариуцагч бичиг үсэг мэдэхгүй, юу гэж бичсэнийг мэдээгүй, надад уншиж өгөөгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Гэтэл шүүгчийн туслах тайлбар бичиж гарын үсэг зуруулсан зүй бус ажиллагаа нь талуудад хардлага төрүүлэх, улмаар шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулах магадлалтайг цаашид анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2022/00462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,228 /нэг зуун найман мянга хоёр зуун хорин найм/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ

 

 

 

 

.