| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0673/э |
| Дугаар | 1365 |
| Огноо | 2018-10-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 1365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч О.Багшбаяр,
Хохирогч Э.Энхтүвшин,
Гэрч П.Мөнхбаяр,
Шинжээч Т.Чимэд-Очир,
Шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар /ҮД:2323/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Жд холбогдох 1806 01868 0748 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Ховд аймагт 1983 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 34 дүгээр гудамжны 820 тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 20 дугаар байрны 26 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шаганлгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Олхонууд овогт Ж.Ж /РД:ПЮ83052372/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ж.Ж нь 2018 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 34 дүгээр гудамжны 820 тоотод байх хувийн сууцтай залгаа автомашины запас сэлбэг хадгалдаг үүдний амбаарын хэсэгт иргэн Э.Энхтүвшинг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Жы өгсөн: “...Тухайн өдөр Очир төвд найзын хамт сууж байсан. Хохирогчийн найз Чинбат, миний найз Мөнхбаяр нар хоорондоо маргалдаад гарсан. Би хоорондоо маргаад яах вэ, та хэд юу хийдэг вэ? гэхэд Дамбын шугаманд явдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би автозасвар ажиллуулдаг. Та нар Дамбын шугаманд явдаг Зоригоо гэж хүн таних уу гэж хэлээд гэрээ зааж өгөхөд хохирогчийн найз Чинбат зөвшөөрөлгүй шууд гэр рүү орсон. Араас нь Энхтүвшин, Мөнхбаяр бид гурав орсон. Гэрт ороод ширээн дээр байсан ундааг зөвшөөрөлгүй авч уугаад, хоёулаа буйдан дээр зөвшөөрөлгүй гарч хэвтээд байхаар нь айлд зөвшөөрөлгүй орж ирчихээд яагаад ингээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд наана нь хэвтэж байсан Энхтүвшинг татаад гэрээсээ гаргасан. Бид зууралдаад хаалгаар гарах мөчид хөл алдаад хажуу тийш унасан. Гэтэл Энхтүвшин босч ирээд чи намайг цохисон гэж хэлэхээр би цохиогүй хоёулаа уначихлаа гэж хэлтэл яахаараа унасан хүн ингэж бэртдэг юм гээд хөмсөг нь сэтэрсэн байдалтай босоод ирсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Энхтүвшингийн өгсөн: “... Шүүгдэгчийн ярьж байгаа зүйл худал байна. Шүүгдэгчийн гэрт ороод найзын хамт буйдан дээр нь сууж байсан. Гэтэл манай гэр биш эндээс гар гээд намайг чирээд гаргасан. Хаалган дээр очоод би гарахгүй гээд маргалдсан. Би хараалын үг хэлээд бид маргалдаад зогсож байхад миний нүүрэн тус газар гараараа цохисон. Аль гараараа цохисон талаар анзаараагүй. Гэтэл араас юм аваад нүүр рүү хөмсгөн талд цохисон. Би хойно байсан хана руу нуруугаараа унасан. Би үүд рүү гараад найзыгаа дуудсан. Манай найз Чинбат гарч ирээд юу болов гэж хэлсэн. Тэр үед цагдаа дээр очоод дараа нь эмнэлэг явсан. Толинд харахад духны яс цөмөрсөн байсан. Нийт 6 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Мөнхбаярын өгсөн: “... Энхтүвшин, Чинбат нарыг Ж гэр рүүгээ орохыг хүлээн зөвшөөрөөгүй. Энхтүвшин, Ж нарыг зодолдож байхыг хараагүй. Энхтүвшиний харагдах байдал нь зүгээр байсан. Ж гэрт ороод буйдан дээр дээшээ харж хэвтчихээд босохгүй байсан. Граж руу ороход тээврийн хэрэгсэл үүдэнд байсан ба хажуугаар нь хүн орох зайгүй байсан, ойр хавиар нь сандал болон сэлбэг байсан. Хохирогч Энхтүвшин граж дотор сууж байсан. Ж Энхтүвшинг гэр рүү орж болохгүй гэж хэлсэн зүйл байхгүй. Энэ хэрэг шөнийн 3 цагт болсон. Би граж дотор байсан зүйлийг өдөр тээврийн хэрэгсэл засаж байхад харсан. Гэрийн хаалга граж хоорондын зай нэг метр хүрэхгүй зайтай байсан учир гэрийн хаалга нээхэд хохирогчийг граж дотор сууж байхыг харсан. Намайг харахад Энхтүвшин хамраас нь цус гараагүй, зүгээр байсан. Тухайн үед би хоёр шил пиво уусан байсан болохоор бага зэргийн согтолттой байсан. Хохирогч газар уначихаад сууж байгаа харагдсан. Намайг манай найз дуудах шиг болохоор нь би гарсан. Бид нар гараад хоорондоо юм яриагүй, эмнэлэг болон цагдаагийн байгууллага дээр очсон. Хохирогч унасан асуудлаа шийдүүлэх гэж цагдаагийн байгууллагад хандсан байх гэж бодож байна. Намайг гэрчийн мэдүүлэг өгөхөд хэн нэгнээс дарамталсан, айлгасан, сүрдүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Чимэд-Очирын өгсөн: “... Хохирогчийн биед би өөрийн биеэр үзлэг хийсэн. Би хохирогчийн бүх биед буюу ил харагдаж байгаа хэсэгт үзлэг хийсэн. Хамрын нурууны зулгарал, хүзүүний зулгарал зэрэг гэмтэлд бодис түрхсэн учир чиглэлийг хэлэх боломжгүй. Нүүрний гадаргуу хэсгээр тэгш бус гадаргууд шургаж унавал тус гэмтэл үүсэх боломжтой. Хохирогч ямар байдлаар унасанаас шалтгаална. Заамдалтаас болж хүзүү, хоолой орчимд зулгаралт үүсэх боломжтой. Хамрын нуруу, хүзүүний зулгарал дангаараа гэмтэлийн зэрэгт хамаарахгүй. Толгойн доргилттой нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруунд хүч үйлчилсэн тохиолдолд гэмтэл учирна. Хохирогчийн унасан байдлаас хохирогчийн биед гэмтэл учрах боломжтой. Мөн баруун нүдний дээд, доод зовхинд хүч үйлчилсэний үндсэн дээр гэмтэл учирна. Нүүрний гэмтэл нэг удаа шургаж унах, нэг удаа юмаар цохиход үүсэх боломжтой. Баруун нүдний доод зовхинд зулгарал үүссэн талаар тайлбарлахад баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөр гэсэн байна, баруун хацрын төвгөр доод зовхитой нэг байдаг. Доод хананы үргэлжлэл орчимд үүсч байгаа зулгаралтыг доод хананы зулгаралт гэж байгаа. Доод хацрын төвгөр хэсгийн зулгаралтыг ярьж байгаа. 4х3 см хэмжээтэй зулгаралт. Хохирогчийн унасан гадаргуугаас хамаарч хохирогчийн биед учирсан гэмтэлүүд бүгд нэг дор үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхтүвшингийн өгсөн: “... манай найз буйдан дээр нь суусан чинь дагуулж ирсэн залуу уурлаад манай гэр биш, хүн нь ирж байгаа та хоёр гарч яв гэж хэлээд намайг зуураад авч гарсан. Гадаа гараад нүүрэн тус газар нэг удаа цохиод тонгойх шиг болсон, газраас юм аваад баруун хөмсөг орчим дахин цохиж гэмтэл учруулахаар нь гэрт байсан найз Чинбатыг дуудаад орилсон чинь найз Чинбат тэр залуугийн найз гэх настай ах гарч ирсэн... зуураад авч гарах үед манай найз нөгөө залуугийн найз харж байсан, гэрээсээ гаргаад цохиж зодох үед хүн байгаагүй…” гэх мэдүүлэг /хх.9-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Мөнхбаярын өгсөн: “... Жы гэрт байж байтал араас орж ирсэн нэг өндөр залуу нь орон дээр нь хэвтээд босохгүй байхаар нь манай найз Ж тэр залууг чирээд гаргасан. Би нөгөө найзтай нь хамт гэрт байгаад араас нь гартал Жтай зууралдаад гарсан залуугийн хөмсөг нь сэтэрчихсэн цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г Т.Чинбатын өгсөн: “... гэрийн эзэн гэх ах манай найз Энхтүвшинг дагуулж гарсан, гэрт нь манай найзыг дагуулж гарсан ахын найзтай юм яриад сууж байтал манай найз Энхтүвшин Чинбатаа гээд орилохоор нь би гэрээс нь гараад харсан чинь манай найз Энхтүвшин доош тонгойсон нүднээс нь цус гарч байсан... Би нүүрийг нь харсан чинь хөмсөг нь сэтэрчихсэн мөн хацар нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3156 дугаартай дүгнэлтэд: “Э.Энхтүвшингийн биед баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт,баруун нүдний доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагиин үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Г.Чимэд-Очирын өгсөн: “... Э.Энхтүвшингийн биед учирсан гэмтэлүүд нь нэг удаа өөрөө унах үед бүгд нэг зэрэг үүсэх боломжгүй. Өөрөө болон шургаж унах үед Энхтүвшингийн биед учирсан нийт гэмтэлүүд нь 2 ба түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учир нь нүүр хүзүү гэх мэт өөр өөр байрлалд гэмтэлүүд тогтоогдсон байна. Иймээс 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэл гэж үзэж байна. Хэрэв хохирогч гараараа тулж унавал дээрх гэмтэлүүд үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг /хх.142-143/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.146-150/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх.151-156/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ж.Ж нь 2018 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 34 дүгээр гудамжны 820 тоотод байх хувийн сууцтай залгаа автомашины запас сэлбэг хадгалдаг үүдний амбаарын хэсэгт иргэн Э.Энхтүвшинг зодож эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхтүвшингийн өгсөн: “... Гадаа гараад нүүрэн тус газар нэг удаа цохиод тонгойх шиг болсон, газраас юм аваад баруун хөмсөг орчим дахин цохиж гэмтэл учруулахаар нь гэрт байсан найз Чинбатыг дуудаад орилсон чинь найз Чинбат тэр залуугийн найз гэх настай ах гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.9-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Мөнхбаярын өгсөн: “... Жы гэрт байж байтал араас орж ирсэн нэг өндөр залуу орон дээр хэвтээд босохгүй байхаар нь манай найз Ж тэр залууг чирээд гаргасан. Би нөгөө найзтай нь хамт гэрт байгаад араас нь гартал Жтай зууралдаад гарсан залуугийн хөмсөг сэтэрчихсэн цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г Т.Чинбатын өгсөн: “... гэрийн эзэн гэх ах манай найз Энхтүвшинг дагуулж гарсан, гэрт нь манай найзыг дагуулж гарсан ахын найзтай юм яриад сууж байтал манай найз Энхтүвшин Чинбатаа гээд орилохоор нь би гэрээс гараад харсан чинь манай найз Энхтүвшин доош тонгойсон нүднээс нь цус гарч байсан... Би нүүрийг нь харсан чинь хөмсөг нь сэтэрчихсэн мөн хацар нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3156 дугаартай дүгнэлт /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Г.Чимэд-Очирын өгсөн: “... Э.Энхтүвшингийн биед учирсан гэмтэлүүд нь нэг удаа өөрөө унах үед бүгд нэг зэрэг үүсэх боломжгүй. Өөрөө болон шургаж унах үед Энхтүвшингийн биед учирсан нийт гэмтэлүүд нь 2 ба түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учир нь нүүр хүзүү гэх мэт өөр өөр байрлалд гэмтэлүүд тогтоогдсон байна. Иймээс 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэл гэж үзэж байна. Хэрэв хохирогч гараараа тулж унавал дээрх гэмтэлүүд үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг /хх.142-143/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.146-150/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх.151-156/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Жы өгсөн: “... Тэгээд наана нь хэвтэж байсан Энхтүвшинг татаад гэрээсээ гаргасан. Бид зууралдаад хаалгаар гарах мөчид хөл алдаад хажуу тийш унасан. Гэтэл Энхтүвшин босч ирээд чи намайг цохисон гэж хэлэхээр би цохиогүй хоёулаа уначихлаа гэж хэлтэл яахаараа унасан хүн ингэж бэртдэг юм гээд хөмсөг нь сэтэрсэн байдалтай босоод ирсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Энхтүвшингийн өгсөн: “... Гэтэл манай гэр биш эндээс гар гээд намайг чирээд гаргасан. Хаалган дээр очоод би гарахгүй гээд маргалдсан. Би хараалын үг хэлээд бид маргалдаад зогсож байхад миний нүүрэн тус газар гараараа цохисон. Аль гараараа цохисон талаар анзаараагүй. Гэтэл араас юм аваад нүүр рүү хөмсгөн талд цохисон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Мөнхбаярын өгсөн: “... Хохирогч газар уначихаад сууж байгаа харагдсан... Хохирогч унасан асуудлаа шийдүүлэх гэж цагдаагийн байгууллагад хандсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Чимэд-Очирын өгсөн: “... Нүүрний гадаргуу хэсгээр тэгш бус гадаргууд шургаж унавал тус гэмтэл үүсэх боломжтой. Хохирогч ямар байдлаар унасанаас шалтгаална. Заамдалтаас болж хүзүү, хоолой орчимд зулгаралт үүсэх боломжтой. Хамрын нуруу, хүзүүний зулгарал дангаараа гэмтэлийн зэрэгт хамаарахгүй. Толгойн доргилттой нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруунд хүч үйлчилсэн тохиолдолд гэмтэл учирна. Хохирогчийн унасан байдлаас хохирогчийн биед гэмтэл учрах боломжтой. Мөн баруун нүдний дээд, доод зовхинд хүч үйлчилсэний үндсэн дээр гэмтэл учирна. Нүүрний гэмтэл нэг удаа шургаж унах, нэг удаа юмаар цохиход үүсэх боломжтой... Хохирогчийн унасан гадаргуугаас хамаарч хохирогчийн биед учирсан гэмтэлүүд бүгд нэг дор үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Хохирогч Э.Энхтүвшингийн биед учирсан гэмтэл нь түүний унах үед үүссэн гэж шүүгдэгч болон түүний өмгөөлөгч мэтгэлцэж байх боловч тухайн хэргийн нөхцөл байдал, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, төдийгүй мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Жы өгсөн “... Бид зууралдаад хаалгаар гарахад хажуу тийш унасан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ж.Жы үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон гэж дүгнэв.
Ж.Жы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Жыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Ж.Жыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч Э.Энхтүвшин нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Ж.Жыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ж.Жы “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Жы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ж.Жд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Жд оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Ж.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Олхонууд овогт Ж.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Жд оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Жд сануулсугай.
5. Ж.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР