Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1371

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          Улсын яллагч И.Ариунсанаа,

          Шүүгдэгч А.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мт холбогдох 1806 06323 1533 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 20 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Русская зима” хүнсний үйлдвэрт шарагч ажилтай, ам бүл 7, эмээ, эх, ах, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр байрны 13 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Цорс овогт А.М /РД: АЕ98032013/,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          А.Мнь 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, сагсны талбай дээр иргэн Б.Мөнхболдтой маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч   Б.Мөнхболдын өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооны урд талын сагсны талбай дээр сагс тоглож байсан юм. Манай таньдаг дүү Бүдүүнээ гэх хочтой Эрдэнэтогтох руу зүс таних Манлай гэх залуу орилоод түлхээд уурлаад байхаар нь би Эрдэнэтогтохыг өмөөрөөд Манлайд хандаж “Чи яагаад байгаа юм бэ, зүгээр тоглоочээ” гэж хэлээд нэг алгадаад нэг хавирсан чинь унаагүй юм. Тэгээд бид хоёр маргалдаад заамдалцаж аваад бид хоёр зодолдсон. Би Манлайг бараг цохиж чадаагүй ба Манлай бөгжтэй гараараа миний нүүр лүү олон удаа цохисон. Би Манлайгаас салаад зөрүүлээд нэг цохисон... гэх мэдүүлэг /хх.6/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9026 дугаартай дүгнэлтэд: “Б.Мөнхболдын биед дээд уруул, зүүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, дух хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Нямсүрэнгийн өгсөн: “... Мөнхболд Манлайбаатарыг цохисон, зөрүүлээд Манлайбаатар Мөнхболдын нүүрэн тус газар хоёр удаа цохисон. Тэр үед Мөнхболдын зүүн нүд хөхөрч хавдаад уруулаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.26/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед миний зүүн нүд хөхөрч, зүүн гарын эрхий хуруу гэмтсэн байсан. Мөнхболдыг цагдаад өргөдөл өгсөн гэж мэдээгүй, шүүх эмнэлэгт үзүүлж, дүгнэлт гаргуулаагүй. Одоо гэмтэл минь бүрэн эдгэрсэн...” гэх мэдүүлэг /хх.23,30/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          А.Мнь 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, сагсны талбай дээр иргэн Б.Мөнхболдтой маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч   Б.Мөнхболдын өгсөн: “... Тэгээд бид хоёр маргалдаад заамдалцаж аваад бид хоёр зодолдсон. Би Манлайг бараг цохиж чадаагүй ба Манлай бөгжтэй гараараа миний нүүр лүү олон удаа цохисон. Би Манлайгаас салаад зөрүүлээд нэг цохисон... гэх мэдүүлэг /хх.6/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9026 дугаартай дүгнэлт /хх.15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Нямсүрэнгийн өгсөн: “... Мөнхболд Манлайбаатарыг цохисон, зөрүүлээд Манлайбаатар Мөнхболдын нүүрэн тус газар хоёр удаа цохисон. Тэр үед Мөнхболдын зүүн нүд хөхөрч хавдаад уруулаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.26/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.23,30/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          А.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Хохирогч Б.Мөнхболд нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч А.Мыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          А.Мын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          А.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч А.Мт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          А.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Цорс овогт А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Мт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Мт сануулсугай.

          5. А.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Мөнхболд нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                             С.ӨСӨХБАЯР