Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/284

 

2026           03            12                                                                        2026/ДШМ/284

 

Л.Т-өд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/2745 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Т-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2508007671861 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ц- овгийн Л-гийн Т-, ....., урьд ял шийтгэлгүй, /РД: ТЛ-/,

Шүүгдэгч Л.Т- нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “КФС” түргэн хоолны газрын барилгын 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Л-” ПС тоглоомын газарт байхдаа өөрийн “Самсунг галакси АЗЗ” загварын гар утаснаас хохирогч А.И-ийн Жимэйл хаяг руу нэвтэрч Хаан банкны аппликейшны нэвтрэх болон гүйлгээний нууц үгийг өөрчилсөн, улмаар хохирогч А.И-ийн Хаан банкны 5И- дугаартай данснаас 1.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Л.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Л.Т-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Т-өөс 700.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.И-өд олгож, шүүгдэгч Л.Т-өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Т- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хохирогч А.И-ийн 1,200,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан. Хийсэн үйлдсэн хэрэгтээ бүрэн хариуцлага хүлээж, гэм буруутай үйлдэлдээ харамсаж байна. Гэмт хэрэг болон гэм буруутай үйлдлийн үр дагавар ямар байдаг, хуулийн үйлчлэл маш их үр нөлөөтэйг бүрэн ойлгож ухамсарлаж байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж өөрийн болчимгүй үйлдэлдээ гүнээ гэмшиж байна. Би өндөр настай эмээ, өвөө хоёроо асран халамжлан амьдардаг. Гэм буруутай үйлдэл анхан шатны шүүхийн шийдвэрээр өгсөн хорих ялыг хорихоос өөр төрлийн шийтгэлээр сольж эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасны дагуу оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. Учир нь түүний хувийн байдлын хувьд бүтэн өнчин бөгөөд эцэг, эх нар нь нас барсан гэх тодорхойлолт хэрэгт авагдсан баримт бий. Тэрээр мөн анх удаа хэрэгт холбогдсон хэргийн зүйлчлэл нь хоёр боловч нэг удаагийн үйлдэл байдаг. Шүүгдэгч Л.Т- нь маш их гэмшиж байгаа бөгөөд шийтгэл тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл 4 сарын хугацаагаар хорих ялыг эдэлсэн байна. Мөн хохирол төлбөрийг барагдуулсан дээрх дурдсан нөхцөлүүдийг харгалзан үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Хэрэв зорчих эрх хязгаарлах ялаар солих боломжгүй гэж дүгнэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/2745 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шийдвэрлэгдсэн байх тул хэвээр үлдээж өгнө үү. Учир нь шүүгдэгч Л.Т- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Шүүхээс оногдуулсан ял, түүний хувийн байдал, үйлдсэн үйлдэл нь шударга ёсны зарчимд нийцсэн үндэслэлтэй шийдвэр байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад, шүүгдэгч Л.Т- нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “КФС” түргэн хоолны газрын барилгын 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Л-” ПС тоглоомын газарт байхдаа өөрийн “Самсунг галакси АЗЗ” загварын гар утаснаас хохирогч А.И-ийн Gmail хаяг руу нэвтэрч Хаан банкны аппликейшны нэвтрэх болон гүйлгээний нууц үгийг өөрчилсөн, улмаар хохирогч А.И-ийн Хаан банкны 5И- дугаартай данснаас 1.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6-7/,

хохирогч А.И-ийн “...Миний бие 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн өглөөний 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КФС түргэн хоолны газрын 2 давхарт байрлах PC тоглоомын газарт байхдаа тухайн газрын компьютер дээр өөрийн Жимэйл хаягаа оруулж интернэт банкны дансаа шалгаад тухайн хаягаа буцаад гаргачхаад гэртээ харьсан бөгөөд тухайн өдрийн орой нь 21 цагт ахиж PC тоглоомын газар руу орж байж байгаад 10 орчим минутын дараа гараад гэртээ харьж амарсан юм. Тэгээд 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өглөө 6 цагийн орчим өөрийн Хаан банкны 5И- дугаарын дансаа шалгаж үзтэл миний данснаас 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 03 цаг 02 минутад Хаан банкны 5И-04 дугаарын данс руу 600.000 төгрөг, мөн тухайн өдрийн 02 цаг 53 минутад Голомт банкны 15И-01 дугаарын данс руу 600.000 төгрөг Lucky.iigii гэх гүйлгээний утга бичсэн зарлагын гүйлгээг тус тус хийсэн байсан ба миний данснаас нийт 1200.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байсан. Тэгээд би тухайн өнөөдөр 13 цаг 20 минутад өөрийн дансаа шалгаж үзтэл миний дансанд 400.000 төгрөгийн орлого орж ирээд удалгүй буцаагаад тухайн мөнгийг 53И-1 дугаарын данс руу GONDOM гэж бичээд зарлага гаргасан байсан. Тэгээд би хэн нэгэн миний дансыг ашиглаад байна, мөн миний данснаас хэн нэгэн мөнгө авчихсан байна гэж мэдээд тухайн гүйлгээ хийсэн данснуудыг шалгаж үзтэл Од Од гэх покер тоглоомын сайтны данс байсан. Тэгээд би тухайн покер тоглоомын админаас нь чат бичиж таталт, цэнэглэлт хийсэн гүйлгээний эзэмшигчийг асуутал тухайн мөнгийг хамгийн сүүлд нь Л-гийн Т- эзэмшигчтэй Хаан банкны данс руу таталт хийсэн байна гэж покер тоглоомын сайтын админ хэлэхээр нь би тухайн хүн нь миний орж байсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны KFC түргэн хоолны газрын 2 давхарт нь үйл ажиллагаа явуулах PC тоглоомын газрыг ажиллуулдаг Л-гийн Т- байсан болохыг мэдээд шууд Л.Т- дээр очоод “Чи миний данснаас мөнгө авчихсан байна шдээ, авсан бол үнэнээ хэлэхгүй яасан юм” гэж хэлтэл “Би авсан, надад одоо байгаа нь 400.000 төгрөг л байна, чи тэрийг авбал ав, эсвэл цагдаагаа дууд” гэж хэлсэн. Тэгээд би түүнтэй ярилцаж байгаад түүнээс 500.000 төгрөгийг авсан ба үлдэгдэл мөнгийг энэ долоо хоногийн 5 дахь өдөр авна шүү гэж хэлээд явтал фейсбүүк хаягаар “Би чамд 300.000 төгрөгийг л өгнө, өөр мөнгө өгч чадахгүй, уйлаад байх юм писда минь болохгүй бол цагдаагаа дууд, би хүлээж байя” гэх зэргээр чат бичиж доромжилж эхлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандах болсон. ... Одоо би 700.000 төгрөгийн хохирол учраад байна. ...” /хх 12-13, 16-17/ гэсэн мэдүүлэг,

хохирогч А.И-өөс гаргаж өгсөн Хаан банкны 5И- дугаартай дансны цахим гүйлгээний баримтын хуулбар, хуулбарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 71, 75-76, 77-79/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, шинжээч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч шүүгдэгч Л.Т-ийг кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Т-ийн хохирогч А.И-ийн эзэмшлийн Жимэйл хаяг руу нэвтэрч Хаан банкны аппликейшны нэвтрэх болон гүйлгээний нууц үгийг өөрчлөн Хаан банкны 5И- дугаартай данснаас 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Л.Т-ийн хохирогч А.И-ийн эзэмшлийн Жимэйл хаяг руу нэвтэрч Хаан банкны аппликейшн руу нэвтэрч гүйлгээний нууц үгийг өөрчлөн улмаар Хаан банкны 5И- дугаартай данснаас 1.200.000 төгрөгийг хууль бусаар авсан үйлдэл нь кибер орчинд хууль бусаар халдах, мөн хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Л.Т-өөс “...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж өөрийн болчимгүй үйлдэлдээ гүнээ гэмшиж байгаа тул хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Л.Т-ийн хувийн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан  байдлыг харгалзан түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, түүнийг өөрийн оршин суух газрын харьяалах Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 93 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон 93 хоногийг хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Л.Т- нь хохирогч А.И-өд шийтгэх тогтоолоор оногдуулахаар заасан хохирол болох 700.000 төгрөгийн бүрэн төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Л.Т-ийн “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/2745 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтыг “...Шүүгдэгч Л.Т-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, түүнийг өөрийн оршин суух газрын харьяалах Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай. ...” гэж,

            3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-ийг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг сануулсугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-ийн цагдан хоригдсон 93 хоногийг түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасч тооцсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Л.Т- нь хохирогч А.И-өд 700.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Л.ОДОНЧИМЭГ

 

                                               ШҮҮГЧ                                                       Л.ГАЛБАДАР

 

                                   ШҮҮГЧ                                                        Т.ШИНЭБАЯР