Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 225/МА2022/00018

 

 

 

 

 

 

2022 06 29 225/МА2022/00018

 

 

Ч.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 155/ШШ2022/00447 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Сансархүүд холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох 16,460,000 /арван зургаан сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч Н.Сансархүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Н.Сансархүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие******* овогтой ******* би 2017 оны 8 дугаар сард нөхөр Н.Сансархүүтэй танилцаж үерхэж байгаад 2017 ондоо хамтран амьдрах болсон. 2019 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс тусдаа амьдарч байгаа. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүү С.Эрхэс төрсөн бөгөөд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. 2020 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авч худалдаж авсан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Цагаан олом гэх газар байрлах тариалангийн зориулалттай 3 га газрын үнэ 10,000,000 төгрөг, 2021 онд тарьсан байцааны үнэ нийт 3,500,000 төгрөг, сонгины үнэ нийт 4,800,000 төгрөг, луувангийн үнэ нийт 4,400,000 төгрөг, төмсний үнэ нийт 1,500,000 төгрөг, манжингийн үнэ нийт 490,000 төгрөг, нийт 14,690,000 төгрөг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 24,690,000 төгрөгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсэг 16,460,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

Хариуцагч Н.Сансархүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Цагаан олом гэх газар байрлах тариалангийн зориулалттай 3 га газрыг 10,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Ирээдүй зоогийн газрын эзэн Чука ахтай тохиролцож 6,500,000 төгрөгийг нь өгсөн боловч Чука ах наймаагаа буцаая гэсний улмаас тухайн газрын 2 жилийн түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөгийг суутган авч, үлдэгдэл 500,000 төгрөгийг 2 жилийн газрын татварт төлсөн. Тухайн газар өөр хүний эзэмшилд байгаа. 2021 онд тарьсан ногооны ашгаас давсан урсгал зардал гарсан, өр, зээл төлсөн, ашиг олоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй. 2021 онд хураан авсан ногоог намар бүгдийг нь худалдсан. 2021 онд хураан авсан ногоог үнэлэхэд 14,690,000 төгрөг болсноос сонгино муутгаж хаясан. Түүнийг хүнээр ялгуулсан зардал нийт 2,800,000 төгрөгийг хасаж, ногооноос олсон ашиг 11,890,000 төгрөг болсон. Үүнээс 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд ногоо тарихад бидний хамт гаргасан урсгал зардал болон бусдад төлсөн өр, зээл нийт 21,479,500 төгрөг болж ногооноос ашиг гараагүй. 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд ногоо хураалтын ажилд хөлсөлсөн хүмүүсийн ажлын хөлс, ажилчдын хоол, бензин, түлш, бээлий, шуудай зэрэг нийт 3,500,000 төгрөгийн зардал гарсан. 2021 онд хураан авсан ногооноос ямар ч ашиг гараагүй тул 14,690,000 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 155/ШШ2022/00447 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Шарнууд*******гийн*******, Тайж*******ын ******* нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Шарнууд*******гийн Эрхэс (.....................)-ийг эх Ч.*******ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Шарнууд*******гийн Эрхэсийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Н.Сансархүүгээс гаргуулж тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч Н.Сансархүүгээс 2021 онд тарьж хураан авсан ногооны үнэ 4,512,730.68 (дөрвөн сая таван зуун арван хоёр мянга долоон зуун гучин төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******, хүү С.Эрхэс нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,947,269.32 (арван нэгэн сая есөн зуун дөчин долоон мянга хоёр зуун жаран есөн төгрөг гучин хоёр мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар хариуцагчийн шүүх хуралдаанд гарган өгсөн CD 1 ширхэгийг хэрэгт үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Н.Сансархүүд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Ч.*******ад тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,737 (дөрвөн зуун наян гурван мянга долоон зуун гучин долоо) төгрөгөөс 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 413,537 (дөрвөн зуун арван гурван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Сансархүүгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ч.*******ад олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ч.*******ад, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Н.Сансархүүд тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Сансархүү давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө болон Цагаан оломд тарьсан ногооны ашиг болон хүү Эрхэст 4,512,730 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс шүүхийн шийдвэрийн дагуу Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар надад эцгийн үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг *******ад даалгасан билээ. Гэвч би энэ үүргээ биелүүлэхэд хүүгийн ээж *******тай, ******* нь миний ээж Одончимэгтэй таарамж муутайгаас болж хүндрэлтэй байгаа тул хүү Эрхэсийгээ 8 нас хүртэл 7 хоногийн 2 өдөрт нь хүү Эрхэсийгээ өөр дээрээ авч төрсөн гэрт нь чөлөөтэй байх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа тул шүүхийн шийдвэрийн энэ заалтыг өөрчилж мөн дундын эд хөрөнгө болох 4,512,730 төгрөгийг бодит нөхцөл байдалд нийцүүлэн тооцож шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 болон 6 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Н.Сансархүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх гэр бүлийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Зохигч нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд эвлэрээгүй, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын талаар маргаагүй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү С.Эрхэсийг эх Ч.*******ын асрамжид үлдээж, эцэг Н.Сансархүүгээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжпэл гаргахдаа гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Цагаан олом гэх газар байрлах тариалангийн зориулалттай 3 га газрыг 10,000,000 төгрөг, 2021 онд тарьсан байцаа 5 тн буюу 3,500,000 төгрөг, сонгино 6 тн буюу 4,800,000 төгрөг, лууван 4 тн буюу 4,400,000 төгрөг, төмс 3 тн буюу 1,500,000 төгрөг, манжин 700 кг буюу 490,000 төгрөг нийт 24,690,000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хариуцагч Н.Сансархүүг 2021 онд 5 нэр төрлийн хүнсний ногоог хураан авсан нь түүний тайлбараар тогтоогдлоо гэж дүгнэн 14,690,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоог гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэн үүнээс хамт амьдарч байхдаа Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 7,920,904 төгрөгийг хасч, үлдэгдлийг гэр бүлийн 3 гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тогтоон хариуцагчаас 4,512,730.68 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******, хүү С.Эрхэс нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Учир нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө-ийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчид хамааруулахаар заасан ба дээрх 14,690,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоо нь гэрлэгчдийг хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаагаас олсон хөрөнгө байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Хариуцагч Н.Сансархүүгийн ...хүү Эрхэсийг 8 нас хүртэл 7 хоногийн 2 өдөрт

нь өөр дээрээ авч төрсөн гэрт нь чөлөөтэй байх нөхцлийг нь бүрдүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулах гомдлыг мөн адил хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Н.Сансархүүг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Ч.*******ад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг зохигч заавал биелүүлэх үүрэгтэй.

Нөгөөтэйгүүр гэрлэгчдийн тохиролцсоноор Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү С.Эрхэсийг эх Ч.*******ын асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байх төдийгүй С.Эрхэс нь бага насны хүүхэд бөгөөд эхийн халамж байнга шаардлагатай тул асрамжийн асуудлыг өөрчлөх боломжгүй юм.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэргийн 211-214 дүгээр талд авагдсан шийдвэрийн Үндэслэх нь: хэсгийн бичвэр албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу бичигдээгүй, өөрөөр хэлбэл баруун талаасаа бичвэр дутуу байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 155/ШШ2022/00447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,155 /наян долоон мянга нэг зуун тавин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ

 

 

 

 

.