| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1319/э |
| Дугаар | 1372 |
| Огноо | 2018-10-04 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 1372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа,
Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн /ҮД:2700/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тт холбогдох 1806 01024 1524 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1971 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр, 4 хүүхэд, 3 зээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 13 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 541 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6,000 төгрөгөөр торгох ял, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар нийт 6 жилийн хугацаагаар хорих ял, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 745 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг, 126 дугаар
зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан саруул гэх, Боржигон овогт Б.Т /РД:ЧЛ71050818/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 27 дугаар байрны орцонд иргэн С.Цэдэнсодномын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны карт, машины түлхүүр зэрэг 74,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс, бэлэн 300,000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Цэдэнсодномын өгсөн: “... намайг байр луу оруулж өгөөд та таксиныхаа мөнгийг өг гэсэн, би тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ? би өгсөн гэхэд намайг лифт рүү түлхэж оруулсан, тэгэхээр нь би тэр таксины жолоочийг буцааж түлхэхэд тэр намайг боосон, тэр хооронд би муужирсан байсан, тэр миний хэтэвчийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Бүрэнмэдийн өгсөн: “... Цэдэнсодном ах өөрөө хэлэхдээ бол гэртээ орцондоо орж байгаад эд зүйлээ дээрэмдүүлсэн гэж маргааш нь утсаар хэлсэн. Сүүлд нь орцны камер шүүгээд таксины жолоочид дээрэмдүүлсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганбатын өгсөн: “... Тэгээд өглөө нь байрны камер шүүсэн. Жолооч түрийвч онгойлгож үзээд гарч байгаа нь харагдсан...” гэх мэдүүлэг /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Халиуны өгсөн: “... Орцон дотор түрийвчийг нь нээж үзээд явж байгаа дүрс байсан...” гэх мэдүүлэг /хх.26/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Тын яллагдагчаар өгсөн: “... Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлтэй сонсгож байгаа ял тохирч байна...” гэх мэдүүлэг /хх.81/,
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Засаг даргын тодорхойлолт /хх.34/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.36/,
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хх.82/,
Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон шийдвэр /хх.83/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 27 дугаар байрны орцонд иргэн С.Цэдэнсодномын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны карт, машины түлхүүр зэрэг 74,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс, бэлэн 300,000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Цэдэнсодномын өгсөн: “... намайг байр луу оруулж өгөөд та таксиныхаа мөнгийг өг гэсэн, би тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ? би өгсөн гэхэд намайг лифт рүү түлхэж оруулсан, тэгэхээр нь би тэр таксины жолоочийг буцааж түлхэхэд тэр намайг боосон, тэр хооронд би муужирсан байсан, тэр миний хэтэвчийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Бүрэнмэдийн өгсөн: “... Цэдэнсодном ах өөрөө хэлэхдээ бол гэртээ орцондоо орж байгаад эд зүйлээ дээрэмдүүлсэн гэж маргааш нь утсаар хэлсэн. Сүүлд нь орцны камер шүүгээд таксины жолоочид дээрэмдүүлсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганбатын өгсөн: “... Тэгээд өглөө нь байрны камер шүүсэн. Жолооч түрийвч онгойлгож үзээд гарч байгаа нь харагдсан...” гэх мэдүүлэг /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Халиуны өгсөн: “... Орцон дотор түрийвчийг нь нээж үзээд явж байгаа дүрс байсан...” гэх мэдүүлэг /хх.26/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Тын яллагдагчаар өгсөн: “... Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлтэй сонсгож байгаа ял тохирч байна...” гэх мэдүүлэг /хх.81/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Б.Тын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Б.Т нь хохиролд 300,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч С.Цэдэнсодном нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Тыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр шийдвэрлэв.
Б.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Тт сануулж байна.
Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Тт сануулсугай.
4. Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 300,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Цэдэнсодном нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР