Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Флинкмонголиа” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярт холбогдох,

“Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-04-332/05 тоот нөхөн төлбөр төлүүлэх тухай актыг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, 18-04-332/05 тоот актын улмаас үүссэн үр дагаварыг арилгахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: “Флинкмонголиа” ХХК-ийн захирал Д.Алтанхуяг   

Хариуцагч: Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам  нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч “Флинкмонголиа” ХХК-ийн захирал Д.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Флинкмонголиа” ХХК нь ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11618А тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 30 жилийн хугацаатайгаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг Торой мод гэдэг 265 гектар газар ашиглахаар болсон ба газрын хэмжээ 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 81,84 га болж өөрчлөгдсөн. Бид Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн ба монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль журмыг дээдлэн үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын байцаагч Ш.Анхбаяр нь 18-04-332/05 тоот хохирол нөхөн барагдуулах актыг Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйл зөрчсөн гэсэн үндэслэлээр 22.503.281 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг “Флинкмонголиа” ХХК-д гаргасан. Манай компани нь тус актыг илт хууль бус болохыг Ш.Анхбаярт хэлж актан дээр гарын үсэг зурахаас татгалзсан. Ш.Анхбаяр нь дээрх актын талаар Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулсан ба тус шалгалтын явцад хохирлын үнэлгээг дахин тогтоосон байдаг. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандан 2016 оны 03 дугаар сард хүсэлт гарган хууль бус актаа хүчингүй болгож шийдвэрлэхийг хүссэн боловч албан ёсоор хариу өгөлгүйгээр төлбөрийн хэмжээг бууруулан тохиролцохыг санал болгосоор ирсэн. 18-04-332/05 тоот акт нь илт хүчин төгөлдөр бус байсан учир нөхөн төлбөр төлөөгүй. Манай компани нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас албан ёсоор ямар нэг хариу ирээгүй учраас тухайн байгууллага бидний хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байсан. Гэтэл 2016 оны 09 дүгэрэ сарын 27-ны өдөр “Флинкмонголиа” ХХК дээр 22.503.281 төгрөгийн актыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан болохыг олж мэдлээ. Байгаль орчны улсын байцаагч Ш.Анхбаярын дээрх үйлдэл нь 18-04-332/05 тоот акт дээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан актанд маргах эрхийг минь хязгаарласан үйлдэл болж байна. 18-04-332/05 тоот актыг үл хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1.18-04-332/05 тоот актад “Флинкмонголиа” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.4, 35.3.7 дахь заалтыг зөрчсөн байх тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7 дахь заалтыг үндэслэн тогтоох нь гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг нь Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай дээр бэлэн байлгах баримтын жагсаалтыг заасан зохицуулалт юм. Гэтэл 35 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь байгаль орчинд хохирол учруулсан гэж үзсэн нь илт хууль бус юм.

2.18-04-332/05 тоот актад заасан Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д мөн хуулийн 35 дугаар зүйлийг зөрчсөн этгээдэд Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.4-д заасан хариуцлага ногдуулахаар заасан байдаг. Гэтэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг үндэслэн нөхөн төлбөр тогтоосон нь илт хууль бус юм.

3.18-04-332/05 тоот актад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйл 27.1.7-ыг үндэслэсэн. Гэтэл тус заалт нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд байгаль орчны байцаагчийн авах эрх хэмжээг тодорхойлсон зохицуулалт “Флинкмонголиа” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг зөрчсөн ямар нэг үйлдэл хийгээгүй болох нь 18-04-332/05 тоот актын Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.4, 35.3.7 дахь заалтыг зөрчсөн гэдгээр тодорхой нотлогдоно.

4.18-04-332/05 тоот актын үндэслэл болгосон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйл, 10.12.1 дэр хэсэг нь улсын ерөнхий байцаагч болон ахлах байцаагчийн эрх хэмжээнд хамаарах заалт. Гэтэл байгаль орчны байцаагч эрх хэмжээгээ хэтрүүлэн, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зөрчөөгүй этгээдэд эвдэрсэн газрын хохирлыг нөхөн төлүүлэх тухай актыг ямар нэг шинжээчийн дүгнэлтгүйгээр гаргасан.

5.Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хүрээнд байгаль орчны байцаагч нь хууль дээдлэх, гагцхүү хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулах зарчмыг зөрчин “Флинкмонголиа” ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, илт хууль бус актаар шүүхийн шийдвэр гаргуулсан үйлдэл хийсэн.

6.“Флинкмонголиа” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу холбогдох мэдээ тайланг тухай бүр Ашигт малтмалын ерөнхий газарт хүргүүлэн ажилласаар ирсэн болох нь 11618А тоот лицензийн хавсралтаар тодорхой батлагдана.

7.Дээрхи илт хууль бус актын үр дагаварт “Флинкмонголиа” ХХК-ийн нэр дээр улсын байцаагчийн актыг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарч их хэмжээний мөнгөн төлбөр төлөх нөхцөл байдал үүссэн.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэмж хэлэхэд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын байцаагч Ш.Анхбаяр нь надаас ямар бичиг баримт шаардаад байгаагаа ойлгодоггүй, үл ялих зүйлээр шалтаглан надаас мөнгө төгрөг авдаг гэрчлэх хүн ч байгаа. Надаас нутаг явахдаа машин гуйсан, би машинаа өгч 2 сая төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь дахин машин гуйж гэр бүлээрээ нутаг явахдаа машин гуйсан би өгч л байсан. Би энэ газрыг 2013 онд худалдаж авсан үеэс л намайг бичиг баримт дутуу үйл ажиллагаа явуулж байна, ард иргэдээс гомдол гарсан гэх үндэслэлээр үйл ажиллагааг түр зогсоох акт, албан шаардлага хүртэл л тавьдаг. Намайг 2014, 2015 онд цагдаагийн байгууллагаар эрүү үүсгүүлэн хүртэл шалгуулсан. Би үйл ажиллагаагаа явуулахын тулд Ш.Анхбаярт хувьд нь болон албанд мөнгө өгдөг, үүнийг гэрчлэх хүн ч байгаа, надаас энэ жил машин нэхэхэд нь би ланд-80 машин өгсөн боловч голоод аваагүй. Шүүхэд гаргасан 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэвэл би хохирлыг нарийвчлан тооцож гаргаагүй, надад хохирлоо гаргуулж авъя гэсэн бодол байхгүй.  Надад гарсан зардал зөндөө байгаа ч баримтаа бүрдүүлж авчраагүй.     

Нэхэмжлэгч миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Флинкмонголиа” ХХК нь нэхэмжлэл гаргасан байна. Дээрх гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. “Флинкмонголиа” ХХК нь тус суманд олборлолтын чиглэлээр уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхтэй боловч тайлант онуудад Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлэхгүй удаа дараа хууль зөрчин батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, газар ус ашиглах гэрээгүй улсын байцаагчаас тавьсан шаардлагыг үл биелүүлэн нөхөн сэргээлт хийхгүйгээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм.

Нэхэмжлэлийн шаардлагын 1-д: Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-04-332/05 тоот нөхөн төлбөр төлүүлэх тухай актыг илт хуулт бус болохыг тогтоох гэсэн байна.

Үүнийг тайлбарлавал: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18-04-003/01 тоот удирдамжийн дагуу тус сумын байгаль хамгаалагч Т.Мөнхтуяатай хамтран байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаяр би 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Флинкмонголиа” ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн байна. Хяналт шалгалтыг хийхэд “Флинкмонголиа” ХХК-ийн захирал Д.Алтанхуяг байлцсан байна. Уг шалгалтаар “Флинкмонголиа” ХХК нь зохих зөвшөөрөлгүй батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, газар ус ашиглах гэрээгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Улсын байцаагчийн бүрэн эрхийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 18-04-332/01 тоот Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 заалтыг үндэслэн олборлолт явуулах үйл ажиллагааг зогсоосон байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7 заалтуудыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.4, 35.3.7 заалтуудыг зөрчиж хууль бусаар ашиглалт явуулсан талбайд хэмжилт хийж, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 18-04-332/05 тоот эвдэрсэн газрын хохирлыг нөхөн төлүүлэх тухай улсын байцаагчийн актыг гаргасан байна. Дээрх актанд хохирол тооцож нөхөн төлбөр ногдуулахдаа Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/156 тоот тушаалаар баталсан аргачлалын дагуу экологи-эдийн засгийн үнэлгээг тооцсон байна.

Нэхэмжлэлийн шаардлагын 2-д: 18-04-332/05 тоот актын улмаас үүссэн үр дагаварыг арилгахыг хариуцагчид даалгах гэсэн байна. Үүнийг тайлбарлавал: Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18-04-332/05 тоот акт нь “Флинкмонголиа” ХХК-ийн хууль бусаар зохих зөвшөөрөлгүй олборлолт явуулсан буруутай үйл ажиллагааг зогсоосон 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 18-04-332/01 үйл ажиллагааг зогсоох тухай актаар баталгаажих нөхөн төлбөр тооцсон акт юм. Улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 18-04-332/01 тоот актын тогтоох хэсгийн 2-т үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан компанид учрах хохирлыг “Флинкмонголиа ХХК хариуцна гэж тусгасан байна. Иймд 18-04-332/05 тоот актын улмаас үүссэн үр дагаврыг арилгахыг улсын байцаагчид даалгах боломжгүй юм. “Флинкмонголиа” ХХК-ийн хууль бусаар ашиглалт явуулсан нь улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №18-04-332/24 тоот шалгалт хийсэн тухай тэмдэглэлээр нотлогдож байна. Хяналт шалгалтын тэмдэглэлд “Флинкмонголиа” ХХК-ийн захирал Д.Алтанхуяг хууль бусаар алт олборлож зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэлийн утга хэсэгт: Бид Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн ба Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль журмыг дээдлэн үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг гэсэн байна. Үүнийг авч үзвэл: тус “Флинкмонголиа” ХХК нь Орхонтуул суманд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш газар ашиглах болон ус ашиглах талаар хүлээсэн үүргээ биелүүлж төлөх ёстой. Төлбөрийг сум орон нутагт нэг ч төгрөг төлөөгүй байгаа нь жил бүрийн төрийн сангийн дансаар харагдах болно. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль журмыг дээдлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдэг нь худал ба 2016 он хүртэлх хугацаанд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг нэг ч га газарт хийгээгүй нь харагдаж байна.

Нэхэмжлэлийн утгын 1-д заасан зүйлийг нэг бүрчлэн тайлбарлавал: “Флинкмонголиа” ХХК-д хяналт шалгалт хийсэн ба илэрсэн зөрчилд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7-д /байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуульд заасан захиргааны шийтгэл, нөхөн төлбөр ногдуулах төлбөрийг барагдуулах/ гэж заасны дагуу улсын байцаагчийн үүргийн дагуу нөхөн төлбөр ногдуулсан болно.

Нэхэмжлэлийн утгын 2-д заасан зүйлийг нэг бүрчлэн тайлбарлавал: Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйл /Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг/, 35 дугаар зүйлийн 35.1 /Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл энэ хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.4-т заасан хариуцлага хүлээнэ/ гэж заажээ.  Үүний дагуу улсын байцаагчийн Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.4-т заасан хариуцлага хүлээнэ./ гэж заажээ. Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх/, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7, /байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуульд заасан захиргааны шийтгэл, нөхөн төлбөр ногдуулах, төлбөрийг барагдуулах/, үүргийн дагуу илэрсэн зөрчилд хуулийн дагуу нөхөн төлбөр ногдуулсан байна.

Нэхэмжлэлийн утгын 3-д заасан зүйлийг нэг бүрчлэн Тайлбарлавал: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7 /байгаль орчныг орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуульд заасан захиргааны шийтгэл, нөхөн төлбөр ногдуулах, төлбөрийг барагдуулах/, заалт нь Улсын байцаагчийн үүрэгтэй холбоотой заалт юм. Энэхүү үүргийн дагуу зөрчил гаргасан “Флинкмонголиа” ХХК-д хариуцлага тооцсон явдал болно. Ашигт малтмалын хуулийг зөрчиж байгаа зөрчил нь байгаль орчныг хамгаалах багц хуулиудыг зөрчиж байгаа ноцтой зөрчлүүд юм.

Нэхэмжлэлийн утгын 4-д заасан зүйлийг нэг бүрчлэн тайлбарлавал: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 аж ахуйн нэгж байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.13, 10.12.2, 10.12.3-т заасан бүрэн эрхийг улсын ахлах байцаагчгүй суманд сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ заалтыг баримталсан байна. Байгаль орчныг хамгаалах багц хуулиудыг ноцтой зөрчиж зөрчил гаргасан ба дээрх зөрчил нь нүдэнд илэрхий тодорхой бөгөөд заавал мөрдөн байцаалтанд шилжүүлэн шалгах шаардлагагүй байсан учир улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд эвдэрсэн газарт хэмжилт хийж хохирол нөхөн төлүүлэх тухай актыг гаргасан байна.

Нэхэмжлэлийн утгын 5-д заасан зүйлийг нэг бүрчлэн тайлбарлавал: Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм журамд заасныг баримтлан хуулийг дээдлэн хуулиар  олгосон эрх хэмжээний хүрээнд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчилд хууль ёсны шаардлага тавьсан байна.

Нэхэмжлэлийн утгын 6-д заасан зүйлийг нэг бүрчлэн тайлбарлавал: “Флинкмонголиа” ХХК нь ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй удаа дараа хууль зөрчин батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газар ус ашиглах гэрээгүй ажилласан нь эргээд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.1-д заасны дагуу ямар нэгэн мэдээ тайлан гаргах эрх зүйн үндэслэлгүй болж байгаа юм. /үүнд нөхөн сэргээлтийн асуудлыг огт дурьдаагүй болно. Учир нь ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй байна/.

 Тус “Флинкмонголиа” ХХК нь 2013 оноос хойш хууль тогтоомж, дүрэм, журам зөрчин улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн үйл ажиллагаа зогсоосон лацыг удаа дараа хөндөн хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа нь дараах баримт бичгүүдээр нотлогдоно.

Үүнд: Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №18-04-332/04 тоот үйл ажиллагааг зогсоох акт, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №18-04-332/04 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлага, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №18-04-332/24 тоот шалгалт хийсэн тухай тэмдэглэл, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №18-04-332/01 тоот үйл ажиллагааг зогсоох тухай акт, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №18-04-332/05 тоот эвдэрсэн газрын хохирлыг нөхөн төлүүлэх тухай акт, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Төртогтохын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18-04-017/15 тоот үйл ажиллагааг зогсоох тухай акт, геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Төртогтохын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18-04-17/02 тоот лац тавьсан тухай тэмдэглэл, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №16-04-332/01 тоот үйл ажиллагааг зогсоох тухай акт, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №18-04-332/02 тоот лац тавьсан тухай тэмдэглэл, зөрчил гаргасан этгээдийн эрхийг танилцуулсан тэмдэглэл, тайлбар, гарын үсэг зурахаас татгалзсан тухай тайлбар, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Флинкмонголиа” ХХК-ийн хууль бусаар ухсан газарт хэмжилт хийсэн тухай тэмдэглэл зэрэг болно.

Иймд дээрх байдлын улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн түүнчлэн “Флинкмонголиа” ХХК-ийн үйл ажиллагаанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж нөхөн сэргээлт хийгээгүй газруудад экологи-эдийн засгийн үнэлгээг тооцон гаргаж хохирлыг барагдуулан техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг шат дараалан хийлгэж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналтай байна. Надад Д.Алтанхуягаас мөнгө авсан зүйл байхгүй, нутаг явахад удирдлагууд машиныг гуйж авсан нь үнэн гэв. 

Үндэслэх нь:

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-04-332/05 дугаартай эвдэрсэн газрын хохирлыг нөхөн төлүүлэх тухай актаар “Флинкмонголиа” ХХК-ийн захирал Д.Алтанхуягийг мэргэжлийн хяналтын газраар уурхайн хаалт нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөг хянуулан батлуулаагүй, уулын ажлын төлөвлөгөөгүй, байгаль хамгаалах төлөвлөгөөгүй, зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчлийг илрүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.4, 35.3.7 дахь заалтыг зөрчсөн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн 22.503.281 төгрөг төлүүлэхээр нөхөн төлбөр ногдуулах арга хэмжээ авсан байна.

Нэхэмжлэгч “Флинкмонголиа” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-04-332/05 тоот нөхөн төлбөр төлүүлэх тухай актыг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, 18-04-332/05 тоот актын улмаас үүссэн үр дагаварыг арилгахыг хариуцагчид даалгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-04-332/05 тоот нөхөн төлбөр төлүүлэх тухай актыг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага хувьд: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах зүйлүүд тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаяр нь Орхонтуул сумын нутаг дэвсгэрт Торой мод гэдэг газар 81.84 га газар  ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эрхэлдэг “Флинкмонголиа” ХХК-ийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18-04-003/01 тоот удирдамжийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлөвлөгөөт шалгалтыг хийж 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-04-332/05 дугаартай эвдэрсэн газрын хохирол нөхөн төлүүлэх тухай улсын байцаагчийн актыг үйлдэж актаар Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.4, 35.3.7 дахь заалтуудыг зөрчсөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7 дахь хэсэгт заасныг үндэслэн 22.503.281 төгрөгийн хохирол тооцож нөхөн төлбөр ногдуулахдаа:

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл журмыг хангаагүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх...” гэснийг зөрчиж удирдамжгүйгээр хяналт шалгалтыг хийсэн байна. Хариуцагч Ш.Анхбаяр нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18-04-003/01 тоот удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалт хийсэн гэх хариу тайлбар шүүхэд ирүүлсэн боловч бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй, Орхонтуул сумын байгаль хамгаалагч Т.Мөнхтуяатай хамт шалгалтыг удирдамжгүйгээр хийсэн болох нь хариуцагч Ш.Анхбаярын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар, нотлох баримт[1], Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нотлох баримт хүргүүлэх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/371 албан бичиг[2], Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн нотлох баримт хүргүүлэх албан бичиг 57-59 хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан “...хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно” гэснийг зөрчиж хяналт шалгалтыг хийхдээ мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр хяналт шалгалтыг хийжээ[3].

Хяналт шалгалтыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 5.7, 5.9-д заасныг тус тус зөрчиж хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулаагүй, удирдамж хяналтын хуудасны нэг хувийг гардуулан өгөөгүй, улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлээгүй, хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгээгүй, хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэж нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөөгүй болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Энхболдын 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 133 дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн нотлох баримт[4], нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.

2.Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2 дахь хэсэгт заасан уулын ажлын төлөвлөгөө, 35.3.4 дэх хэсэгт заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 35.3.7 дах хэсэгт заасан газар, ус ашиглах гэрээ зэрэг баримт бичгүүдийг уурхай дээр байлгана гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй зөрчил гаргасан болох нь тогтоогдож байгаа хэдий ч энэ нийтлэг үүргээ биелүүлээгүй бол хариуцагчийн зүгээс хариуцлага хүлээлгэхдээ зөрчлийн шинж байдлыг харгалзан гэм буруутайг тогтоож торгох буюу учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтыг зөрчсөн болох нь[5] 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаартай хариуцагчийн хариу тайлбар[6], 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18-04-332/04 үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт[7], 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.

3.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7-д зааснаар Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуульд заасан захиргааны шийтгэл, нөхөн төлбөр ногдуулах, төлбөрийг барагдуулах нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх мөн боловч нэхэмжлэгч “Флинкмонголиа” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж хэрхэн зөрчсөн, зөрчсөн үйлдэл, зөрчлийн шинж байдлыг хариуцагч тогтоогоогүй, тогтоох үүргээ биелүүлээгүй, мөн нэхэмжлэгчийн Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь тогтоогдохгүй байна. /2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-04-332/05 дугаартай Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт[8], нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гарган өгсөн нэхэмжлэл, хариу тайлбар/

4.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх гэсэн Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх заалт боловч мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.13 дахь хэсэгт зааснаар улсын ахлах байцаагчгүй суманд сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ гэжээ. Энэ хуулийн заалтын дагуу эрхээ хэрэгжүүлэн хяналт шалгалт хийсэн бол Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаяр нь “Флинкмонголиа” ХХК-ийн хууль бусаар ямар үйл ажиллагаа явуулсан, хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийн талаар тогтоолгүйгээр уг хуулийн заалтыг баримталж шийдвэрлэсэн нь буруу болох нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-04-332/05 дугаартай Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт[9], нэхэмжлэгч, хариуцагч нарын хариу тайлбараар нотлогдож байна.

5.Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаяр нь  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/155 тоот тушаалаар баталсан аргачлалын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалын 6 дугаар зүйлийн 6.11-д зааснаар байгаль орчинд учруулах хохирлын хэмжээ, газрын хэвлийд учрах хохирол, гадаргын усанд учрах хохирол, агаар мандалд учруулах хохирол, ургамлан нөмрөгт учруулах хохирол, хөрсөнд учрах хохирол, уурхайн эвдрэлээс экологид учруулсан хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1-д зааснаар газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг 2 дахин тэнцэх хэмжээгээр тооцож нийт 22.503.281 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн буруу байна.

Учир нь Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаяр нь “Флинкмонголиа” ХХК-ийг байгаль орчин болон байгалийн нөөцөд ямар хохирол учруулсан, хохирол учруулсан бол байгаль орчинд учруулсан хохирлын аль ангилалд багтаж байгааг нарийвчлан тогтоох, газрын хэвлийд учирсан хохирол болон байгаль орчинд учруулсан хохирлыг тооцуулах гэж байгаа бол байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулах, байгаль орчны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн газрын хэвлийд учирсан хохирол уу, эсхүл хөрсөнд учирсан хохирол уу гэдгээр байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар хохирлын хэмжээг өөр өөрөөр тогтоох байсныг нарийвчлан тогтоогоогүй болох нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-04-332/05 дугаартай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт[10], нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-04-332/05 тоот нөхөн төлбөр төлүүлэх тухай акт нь “Флинкмонголиа” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн үүргээ биелүүлээгүйгээс эвдэрсэн газрын хохирлыг нөхөн төлүүлэх зөрчил хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзэж 22.503.281 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 “Флинкмонголиа” ХХК-ийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 18-04-332/05 тоот актын улмаас үүссэн үр дагаварыг арилгахыг хариуцагчид даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тухайд:

Нэхэмжлэгч “Флинкмонголиа” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-04-332/05 дугаартай актын улмаас ямар үр дагавар үүссэн үр дагаварыг арилгахыг даалгуулах талаар ямар нэгэн бичгийн нотлох баримт ирүүлээгүй байна.

Иймд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр уг нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулан асуухад энэ асуудлын талаар тодорхой хэлэх зүйл байхгүй, нотлох баримтаа авчраагүй, бодитой учирсан хохирлын талаар тооцоогүй тул маргах зүйлгүй, энэ асуудлын талаар талууд маргаагүйг дурьдаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Харин Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-04-332/05 тоот нөхөн төлбөр төлүүлэх тухай акт нь “Флинкмонголиа” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн үүргээ биелүүлээгүйгээс эвдэрсэн газрын хохирлыг нөхөн төлүүлэх зөрчил хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзэж 22.503.281 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Байгаль орчны хяналтын байцаагч Ш.Анхбаяр нь өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн “Флинкмонголиа” ХХК-иас сум орон нутагт хандив өгүүлэх, эсхүл сум орон нутгийн хүмүүсээс гомдол ирсэн гэх нэрийдлээр шалтаг шалтгаан тоочиж хувь болон албанд мөнгөний туслалцаа авах асуудал байнга гардаг гэх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ашиг сонирхлын зөрчил байгааг үгүйсгэхгүй, гэхдээ энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, шүүх энэ асуудлын талаар шалган тогтоох боломжгүйг дурьдах нь зүйтэй байна.

Маргаан бүхий захиргааны актыг үйлдэхдээ хариуцагч нь Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцуулж нөхөн төлбөр ногдуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулах байсныг зөрчиж, өөрийн эрх хэмжээнээс хэтрүүлэн хохирол тооцож захиргааны акт гаргасан, хяналт шалгалтыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл журмыг бүхэлд нь хангаагүй ажилласан, нэхэмжлэгчийн ямар зөрчилд аль хуулиар хариуцлага тооцож нөхөн төлбөр ногдуулж байгаа нь тодорхойгүй, захиргааны зөрчлийн хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй, захиргааны акт тодорхой бус ойлгомжгүй, аль хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл хийсэн болох, ямар хуулийн заалтад үндэслэж акт гаргах болсон шалтгааныг тогтоолгүйгээр эвдэрсэн газрын хохирол гэж 22.503.281 төгрөгийн хохирол нөхөн шийдвэрлэсэн нь илт хууль бус акт болохыг тогтоож  шийдвэрлэх нь үндэстэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13  дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3.2, 35.3.3, 35.3.7, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.6, 5.7, 5.9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-04-332/05 тоот нөхөн төлбөр төлүүлэх тухай актыг илт хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-04-332/05 тоот нөхөн төлбөр төлүүлэх тухай актыг 18-04-332/05 тоот актын улмаас үүссэн үр дагаварыг арилгахыг хариуцагчид даалгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаяраас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Флинкмонголиа” ХХК-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах болохыг дурьдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдусгай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.БАЙГАЛМАА